Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 127/ШШ2021/0018

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 127/2021/0024/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ӨХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Ө-д Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан .........................дугаартай Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Хэнтий, Гурванбаян тосгон/ ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан тендерт оролцогчдод тэгш боломжоор хангаж ажлаагүй гэж үзсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ӨХХК-ийн захирал Б-, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д-/онлайнаар/, гуравдагч этгээд Илч дулаан өсөх ХХК -ийн захирал Б- нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ӨХХК-ийн захирал Б-нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  нь Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зарласан .........................дугаартай Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Хэнтий, Гурванбаян тосгон/ ажлын цахим тендерт оролцсон. Уг тендерийг сонгон шалгаруулалтын хариу мэдэгдлийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9/1353 албан тоотыг ирүүлсэн. Мэдэгдэлд манай компанийн илгээсэн тендерийн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичигт заасан /Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн засварын ажилд санал болгосон инженерийн мэдээлэл ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй. Мөн ажиллах хүч авах тухай хүчин төгөлдөр бус гэрээ ирүүлсэн. Хуулийн этгээдийн хаяг байршил зөрүүтэй, гэрээний хүчинтэй хугацаа байхгүй/ шалгуур нөхцөлийг хангаагүй гэж үзсэн байна.

Дээрх мэдэгдэл, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг /Манай компани нь Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн засварын ажил гэсэн ажлын тендерт ороогүй болно. Мөн Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээг тухайн ажил дээр байгуулсан. Хуулийн этгээд буюу аж ахуй нэгж байгууллага нь ямар хаяг байршилд байсан эсэх нь хуулиар хязгаарлагдаагүй болно, мөн хамтран/ ажиллах гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал гэж тусгасан/ үндэслэлгүй, нотолгоогүй, илт гүтгэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэж байна.

Бидний илгээсэн тендерийн материалыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан болохыг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9/1353 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг манайд цахимаар ирүүлснийг эс зөвшөөрөн Сангийн яаманд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21/133 тоот гомдлыг манай зүгээс өгсөн боловч бидэнд гомдлын хариуг Сангийн яамнаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/4238 албан тоотоор гомдлыг буцаах тухай хариу ирүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Иймд захиалагчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9/1353 албан тоот мэдэгдэл нь үндэслэлгүй, нотолгоогүй баримтаар илт гүтгэсэн мэдээллээр тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзсэнийг бид шударга бус шийдвэр хэмээн үзэж шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч ӨХХК-ийн захирал Б-нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Мөн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 21/133 тоот нэхэмжлэл дээр нэмэлтээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухайн тендерт шалгарсан компанийн материалтай танилцахад тендерийн баримт бичигт заагдсан нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Үүнд:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн 14.7-т заасан мэдээллийг ирүүлээгүй. /Тендерийн бичиг баримтыг бэлтгэх өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 /г/ мөн одоо хэрэгжүүлж байгаа барилга угсралт, засварын ажлын мэдээллийг ирүүлэх ба ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу. /Энэ нь хуулийн 14.8-т заасан чадавхийг үнэлгээнд харгалзан үзээгүй байна.

Жич: Хэнтий аймгийн Норовлин сумын Сургуулийн барилгын их засварын ажил,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р цэцэрлэгийн засварын ажил

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн 15.1-т заасан мэдээллийг ирүүлэхийг ТОӨЗ 5.3 (д) заасан шаардлагыг хангахгүй байна. /Арилжааны банкнаас зээл авч болох тодорхойлолт (банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй) нь Хаан банкны зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт ирүүлсэн байна/

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн 19.1-т заасны дагуу тендерийн бичиг баримтыг бэлтгэх. /Тендерийн бичиг баримтын Мягт ТШМ-1/ дагуу бэлтгэн үнийн саналыг ирүүлээгүй/

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу /Тендерийн бичиг баримтыг бэлтгэх өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1 /ж/-н 6,7-д заасан/ мэдээллийг ирүүлээгүй. ХАБЭА-ажилтны /сургалтанд хамрагдсан гэрчилгээ нь 2019 онд хугацаа дууссан / сертификатын хүчинтэй хугацаа дууссан.

5. Сантехникийн инженер Ж.Энхээ, ХАБЭА-н ажилтан Г.Мөнх-Эрдэнэ нь тухайн компанид ажилладаг эсэх нь батлагдахгүй байгаагаас гадна, хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ хийгдээгүй байгаа нь ТОӨЗ-ийн 5.3 /г/-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна.

6. Тухайн ажилд ашиглагдах тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээнд тухайн төсөл арга хэмжээнд ашиглахаар зааж өгөөгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй.

7. Ажлын үе шатны хуваарь, тухайн төсөл арга хэмжээнд ажиллах бүтэц зохион байгуулалт ирүүлээгүй байна.

8. Инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, тээврийн хэрэгсэлүүд нь өмнөх тендерүүдэд санал болгосон /Хэнтий аймгийн Норовлин сумын сургуулийн барилгын их засвар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р цэцэрлэгийн засварын ажлуудад/ мэдээлэл дахин ирүүлсэн.

Дээрх нэмэлт нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаатай холбогдуулан баримт материалыг хүргүүлэх боломжгүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай Монгол улсын хууль, Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалаар хуулбарлахыг хориглосон байна.

Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан тендерт оролцогчдод тэгш боломжоор хангаж ажиллаагүй гэж үзэн нэмэлтээр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ӨХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татсан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Одоо хэрэгжүүлж байгаа Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн засвар, Норовлин сумын сургуулийн барилгын их засварын ажлын мэдээллийг ирүүлээгүй оролцогчийг шалгаруулсан тухайд:

-Тайлбар: Тус 2 засварын ажлын захиалагч нь Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд бусад захиалагчтай байгуулсан гэрээт ажлын мэдээллийг шаардсан болно. Тендер шалгаруулах үед Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусч барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах ажил хүлээгдэж байсан. Норовлин сумын сургууийн засварын ажил гэрээний дагуу үргэлжилж байсан тул гэрээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.

- Харин ӨХХК нь өөр захиалагчийн буюу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн зарласан барилгын засварын 73.8 сая төгрөгийн үнэ бүхий тендерт шалгарсан ажлын мэдээллийг мөн Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГ-аас зарласан гамшгаас хамгаалах вагончик нийлүүлэх 41.7 сая төгрөгийн дүн бүхий тендерт шалгарсан ажлын мэдээллийг тус тус ирүүлээгүй. Мөн Хэнтий аймгийн Засаг даргад эрх шилжиж ирсэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахмадын сувилалын өргөтгөл, /Хэнтий, Дэлгэрхаан/-н тендерт шалгарч 286.5 сая төгрөгийн гэрээ байгуулсан ч мэдээллийг ирүүлээгүй.

2. Хаан банкны зээл судлан олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг үндэслэн шалгаруулсан тухайд:

- Тайлбар: /хуудас 1/ Илч дулаан өсөх ХХК нь тус тендерт шалгарсан тохиолдолд 190,0 сая төгрөгийн зээл олгох боломжтой талаарх Хаан банкны тодорхойлолт ирүүлсэн нь шаардлагад нийцсэн.

3. Тендерийн үнийн саналын маягтын дагуу саналаа ирүүлээгүй байхад шалгаруулсан тухайд:

-Тайлбар: /хуудас 2-3/ Тендерийн баримт бичигт заасан үнийн саналын маягт нь 4 зүйлтэй бөгөөд тус 4 зүйлийг бүгдийг тусгасан үнийн саналаа төгрөгөөр илэрхийлэн ирүүлсэн шаардлагад нийцсэн.

4. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14,1 /ж/-н 6-р зүйлд заасан Оролцогч уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлэн, 7-д заасан дотоодод үйлдвэрлэсэн ямар нэр төрлийн барааг ашиглах тухай мэдээлэл ирүүлнэ гэсэн заалт дахь мэдээллийг ирүүлээгүй, ХАБЭА ажилтны сертификатын хугацаа дууссан талаар:

- Тайлбар: /хуудас 4/ Илч дулаан өсөх ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдөлийн хүснэгтийн 14,1 /ж/-н 6-р зүйлд заасан зүйлийн талаар 106-21 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

- Илч дулаан өсөх ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14,1 /ж/-н 7 дугаар зүйлд заасан зүйлийн талаар хүснэгтээр мэдээлэл ирүүлсэн. Шинэ орчлон бюлдинг ХХК-тай байгуулсан гэрээ бүтээгдэхүүний танилцуулгыг ирүүлсэн /хуудас 5-8/

- Илч дулаан өсөх ХХК-ны ХАБЭА ажилтан Г.Мөнх-Эрдэнийн 3 удаагийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд суусан гэрчилгээ ирүүлсэн. 2017 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сургалтанд суусан гэрчилгээний хугацаа дууссан ч бусад 2 сургалтын гэрчилгээ хүчинтэй байна. /хуудас 9-13/

5. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3 /г/-д Барилгын инженер 1, сантехникийн инженер Ж.Энхээ, ХАБЭА ажилтан Г.Мөнх-Эрдэнэ нар хангахгүй хөдөлмөрийн гэрээ ирүүлээгүй талаар:

- Тайлбар: Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3 /г/-д Барилгын инженер 1, сантехникийн инженер 1, ХАБЭА ажилтан 1 хүнийг ажиллуулах бөгөөд 2-с доошгүй нь үндсэн ажилтан байх гэж заасан. Үүний дагуу барилгын инженер Б.Эрдэнэболд, сантехнкийн инженерт Б- нар нь мэргэжлийн болон үндсэн ажилтан байх шаардлагад нийцсэн бөгөөд ХАБЭА ажилтнаар Г.Мөнх-Эрдэнийг санал болгосон нь шаардлагад нийцсэн. /хуудас 14-17/

6. Тухайнд ажилд ашиглагдах тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээнд тухайн төсөл арга хэмжээний талаар зааж өгөөгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй тухайд:

- Тайлбар: Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3-н /в/-д зайлшгүй ачааны машин 1 байхаар заасан. Хэрэв байхгүй бол ашиглах тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж ирүүлэхээр заасан. Илч дулаан өсөх ХХК нь өөрийн компанийн өмчлөлийн 8129 ХЭА дугаартай хьюндай портер маркын ачааны автомашиныг санал болгож тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар батлуулан ирүүлсэн нь шаардлагад нийцсэн. /хуудас 18-19/

7. Ажлын үе шатны хуваарь, тухайн төсөл арга хэмжээнд ажиллах бүтэц зохион байгуулалт ирүүлээгүй талаар,

- Тайлбар: Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14,1 /ж/-ийн 4-т ажлыг гүйцэтгэх нарийвчилсан хугацааны болон ажиллах хүчний график гарган баталгаажуулж ирүүлнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх график болон ажиллах хүчний мэдээллийг баталгаажуулж ирүүлсэн. /хуудас 20/

8. Инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, тээврийн хэрэгслүүд нь өмнөх тендерүүдэд санал болгосон мэдээлэл дахин ирүүлсэн тухайд:

- Тайлбар: Тендерийн баримт бичигт болон холбогдох хуульд дахин ирүүлэхийг хязгаарласан ямар нэг заалт, нөхцөл шаардлага байхгүй болно.

9. Үнэлгээний хорооноос захиалагчид хүргүүлсэн зөвлөмж /хуудас 21/

Мөн нэхэмжлэгч тал хуульд заасан хугацаанд Сангийн яамд гомдлоо гаргаагүй байна. Үүнийг бид нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс болж хугацаа хоцроосон гэж үзэж байгаа бөгөөд энэ хэрэг процессын хувьд урьдчилан шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн хариу тайлбар дээр тухайн засварын үйл ажиллагаа 70 хувиас дээш болсон гэж ярьж байна. Тиймээс нэхэмжлэгчийн эрхийг сэргээхэд ямар нэгэн асуудал үүсэхээр хэмжээнд очсон гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Сангийн яамд гомдол гаргах хугацаа дууссан байна.

Илч дулаан өсөх ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу тендерийг үнэлэхэд дээр дурьдсан шаардлагыг хангасан байх тул ӨХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн. Энэ тендерийн ажилд 6 компани оролцсон. Үүнээс манай компани ЭМЯ/22104070 Эрүүл мэндийн төвийн их засвар /Хэнтий, Гурванбаян тосгон/ ажлын тендерт шалгарч улмаар Хэнтий аймгийн Засаг даргатай 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. УТХО-2021/08 тоот гэрээний дагуу ажил хэвийн явагдаж, одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 70.4 хувьтай явж байна. Барилгын ажил 2021 оны 11 дүгээр сарын 05-нд дуусахаар болсон. Нэхэмжлэгч тал 8 төрлийн шаардлагыг ярьж байна. Бид нэхэмжлэлд дурдагдсан 1-8 зүйл заалтын шаардлагуудыг манай компани тус тендерийн баримт бичигт тусгагдсаны дагуу биелүүлсэн учраас аймгийн Тамгын газраас манай компанийг уг тендерт шалгаруулсан гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч: ӨХХК-ийн захирал Б-нь ...Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан .........................дугаартай Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Хэнтий, Гурванбаян тосгон/ ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч ӨХХК нь Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зарласан .........................дугаартай Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын /Хэнтий, Гурванбаян тосгон/ ажлын цахим тендерт оролцжээ.

Уг тендерийн сонгон шалгаруулалтын хариу мэдэгдэлийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 9/1353 албан тоотоор[1] авсан байна.

Тухайн мэдэгдэлд: "Өндөрхаан Өргөө" ХХК-ийн тендерт ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3 /г/-д заасан шаардлагыг хангаагүй. Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн засварын ажилд санал болгосон инженерийн мэдээлэл ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй, мөн ажиллах хүч авах тухай хүчин төгөлдөр бус гэрээ ирүүлсэн. Хуулийн этгээдийн хаяг байршил зөрүүтэй, гэрээний хүчинтэй хугацаа байхгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан шалгуур нөхцөлийг хангаагүй гэжээ.

Дээрх мэдэгдэл, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг "Өндөрхаан Өргөө" ХХК эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яамд гомдол гаргасан байна. Монгол улсын сангийн яам 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 6-1/4238 тоот албан бичгээр[2] "Өндөрхаан Өргөө" ХХК-д гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ.

Улмаар "Өндөрхаан Өргөө" ХХК нь Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн засварын ажил гэсэн ажлын тендерт ороогүй. Мөн Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээг тухайн ажил дээр байгуулсан. Хуулийн этгээд буюу аж ахуй нэгж байгууллага нь ямар хаяг байршилд байсан эсэх нь хуулиар хязгаарлагдаагүй болно. Хамтран ажиллах гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал гэж тусгасан. Х- нь үндэслэлгүй, нотолгоогүй, илт гүтгэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарханбаатар, нэхэмжлэгч тал хуульд заасан хугацаанд Сангийн яамд гомдлоо гаргаагүй. Энэ бол нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдэл юм. Гуравдагч этгээдийн тендерт ялсан засварын үйл ажиллагаа 70 хувиас дээш гүйцэтгэлтэй байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн эрхийг сэргээхэд ямар нэгэн асуудал үүсхээр хэмжээнд очсон байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Сангийн яамд гомдол гаргах хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгч ӨХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Үүнд:

1. 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр ӨХХК нь Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай байгуулсан ажиллах хүчин авах хамтран ажиллах тухай ирүүлсэн гэрээнд ӨХХК-ийн хаяг нь улсын бүртгэлийн гэрчилгээн дэх Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 7/1 35 тоот гэсэн албан ёсны хаягаас зөрүүтэй байгаа бөгөөд мөн хамтран ажиллах гэрээг өөрчлөн 5.4 заалтаар хүчинтэй хугацааг нэмж бичин ирүүлсэн нь, мөн нэхэмжлэгч ӨХХК нь Эрүүл мэндийн төвийн барилга, /Хэнтий, Гурванбаян тосгон/ .........................дугаартай барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах ажлын тендерт оролцохдоо ТОӨЗ 5.3 /г/ Тухайн ажилд санал болгож буй голлох инженер, техникийн ажилтнуудын диплом, цахим үнэмлэхний хуулбаруудыг тод гаргацтай ирүүлнэ. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны гэрчилгээг ирүүлнэ гэсэн заалтанд , /Хэнтий, Гурванбаян тосгон/ Эрүүл мэндийн төвийн засварын ажилд оролцох инженер биш, Дэлгэрхаан сумын Хэрлэн баян Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн засварын ажилд санал болгосон инженерийн мэдээлэл-ийг ирүүлсэн нь тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 14-16 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлагыг хангаагүй байна.

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа, гуравдагч этгээд Илч дулаан өсөх ХХК нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу тендерийг үнэлэхэд шаардлагыг хангасан гэх тайлбарыг гаргасан ба уг тайлбарыг шүүх хууль зүйн үндэслэлтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.

3. ӨХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3 /г/-д заасан шаардлагыг хангаагүй талаарх мэдэгдлийг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9/1353 дугаартай албан бичгээр[3] хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг цахимаар хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21/133 тоот гомдлыг Сангийн яаманд хүргүүлсэн гэж тайлбарладаг ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гомдлыг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч ӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14, 106,4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 46 дугаар зүйлийн 46.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.4-т заасныг баримтлан ӨХХК-ийн нэхэмжлэлтэй, Х-т холбогдох ...Ө-д Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан .........................дугаартай Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Хэнтий, Гурванбаян тосгон/ ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгуулах тухай шаардлага бүхий ӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгч ӨХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 5 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 /таван/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Г.БАЯСГАЛАН

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 12-р хуудас

[2] Хавтаст хэргийн 11-р хуудас

[3] Хавтаст хэргийн 12-р хуудас