Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2018/01555

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2018/01555

Хөвсгөл аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.П-т холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Н би 2009 онд П-той танилцаж үерхэж байгаад 2012 онд нэг гэрт орж хамтран амьдарч байсан. 2012 оны 05-р сарын 23-ны өдөр хүү П овогтой Тийг төрүүлсэн. Бидний амьдрал эхэн үедээ аз жаргалтай байсан бөгөөд хамтран амьдрагч Б.П нь 2012 оноос элдэв бусаар доромжилж, зоддог болсноор би хамт амьдрахаа больж, хүүгээ аван тусдаа амьдрах болсон. Ц.Н би хүү П.Тийг өөрийн асрамжинд авч эцэг Б.Поос тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. ...Б.Пын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хүсэлтийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.   

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Н бид хоёр дунд сургуулийн 6-р ангиас танилцаж үерхэж, улмаар 2011 оны 08-р сард эцэг, эхийн дэмжлэгтэйгээр уламжлалт ёс заншлаар хадаг сүй тавьж, 2011 оны 10 сарын 14-ний өдөр хурим найр хийж өрх тусгаарлан амьдрах болсон. Миний хувьд ч тэр, Ц.Нын хувьд ч тэр өрх тусгаарлан бие даан амьдрахад хэн хэнийхээ амьдралын хэв маягт дасан зохицох, зан харилцаан дээр хүртэл ойлголцохгүй бэрхшээл тулгарч байсан, энэ бүхнийг хамтдаа даван туулахыг эхнэр маань хүсээгүй, хичээгээгүй, дахин хамт амьдраагүй ... Ц.Н бол миний анхны хайр, одоо ч түүнийг хайрлаж хүндэтгэж явдаг. Тиймдээ ч би хайртай бүсгүйтэйгээ, хайртай хүүтэйгээ элэг бүтэн сайн сайхан аз жаргалтай амьдрах хүсэл надад байсан. Ц.Н нь 2012 оноос хүүгээ өөрөө авч ганцаараа өсгөж өдийг хүрсэн гэж бичсэн нь худал юм. Би хүүгээ 2013 оны 8 сараас 1 нас 3 сартайгаас нь эхлэн эцэг, эхийн тусламжтайгаар өсгөж, бойжуулсан. Ц.Н 2017 оны 5 сараас хүүг минь авч, намайг болон эмээ, өвөөг нь хүүтэй минь уулзуулахгүй байдаг байсан. 1 настайгаас нь 5 нас хүртэл би 4 жил хүүгээ эрүүл саруул өсгөж бойжуулсан. ...Хүүхдийн асрамжийн асуудал дээр маргахгүй. Гэхдээ хүүхдийн эцгийн хувьд намайг болон 1-5 нас хүртэл нь гардаж өсгөж бойжуулалцсан, ижил дасал болчихсон өвөө эмээг нь ямар нэг шалтаг шалтгаан тоочилгүй уулзуулж, хамт байх цаг хугацааг гаргаж өгч байгаасай гэж Ц.Наас хүсч байна ... Хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлөхөд маргахгүй. Хүү минь л эрүүл саруул өсч бойжиж байвал надад өөр зүйл хэрэггүй. Би хүүгээ эрүүл, төлөв төвшин, ухаалаг, гэр бүлийн сайн хүмүүжилтэй хүн болоосой гэж хүсдэг... гэв.  

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Б.Пт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Б.П нарын дундаас 2012 оны 05 дугаар сарын 00-ны өдөр хүү П.Т төрсөн болох нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №0000981415/4.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2012 оны 05 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү П.Тийн төрсөн эцгээр Б.Пыг тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.П нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү П.Т нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Поос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Поос хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 05 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү П.Т 6 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Б.П төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү П.Тт сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 00-ны  өдөр төрсөн хүү П.Тийн төрсөн эцэг Б.П мөн болохыг тогтоосугай.     

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 00-ны  өдөр өдөр төрсөн хүү П.Тийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Поос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Поос 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БЯМБАСҮРЭН