Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

2022        4             01                                     2022/ШЦТ/347     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс:185/2022/0323/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Я.Мөнхзаяа,

шүүгдэгч Д.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2209000000487 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо ....ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод түр оршин суух хаягтай Д.Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо, “Эс Ти” апартментийн барилгын гадна хохирогч С.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр хэсэгт нь тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины дотор булан хэсгийн язарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажил дээр ирээд өрөөнүүдийнхээ хогийг цэвэрлээд гадаа гаргаад хаяж байтал хамт ажилладаг залуу Дээгий  “гөлөг минь чи наанаа яагаад хог хаяад байгаа юм” гэхээр нь “энэ чинь угаасаа хог хаядаг газар шүү дээ чи юу яриад байгаа юм бэ” гээд хоорондоо муудалцсан. Хүн намайг гөлөгөөр нь дуудаад байсан болохоор уурандаа цохих гээд дайрсан. Би очоод түлхэхэд Дээгий барьж явсан юм аа газар тавиад над руу дайраад бид хоёр хоорондоо харилцан зодолдсон. Тэгсэн цаанаас хамт ажилладаг талбайн инженер Сайнаа бид хоёрыг салгасан. Би салаад холдож байтал Д.Б хажуунаас орж ирээд "дүүг яагаад байгаа юм гөлөг минь" гээд намайг бас цохьсон. Бас Сайнаа инженер салгаж хоёр тийш болгож байхад би юманд тээглээд арагшаа уначихсан юм. Босч чадахгүй байж байтал Дээгийн Д.Б нар ирээд дээрээс зодоод байхаар нь би цаашаа мөлхөж яваад мод аваад цохих гэж худлаа далайж нөгөө хоёрыг өөрөөсөө холдуулсан. Босч ирээд зогсож байтал Д.Б намайг ална гээд дайраад байхаар нь би модоороо цаашаа байгаарай гэж ойртуулаагүй. Тэгсэн Д.Б буланд байсан тоосгыг барьж аваад шууд л толгойд цохиод гэмтэл учруулчихсан. Би ямар ч ухаангүй болоод газар унасан... ...Сүүлд Д.Б миний нүүрлүү тоосгоор цохиход надад учирсан гэмтэл үүссэн. ...Надад гомдол санал алга, хохирлын баримт байгаа, авч ирээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал)

Б.Д-н хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өдөр ажил дээрээ байж байтал хамт ажилладаг С.Г гэх залуу хогоо хаяхаар нь "чи хогоо хогийн цэг дээр хаяач" гэж хэлсэн. Урдаас "чи мэддэг юм уу" гээд шууд нүүр рүү цохиод, энэ чиний ажил за юу гээд намайг нүүр рүү олон удаа гараараа цохиод байхад Д.Б ах салгасан. С.Г миний ардаас прүүс мод аваад нүүр дунд цохиход Д.Б ах тоосго аваад С.Г руу шидсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Гэрч М.Э-н "...Өнөөдөр өглөө ажил дээр байтал С.Г, Дээгий хоёр муудалцаад хоорондоо барьцалдаж аваад байсан. Тэгсэн хажуунаас нь Д.Б орж ирээд Дээгийг өмөөрч С.Г-г нийлж зодсон. Ноцолдож явж байгаад С.Г юманд тэглээд арагшаа уначихсан, тэгсэн дээрээс нь нөгөө хоёр өшиглөөд зодоод байсан. Тэгсэн С.Г босохдоо урт прүүс мод бариад босоод ирэхэд нь С.Г-г шууд нүүрэнд нь тоосгоор цохьчихсон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 сарын 18-ны өдрийн 2999 дугаартай: "...С.Г-н биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины дотор булан хэсгийн язарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр, механизмаар үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Шинжээч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал бус гадаргуутай буюу тоосгоор цохих үед үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл том гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 2 дугаар сарын 14-ны өдөр үүссэн байх боломжтой..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-42 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Б-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Д.Б нь 2022.02.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ....барилгын гадна С.Г, Б.Д нар нь хоорондоо маргалдаж муудалцан харилцан зодолдож байх үед нь  Б.Д-г өмөөрч хохирогч С.Г-г тоосгоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн хөмсөг, зүүн дээд зовхины дотор булан хэсгийн язарсан шарх, зүүн дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Б-н хувьд өөрт нь хамааралгүй асуудалд хөндлөнгөөс шууд оролцож, бусдын хэрүүл маргаан зодоон цохионыг хориглож болиулах ёстой атал харин ч эсрэгээр үүссэн асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэж байгаа балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Г нь шүүгдэгчид “гомдол санал байхгүй...” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч С.Г-н тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Д.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч С.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Д.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР