Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар  2022/ШЦТ/88

 

 

2022           06            30                                                       2022/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга О.Анхтуг,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан-Ойдов овогт Батсүрэнгийн Ховор-Эрдэнэд холбогдох 2229000000065 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Манлай сумын Далай 4 дүгээр багт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 дугар сарын 27-ны өдрийн 44 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Ямаан-Ойдов овогт Батсүрэнгийн Ховор-Эрдэнэ, /РД:КЕ80110712/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төвд иргэн С.Энхтөрийн гэрт Б.Адъяахүүг “С.Энхтөрийг өмөөрлөө” гэх шалтгаанаар гарыг нь мушгиж, зүүн атгаалын далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь мэдүүлэхдээ: “... Би өглөө Б.Адъяахүүгийнх рүү ороход архи ууцгааж байсан. Тэгэхэд манай эхнэрийг арчаагүй хоол хийдэггүй залхуу хүүхэн гээд байхаар нь би Б.Адъяахүүгийн гарыг мушгисан. Тэгэхэд би гар хугарсныг нь мэдээгүй. Маргааш өглөө нь очиход чи миний гарыг хугалсан гэж хэлсэн. Тэгээд яах вэ гэсэн чинь эмнэлэгт боолгосон байсан. Тэгээд суманд ирэхээр нь би уулзахаар очсон чинь хөдөө гэр лүүгээ явсан байсан. Хурлаас өмнө хохирогчийн хохирлыг барагдуулах гэсэн боловч амжаагүй. Миний хувьд хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

 Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Б.Адъяахүүгийн: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ...Манлай сумын төвд очоод найз Энхтөрийнд очиж цай амсчихаад Энхтөр архи уучихсан халамцуу байхаар нь би дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад буцаж Энхтөрийнд очоод задалж ууж байхад Ховор-Эрдэнэ халамцуу орж ирэхээр архинаасаа аягалж өгсөн. Тэгээд хоорондоо юм ярилцаж байгаад Энхтөр нь Ховор-Эрдэний эхнэрийг ажил муутай гэж хэлснээс болж Энхтөр, Ховор-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаж Ховор-Эрдэнэ нь Энхтөрийг цохих шиг болохоор нь би яаж байнаа гэхэд эргэж хараад намайг “чи муу юу хуцаад байгаа юм бэ” гээд миний зүүн гарнаас атгаад мушгиад гар шажигнуулаад эвгүй болгочихоор нь би “яаж байна, чи гар хугалчихлаа” гэхэд бас юм хэлж зандарч байгаад гараад явчихсан. Тэгээд би босох гэсэн чинь босч болохгүй байхаар нь чигээрээ хэвтчихсэн. Тухайн үед гар тийм ч их өвдөхгүй байсан. гэхдээ сул санжиганаад байсан. Тэгээд хэвтэж байтал Баянчулуун гэдэг хүн орж ирэхээр нь би Ховор-Эрдэнэ орж ирээд гар хугалчихаад явчихлаа гэж хэлсэн... Тухайн үед миний гарыг мушгиад гар хугалчихлаа гээд ёолоод хэвтэж байхад Ховор-Эрдэнэ миний дээр сууж байхыг Мөнх гэж дууддаг залуу орж ирчихээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

Гэрч С.Энхтөрийн: “...тухайн өдөр нь 2022 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна Адъяахүү бид хоёр гэрт 1 шил архи уугаад сууж байсан. Тэгсэн чинь Ховор-Эрдэнэ өглөө гэрт ороод ирсэн... Би “танай эхнэр хоол хийдэггүй, чи гэртээ хоолоо хийдэг биз дээ” гэсэн, тэгсэн чинь Ховор-Эрдэнэ манай эхнэрийг доромжилж байна гээд намайг нэг удаа түлхээд нэг удаа цохьсон. Тэгээд Адъяахүү хажуунаас “хөөе та хоёр боль” гэж байсан. Тэгээд би согтуу байсан тул унтчихсан... маргааш нь би сэрэхэд Адъяахүү гар хугарсан байна гээд манайд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

Гэрч Ц.Баянчулууны: “...Тухайн өдөр нь 2022 оны 03 дугаар сарын 31 санагдаж байна. би орой ажилтай ээлжинд гарч байсан, тэгээд Энхтөрийнд хоол идэхээр очсон. Гэрт ороход Энхтөр орон дээрээ унтаж байсан. Адъяахүү орны наад талд газар хэвтэж байсан. Гар өвдөөд байна гэж хэлсэн. Өвчтэй байсан гар чинь өвдөөд байгаа юм уу гэж асуухад “үгүй Ховор-Эрдэнэ гар мушгичихсан” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

Гэрч Б.Мөнхсайханы: “...Би тухайн өдөр Энхтөрийн гэрт 16 цагийн үед очсон. Тэгэхэд Ховор-Эрдэнэ, Энхтөр, Адъяахүү нар байсан... Ховор-Эрдэнэ Адъяахүүгийн хөл дээр нь мордоод зүүн гарын сарвуунаас барьчихсан “энэ намайг гар хугалчихлаа гэж байна, хугарсан гар ийм байх уу” гээд гарыг нь дугтарч байсан. Тэгэхэд Адъяахүү гар өвдөөд байна гээд ёолж байсан... Ховор-Эрдэнэ, Адъяахүү нар халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

Гэрч Б.Доржсүрэнгийн: “...Тухайн өдөр Манлай сумын Оргил дэлгүүрийн баруун талын хашаанд тоотыг нь мэдэхгүй байна, хүний гар өвдөөд гэх дуудлага сумын иргэн Баянчулуун өгсөн. Тухайн дуудлагаар очиход 23 цаг болж байсан. Үзлэг хийх үед Адъяахүү гэдэг хүний зүүн гар бугалганы доод хэсгээрээ хугарсан хавдар ихтэй байсан... Тухайн үед миний гарыг Ховор-Эрдэнэ мушгисан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 241 дугаартай “Б.Адъяахүүгийн биед зүүн атгаалын далд зөрүүтэй хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасныг  дурдах нь зүйтэй.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь хохирогч Б.Адъяахүүг “С.Энхтөрийг өмөөрлөө” гэх шалтгаанаар гарыг нь мушгиж, зүүн атгаалын далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсныг нотолсон нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан, шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Б.Ховор-Эрдэнийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.  

Хохирогч Б.Адъяахүүгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.Ховор-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь хохирогч Б.Адъяахүүгийн нэхэмжилсэн 862,162 төгрөгийн хохирол учруулснаа төлж барагдуулаагүй, төлж барагдуулахаа илэрхийлсэн  тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Ховор-Эрдэнээс  862 162 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул  тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ:“…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар  шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх”  дүгнэлтийг  гаргажээ.           

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч,  эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаан-Ойдов овогт Батсүрэнгийн Ховор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ховор-Эрдэнээс 862 162 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Адъяахүүд олгосугай.

5. Шүүгдэгч Б.Ховор-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ховор-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТТУЛГА