Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2018/01595

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Г-д холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2018/01536/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч Л.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Л.Гтай 1998 онд танилцаж гэр бүлээ 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр батлуулсан. Хөвсгөл аймгийн Түнэл суманд хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд хүү Г.Бг 2009 оны 06 дугаар сарын 2.-ний өдөр төрүүлсэн. 2010 оноос Л.Г хот хоорондын тээвэрт явдаг болсон ба энэ үеэс эхлэн бидний харьцаа үл ойлголцол эхэлсэн. Хувийн таарамжгүй харьцаа, зөрчилдөөний улмаас 2011 оноос хойш өнөөдрийн хүртэл бид тус тусдаа амьдарч байна. Одоо бид хэн аль нь тус тусын амьдрал зохиож цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.Бг өөрийн асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Л.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд гэр бүл болж бидний дундаас 2009 оны 06 сарын 2.-ний өдөр хүү Л.Б төрсөн. Бид Хөвсгөл аймгийн Түнэл суманд хамтын амьдралаа эхлүүлж байсан бөгөөд манай хүн тус суманд хүний их эмчээр, би хот хоорондын тээвэрт явдаг байсан. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос хойш тусдаа амьдрах болсон. Бид тус тусдаа амьдрал зохиосон, эргэж хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Г.Бг ээжийнх нь асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.   

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Л.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2008 онд гэр бүл болж, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь №0009617 №2. дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний дундаас 2009 оны 06 дугаар сарын 2.-ний өдөр хүү Г.Б төрсөн болох нь 2009 оны 06 дугаар сарын 2.-ний өдрийн №0282904 №5. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгч хариуцагч нар нь 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2009 оны 06 дугаар сарын 2.-ний өдөр төрсөн хүү Г.Бг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Ц.Хын асрамжид үлдээж, хүү Г.Бд эцэг Л.Гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

  Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Бг эх Ц.Хын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 06 дугаар сарын 2.-ний өдөр төрсөн хүү Г.Б 9 настай тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Л.Г төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Г.Бд сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л.Г, Ц. Х нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 2.-ний өдөр төрсөн хүү Г.Бг эх Ц.Хын асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Бг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Гаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Л.Гд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Хд тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гаас 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН