Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1309

 

 

 

 

 

 

2022         09          07                                        2022/ШЦТ/1309

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Н.Отгонжаргал,

Шүүгдэгч Д.Б, М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б, М.Г нарт холбогдох 2206 010681 1967 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Булган аймгийн Баян-Агт суманд 1966 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103-а байрны үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 115 дугаар байрны 172 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Гүн овогт Дашпунцагийн Б /РД:/,

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1963 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны маркетингийн мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 103 дугаар байрны 806 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогт Мондгойн Г /РД: /,  

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Б нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 8 давхарт 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч М.Гтай тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдан, бие биеэ хэл амаар доромжилж, гараараа нүд рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.Г нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 8 давхарт 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Бтай тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдан, бие биеэ хэл амаар доромжилж, хохирогч Д.Б руу гутал шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гангаадарийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бгийн өгсөн: “.. .М.Г манай дарга руу үйлчлэгч манай гэрийн үүдэнд хог тавиад байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь хаалгыг тогшоод би танай гэрийн үүдэнд хог тавиагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би чамтай харьцмааргүй байна гээд хаалгаараа намайг цохисон. Тэгээд өрөөндөө ороод харахад миний нүүр улайчихсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Гангаадарийн өгсөн: “... Санамсаргүй байдлаас болж ийм гэмт хэрэг гарсан. Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Уг гэмтлийг Д.Б учруулсан...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бгийн өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 30-ны 21 цагийн орчимд уг байрны 8 давхрын 806 тоотын оршин суугч намайг гэрийнх нь үүдэнд хог үлдээсэн гэж хариуцсан дарга Оюунд хэлсэн болохоор нь хог үлдээгээгүй учир яагаад худал хэлсэн болохыг тодруулж асуухаар 8 давхрын 806 тоотын хаалгыг тогшиход нөгөө эмэгтэй хаалга онгойлгосон ба “миний үлдээсэн хог хаана байгаа юм” гэж асуухад “би чамтай харьцахгүй” гэж элдэв бусаар хэлж үүдэнд байсан гутлаа над руу шидэж миний баруун талын шанаа хэсэгт оночихоор нь гутлыг нь зөрүүлээд шидэхэд хаалгаа хаасан учир онож цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямартай ч хаалга оносон ба нөгөө эмэгтэй хаалгаа хааж орохоор нь ямар нэгэн асуудал үүсгэлгүй нүүр халуун орилоод байхаар нь өрөөнд орж толинд харахад миний баруун шанаа болон хамар хэсэг улаан болж хөх туяа татсан байхаар нь хүйтэн усаар шавшиж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2447 дугаартай:

“1. Д.Бгийн эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, хамрын хянга хэсгийн хаван, цус хуралт, хамрын хянга, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19-20/,

Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.24-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гангаадарийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 806 тоотод ганцаараа түр оршин суудаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд гэртээ амарч байхад хэн нэгэн хүн хаалга хүчтэй цохиж өшиглөөд “гараад ир” гэж дуудаад байхаар нь давхрын коридор хэсэгт хувцсаа сэгсэрсэн асуудлаас болж байнга маргалдаж байдаг үйлчлэгч эмэгтэйг байна гэж мэдээд гэрийн хаалгыг нээж онгойлгоход байрны үйлчлэгч эмэгтэй ямар нэгэн үгийн зөрүү байхгүй, аль нэг гараараа миний баруун нүд хэсэгт цохиод явчихаар нь үйлчлэгч эмэгтэйд зодуулчихлаа гэсэн сэтгэгдэл төрж, үйлчлэгч эмэгтэйг цохихоор юм хайж байгаад олдохгүй болохоор нь өөрийн өмсөж байсан сандаалыг хөлөөс мулталж уг эмэгтэй рүү шидэхэд оноогүй ба нөгөө эмэгтэй хальт эргэж харчхаад цааш явахад нь гэрийнхээ хаалгыг хаахад нүүр сонин оргиод байхаар нь ариун цэврийн өрөөнд орж толинд өөрийгөө харахад баруун талын нүд хэсэгт цус хурж хавдсан болохыг харсан...” гэх гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Аригуунтөгсийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2441 дугаартай:

“1. М.Гангаадарийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, тархи доргилт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.41-42/,

Шүүгдэгч М.Гангаадарийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.46-50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би М.Гтай маргаан үүсгэхэд М.Г нь над руу гутал шидэж миний хамар хэсэгт онож хацар болон хамар хэсгийг гэмтээхэд нь уурлаж урдаас нь цохихоор гараа савж олон удаа дайрахад хаалгаа хагас онгойлгосон байдалтай нүүр хальт гаргаж хараад буцаж орж байсан ба онож цохиогүй гэж бодож байсан боловч гэмтэл учирсан байхыг үзэхэд нүүр хэсэгт онож цохисон юм шиг байна. Тухайн газарт бид хоёроос өөр хүн байгаагүй учир уг гэмтлийн М.Гангаадарийн биед учруулсан болохыг хүлээн зөвшөөрч хоорондоо учир зүйгээ олсон учир надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Гангаадарийн яллагдагчаар өгсөн: “... яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй... би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.63/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.52-54, 59-61/,

Шүүгдэгч, хохирогч М.Гангаадарийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.69/,

Шүүгдэгч, хохирогч Д.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.70/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.72-73/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Д.Б нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 8 давхарт 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч М.Гтай тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдан, бие бие ээ хэл амаар доромжилж, гараараа нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.Г нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 8 давхарт 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Бтай тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдан, бие бие ээ хэл амаар доромжилж, хохирогч Д.Б руу гутал шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн  болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бгийн өгсөн: “... үүдэнд байсан гутлаа над руу шидэж миний баруун талын шанаа хэсэгт оночихоор нь гутлыг нь зөрүүлээд шидэхэд хаалгаа хаасан учир онож цохисон эсэхийг нь мэдэхгүй байна... нүүр халуун оргиод байхаар нь өрөөнд орж толинд харахад миний баруун шанаа болон хамар хэсэг улаан болж хөх туяа татсан байхаар нь хүйтэн усаар шавшиж байсан ...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2447 дугаартай:

“1. Д.Бгийн эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, хамрын хянга хэсгийн хаван, цус хуралт, хамрын хянга, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19-20/,

Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.24-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гангаадарийн өгсөн: “... байрны үйлчлэгч эмэгтэй ямар нэгэн үгийн зөрүү байхгүй, аль нэг гараараа миний баруун нүд хэсэгт цохиод ... өөрийн өмсөж байсан сандаалыг хөлөөс мулталж уг эмэгтэй рүү шидэхэд ... нүүр сонин оргиод байхаар нь ариун цэврийн өрөөнд орж толинд өөрийгөө харахад баруун талын нүд хэсэгт цус хурж хавдсан болохыг харсан...” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Аригуунтөгсийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2441 дугаартай:

“1. М.Гангаадарийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, тархи доргилт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.41-42/,

Шүүгдэгч М.Гангаадарийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.46-50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн яллагдагчаар өгсөн: “... М.Г нь над руу гутал шидэж миний хамар хэсэгт онож хацар болон хамар хэсгийг гэмтээхэд нь уурлаж урдаас нь цохихоор гараа савж олон удаа дайрахад ... гэмтэл учирсан байхыг үзэхэд нүүр хэсэгт онож цохисон юм шиг байна. Тухайн газарт бид хоёроос өөр хүн байгаагүй учир уг гэмтлийн М.Гангаадарийн биед учруулсан болохыг хүлээн зөвшөөрч...” гэх мэдүүлэг /хх.58/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бгийн өгсөн: “...М.Г манай дарга руу үйлчлэгч манай гэрийн үүдэнд хог тавиад байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь хаалгыг тогшоод би танай гэрийн үүдэнд хог тавиагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би чамтай харьцмааргүй байна гээд хаалгаараа намайг цохисон. Тэгээд өрөөндөө ороод харахад миний нүүр улайчихсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Гангаадарийн өгсөн: “...Санамсаргүй байдлаас болж ийм гэмт хэрэг гарсан. Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Уг гэмтлийг Д.Б учруулсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б, М.Г нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, М.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, М.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Д.Б, М.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, М.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Б, М.Г нар нь  нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Д.Б, М.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Б, М.Г нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, М.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б, М.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Д.Б, М.Г нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Б, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Гүн овогт Дашпунцагийн Б, Сартуул овогт Мондгойн Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Б, М.Г нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б, М.Г нарт сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР