Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1396

 

 

 

 

 

 2022         09          29                                       2022/ШЦТ/1396

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Хохирогч С.Болормаа,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бод холбогдох 2206 03775 2726 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0252 дугаар ангид сургалт, биеийн тамир хариуцсан офицер ажилтай, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчний 7-5 тоотод оршин суух, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Мын Б /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Б нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран, Тэнүүн хотхоны 25-46 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Болормаатай үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож, улмаар дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун зүүн шүдний сулрал, баруун хөх, зүүн тохойд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Болормаагийн өгсөн: “... Бид хоёр 10 орчим жилийн өмнө танилцсан. Өмнө нь 2-3 удаа намайг дуудахад нь уулзаж чадаагүй. Тухайн үед Б Багануур дүүрэгт томилогдсон гэхээр нь уулзах гээд гэртээ дуудсан. Үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсан. Би гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Болормаагийн өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед найз Бүрнээ залгаад “уулзъя” гэхээр нь би “манайд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгсэн Бүрнээ 23 цагийн үед манай гадаа ирсэн гээд би гарч хаалга онгойлгож өгөөд хамт орж ирсэн, тэгээд манай нөхөр Давааням найз Бүрнээ бид 3 2.5 л Сэнгүр нэртэй пиво 3 савыг хувааж уугаад сууж байхад манай нөхрийн найз Очироо манайд ирсэн... Бүрнээ гэнэт уурлаад хэл амаар доромжлоод эхэлсэн, тэгээд миний үснээс гараараа зулгаагаад доороо дараад газар унагаахаар нь би Бүрнээгийн үснээс зулгаахаар нь Бүрнээ өвдгөөрөө миний шүд рүү өвдөглөсөн. Тэгсэн нөхөр Давааням, Очироо ирж бид 2-г салгасан, миний үүдэн шүд хугарсан байсан... би өөрийгөө хамгаалаад Бүрнээг үсдээд цаашаа түлхсэн, өөр цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваанямын өгсөн: “... Бүрнээ уулзъя гээд дуудаад байсан ба Болороо бид 2 гэртээ дуудсан. Бүрнээ удалгүй С.Болормаагийн гэрт ирсэн ба С.Болормаа бид 2 дэлгүүр ороод гурван ширхэг том 2.5л савлагаатай пиво аваад хуваагаад уусан... С.Болормаа Бүрнээ хоёр хоорондоо урьд хамт архи уугаад гадуур явсан тухайгаа яриад хоорондоо муудалцсан ба нэг нэгнийгээ хаяж үлдээж явлаа гэдэг шалтгаанаас болсон. Би найз Очироотой тагтан дээр тамхилж зогсож байтал Бүрнээ, С.Болороо хоёр ОО-н өрөөний гадна ноцолдоод унасан. Очоод салгахад Бүрнээ дээр нь гарсан зууралдаад байж байсан. Тэгээд Бүрнээг газраас босож ирэхэд биед ил харагдах хөхөрч няцарсан тийм зүйл анзаарагдаагүй, харин С.Болормаа, газраас босож ирэхдээ “миний шүд уначихлаа” гэхээр нь Цагдаагийн байгууллагад би дуудлага өгсөн... Болороо, Бүрнээ 2 ухаанаа алдтал уугаагүй, биеэ хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9994 дугаартай:

“1. С.Болормаагийн дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун зүүн шүдний сулрал, баруун хөх, зүүн тохойд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх.11-12/,

Шүүгдэгч М.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт /хх.22-24/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.31-32/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бын яллагдагчаар өгсөн: “... Би хүний биед санаатай гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.39/,

Шүүгдэгч М.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.43/,

Хохирол төлбөр төлсөн тухай ХААН банзны депозит дансны хуулга /хх.44/,

Хохирогч С.Болормаагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.45/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.47/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Б нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Улаанхуаран, Тэнүүн хотхоны 25-46 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Болормаатай үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож, улмаар дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун зүүн шүдний сулрал, баруун хөх, зүүн тохойд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Болормаагийн өгсөн: “... Бүрнээ гэнэт уурлаад хэл амаар доромжлоод эхэлсэн, тэгээд миний үснээс гараараа зулгаагаад доороо дараад газар унагаахаар нь би Бүрнээгийн үснээс зулгаахаар нь Бүрнээ өвдгөөрөө миний шүд рүү өвдөглөсөн. Тэгсэн нөхөр Давааням, Очироо ирж бид 2-г салгасан, миний үүдэн шүд хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваанямын өгсөн: “... Бүрнээ, С.Болороо хоёр ОО-н өрөөний гадна ноцолдоод унасан. Очоод салгахад Бүрнээ дээр нь гарсан зууралдаад байж байсан... С.Болормаа газраас босож ирэхдээ “миний шүд уначихлаа” гэхээр нь ...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9994 дугаартай:

“1. С.Болормаагийн дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун зүүн шүдний сулрал, баруун хөх, зүүн тохойд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бын яллагдагчаар өгсөн: “... Би хүний биед санаатай гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.39/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Болормаагийн өгсөн: “...Бид хоёр 10 орчим жилийн өмнө танилцсан. Өмнө нь 2-3 удаа намайг дуудахад нь уулзаж чадаагүй. Тухайн үед Б Багануур дүүрэгт томилогдсон гэхээр нь уулзах гээд гэртээ дуудсан. Үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсан. Би гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

М.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч С.Болормаа нь хохирол баримтаар нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн бөгөөд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

М.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

М.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн  дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Мын Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бод сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч С.Болормаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Болдоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР