Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 725

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.Онарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Б.М, Б.Онарын өмгөөлөгч С.Батдэлгэр, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М, Б.Онарт холбогдох эрүүгийн 1809014850129 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.М, Б.Онар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 16 дугаар гудамжинд хохирогч Б.Баярцогтын өмчлөлийн Айфоне 5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, түүнд 184.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.М нь ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Номин дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрбуянгийн өмчлөлийн Самсунг эс-5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, түүнд 132.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн, шүүгдэгч Ло овогт Батгэрэлийн Мөнхбилгүүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ононмөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ононмөрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.Ононмөрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Онараас 140.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Намжилмаад олгож,  Шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Б.М миний бие 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял авсан. ... Б.М би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах, прокурор, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний бие анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хохирлын хэмжээнээс иргэний нэхэмжлэгч Д.Нансалмаад 140.000 төгрөгийг төлж, барагдуулж дуусгаагүй байсан боловч ар гэрийнхэн маань дээрх хохирогчид хохирлыг төлж барагдуулж дуусгасан болно. Иймд миний бие бусдад төлөх төлбөргүй болсон бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй, шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа хуулийн өмнө амлаж байна. Иймээс дээрх байдлыг минь харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

 Шүүгдэгч Б.Мий өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.М, Б.Онарт холбогдох хэргийг хянаад Б.М, Б.Онарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Уг хэргийн тухайд Б.М, Б.Онар болон өмгөөлөгч миний зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд Б.М, Б.Онар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болно. Б.Ононмөрийн тухайд гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан учир шүүхээс Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Харин Б.Мий тухайд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ойлгож байгаа, шүүхийн тогтоолоор иргэний нэхэмжлэгч Д.Нансалмаад олгохоор шийдвэрлэсэн хохирол төлбөр болох 140.000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо бусдад төлөх төлбөргүй болсон. Мөн тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, уг хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, Б.Мий хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс Б.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.М, Б.Онар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 16 дугаар гудамжинд хохирогч Б.Баярцогтын өмчлөлийн Айфоне 5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, түүнд 184.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.М нь ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Номин дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрбуянгийн өмчлөлийн Самсунг эс-5 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, түүнд 132.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Баярцогтын “...эргээд хартал 170 орчим өндөртэй нэг залуу, тэрнээс арай өндөр бас нэг залуу, 20-22 орчим насны хоёр залуу, дээгүүрээ хар бараан өнгийн хувцастай байсан бөгөөд намайг эргэн харангуут нэг нь миний нүүр рүү цохиод арагш унагаасан. Нэг залуу нь миний өмдний баруун урд талын халаасанд байсан Айфоне-5 маркийн гар утсыг аваад зүүн тийш буюу Хангайн 16 дугаар гудамж өнгөрөөд явж байгаад ертөнцийн зүгээр урагшаа эргээд далд орсон. Намайг нэг хүн нэг л цохисон. Тэгээд би унасан. Нэг нь цохиод, нөгөөдөх нь халаас ухсан. Миний эрүү амны хэсэгт цохисон. Би газар унаад зүүн гараа дараад хажуу тийшээ хараад хэвтэж байхад нэг нь баруун халаас ухаад утас авсан.  ...” /хх 43-50/,

хохирогч О.Дэлгэрбуянгийн “...2018 оны 6 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө 02-03 цагийн үед ...намхан нуруутай, бор савхин куртиктэй үл таних эрэгтэй хүн гар утас байна уу, гар утсаар чинь ярчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмднийхөө халааснаас Галакси-Эс 5 гар утсаа гаргаж ирээд миний гар утас цэнэггүй унтарсан байна гэж хэлсэн чинь миний гар утсыг шууд гарнаас шүүрээд авсан юм. Тэгэхээр нь би гар утсаа авчихъя гэж хэлээд үл таних хүнээс гар утсаа авах гэтэл миний гар утсыг халаасандаа хийчихээд гар утасныхаа симийг авах юм уу гээд байхаар нь гар утсаа авъя гэтэл шууд миний нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. ...” /хх 150, 153-154/,

 

гэрч Г.Дашзэвэгийн “...Мөнхбилгүүн, Ононмөр хоёр тэнд байсан ломбард руу яваад орсон. Бид гурав тэнд тамхиа татаад зогсож байсан чинь тэр хоёр удалгүй гарч ирсэн. Тэгээд бид нар юм яриад зогсож байсан чинь ломбарднаас 3 залуу гарч ирээд Мөнхбилгүүнээс "утсаа зарах юм уу" гэж асуусан чинь Ононмөр "зарна" гээд байсан. ...Би тэр талаар мэдээгүй. Надад юу ч яриагүй, би тухайн үед тэр хоёрыг өөрсдийнхөө утсыг тавьж байна гэж ойлгосон. ...”  /хх 66-67/,

 

гэрч С.Тэлмэнгийн “...зам дагуу хоёр хүүхэд ирж байсан ба бид нарын хажуугаар зөрөөд явах үед нь Мөнхбилгүүн тэр хоёр хүүхэдтэй уулзаад байх шиг байсан. Хоорондоо юу ярьж байгааг нь мэдээгүй. ...” /хх 157-158/,

 

Б.Мий яллагдагчаар өгсөн “...нэг согтуу хүн гудамж руу эргээд орж байгаа харагдсан. Тэгтэл Ононмөр араас нь дагаад оръё гэсэн. Тэгэхээр нь Ононмөр бид хоёр араас нь дагаад орсон. Тэгэхэд нөгөө гурав юм хэлэлгүй "наанаа байж байгаарай" гэж хэлсэн. Тэгээд би түрүүлж очоод "ахаа гал байна уу" гэж асуусан чинь тэр хүн гал гаргаж ирсэн. Тэгээд би тамхиа асааж байсан чинь Ононмөр цохих гээд байсан. Тэгэхээр нь би цохисон бөгөөд цохих үед нөгөө хүн хашаа налаад унасан. Унахаар нь Ононмөр утсыг нь аваад бид хоёр цаашаа явсан. Тэгээд нөгөө гурав зам дагуу байхаар нь уулзаад замын цаанаас такси бариад Сансар орсон юм. Тэгээд Ононмөр бид хоёр ломбарданд ороод тавих гэсэн боловч ломбард ай ди кодтай байна гээд аваагүй. Тэгээд гарч ирээд зогсож байтал 3 залуу таараад зарах юм уу гэхэд Ононмөр хэдэд авах юм гэж асуухад 40.000 төгрөг байна гэхэд Ононмөр тэгвэл ав гэж хэлээд гар утсыг зарсан..." /хх 3-6/,

“...Тэгээд байж байтал шинэ зам дагуу 17 болон 12 орчим насны хоёр хүүхэд ирж явсан. Тэр хоёр хүүхэд бид дөрвийн хажуугаар зөрж өнгөрөх үед би тэр хоёр хүүхдээс "цаг хэд болж байна" гэж асуусан. Тэр хоёр хүүхдийн арай том нь утсаа гаргаж ирээд цаг хараад надад хэлсэн. ...би тэр хоёр хүүхдээс утсыг нь булааж аваад зугтаагаад шууд таксинд суусан. Тэр хүүхдийн нүүр рүү нь гараараа түлхчихээд зугтаасан юм...” /хх 124-127/,

 

Б.Ононмөрийн яллагдагчаар өгсөн “...Номин дэлгүүрийн арын гудамж руу орсон. Тэгсэн чинь Мөнхбилгүүн тэрний утсыг булаачихъя гэсэн. Тэгээд Мөнхбилгүүн явсан. Би араас нь дагаад явсан. Тэгээд бид хоёр гудамж руу дагаад явсан. ...Тэгээд Мөнхбилгүүн түрүүлж ороод тэр хүний нүүр рүү цохисон чинь тэр хүн газар унасан. Тэгсэн чинь утас нь хажууд нь унасан. Тэгэхээр нь би очоод утсыг нь аваад бид хоёр цаашаа яваад нөгөө гурав дээр очоод замын цаанаас такси бариад Сансар орсон. ...” /хх 9-14/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн Б.М, Б.Онарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ононмөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ононмөрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.Ононмөрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэжээ.

 

Шүүгдэгч Б.Онь хэрэг үйлдэх үедээ 17 нас 9 сар 12 хоногтой насанд хүрээгүй байсан боловч анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед 18 насанд хүрсэн байна.

Шүүхээр шийдвэрлэгдэх үед 18 насанд хүрсэн шүүгдэгчид өсвөр насны хүнд ял шийтгэл оногдуулах зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалтад хамруулан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулжээ гэж ойлгохоор байна.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд 18 насанд хүрсэн шүүгдэгч Б.Ононмөрийг өсвөр насны хүнтэй адилтган авч үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгчийн хувийн байдал, цаашид нийгэмд төлөвших, боловсрол эзэмших зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хөндөөгүй орхисон болно.

 

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нар нь “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөн шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

 

Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын 140.000 төгрөгийг төлсөн, одоо хохирол төлбөргүй, одоо 20 настай, хувийн байдал зэргийг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  баримтлан түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг доош татаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгч Б.Мийг гэмт буруутайд тооцохдоо “...Ло овогт Батгэрэлийн Мөнхбилгүүн ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн, шүүгдэгч Ло овогт Батгэрэлийн Мөнхбилгүүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн...” гэж нэг төрлийн гэмт хэрэгт 2 удаа гэм буруутайд тооцсон байдлаар бичсэн байна. Тиймээс шийтгэх тогтоолын 1 дэх заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 Мөн шүүх тогтоолын 2 дахь заалтаар “...шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн атлаа 5 дахь заалтад “...Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж бичсэн нь шийтгэх тогтоолын биелүүлэхэд эргэлзээтэй байдлыг бий болгосон байх тул цаашид алдаа гаргахгүй байхыг анхаарах шаардлагатайг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтын “Шүүгдэгч Ло овогт Батгэрэлийн Мөнхбилгүүн, Боржигон овогт Баасансүрэнгийн Ононмөр нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн, шүүгдэгч Ло овогт Батгэрэлийн Мөнхбилгүүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “ Шүүгдэгч Ло овогт Батгэрэлийн Мөнхбилгүүнийг бүлэглэн болон ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг, шүүгдэгч Боржигон овогт Баасансүрэнгийн Ононмөрийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,  

2 дахь заалтад “...Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “...Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

 

5 дахь заалтад “...2 /хоёр/ жилийн хорих ялыг...” гэснийг “...1 /нэг/ жилийн хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М нь иргэний нэхэмжлэгч Д.Намжилмаад 140.000 төгрөг төлснийг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ