Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0323

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Х.Б

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: СЕХДМТТЗ

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0131 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0027/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Бгаас СЕХДМТТЗд холбогдуулан “СЕХ-ны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэх томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0131 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан Х.Бгаас СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захиралд холбогдуулан гаргасан СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3. 1. Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй тухайд:

            Х.Б миний бие 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 11 жилийн хугацаанд тухайн байгууллагад Программ хангамжийн инженер, Программ хангамжийн хэлтсийн дарга, Мэдээллийн технологийн төвийн захирал зэрэг албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд байгууллагын статус өөрчлөгдөж, үүнийг дагаж шилжилтийн үеийн зохицуулалт хийгдээгүй учир тус байгууллагын албан хаагчдыг төрийн албаны тусгай шалгалт явагдах хүртэл түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

            МТТЗ- 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, тухайн ажлын байранд түр хугацаагаар буюу төрийн нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулалт явагдах хүртэл хугацаанд томилогдсон.

            Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийн нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заажээ. Үүнээс үзэхэд Х.Б намайг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал нь хууль зөрчөөгүй буюу өмнө тус албан тушаалыг 7 жил эрхэлж байсан албан хаагчаар тус албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал гарсан нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмын хүрээнд хуульд нийцэж гарсан.

            Х.Б миний хувьд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгч тэнцэн төрийн албан хаагч болж, тусгай шалгалт зарлагдах товыг хүлээж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албаны тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэжээ.

            Иймд нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг Төрийн албаны тухай хуульд заагдаагүй арга хэлбэрээр буюу тушаал хүчингүй болгох тушаалын үндсэн дээр зөрчиж байгаа нь хуульд нийцээгүй болно.

            3.2. МТТЗ- үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Лхамжавт захиргааны акт гаргах эрх олгогдоогүй тухайд:

            СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг тус төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Лхамжав гаргасан.

Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Лхамжавыг СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

            Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, СЕХ- автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “СЕХ- нь Мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зардлын төсвийг баталж, төвийн захирлыг томилно ...” гэж заажээ.

            Дээрхээс үзэхэд СЕХ- өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд Мэдээллийн технологийн төвийн захирлыг томилохдоо хорооны нийт гишүүдийн хурлаар шийдвэрлэж, тогтоол гаргаж, дарга, нарийн бичиг гарын үсэг зурж тамга дарснаар баталгаажихыг хуульд заасан байхад Л.Лхамжавыг томилсон шийдвэр дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл Л.Лхамжавыг томилсон шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй учир тус төвийн захирал ч биш, тухайн төвийн захирлын эрх үүргийг хэрэгжүүлэх, Х.Бг ажлаас чөлөөлөх эрх хэмжээг эдлэхгүй байна.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаал хууль бус байна.

            Хариуцагч тайлбартаа өөр төрийн байгууллагаас сэлгэн ажиллаж буй нь тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж захирлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэх боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон тохиолдолд захирлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.

            Энэ талаар нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралд нэхэмжлэлийн үндэслэл болгож маргасан байхад анхан шатны шүүх 128/ШШ2024/0131 дүгээр шийдвэртээ энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

            3.3. Мэдээлэл технологийн төвөөс сул орон тоо нөхөн сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны төв байгууллагад хүргүүлээгүй тухайд:

            Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана  гэж заасан байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу Мэдээллийн технологийн төвийн албан хаагчдыг Төрийн захиргааны албан хаагчийн ажлын байранд ажиллаж буйтай холбогдуулан түр томилох тушаал гаргасан.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд төрийн албаны төв байгууллагад сонгон шалгаруулалтын захиалгыг 21 хоногт багтаан хүргүүлэхээр заасан байна.

Мэдээлэл технологийн төвөөс хуулиар хүлээлгэсэн үүргээ зохих хугацаанд биелүүлээгүйгээс шалтгаалан тус байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас сул орон тоог нөхөн захиалгыг хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүргүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарлагдаж, нэхэмжлэгчийн зүгээс тухайн ажлын байрын сонгон шалгаруулалтад өрсөлдөх байдлаар журмын дагуу жинхлэгдэн томилогдох боломжтой юм. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

            Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөлийн 87, 88 дугаар тогтоолоор тухайн Мэдээллийн технологийн төвийн нийт 10 албан хаагчийг хууль зүйн зөрчилтэй томилогдсон гэж дүгнэсэн байхад хариуцагчаас зөвхөн Х.Бг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргадаг нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

            Мөн Х.Бгийн ажилд томилогдсон тушаал орон тооны шаардлага хангасан албан хаагч томилогдох хүртэл түр тушаал байхад цаашид энэ албанд ажиллах жинхлэн томилогдсон этгээд мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дугаар зүйлийг тус тус баримтлан СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр маргаан бүхий тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

            2. СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар тус төвийн Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Бг томилсон тус төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн .... шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Х.Б эс зөвшөөрч “... Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсноор Мэдээллийн технологийн төвийн албан хаагчдын эрх зүйн байдал өөрчлөгдсөн буюу Төрийн үйлчилгээний албан хаагч байсныг Төрийн захиргааны албан хаагч байхаар хуульчилсан ..., 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрийн албаны ерөнхий шалгалтаа өгч нөөцөд бүртгэгдсэн, ... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн“ гэж маргажээ.

            3. Нэхэмжлэгч нь анх Мэдээлэл технологийн төвийн захирлын 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тушаалаар программ хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тушаалаар программ хангамжийн хэлтсийн даргаар, СЕХ-ны даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Мэдээлэл технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 6 сарын хугацаатайгаар томилогдож, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Мэдээлэл технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 6 сарын хугацаагаар, СЕХ-ны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Мэдээлэл технологийн төвийн захирлаар томилогджээ.  

            4. Улмаар СЕХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дууссантай холбогдуулан нэхэмжлэгч Х.Бг МТТЗ- үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг тогтоолтой нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, тэрээр тус төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

            5. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана.” гэж тус тус заасан.

            6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар хуралдаанаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 87 дугаар тогтоолоор хавсралтад дурдсан нэр бүхий 10 албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг СЕХ-ны ажлын албаны даргад үүрэг болгосон, уг тогтоолын хавсралтын 1-т нэхэмжлэгч Х.Бг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус зөрчиж томилогдсон гэж тодорхойлсон, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04//751 дүгээр албан бичгээр СЕХ-ны ажлын албаны даргад тус тогтоолыг хүргүүлэн, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох чиглэл өгсөн үйл баримтууд тогтоогдсон байна.

            7. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.3-т “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

            8. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 87 дугаар тогтоолтой маргаагүй, тус тогтоол хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогдсон байна.

            9. Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны дээрх 87 дугаар тушаалыг биелүүлэх хүрээнд нь  маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Программ хангамжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон өмнөх шийдвэр болох 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэснийг шүүх хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

            10. СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталсан албан тушаалын тодорхойлолтод Программ хангамжийн хэлтсийн даргын албан тушаалын ангилал, зэрэглэлийг Тэргүүн түшмэл, АА-3 байхаар заасан. Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “СЕХ- нь Мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зардлын төсвийг баталж, төвийн захирлыг томилно. Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана” гэх өөрчлөлтийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр оруулсан байна. Үүнээс үзэхэд СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал болон ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Программ хангамжийн хэлтсийн дарга нь Тэргүүн түшмэл, АА-3 байхаар тусгайлан зохицуулжээ.

            11. Гэвч хариуцагчаас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “... Төрийн албаны зөвлөлийн 87 дугаар тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 10 иргэнээс Х.Бгаас бусад 9 иргэн нь тусгай шалгалтаа өгсөн, ... хуулийн өөрчлөлтөөс хамаарч төрийн үйлчилгээний албан тушаалаар ажиллаж байсан албан хаагчид төрийн захиргааны албан хаагч болсонтой холбоотойгоор үйлчилгээний албан тушаалаар ажиллаж байсан албан хаагчдын эрх зүйн байдал доройтсон ... байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбогдуулан хариуцагчаас маргаан бүхий тушаалыг эргэн харах боломжтой ...” гэж тайлбарласан байна.

12. Нэхэмжлэгчээс Төрийн албаны тусгай шалгалт өгөх боломжоор хангаагүйтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж тайлбарлан маргасан, хариуцагчаас “тусгай шалгалтад оролцуулах боломжоор хангаагүй, бусад адил нөхцөлтэй албан хаагчдын асуудал шийдвэрлэгдсэн, ... маргаан бүхий шийдвэрээ эргэн харах боломжтой” гэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ эргэн харж зохицуулах боломжтой болохоо нэгэнт шүүхэд илэрхийлж байх тул маргаан бүхий актад дурдагдаагүй, хариуцагчийн үнэлж дүгнээгүй уг үйл баримтыг шүүх шалгаж, үнэлж дүгнэх боломжгүй, уг үйл баримттай холбоотой хэргийн нөхцөл байдлыг тодруулан шалгах шаардлагатай, хариуцагчаас уг тодруулах зүйлийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийх боломжтой талаар  тайлбарласан тул энэ талаар шинжлэн судлах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

13. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн маргаан бүхий актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг, шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж, улмаар хариуцагчаас дахин шинээр гаргах актыг эс зөвшөөрөх тохиолдолд актын үйлчлэл чиглэгдсэн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

            15. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг дахин шинэ акт гартал 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дугаар зүйлийг тус тус баримтлан СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд СЕХ-ны дэргэдэх МТТЗ- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

  ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

  ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ