Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 127/ШШ2021/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Х дарга,

Хамтран хариуцагч: Х даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/52 тоот захирамжаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох

Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах, ШГ загварын 1.4 мВт-ын дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “Х” ХХК-ийг сонгон шалгаруулсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б/цахимаар/, хариуцагч Х даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хамтран хариуцагч Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч, Х даргын орлогч дарга Ч, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э /цахимаар/ нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баткомплект” ХХК нь Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газартай 2020 оны 11 дүгээр сард Дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан тус сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах ШГ загварын, 1,4 мВт-н дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны эзэмшлийг шилжүүлэн авч, орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангах үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Гэтэл Х даргын Тамгын газраас 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр уг халаалтын зуухны ашиглагчийг сонгон шалгаруулах зар гаргасан.

Тус сонгон шалгаруулалтад манай байгууллага оролцсон ба 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Х” ХХК-ийг шалгаруулсан. Энэхүү сонгон шалгаруулалт нь хуульд нийцээгүй талаар Сангийн яам болон Х даргад гомдол гарган хандсан боловч 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9/608 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэх хариу ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хөндөгдөж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар бүхий л тендер, сонгон шалгаруулалт тус хуульд заасан хэм хэмжээ шалгуурыг баримтлан явагдахаар заасан. Гэтэл Х даргын Тамгын газраас энэхүү сонгон шалгаруулалтыг зарлахдаа хуульд заасан шалгууруудыг огт тавиагүй.

Үүнд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5, 8.1, 11.2, 12, 14, 15 дахь хэсэгт заасан нийтлэг болон тусгай шаардлагуудыг тухайн сонгон шалгаруулалтдаа тавиагүй, Татвар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн тодорхойлолтууд гэх мэт бүхий л сонгон шалгаруулалтад тавигддаг шалгуурыг огт тавихгүйгээр илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалтыг явуулсан.

2. ”Баткомплект” ХХК нь Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газартай 2020 оны 11 дүгээр сард Дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан тус сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах ШГ загварын, 1.4 мВт-н дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны эзэмшлийг шилжүүлэн авч, орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангах үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байгаа ба гэрээний нэг тал болох манай байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн халаалтын үйлчилгээг 2021 оны 5 дугаар сар хүртэл үзүүлсэн.

Ийм байхад 2021 оны 4 дүгээр сард манай компанийн эрх бүхий хүмүүсийг оролцуулалгүй, дулаан хангамжийн шугам сүлжээг “Х” ХХК-д хүлээлцүүлэх ажиллагаа хийгдсэн.

Хариуцагч, уг сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулахгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явуулсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “ажил, үйлчилгээ”-ний нэг хэлбэр гэж үзэж байна. Иймд сонгон шалгаруулалт зарлахдаа тендерт тавигддаг нийтлэг болон тусгай шаардлагуудыг тавих ёстой байсан. Ингээгүйгээс хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад давуу байдал олгосон ийм сонгон шалгаруулалт болсон.

Иймд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах, ШГ загварын 1.4 мВт-ын дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “Х” ХХК-ийг сонгон шалгаруулсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгож, Х даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож өгнө үү.

3. Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн хүсэлтийг эрчим хүчний байгууллагад 2020 оны 11 дүгээр сард тавьсан боловч 30 хоногт шийдвэрлэж өгөөгүй” гэв.

Хариуцагч Х дарга И шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус нэхэмжлэлд сонгон шалгаруулалтыг зарлах болон сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн талаар дурдсан нь үндэслэлгүй юм.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Үүний дагуу сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад “Б” ХХК болон “Х” ХХК оролцож, шаардлагад заасан дулаан үйлдвэрлэсэн 3 жилийн ажлын туршлага, бизнес төлөвлөгөөний тооцоо судалгаа, гүйцэтгэх хугацааг заасан үндэслэлээр “Х” ХХК-ийг сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргах эрхгүй юм.

            Мөн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дадал сумын Засаг даргатай байгуулсан зуух ашиглах №А01/2020 тоот гэрээ нь эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад бусдад үнэ төлбөргүй ашиглуулсан буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессын болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно” гэсэн заалтыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар илт хууль бус гэрээ байгуулсан үндэслэлээр эрх бүхий байгууллагын шийдвэр гарч хүчингүйд тооцсон болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х даргын Тамгын газар нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянмөнх, Галшар, Дадал сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах зар гаргасан. Уг сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явуулсан. Энэ нь тендер биш, бид үйлчилгээ худалдан авах гээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бол төсөв батлагдах ёстой. Сангийн яамнаас өгсөн хариу албан бичигт ч энэ тухай заасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Дадал суманд уг дулаан хангамжийн шугам сүлжээний уурын зуухыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авсан. Сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараагүй байхад Дадал сумын Засаг дарга “Б” ХХК-тай зуух ашиглах гэрээ байгуулсан нь илт хууль бус гэрээ байсан.

Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрлийн талаар бид сонгон шалгаруулалтын урилгад дурдаагүй” гэв.

Хамтран хариуцагч Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дадал суманд “Б” ХХК нь 2020 онд улсын төсвийн 989.309.227 /есөн зуун наян есөн сая гурван зуун есөн мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаан хангамж шугам сүлжээг угсарч гүйцэтгэн, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, дутуу ажлыг дулааны улиралд хийж гүйцэтгэх үүрэг даалгаврын биелэлттэй улсын комисс хүлээн авсан. Үүнээс хойш зүгшрүүлж, тохируулах хугацаандаа ашиглалтыг хариуцан авч явж байсан учир Төрийн болон орон нутгийн өмгийн тухай хуулийн дагуу цаашид үйл ажиллагааг нь доголдолгүй авч явах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг явуулсан.

            Батлагдсан тодорхой зураг төсөвтэй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулах байсан. Иймээс тухайн хуулийн үндэслэлээр гомдол гаргах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

            Хэрэв “Б” ХХК нь анхнаасаа сонгон шалгаруулалтыг буруу гэж үзэж байсан бол материалаа ирүүлэхгүйгээр гомдол гаргаж болох байсан.

            Ажлын хэсэг хуралдаад оролцогчдын ирүүлсэн баримт бичиг, бизнес төлөвлөгөө, туршлага, чадавхийн үзүүлэлт зэргийг хянан үзээд, Дадал сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчаар “Х” ХХК-ийг шалгаруулсан.

Иймд “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй болно” гэв.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч төсөл сонгон шалгаруулах ажилд оролцохоор хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон. Оролцоод шалгарч чадаагүй ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой биш, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

...“Б” ХХК дулааны шугам сүлжээний ашиглагчаар одоог хүртэл ашиглаж байгаа тухай шүүхэд илтэд үндэслэлгүй тайлбар, нэхэмжлэл гаргасан байна.

Төсөл сонгон шалгаруулаад улмаар 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын төвийн нэгдсэн Дулааны зуух, шугам сүлжээг хүлээлцэх томилогдсон комиссын актаар манай компанид хүлээлгэн өгч, түүнээс хойш иргэн, ААНБ-г “Х” ХХК дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлж байна.

“Б” ХХК нь Дадал сумын ААНБ, айл өрхөд одоогоор ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байгаа зүйл байхгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хуулийн зорилтыг заасан, үүнд,”... төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах ...харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Дадал сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах нь төсвийн хөрөнгөөр хийгдэхгүй тул уг хуулийн дагуу явагдаагүй, харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явагдсан.

            2. Нэхэмжлэгч нь Дадал сумын Засаг даргатай гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Уг уурын зуухны өмчлөгч нь хэн бэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д заасны дагуу, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна. Иймд Дадал сумын Засаг дарга нь уг уурын зуухны өмчлөгч биш юм. 

            3. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.3 “м”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу 07 дугаар тогтоол гаргасан байна.

            Үүний дагуу аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6-ын “а”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2.1-д зааснаар сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан.

            Ажлын хэсэг сонгон шалгаруулалт зарлан, шалгаруулалт явуулсан. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалт зарласантай маргаагүй атлаа гаргасан шийдвэртэй нь маргаж, сонгон шалгаруулалтыг тендерийн хуулийн дагуу явуулаагүй гэж байна.

            4. Нэхэмжлэлийн шаардлага нь “Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” гэжээ. Уг тэмдэглэл нь захиргааны акт мөн эсэх нь эргэлзээтэй. Захиргааны акт нь захирамжилсан шинжтэй байх ёстой. Нэхэмжлэгч зүй нь Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах  талаар маргах ёстой байсан бол уу. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх үү.

            5. Сонгон шалгаруулалтын урилгын дагуу оролцогч нь уурын зуух ашиглах эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай байсан. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд уг зөвшөөрөлгүй байна.

Хариуцагчийн гаргасан шийдвэрүүд хуулийн үндэслэлтэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах, ШГ загварын 1.4 мВт-ын дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “Х” ХХК-ийг сонгон шалгаруулсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ц болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бнар нь, хариуцагч Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, “Хэнтий аймгийн Дадал суманд байрлах, дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5, 8.1, 11.2, 12, 14, 15 дахь хэсэгт заасан нийтлэг болон тусгай шаардлагуудыг тавиагүй, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн тодорхойлолтууд гэх мэт бүхий л сонгон шалгаруулалтад тавигддаг шалгуурыг огт тавихгүйгээр, илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалт явуулсан” гэж тайлбарласан.

Хариуцагч Х дарга И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хамтран хариуцагч Ажлын хэсгийн ахлагч Ч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа, “уг сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргаж байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоол[1] гаргаж, тус аймгийн Баянмөнх, Галшар, Дадал сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулж, ашиглалтын гэрээ байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон, үүний дагуу аймгийн Засаг дарга И 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр А/52 дугаар захирамж[2]  гаргаж, дээрх сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Эдгээр тогтоол, захирамжийг гаргахдаа, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “м”, 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а” дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 2-ын 2, 78 дугаар зүйлийн 2-ын 1 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ.

Үүнээс дүгнэн үзэхэд, Хэнтий аймгийн Дадал, Галшар, Баянмөнх сумдад барьж, 2020 онд ашиглалтад оруулсан төвлөрсөн халаалт, гадна цэвэр усны шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах, улмаар шалгарсан аж ахуйн нэгжтэй ашиглалтын гэрээ байгуулах зорилго бүхий үйл ажиллагаа явагдсан нь нотлогдож байгаа ба  энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа биш байна. Иймд, нэхэмжлэгчийн, “сонгон шалгаруулалт явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шалгууруудыг тавиагүй, төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “ажил, үйлчилгээ”-ний нэг хэлбэр” гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад уг хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулагджээ.

2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн, Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл захиргааны акт мөн эсэх тухайд,

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн, Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл “захирамжилсан” шинжгүй тул захиргааны акт гэж үзэхэд эргэлзээтэй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Хариуцагч Х дарга нь Баянмөнх, Галшар, Дадал сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулахын тулд  уг ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/52 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд уг Ажлын хэсэг нь сонгон шалгаруулах ажиллагаа явуулж, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хуралдаанаараа дээрх гурван сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагч компаниудыг шалгаруулж, энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгасан байна. Энэ шийдвэр нь хариуцагч Х даргын захирамжаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, хамааралт этгээдүүдээс түүнийг заавал дагаж мөрдөх ёстой шийдвэр мөн тул захирамжилсан шинжийг агуулсан гэж шүүх үзэж байна.

Ажлын хэсгийн дарга Ч нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргад, “Дадал, Галшар сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчаар шалгарсан “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг санал болгох” Зөвлөмж хүргүүлсэн[3], аймгийн Засаг даргаас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дадал сумын Засаг даргад, “Х” ХХК-тай ашиглалтын гэрээг 2021 оны 03 дугаар сарын 25-ны дотор байгуулж ажиллах” тухай албан бичиг[4]  хүргүүлснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

3. Х даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1-д зааснаар, нэхэмжлэгч нь захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлүүдийг гаргах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч “Б” ХХК нь Х даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Х даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот[5] албан бичгийг үзэхэд, Дадал сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгох шалгаруулалтад ирүүлсэн саналаас нь  татгалзсан тухай “Б” ХХК-д мэдэгдсэн албан бичиг байна. Энэ нь Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэл байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тухайн маргааныг шүүх тендерын маргаан биш гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь заалтууд хамаарахгүй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.2-ын “а” дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт  тус тус заасныг баримтлан, “Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах ШГ загварын, 1.4 мВт-н дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “Х” ХХК-ийг сонгон шалгаруулсан, Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЛЖМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

           

           

 

           

 

           

 

[1] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 49 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 56 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 59 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 57 дугаар тал