Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/445

 

2022          4            27                                    2022/ШЦТ/445     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 185/2022/0400/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Ч.Ш /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ш-д холбогдох эрүүгийн 2109003030394 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын эмчилгээ, арга зүйч мэргэжилтэй, хувиараа захиалгын хоол хийдэг гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Ч.Ш /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Ш нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, .... тоотод Г.Х-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн баруун зулай, баруун зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн өдөр баар нээгдээд найз нарын хамт бааранд орохоор явсан. Нэг бааранд ороод хэсэг сууж шар айраг уусан юм. Гэтэл баар хаах цаг болоход баарны эзэн Тамираа гэх залуу найз Од-Эрдэнийн гэрт очъё гэсэн. Тэгээд бөөнөөрөө очсон. Тэр газар очоод үргэлжлүүлээд архи ууцгаасан. Тэр үед манай найз Хонгороогийн гар утас алга болчихлоо гээд хайсан. Гэтэл хажууд сууж байсан Ч.Ш гэх эмэгтэй найзтайгаа намайг муугаар хэлээд шивнэлдсэн. Тэр нь надад маш тод сонсогдоод тэгэхэд нь би та юу яриад байгаа юм бэ гэхэд юу гээд байгаа гичий вэ гээд намайг босож ирээд үсдэж унагаагаад нүдрүү өшиглөсөн. Тэгээд нэлээд маргалдсан. Цагдаа дуудаад асуудал тарсан. ...Ч.Ш гэх эмэгтэй хүмүүст дийлдэхээргүй ааш авиртай байсан. Ч.Ш гэх эмэгтэй намайг зодсон болохоор тэр гэмтэл учирсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

Хохирогч Г.Х-н гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 22 цагт өөрийн найз Анхтуяа, Хонгорзул, Марал нартай уулзаж хорооллын эцэст байрлах ..... нэртэй лоунжид суусан. Бид дөрөв лоунжид сууж байхдаа нэг хүний гурван шил шар айраг уугаад тухайн лоунжийг ажиллуулдаг таньдаг залуу болох Тамирын найз Од-Эрдэнийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэхээр болоод Од-Эрдэнийн гэрт очсон. Од-Эрдэнийн гэрт бид дөрвөөс гадна Тамир, Сайхнаа, Од-Эрдэнэ болон нэг танихгүй эрэгтэй найз нь гээд наймуулаа байж байтал гаднаас танихгүй хоёр эмэгтэй ирсэн. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж суунгаа виски уугаад байж байтал манай найз Хонгорзулын гар утас алга болоод бид нар хайж байтал сүүлд ирсэн хоёр эмэгтэй нь намайг болон манай найз Марал бид хоёрыг муугаар яриад суугаад байхаар нь та хоёр юу гээд хүн муулаад байгаа юм бэ гэхэд тэр Ч.Ш гэх эмэгтэй үгийн зөрүүгүй намайг үсдэж чирээд нүүр хэсэг рүү хоёр удаа өшиглөөд манай найзууд салгах гээд ирсэн чинь нөгөө Ч.Ш гэх эмэгтэй нөгөө найзтайгаа нийлээд манай гурван найзыг бас зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хоёр эмэгтэй намайг болон манай найзыг муугаар хэлээд байхаар нь би яагаад тэгээд байгааг нь мэдэх гэтэл шууд намайг болон манай найзуудыг зодсон. Баруун нүд хавдаж хөхрөөд улайсан. Толгой өвдөж байна. Гарын чигчий хуруу хавдсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах Од-Эрдэнийн гэрт очсон. Тэр газар очоод 1 шил виски уусан. Гэтэл Хонгорзулын утас алга болчихсон. Од-Эрдэнийн гэрт байсан бидний танихгүй хоёр эмэгтэй хоорондоо ярилцахдаа Г.Х бид хоёрыг заагаад энэ хоёр утас хулгайлсан байх гээд ярьсан. Гэтэл Г.Х чи юу яриад байгаа юм бэ гэхэд тухайн Ч.Ш гэх махлаг эмэгтэй босож ирээд Г.Х-г эхлээд цохиод авсан. Тэгэхээр нь би болиоч гээд хэлсэн. Тэр үед бүгд боль гэж хэлж байсан боловч Ч.Ш хэнийх нь ч үгэнд орохгүй байсан. Г.Х-г зодоод байсан. Тамираа нэг хүнтэй нийлээд Ч.Ш-г Г.Х-с салгасан.... Бид нар цагдаа дээр ирэхэд Г.Х-н нүд хөхөрсөн байдалтай байсан. Бид нар бөөнөөрөө нийлээд виски уусан байсан. Тийм болохоор би санаа зовоод 21 нас хүрээгүй болохоор намайг загнах байх гэж айгаад өөрийн төрсөн эгч Хулангийн нэрийг хэлээд мэдүүлэг өгсөн юм. Эхлээд Ч.Ш гэх махлаг хүүхэн Г.Х-г цохьсон. Намайг хажууд нь байхад яг яаж цохьсон талаар санахгүй байна. Намайг гараад цагдаа дуудаад ирэхэд Г.Х зодуулаад уйлаад сууж байсан. Тэр үед нүд нь хавдаагүй байсан....Г.Х бид нар бага зэрэг согтолттой өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг гараад явсан хойгуур зодуулсан гэж ойлгож болно. Намайг эргээд ирэхэд Ч.Ш гэх махлах эмэгтэй зодчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68 дахь тал)

Гэрч А.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар такси бариад Од-Эрдэнийн гэрт очихоор явсан. Тэднийд очоод бид нар виски уусан. Ууж дуусгаад миний цэнэглэж байсан гар утас маань алга болчихсон байсан. Би утсаа хайж байхад тухайн газар сууж байсан нэлээд биерхүү Ч.Ш гэх эмэгтэй чиний утсыг бид нар авчихсан уу гээд уурлаад надруу дайрсан. Тэгэхэд Г.Х намайг өмөөрч урдуур орж ирээд зодолдож эхэлсэн. Тэгээд Маралаа цагдаа дуудсан.... Эхлээд Ч.Ш гэх биерхүү эмэгтэй Г.Х-г үсдээд чанга алгадсан чинь Г.Х ухаан алдсан юм шиг сонин болчихсон хэвтэж байсан. Тэгээд би сэргээсэн чинь Г.Х босож амжаагүй байхад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн юм. Түүнээс болж нүд нь хөхөрч хавдсан. Өөр хүнтэй бол маргаагүй. Зөвхөн тэр Ч.Ш гэх хүнд зодуулсан... Ч.Ш гэх тэр хүүхэн намайг үсдээд алгадсан чинь хамарнаас цус гарсан. Ч.Ш нь хэнд ч дийлдэхээргүй аймаар хүн байсан. Бид нарыг анхнаасаа гадуурхсан харцаар харж, ярьж байсан. Тухайн үед Маралмаа та аятайхан харьцахгүй бол энэ хүүхнээр зодуулж магадгүй юм байна гэж ярьж байсан. Тухайн эмэгтэй өөрийгөө шоронд ороод гарч ирсэн. Та нарыг яавал ч яана шүү гэх ухааны юм ярьж байсан. Эмэгтэй хүн гэхэд маш хэрцгий харилцаатай, хурц зантай хүн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дэх тал)

Гэрч А.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг 4 охины нэг нь гар утас алга болчихлоо гээд жаахан маргалдсан. Тэр хэдэн охид хоорондоо маргалдсан. Тэр үед Ч.Ш салгаад байсан Тэр үед би бас салгах гэж үзэхэд намайг үснээс татсан. Би жирэмсэн болохоор хүмүүст зодуулахаас айгаад гал тогооны өрөөнд ороод сууж байхад хоорондоо зодолдоод муурын байшингийн юмыг хагалаад бөөн юм болсон. Тэгэхэд нь би явлаа гээд гарсан чинь Ч.Ш цагдаа дуудсан байгаа гээд хэсэг хүлээж гадаа зогссон. Гэтэл ирэхгүй удаж байх хооронд гэрт байсан залуучууд гарч ирээд дөхүүлээд өгөөч гэхээр нь тэд нарыг суулгаад аваад явсан. Ер нь бол тийм л зүйл болсон. Бид хоёрыг очиход байсан 4 хүүхэн хоорондоо зодолдоод байсан Утас алга болчихлоо гээд нөгөөх нь авчихсан байж таараад байсан уу яасан. Нэг тиймэрхүү л юм болсон. Одоо яг тэгж зүс, шинж чанараар нь сайн хэлж чадахгүй байна. Бүгд жаахан хүүхдүүд байсан. Ч.Ш хоорондоо зодолдож байхад нь салгасан. Өөрөөр бол хэн нэгнийг зодоогүй. Би тийм зүйл бол хараагүй. Тэд хоорондоо зодолдоод байсан. Гэхдээ хэн нь хэнийгээ зодсон гэж хэлэхэд одоо мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дахь тал)

Гэрч Б.Од-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Олуулаа нийлээд манайд очсон. Манайд очоод нэг виски ууж байгаад нэг охин гар утсаа алга болгочихлоо гэсэн чинь манай найзыг дагаж ирсэн нэг жирэмсэн хүүхэн нь энэ хоёр хар хувцастай хүүхэн авсан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хар хувцастай эмэгтэй юу гээд байгаа юм бэ гээд хэрүүл хийгээд эхэлсэн чинь тэнд байсан Ч.Ш чи намайг хараадаг хэн бэ гээд босоод зодолдоод эхэлсэн. Тэгээд зодолдоод эхлэхээр нь би бүгдийг нь хөөгөөд явуулсан. Ийм л зүйл болсон... Нүдээ цохиулсан гээд байгаа охиныг Ч.Ш цохьсон уу Ч.Ш-н найз цохьсон уу, тэр хоёрын нэг нь цохьсон байх..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №1741 дугаартай: “...Г.Х-ийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн баруун зулай, баруун зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ч.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021.02.23-наас 24-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Зуун модны зуслангийн 3 тоотод хохирогч Г.Х-тэй зүй бусаар дээрэлхэн харьцаж улмаар түүнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн баруун зулай, баруун зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ч.Ш-н хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцан үг сөргөсөн байдлаас шалтаглан хохирогчийн эрх чөлөөнд халдан шууд зодож байгаа, уур бухимдал, хүч бяраар асуудлыг шийдэх гэсэн дээрэнгүй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ч.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Х-д шүүх хуралдааны зарыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан боловч тэрбээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бие махбодь, эрүүл мэндээрээ хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгч учир цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй тул энэ эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид уг зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4/8553 дугаартай албан бичиг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгээр шүүгдэгч Ч.Ш нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах ялыг эдлээгүй болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг гарцаагүй биелүүлэх зарчмын үүднээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний урьд үйлдсэн гэмт хэрэгтээ эдлээгүй үлдсэн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэхээр тогтов.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Ш-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш-д 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш-г 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

6. Хохирогч Г.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ч.Ш-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР