Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0401/Э |
Дугаар | 2022/ШЦТ/450 |
Огноо | 2022-04-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/450
2022 4 28 2022/ШЦТ/450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0401/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Н.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2209002850382 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, ..... ХХК-д манаач ажилтай, хувиараа найруулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо .... тоотод иргэн Б.С-тэй үл ойлголцол үүсгэн улмаар зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-нд шөнийн 03:30 цагийн орчимд Болорцэцэг эгчийн гэрт очсон. Намайг очиход Н.Б, Дүүриймаа, Болорцэцэг нар байсан. Тэгээд тэнд очоод Н.Б гэх хүнтэй тэнд танилцсан. Тэгээд би очоод нэг аягатай пиво уусан. Тэгээд Болорцэцэг эгч Н.Б нар орцонд тамхи татаад орж ирцгээсэн. Тэгээд төд удалгүй би болон Дүүриймаа Болорцэцэг эгч бид 3 орцонд гарч тамхи татсан. Тэгээд буцаж орж ирээд байж байхад Болорцэцэг эгч болон Н.Б нарын хооронд үл ойлголцол үүсэж хэрэлдэж эхэлсэн. Тэгээд Болорцэцэг эгч Н.Б-г гэрээсээ явахыг шаардахад Н.Б явахгүй байсан. Тэгэхээр нь би Н.Б-д хандаж чамайг хүн гэрээсээ яв гээд байхад яваач гэхэд Н.Б нь намайг хэл амаар доромжилж байгаад миний зүүн талын нүд рүү баруун гараараа гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхэд нь би Н.Б-тэй барьцалдаж аваад том өрөөнөөс гараад үүдний хэсэгт намайг унахад Н.Б нь намайг баруун талын гуталтай хөлөөрөө 10 орчим удаа миний нүүр рүү болон гар руу өшиглөсөн. Тэгээд өөрөө гэнэт ухаан орсноо Дүүриймаад хандаж “явья л даа, юугаа хийгээд байгаа юм” гээд гадагшаа гараад явсан. Тэгээд гарахдаа надад хандаж “миний ичимдэг эрхтэн рүү труба чихэж ална” гэж заналхийлсэн ба хэл амаар янхан гэх мэтээр доромжилсон. Тэгээд Дүүриймаа явах гэж байхад нь би очоод Дүүриймааг үсэдсэн нь үнэн. Тэгээд би өөрийн хуурай эгч болох Б.С-рүү утсаар залгахад Б.С эгч ирээд цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагийн орчим өөрийн үеэл дүү Дүүриймаагийн хамт гэрийнхээ урд талын нэрийг нь санахгүй байна нэг лоунжид орж суусан. Тэгээд шөнө 00:00 цагийн орчим гараад гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр байж байхад Дүүриймаа явлаа гэхээр нь шөнө хаашаа явхад хоноод яв гэж хэлсэн. Тэгээд байж байхад Дүүриймаагийн утас нь дугарч Арка гэх хочтой Н.Б залгаж байсан. Н.Б нь миний багын найз юм. Тэгээд яагаад Арка чамруу залгаж байгаа юм гэхэд Н.Б намайг ирж авахаар ирсэн, доор байгаа гэсэн. Тэгэхээр нь би Н.Б-г оруулаад ир гэхэд Н.Б орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ 2 ширхэг 2.5 литрийн багтаамжтай пиво аваад орж ирсэн. Тэгээд шөнө 03:00 цагийн орчимд Б.С над руу залгаад хүрч ирсэн. ...Тэгээд гараад Дүүриймаад хандаж чи Н.Б-тэй нийлж яах гээд байгаа юм гэхэд Дүүриймаа инээгээд яадаг юм гэхээр нь миний дургүй хүрч байсан. Тэгээд бид нар дотогшоо ороод миний дургүй хүрсэн байсан болохоор Н.Б-г гэрээсээ яв гэж хэлсэн. Тэгэхэд Н.Б гэрээс гарахгүй байсан. Тэгээд бүр явахгүй намайг хэл амаар доромжилж Баянхошууны халтар хүүхэн, хэзээ ийм байсан юм гэх зэргээр дайраад байсан болохоор Б.С босож ирээд чамайг яв гээд байхад яагаад явахгүй байгаа юм гэхэд Н.Б нь Б.С-тэй барьцалдаад авсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гэхэд Н.Б нь Б.С-г толгойгоор нь хананд шахаад толгой руу нь цохисон. Тэгээд Б.С-г доош нь унагаагаад толгой руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би айгаад Дүүриймаад хандаж энэ хүнийгээ аваад яваач ээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
Гэрч Ч.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд яасан гээд асуутал Н.Б гээд залуу намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би “чи хаана байгаа юм гэхэд Болорцэцэгийнд байна гээд нилээн согтуу, үг яриа нь ойлгогдохгүй байхаар нь юу болсон талаар тодруулан асуухад “Болорцэцэг, түүний охин дүү Дүүриймаа нь найз Н.Б-тэй тэр өдөр Болорцэцэгийн гэрт хамт пиво ууж байгаад хоорондоо муудалцаад Дүүриймаагийн найз гэх Н.Б нь Б.С-г зодсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1900 дугаартай: “...Б.С-н биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
Хохирогч Б.С-н “миний бие шүүгдэгч Н.Б-с хохирлын төлбөр болох 138.000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн болно. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2022.01.15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо .... тоотод хохирогч Б.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хурц маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Б-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцсан, үүссэн маргааныг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, дээрэнгүй зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.С нь шүүх хуралдааны өмнө “хохирол төлбөр болох 138.000 төгрөгөө хүлээн авлаа. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч Н.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Н.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-т торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Б-т ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч Б.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Н.Б-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР