Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1909

 

 

 

 

 

 

 

     2018 оны 10 сарын 02 өдөр

         Дугаар 182/ШШ2018/01909

              Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О газарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 13,444,305 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал П.Баяржаргал, өмгөөлөгч М.Батхүү, хариуцагчийн төлөөлөгч Д.Гансүх, С.Ившин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь ажлын хувцас нийлүүлэх тендерт шалгаран О газартай 2017 оны 07 сарын 19-ний өдөр ажлын зуны хувцас нийлүүлэх О-БМ17\13 тоот гэрээг байгуулан хамтран ажилласан билээ. Уг гэрээнд тусгагдсан ажлыг 2017.07.20-ны өдрөөс 2017.08.20-ны өдрийн дотор буюу хуанлийн 31 хоногийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөхөөр, гэрээний үнийн дүн болох 83.833.600 төгрөгийг гэрээний гүйцэтгэлийг 100% нийлүүлсний дараа 30 хоногийн дотор нийлүүлэгч талд шилжүүлнэ гэж гэрээний салшгүй хэсэг болох гэрээний ерөнхий нөхцөлд заасан. Харин манай байгууллага нь ажлын тусгай хувцасны олон улсын стандартад нийцсэн сайн чанарын материал татан авах, захиалагч тал нь гэрээнд заагдсан хувцасны размер болон хувцас дээр хадагдах логог ирүүлээгүйн улмаас гэрээний нийлүүлэлт хоцрох эрсдэл гарсан тул гэрээний ерөнхий нөхцөлийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу ажлын хувцас нийлүүлэх гэрээг тодорхой хугацаагаар сунгуулах хүсэлт тавьж О-ын 2017.08.29-ний өдрийн 01/1412 тоот албан бичгээр гэрээг 2017.09.05-ны өдөр хүртэл сунгасан.

Гэтэл О-аас хувцасны размераа 2017.09.18-ны өдөр хувцас дээр хадагдах логогоо 2017.09.22-ны өдөр манай байгууллагын [email protected] цахим шуудангаар илгээсэн бөгөөд ирүүлсэн хугацаанаас 7 хоногийн дараа буюу 2017.09.29-ний өдөр бид гэрээний үүргээ биелүүлэн О газартай 2017.09.29-ний өдрийн 17/1393 тоот актаар ажлын зуны хувцасыг хүлээлгэн өгсөн. О газар нь гэрээний тусгай нөхцөлийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээний төлбөрийг шуурхай хийнэ гэсэн заалтыг зөрчин 74 хоногийн дараа буюу 2017.12.15-ны өдөр гэрээний дүн болох 83.833.600 төгрөг манай байгууллагад шилжүүлэхээс 74.859.730 төгрөг шилжүүлж, 8.962.870 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Энэ тухай Ж.Батсайхан дарга уулзах болгондоо наад асуудлыг чинь шийдэж өгнөө удаахгүй гэсээр байгаад сүүлд албан бичгээр хариу авъя гэхэд танай байгууллага гэрээний хугацаанаас хоцроосон тул гэрээний 11 дэх заалтын дагуу 0.5%-ийн алданги тооцсон хэмээн 2018.05.11-ний өдрийн 02/539 тоотоор хариу мэдэгдсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй бөгөөд хийсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг шаардах эрхтэй. Иймд гэрээний дүнгийн үлдэгдэл 8.962.870 төгрөг, алданги 4.481.435 төгрөг нийт 13.444.305 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК нь ажлын зуны хувцас нийлүүлэх тендерт шалгарч манай байгууллагатай гэрээ байгуулсан боловч гэрээний нийлүүлэх хугацаа 2017 оны 08 сарын 20-ны өдрийг хэтрүүлсэн. Бидэнд хүсэлт тавьсны дагуу гэрээний хугацааг 09 сарын 05 хүртэл сунгасан. Гэтэл хамгийн сүүлийн хувцасыг 2017 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн нь гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцогдоно. Манай байгууллагад Энхтайван гэдэг хөдөлмөр хамгааллын инженер байдаг боловч тэр хүнтэй тохиролцож, түүнээс лого, загвар ав гэж бид хэлээгүй, хариуцсан ажилтан С.Ившин байсан, тэрээр гэрээ байгуулмагц ажлын хувцасны задаргааг явуулсан байдаг. Тиймээс манай буруутай ажиллагаа байхгүй. Иймд гэрээний хугацаа хоцроосон тул гэрээний 11 дэх заалтын дагуу алданги тооцож, 8.962.870 төгрөг дутуу шилжүүлсэн юм. Ер нь нийт 6 удаагийн нийлүүлэлтээр ажлын хувцасыг хүлээн авсан. Тэгэхлээр манай явуулсан лого, раземараар үйлдэрлэл явагдаж байсан гэсэн үг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч О газар О /цаашид О О гэж товчилно/-т холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 13,444,305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээний дагуу ажлын хувцсыг бэлтгэн нийлүүлсэн, хариуцагч байгууллагаас сүүлд ирүүлсэн лого, раземараас шалтгаалж 2017.09.29-ний өдөр акт үйлдэж сүүлийн ажлын зуны хувцсыг хүлээлгэн өгсөн, бид гэрээний хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, гэтэл хариуцагч нь хөлсийг дутуу төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт төлөхгүй байна гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид лого, раземарыг удаагаагүй, гэрээ байгуулсан даруйд мэйлээр явуулсан, үүний дагуу эхний хувцаснууд нийлүүлэгдэж байсан, Энхтайван инженерт лого, раземар өөрчлөх, танай байгууллагатай харилцах эрхийг олгоогүй, манайд энэ талаар албан бичиг ирүүлээгүй, хугацаа хэтрүүлж хувцасаа нийлүүлсэн учир үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу алдангид тооцож авсан учир төлөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч О О-аас зарласан тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх авсан байх бөгөөд уг эрхийн хүрээнд зохигчид 2017.07.19-ний өдөр ажлын хувцас нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр И ХХК нь 83,822,600 төгрөгийн үнэ бүхий нийт 1265 ширхэг зуны ажлын хувцсыг О О-т 2017.08.20-ны дотор нийлүүлэх, уг ажлаа 100% гүйцэтгэсний дараа О О-аас төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч И ХХК нь уг гэрээ болон барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу үйлдвэрлэл явуулж хариуцагч О О-т 2017.08.22-ны өдөр 3 хос 100 ширхэг, 2017.09.05-ны өдөр 3 хос 253 ширхэг, 2017.09.06-ны өдөр 3 хос 132 ширхэг, 2017.09.13-ны өдөр 3 хос 374 ширхэг, 2017.09.21-ний өдөр 119 ширхэг, 2017.09.29-ний өдөр 3 хос 287 ширхэг, нийт 1265 ширхэг зуны ажлын хувцсыг хүлээлгэн өгч, 2017.09.29-ний өдөр акт үйлдсэн нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасантай нийцнэ.

 

Дурдсан хугацаанд нэхэмжлэгч И ХХК нь 2017.08.22-ны өдөр хариуцагч О О-т “бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалыг дотоодын зах зээлээс худалдан авах боломжгүй учир БНХАУ-ын Shoshing муж дахь Hong Jin Li Da даавууны үйлдвэрт материалаа захиалсан ба материал үйлдвэрийн явц болон тээврийн явцад саатал үүссэний улмаас хугацаа хоцорч буюу 2017.08.10-нд ирлээ” гэсэн шалтгаанаар 2017.09.20-ны өдрийг хүртэл гэрээний хугацаа сунгах санал тавьж, албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч О О нь хүсэлтийг хүлээн авч, 2017.08.29-ний өдрийн албан бичгээр гэрээний хугацааг 2017.09.05-ны өдөр сунгасан болохыг нэхэмжлэгч И ХХК-нд мэдэгджээ.

 

Харин нэхэмжлэгч И ХХК нь 2017.09.05-ны дотор зуны ажлын хувцсыг бүрэн нийлүүлээгүй байх бөгөөд хариуцагч О О-ын эрх бүхий ажилтан хөдөлмөр, хамгааллын инженер /ХАБЭА/ Р.Энхтайванаас 2017.09.16-ны өдөр ирүүлсэн инженер, техникийн ажилчдын хувцасны хэмжээ, 2017.09.22-ны өдөр ирүүлсэн хувцасны лого, 2017.09.27-ны өдөр зассан хэлбэрээр ирүүлсэн таних тэмдэг, раземар зэргээс шалтгаалж сүүлийн ажлын хувцсуудыг 2017.09.29-ний өдөр хариуцагч О О-т нийлүүлсэн, хариуцагч О-аас гэрээний дагуу төлөх ёстой 83,822,600 төгрөгөөс 2017.12.13-ны өдөр 74,859,730 төгрөгийг нэхэмжлэгч И ХХК-нд шилжүүлж, үлдэх 8,962,870 төгрөгийг төлөөгүй байна.

 

Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбар, ажлын хувцас бэлтгэн нийлүүлэх гэрээ, ерөнхий болон тусгай нөхцөл, [email protected] хаягаар нэхэмжлэгч И ХХК-нд ирсэн Р.Энхтайваны цахим захидал, түүнд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл, холбогдох баримтууд, бараа материал хүлээн авсан акт, гэрээ сунгах тухай О О-ын албан бичиг, гэрээний хугацаа сунгуулах тухай И ХХК-ийн албан бичиг, тендерийн маягт, урилга, зөвлөмж, гэрээ байгуулах эрх, техникийн тодорхойлолт, ажлын хувцасны зураг, барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь, төлбөр төлсөн баримт, төлбөр төлөх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Зохигчдын хооронд үүссэн уг харилцааг шүүх гэрээний зүйл нь нэг ижил загвар, лого, раземар бүхий төрлийн шинжээр тодорхойлогдох зуны ажлын хувцас байгаа байдал, түүнийг бэлтгэн нийлүүлэх замаар худалдаж байгаа шинж, дээр дурдсан үйл баримтуудыг харгалзан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн бэлтгэн нийлүүлэх замаар хийсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”,

 

Гэрээний ерөнхий нөхцөлийн 14 дүгээр хэсгийн 14.2-т “нийлүүлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараагаар төлбөр хийхийг хүссэн хүсэлтийг төлбөрийн нэхэмжлэх болон гэрээний ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасан баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлнэ”, 14.3-т “гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шуурхай хийнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д “захиалагч, нийлүүлэгчийн хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн ГТН-д заасан хувьтай тэнцэх алданги оногдуулж, гэрээний үнийг уг хэмжээгээр бууруулна. Алдангийн нийт дүн ГТН-д заасан дээд хэмжээнээс хэтрэх ёсгүй. Дээд хэмжээнд хүрсэн тохиолдолд захиалагч ГЕН-ийн 18 дугаар зүйлийн дагуу цуцлах тухай асуудлыг хөндөж болно”, 

 

Гэрээний тусгай нөхцөлийн 8 дугаар зүйлийн 8.3-т “барааг хүлээн авахад төлөх төлбөр: ирсэн барааны гэрээний үнийн 10%-тай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө”, 10 дугаар зүйлийн 10.1-д “алданги оногдуулах хувь: 0,5% алдангийн нийт дүн 3,500,000 төгрөг” гэж тус тус зохицуулсан.

 

Хууль болон гэрээний дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч О О-аас гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч О О нь үлдэгдэл төлбөр, алдангийг төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч О О-аас гэрээний хугацааг сунгасан 2017.09.05-наас хойш 2017.09.29-ний өдөр сүүлийн байдлаар хувцасны таних тэмдэг, раземарыг эрх бүхий албан тушаалтнаас дахин ирүүлсэн байдлыг нэхэмжлэгч И ХХК нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Тодруулбал нэхэмжлэгч И ХХК-иас 2017.12.18, 2017.12.20-ны өдрийн албан бичгүүдээр хариуцагч О О-аас үлдэгдэл 8,962,870 төгрөгийг төлөхийг шаардаж байсан байх бөгөөд хариуцагч О О нь 2018.05.11-ний өдөр үлдэгдэл 8,962,870 төгрөгийг гэрээний 11 дэх заалтыг үндэслэн алдангид тооцон авсан гэсэн хариуг өгчээ.

 

Хариуцагч О О нь 2017.09.29-ний өдөр хамгийн сүүлийн байдлаар зуны ажлын хувцсыг хүлээн авсан байх бөгөөд энэ үед алданги тооцох асуудлыг ярих боломжтой байхад огт яриагүй, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байснаа төлөхгүй алдангид тооцсон гэдэг хариу өгсөн нь ойлгомжгүй, энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй, түүнчлэн ХАБЭА-ын инженер Р.Энхтайванд байгууллагыг төлөөлж нэхэмжлэгч И ХХК-тай харилцах эрх олгоогүй гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Нэхэмжлэгч И ХХК нь 13,444,305 төгрөгийн шаардлагаа гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 8,962,870 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар 8,962,870 төгрөгийн 50%-иар алданги тооцон 4,481,435 төгрөг гэж задлан тайлбарлав.

Харин шүүх дээрх тооцооллыг хууль болон гэрээнд заасны дагуу нягталбал үндсэн төлбөрийн үлдэгдэл 8,962,870 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар алданги нь 3,500,000 төгрөг, нийт 12,462,870 төгрөг байна гэж дүгнэлээ. Учир нь талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасанд нийцүүлэн алдангийн дээд хэмжээг 3,500,000 төгрөг байхаар гэрээгээр нэгэнт тохиролцсон байна.

Иймд хариуцагч О О-аас 12,462,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 981,435 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч И ХХК нь тэмдэгтийн хураамжид 225,172 төгрөг төлөх байтал 229,652 төгрөг буюу 4,480 төгрөг илүү төлсөн байх тул илүү төлсөн 4,480 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч И ХХК-нд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6‑д зааснаар хариуцагч О газар О-аас 12,462,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 981,435 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 229,652 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 4,480 төгрөгийг буцааж, хариуцагч О газар О-аас 214,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК‑нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Т.ЭНХТУЯА