Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/461

 

 2022        5           02                                      2022/ШЦТ/461     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0427/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч Э.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 2209000000730 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... кафед зөөгчийн ажил хийдэг, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ...тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Э.А /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... бааранд үйлчлүүлж байсан иргэн Г.Ж-ийн эзэмшлийн “айфоне-12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2.625.000 төгрөгийн хохирол, 500.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед их согтолттой байсан. Бүжгийн талбайд бүжиглэж байгаад гар утсыг нь авсан. Би хохирлыг төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... баарны бүжгийн талбайд бүжиглэж байх үедээ өмднийхөө хойд талын халаасанд байсан гар утсаа үзтэл алга болсон байсан. Тэгэхээр нь 102 дугаарт дуудлага өгөөд тухайн баарны хяналтын камерыг шүүз үзэхэд бааранд олон хүн хажуугаар өнгөрч байсан учраас хүн авч байгаа нь бичлэгээс харагдахгүй байсан. Тэгээд маргааш өдөр нь 03 дугаар сарын 26-ны өдөр гар утасныхаа байршлыг харахад Их тойрууд байна гэж харагдаад байсан. Тэгээд гар утсаа хайж явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансрын туннелын эсрэг талд байдаг “Баянцээл” худалдааны төвөөс урагшаа явахад байдаг ... рестораны доод талд үйл ажиллагаа явуулдаг гар утас зарж борлуулдаг газар дээр дээр очиход тухайн газрын эрэгтэй хүн миний гар утастай адилхан гар утас барьсан байхаар нь би тэр хүнд хандаж “наад гар утсыг чинь хараад өгье” гэж хэлээд бид хоёр булаацалдсан. Тэгээд би Сансарын путикт суудаг цагдааг дуудаад гар утсаа үзэхэд миний утас мөн байсан. Тэгээд тухайн эрэгтэй, эмэгтэй хүнээс яаж авсан талаар асуухад тэрээр “16-17 цагийн үед манай ах, эгч хоёр нь өнөөдөр үл таних эрэгтэй хүнээс наад гар утсыг чинь 500.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гар утас худалдан авсан гэх ах, эгч хоёр ирээд надад хандан “манайд үл таних эрэгтэй хүн ирээд ID кодыг  нь мэдэхгүй, ашиглах боломжгүй, гэрт 2 жил болж байгаа юм гэж хэлээд гуйгаад байхаар нь “хулгайн гар утас байж магадгүй” гэж бодоод дансаар нь 500.000 төгрөг шилжүүлж авсан” гэхээр нь би “зарсан хүнийг нь харья” гэж хэлээд тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 20 орчим настай, 170 см өндөртэй, туранхайвтар биетэй, эрэгтэй хүн байсан. Тэгээд тухайн газрын хүмүүс “цагдаа дууд, бид нарын хохирлыг барагдуулаад ав” гэхээр нь би тэр өдөр гар утсаа аваагүй. Маргааш нь буюу 3 дугаар сарын 27-ны өдөр найз Билэгтогтохтой очоод 500.000 төгрөгийг төлөөд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд 20-25 насны нэг залуу орж ирээд “эгчээ сургалтынхаа төлбөрийг төлөх гэсэн юм, та утсаа авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ямар утас вэ” гэж хэлэхэд тэрээр “айфоне-12 про макс” загварын хөх өнгийн гар утас гаргаж ирсэн. Тэгээд утас нь кодтой байхаар нь би кодтой утас авахгүй гэж хэлэхэд тэрээр сургалтын төлбөрөө төлөх гэж байгаа юм, аав, ээж хоёр Солонгос улсад ажилладаг бөгөөд уг утсыг тэндээс явуулсан, кодыг нь мэдэхгүй 3 сар гаруй болж байна. Гэрт ашиглахгүй байгаа болохоор аав, ээж хоёр маань намайг гар утсаа зараад сургалтын төлбөрөө хийчих гэж хэлсэн гэхээр нь бичиг баримтаа аваад ир гэж хэлтэл бичиг баримт байхгүй, та мөнгөө бэлнээр өгч болох уу гэж асуухаар нь би надад бэлэн мөнгө байхгүй гэж хэлээд ...6283 тоот Э.А гэх хүний “ХААН” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тухайн гар утасны эзэн гэж хоёр хүн ирээд надаас “аййфон-12 про макс” загварын хөх өнгийн гар утасны талаар асуухад нь би болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд тэр хоёроос утасных нь имей дугаар болон кодыг нь асуугаад өөрийх нь мөн эсэхийг шалгахад мөн байсан тул би тэр хоёрт 500.000 төгрөгөөр авснаа хэлэхэд надад 500.000 төгрөгийг өгөөд гар утсаа аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Дамно ХХК-аас гаргасан “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.625.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай “...бичлэгийг нээхэд 00:51 секундын бичлэг байх ба бичлэгийн доод хэсэгт “2022.03.26 17:00” гэсэн он сар бичигдсэн байна. Бичлэгийг эхлүүлэхэд гар утасны лангуу хэсэг харагдаж байх бөгөөд лангууны хажууд халимаг үстэй, цагаан өнгийн маск зүүсэн, хар өнгийн куртиктэй, гартаа гар утса барьсан эрэгтэй хүн /Э.А/ зогсож байх ба лангууны дотрох худалдагчтай юм ярьж байгаа нь бичигдсэн байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал)

Э.А-н “ХААН”банкны ...6283 тоот дансны дэлгэрэнгүй хуулга  (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

Э.А-н яллагдагчаар өгсөн: “...тухайн үед би архи их хэрэглэсэн байсан ба мөнгө хэрэг болсон учраас 2022 оны 3-р сарын 26-ны шөнө ... бааранд бүжиглэж байхдаа Айфоне-12 про макс загварын гар утсыг нь авчихсан юм. ...Би бусдын гар утсыг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Ж-ийн эзэмшлийн Айфоне-12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2.625.000 төгрөгийн хохирол, 500.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Э.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.А-н хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлан авч амар хялбар аргаар ашиг хонжоо олж амьдрах гэсэн шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Ж нь “би хохирлоо бүрэн хүлээн авсан. Э.А-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.А-д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Э.А нь “би ажил эрхэлдэг, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Би удахгүй БНСУ руу ажиллахаар явах гэж байгаа. Иймд надад торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Э.А-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулав.

Шүүгдэгч Э.А-н зүгээс торгох ял оногдуулж өгөөч гэж хүсэлт гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ялын санкц байхгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР