Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар   2022/ШЦТ/95                 

 

 

  2022          07             06                                                      2022/ШЦТ/95                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч: Г.Мөнхболд нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнхболдод холбогдох эрүүгийн 2029001690121 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ульган сар” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Залуус хороолол, Москвагийн 48Б байрны 2-р орц, 328 тоот хаягт оршин суух, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Ганболдын Мөнхболд /РД:ЧД83020615/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Мөнхболд нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун Сухайт боомтоор 43 ширхэг шуудайтай 437 кг ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхболд мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргаж байгаа зүйл байхгүй” гэв.

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Г.Мөнхболдод холбогдох 2029001690121 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Г.Мөнхболд нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт боомтоор 43 ширхэг шуудайтай 476 кг ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 гч дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч Б.Алтангэрэл, гэрч Ж.Халиун, Б.Мөнхбилэг, Б.Дашням, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 02/191 дугаартай дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мөнхболдын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Хаан Банкны 2022.05.20-ны өдрийн 5595/213 АТМ-1224-н байршил, Хаан Банкны 2022.06.06-ны өдрийн 5595/270 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан болно. Г.Мөнхболдын үйлдэл нь “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас БОАЖЯамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь 50.000 төгрөг байна гэсний дагуу 205,9х50.000=10,295,000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т зааснаар “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсний дагуу 10.295.000х5=51,475,000 төгрөгийн шууд бус хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Гэвч “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг хүнээс хөлсөөр ачихаар тохиролцон хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно. Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 13 дахь заалтад “Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч гэж, энэ хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг  хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг хэлнэ” гэж, энэ хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалын баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон эсхүл байгаль орчин чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлж байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ” гэж тус тус тодорхойлжээ. Энэ хуулийн тодорхойлолтоос үзэхэд шүүгдэгч Г.Мөнхболд нь уг хохирлыг нөхөн төлөгч биш болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Мөнхболд  нь уг ургамлыг өөрөө түүж бэлтгэж байгаль экологид гэм хор учруулсан үйлдэл хийгээгүй байна .

Шүүгдэгч Г.Мөнхболдын уг ургамлыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл, байгаль экологид гэм хор учруулсан хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байх тул шүүгдэгч Г.Мөнхболдын бусдын түүж бэлтгэсэн 43 ширхэг шуудайтай 476 кг ховор ургамал Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Г.Мөнхболд нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Мөнхболд нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Гашуун сухайт боомтоор 43 ширхэг шуудай 476 килограмм ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлыг гаргасан гэдэг. Тухайн үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хэргийн зүйлчлэл дээр маргаад байх зүйл байхгүй. Тухайн зүйлчлэл нь хэргийн шинжийг бүрэн агуулсан байгаа учраас тухайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тохирсон гэж үзэж байна. Гэм буруугийн тал дээр маргаад байх зүйл байхгүй. Шүүгдэгч дэрвэгэр жиргэрүү гэж мэдээгүй байгаа гэдэг боловч өөрийн тээврийн хэрэгсэлд ямар зүйл ачиж байгааг шалгаж үзэж мэдээгүй хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай байна гэж үзэж байна. Мөн улсын яллагчийн байгаль орчинд хохирол учруулаагүй гэдэг саналтай санал нэг байгаа. Тийм учраас бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзэж байна” гэв

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мөнхболдыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохиросон байна гэж дүгнэв.

 

 1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч  Б.Алтангэрэлийн “Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн хоюор ургамлын жагсаалтад орсон.”, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд түүж бүлтгэхийг түр хугацаагаар хориглосон байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,

Гэрч Г.Мөнхболдын “...Машинаа ачаатай нь Шунхлай клонкоос урагшаа 200 орчим метр зайд орхисон байсан. Шөнө тэд нар ачсан би машиндаа байгаагүй. Тэгээд унтаж байсан чинь борооны үер буугаад буудал усанд автаад машин дээрээ ирээд Боогийгийн ярьж байсан 89268326 дугаарлуу залгаад “Юу болсон бэ” гэсэн чинь “асуудалгүй ээ 30 шуудайг ачсан байгаа” гэсэн тэгээд очероороо явж байгаад өнөөдөр гаалийн хашаанд орж очиход гаалийн байцаагч ирж миний машиныг “23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирсэнүү” гээд нэг гаалийн байцаагч зогсоогоод “машинд байгаа зүйлсийг буулга” гэсэн. Тэгэхдээ “юу байгаа вэ” гэж асуухад нь би “гүзээ гэсэн” гэж хариулаад шуудайтай зүйлсийг шидэж байсан чинь нэг шуудай нь задарсан. Тэгсэн чинь нэг байцаагч нь “өө энэ чинь дэрэвгэр жирэвгэр байна шдээ” гэж хэлсэн. Тэгээд буулгахад нийт 43 шуудай гарч ирсэнийг киллэхэд дундажаар нэг шуудай нь 10 гаруй км-тай байсан. Тэгээд хураалгасан өөр зүйл болоогүй. Би ургамал гэж мэдээгүй, мөнгө төгрөгөө ч аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/,

Гэрч Ж.Халиуны “Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд ажиллаж байгаад “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 гч дугаарын чиргүүлтэй, улаан толгойтой Фотон маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Мөнхболдын тээврийн хэрэгслийг шалгахад чиргүүлийн урд хэсэгт нүүрсэн доогуур ууттай зүйл байсныг шалгаж гаргаж ирэхэд ургамлын үндэс байсан. Тэгээд би холбогдох шалгалтыг хийж цагдаагийн байгууллагад 43 ширхэг ууттай нийт 476 кг ургамлын үндэс хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 105-р хуудас/,

Гэрч Б.Мөнхбилэгийн “Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг Цагаан хад гэх газар “Ульган сар транс” ХХК-ийн кемп дээр байж байтал гаалийн зөрчлийн байцаагч залгаж “танай компанийн тээврийн хэрэгслээс цэцэг гарсан тул яаралтай гааль дээр ир” гэж дуудахаар нь удалгүй яваад очтол гаалийн талбай дээр 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 гч дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэл зогсоосон, чиргүүлийн урд хэсэг нүүрсний доороос 41 ширхэг цагаан өнгийн ууттай Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал ачсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-рт/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10-рт/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-94-р хуудас/,

Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 02/191 дугаартай дүгнэлт /хх-ийн 115-116-р хуудас/,

Яллагдагч Г.Мөнхболдын “...Би тухайн үед шуудайтай зүйлүүд доторхыг нээж хараагүй өргөж үзэхэд хөнгөн байхаар нь зөвшөөрсөн...Би дэрвэгэр жиргэрүү ургамалыг улсын хилээр гаргах хориотой гэдгийг мэддэг байсан.Боогий хэлэхдээ малын гүзээ гээд байхаар нь гүзээ юм байна л гэж бодсон юм. Тэгээд гаалийн ажилчид уг шуудайтай зүйлсийг задалж үзээд  дэрвэгэр жиргэрүү ургамал байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 122-р хуудас/,

2022 оны 02 сарын 16-ны өдөр яллагдагч Г.Мөнхболдын “...Би Д.Өлзийжаргал гэх хүнийг сайн танихгүй. Би Өлзийжаргал гэх хүнтэй утсаар л ярьж байсан. Тухайн үед өөрийгөө Өлзийг гэж байсан. Тэр хүний хоолой надад ахимаг настай хүний хоолой шиг санагдсан.Би Өлзийжаргал гэх хүнийг одоо харвал танина. Би  Вичатаар /wechatааr/ 1 удаа видео калл хийж байсан.Намайг ачаагаа аччих 2000 юань өгнө гэж хэлсэн. Би мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 91-92-р хуудас/,

2022.06.06-ны өдрийн дахин өгсөн “...Би Өлзийжаргалыг тухайн үед  ой хүрээгүй бага хүүхэлтэй болохоор өрөвдөөд цагдаад нэрийг хэлэлгүйгээр “Боогий” гэж зохиогоод хэлчихсэн юм.Тэрнээс бол Боогий гэдэг нэртэй хүн байхгүй...Би Дашням гэх хүнийг танихгүй.Би өмнө нь Дашням гэх хүнийг харж байгаагүй...Би Өлзийжаргалай Ганц модонд танилцаж байсан. Өлзийаргалынх Ганц модонд бар ажилуулдаг байсан тэгээд очихоороо бааранд нь хааяаа ордог байсан юм.Тэгээд танилцсан...Би тухайн үед Дашнямтай ярьсан үгүйгээ мэдэхгүй байна.Өлзийжаргал над руу залгаад нөгөө хэд ирсэн байгаа машиныг чинь харсан байна.Шөнөөр машинд чинь аччихая гэсэн чинь за за гэж хэлсэн.Тэгээд байж байсан чинь бүүр шөнөөр нэг эрэгтэй хүн залгаад аччихлаа гэж хэлсэн...Тэр Рагчаа нь Өлзийжаргалын дүү байгаа юм.Би төрсөн дүү үгүйг нь мэдэхгүй байна.Би танихаас өөр дотно найз биш.би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна...би тэр Рагчаа гэх хүнийг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...Одоо хэргээ хурдан шийдүүлмээр байна. /2хх-ийн 181-182-р хуудас/,

Гэрч Б.Дашнямын “...Тухайн үед би хадам ахын 91-57 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн  машиныг унаж байсан бөгөөд унаж байх хугацаандаа мөнгөний ажио хийх зорилгоор өөрийн фейсбүүк хаягнаас Даланзадгадын зарын групп дээр “фургон машинаар ачаа ачна” зар тавьсан бөгөөөд уг зарын дагуу нэг хүн яриад Цагаан хад руу ачаа ачиж явах уу гэсэн санал ирсэн тэгээд нөгөө хүнтэй тохиролцоод 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байх Цагаан хад гэх газарт 500 кг орчим овор ихтэй ачааг хүргэж өгч байсан юм...Би ачааг ачаад нөгөө хүнтэй явж байхад нөгөө хүн миний утасны цэнэг дуусчихлаа гээд миний утсаар ийш тийш нь яриад энд явж байна гэж яриад би тэр хүнийг ямар хүнтэй ярьсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-р хуудас/,

2021.09.20-ны өдрийн дахин өгсөн “...Уг ачааг би Өмнөговь аймгаас 2020 оны 08 дугаар сарын 11-ний 15 цагийн үед ачаад Цагаан хад руу явсан.Цагаан хаданд шөнө 22 цаг өнгөрч байхад очсон санагдаж байна.Уг ачааны эзэн надтай хамт явсан бөгөөд уг хүн нэг шланз зааж өгөөд энд буулга гэсний дагуу ачааг буулгасан уг ачааг 3 хүн ирээд буулгасан би тэр хүмүүсийг танихгүй.Би нэг шланзны хажууд зогсоод 3 хүн ачааг буулгасан би тухайн шланзыг ямар улсын дугаартай машин байсан талаар анзаараагүй.Жолооч нь мөн ямар хүн байсан талаар мэдэхгүй байна...Би Боогий гэдэг хүн танихгүй...Боогий гэдэг хүн надтай хамт яваагүй.Надад өөрийгөө Рагчаа гэж танилцуулсан хүн л надтай хамт явсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 28-р хуудас/,

2022.01.14-ний өдрийн дахин өгсөн “...Уг 89268326 дугаар нь миний өөрийн эзэмшлийн дугаар мөн.Би 10 орчим жил өөрөө барьж байгаа дугаар юм.өөр хэн нэгэн хүн барьж байгаагүй...Надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор 2020 оны 08 дугаар сард хаддам ах Б.Хосбаярын фургон маркийн машиныг гуйж ачаа ачна, тээвэр хийнэ гэж фейсбүүк дээр зар тавихад. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна нэг залуу холбогдоод Далагзадгадаас Цагаан хад руу ачаа байна явах уу гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд ямар ачаа юм бэ гэхэд гэсэн чинь морины тэжээл гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 58-р хуудас/,

2022.06.05-ны өдрийн дахин өгсөн “...Би энэ хүмүүсийг танихгүй...Тухайн үед би зар дээр ачаа тээвэрлэнэ гэж зар тавьсны дагуу над руу нэг танихгүй хүн холбогдоод цагаан хад руу ачаа хүргээд өг хүн нь хамт явна гэсний дагуу би тухайн ачааг эзэнтэй нь Цагаан хаданд хүргэж өгсөн тэгээд ачааны хөлс гэж надад 380.000 төгрөг өгсөн...Би энэ дугаарыг мэдэхгүй надтай хамт явсан  залуугийн гар утасны цэнэг  дуусаад миний гар утсаар нэг хүнтэй яриад байсан.би юу ярьсан талаар санахгүй байна одоогоос бараг 3 жилийн өмнө болсон асуудал болохоор мартсан байна..Би Рагчаа гэх нэрийг санаж байна царайг нь харвал танихгүй. Би өмнө нь Рагчаа гэж хүнтэй хамтран ачаа бараа зөөвөрлөж байсан зүйл байхгүй...Би тухайн үед ямар бараа вэ гэж асуухад надад морьны тэжээл гэж хэлсэн..Би тухайн барааг эзэн нь хамт явж байсан болохоор задалж хараагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 176-177-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 202-204-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2хх-ийн 83-88-р хуудас/,

Хаан Банкны 2022.05.20-ны өдрийн 5595/213 АТМ-1224-н байршил /2хх-н 184-р хуудас/,

Хаан Банкны 2022.06.06-ны өдрийн 5595/270 9302982 журналын гүйлгээг тодруулах боломжгүй /2хх-н 187-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбилэгийн “...Уг тээврийн хэрэгсэл нь одоо БНХАУ-ын Ганц мод боомтод байгаа...Ковид 19 цар тахал гарах үед урагшаа ороод эргэж гарч ирээгүй байгаа...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Надад нэмж шалгуулах зүйл байхгүй...Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-н 171-172-р хуудас/, зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Амарсанаа нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун Сухайт боомтоор 43 ширхэг шуудайтай 437 кг ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд  шүүгдэгч Г.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Г.Мөнхболдыг Дэрэвгэр, Жиргэрүү ургамлыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл, байгаль экологид гэм хор учруулсан хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байх тул шүүгдэгч Г.Мөнхболдын бусдын түүж бэлтгэсэн 43 ширхэг шуудайтай 476 кг ховор ургамал Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Г.Мөнхболдыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч Г.Мөнхболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун Сухайт боомтоор 43 ширхэг шуудайтай 437 кг ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй  байна.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ:“…Шүүгдэгч Г.Мөнхболдод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй болон ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Мөнхболд нь урьд 59 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 885.000 төгрөгийг оногдуулах торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 1.815.000 төгрөгөөр тогтоох саналтай”  гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс гаргасан торгох ялын саналыг дэмжиж байна. 59 хоног цагдан хоригдсон хугацааг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлээд торгох ялаас хасаж нийт төлөх төлбөр 1,815,000 тогтоосон байгаа энэ ялыг багасгаж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Үндэслэл нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас тухайн хэрэг үйлдэгдсэн мөн 1.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1-6 зааснаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа. Яагаад гэвэл Өлзий-жаргал гэдэг хүн малын гүзээ байгаа юм гэж хэлсний улмаас шүүгдэгч малын гүзээ гэж ойлгоод ачсан байдаг. Тухайн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Хувийн байдлын талаар шүүгдэгч эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Мөн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг нийгмийн даатгал төлдөг учир эдгээр байдлуудыг харгалзан үзээд торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Мөнхболдын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн  өмгөөлөгчийн  санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар  дугаар зүйлийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдод улсын яллагчийн саналын хүрээнд 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдын тухайн хэрэгт цагдан хоригдсон 59 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож 885.000 төгрөгийг түүнд оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялаас хасч түүнд 1.815.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, хувийн байдлыг нь харгалзаг түүнд оногдуулсан 1.815.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн Cиди 1 ширхэгийг хэрэгт нь хавсаргаж, 43 шуудай 476 кг  Дэрэвгэр Жиргэрүү  ургамлын үндсийг зохих журмын дагуу улсын орлогод оруулахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Мөнхболд нь 59 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Мөнхболдын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Тайжууд овогт Ганболдын Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдод 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр  торгох ял оногдуулсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдын цагдан хоригдсон 59 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 885,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч  түүнд 1,815,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдод оногдуулсан  121 нэгж буюу 1,815,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          6. Шүүгдэгч Г.Мөнхболд энэ хэрэгт  59 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Мөнхболдын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн Cиди 1 ширхэгийг хэрэгт нь хавсаргаж, 43 шуудай 476 кг  Дэрэвгэр Жиргэрүү  ургамлын үндсийг зохих журмын дагуу улсын орлогод оруулахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТТУЛГА