Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0452/Э |
Дугаар | 2022/ШЦТ/492 |
Огноо | 2022-05-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/492
2022 5 10 2022/ШЦТ/492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2022/0452/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Г.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2209000000641 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын дотоод засал чимэглэлийн ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар З жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Г.А /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний шөнийн 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... баарны гадна талбайд иргэн Л.О-той тодорхой шалтгаангүйгээр маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь ууж байсан пивоны шилээрээ цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд дух, зүүн хацар, чих, чамархайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээ болон хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Л.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ... бааранд найз болох Бат-Эрдэнэ, Цэрэндаш нарын хамт гурвуулаа үйлчлүүлж байсан. Тэгтэл 04 цагийн орчимд ... бааранд үл таних 6 хүн манай найз Цэрэндаштай маргалдаж байсан. Тэр дундаас Баттогтохыг танина. Тэгээд би найз Цэрэндашийг авч гарсан. Дараа нь тэр үл таних 6 хүнээс 4 хүн нь бид хоёрын араас гараад ирсэн. Тэгээд би тэр үл таних хүмүүсээс зүс таних Цэрэндаштай маргалдаж байсан чинь хэн нэгэн миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон. Тэгээд би тэр хүнийг гарыг нь бариад доош нь дарж хэвтсэн. Тэгтэл үл таних нэг нь намайг үснээс зулгааж дээш нь татсан. Энэ үеэр найз Бат-Эрдэнэ миний үснээс зулгааж байгаа хунийг барьж аваад салгасан. Тэгээд ГССУТ руу явж толгойгоо боолгосон... Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч миний найз Цэрэндаштай үл таних 6 хүний нэг маргаан үүсгэсэн... Тэр хүнийг би гэрийг нь мэдэхгүй байна. Гаднах төрх нь боровтор царайтай, 175 см өндөртэй, өмсөж байсан хувцсыг нь би хараагүй. Ямартай ч Баттогтох тэр хүнийг мэднэ... ...Миний толгой хагарсан. Миний зүүн чих сэтэрсэн. Толгой өвдөж байна. Зүүн чих шуугьж байна. Намайг пивоны шилээр цохисон хүнийг 2 удаа бие рүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал)
Хохирогч Л.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... бааранд найз Бат-Эрдэнэ, Цэрэндаш, Баттогтох нарын хамт орсон. Уг бааранд манай найз Баттогтох найзууд гэх 4 эрэгтэй байсан ба тухайн бааранд нийлж суугаад үйлчлүүлж байгаад 05 цагийн орчимд гарсан. Баттогтох найз гэх үл таних эрэгтэй миний толгой руу пивоны шилээр цохисон хажууд найз Цэрэндаш, Бат-Эрдэнэ хоёр зогсож байсан... Би миний толгой руу цохисон эрэгтэйг харвал танина..., ..Намайг пивоны шилээр цохисон эрэгтэй мөн байна..., .Пивоны шилээр толгой хэсэг руу нэг удаа цохисон..., ...Би ганц хоёр удаа цохисон... Эмчилгээний зардлаа авмаар байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 3 сарын 22-ны өдрийн 4531 дугаартай: "...Л.О-ын биед дух, зүүн хацар, чих, чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
Яллагдагч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одко, Сүрэн, Бат-Эрдэнэ нарын хамтаар Сүхбаатар дуургийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... бааранд шөнийн 00 цагийн орчим орж үйлчлүүлж 0,75 гр виски, хуний тус бур 4-5 ширхэг пиво ууж бүжиглэж байгаад ширээн дээрээ иртэл Бат-Эрдэнийн гурван эрэгтэй найз ... бааранд цуг архи уугаад сууж байсан. Би тухайн үед дотор хэн нэгэнтэй маргалдаж, цохиж зодсон зүйл байхгүй. ... баар хаах үед баарны гадаа Нэргүй, Бат-Эрдэнийн найзтай маргалдаад зогсож байсан. Би Нэргүйг боль, хэрэггүй гэж хэлэхэд Нэргүйтэй маргалдаж байсан зус танихгүй залуу намайг чирээд өдөөд бид хоёр зууралдаад зогсож байхад Л.О дундуур орж ирээд миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Би Л.О-н толгой руу барьж байсан пивоны шилээр нэг удаа цохисон. Би Л.О-ын нүүр, хамрын хэсэгт пивоны шилний хагархайгаар зүссэн..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.А-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2022.03.18наас 19-нд шилжих шөнийн 04-05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй баарны гадна талбайд хохирогч Л.О болон бусад залуучуудтай хамт явсан найзууд нь үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шөргөөцөлдөн улмаар харилцан зодоон болох үед хохирогч Л.О-ын толгойн тус газарт пивоны шилээр цохисны улмаас түүний эрүүл мэндэд дух, зүүн хацар, чих, чамархайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Г.А нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.А-ийн хувьд бусдын хэрүүл маргаан зодоон цохионыг хориглож болиулах ёстой атал харин ч эсрэгээр маргаан зодоонд татагдан орж үүссэн асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэж байгаа балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.О нь шүүгдэгчид “гомдол санал байхгүй...” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.А-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулж тэрбээр одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч Л.О-ын тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.А-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Г.А-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.А нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.А нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч Г.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.А-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР