Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар     2022/ШЦТ/104

 

 

2022          08            30                                                          2022/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Энх-Саруул нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Боржигон овогт Хэт-Уулын Энхсаруулд холбогдох 2229001550103 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, Шар дов 930 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хэт-Уулын Энхсаруул /РД:УЗ97062627,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Боржигон овогт Хэт-Уулын Энхсаруул нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар баг, Шар довын 5-520 тоотод байрлах А.Үүрийнтуяагийн гэрт хонохдоо хохирогч А.Үүрийнтуяагийн бамбаруушин кулонтой алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2,784,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.Энхсаруул нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар баг, Шар довын 5-520 тоотод байрлах А.Үүрийнтуяагийн гэрт хонохдоо хохирогч А.Үүрийнтуяагийн бамбаруушин кулонтой алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2,784,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Үүрийнтуяагийн: “...Би 2021 оны 05 дугаар сард манай манай бэр болох Мэндсайханаас алтангинж, бамбаруушин кулоны хамт 3,500,000 төгрөгөөр худалдан авч байсан юм...03 дугаар сарын 17-ны өдөр ангийн уулзалтын арга хэмжээнд явах гээд зүүлтээ зүүх гээд сэйфээ онгойлгож үзсэн чинь дотор нь байсан миний гинж кулонтай хамт алга болсон байсан...Тэгээд би тухайн үед хүүхдэдээ хэлчихээд яваад өгсөн тэрнээс хойш хүүхдээ эмчлүүлэх ажлаар Казакстан улс руу яваад цагдаагийн байгууллагад ирж амжихгүй байсан...Гинжний түгжээ хэсэг нь алт биш монет юм шиг өөр хийцтэй, бамбаруушин кулон нь ногоон шигтгээн нүдтэй барзгар, хөл, гар нь хөдөлж санжилдаг бамбарууш байсан...Намайг явсны дараа манай охин Энхжин өөрийн найз Энхсаруулыг хүүхэдтэй нь дуудаж хонуулсан гэж ярьж байсан өөр хүн огт очоогүй гэж манай Энхжин надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч С.Энхжингийн: “...Манай ээж Үүрийнтуяа 2022 оны 03 дугаар сарын 05, 06-ны үед алтан гинжээ зүүж байгаад харшил нь хөдлөөд байхаар нь зүүхээ болиод гэр дотор байх сэйфэндээ хийчихсэн байсан...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай ээж, аав хоёр аймаг руу ажлаар яваад би гэртээ 2 дүүгийн хамтаар үлдсэн. Тухайн өдрийн орой 19-20 цагийн орчимд найз Энхсаруулыг манайд хонох уу гэж асуусан чинь тэгье гэхээр нь машинтай очиж аваад гэртээ ирээд би урд гэртээ хоол хийчихээд 22 цагийн орчимд зааланд тоглохоор явсан. Тэр үед манай гэрт Энхсаруул 2 хүүхдийн  хамт мөн манай 2 дүүгийн хамтаар үлдсэн...Маргааш өглөө 08 цаг 30 минутын орчимд 2 дүүгээ хичээлд нь хүргэж өгөх гээд явахад Энхсаруул 2 хүүхэдтэйгээ манай гэрт үлдсэн....Тэгээд Энхсаруул...Ирмүүн худалдааны төв орж өмгөөлөгчтэйгээ уулзана, эмийн сан орно гэхээр нь би гадаа машинд хүүхдийг нь хараад үлдсэн. Энхсаруул дотогшоо ороод нэлээд удаж байж гарч ирсэн Энхсаруулыг Ирмүүн төвөөс гарч ирэхээр нь замаараа Нарлаг дэлгүүр ороод гэртээ ороход 17 цаг өнгөрч байх шиг байсан...Түүнээс хойш Энхсаруул манай гэрт ирээгүй...Сэйфэн дотор алтан гинжнээс гадна ээжийн ээмэг бөгжний сав түүний дотор мөнгөн ээмэг бөгжнүүд байсан мөн бичиг баримтууд байсан тэр дундаас ганцхан алтан гинж кулонтойгоо алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Р.Буяннэмэхийн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зүс таних ойролцоогоор 20 гаруй настай эмэгтэй орж ирээд 4,1 грамм жинтэй хүзүүний алтан гинжийг 560,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн эмэгтэйн эд зүйл, нэрийг нь бүртгэж авахад Х.Энхсаруул гэх нэрээ барьцаанд тавьсан...Түүний маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нөгөө эмэгтэй дахиж орж ирээд 7,5 грамм жинтэй алтан бамбаруушин кулоныг 1,050,000 төгрөгний барьцаанд мөн Х.Энхсаруул нэрээр барьцаанд тавьсан...Түүнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Х.Энхсаруул өөрөө ирж тухайн гинж, бамбаруушин кулон зэргийг буцаагаад аваад явсан...манай зээлийн төв барьцаанд эд зүйлээ тавих гэж байгаа хүмүүстэй гэрээ байгуулж гарын үсэг зуруулдаг. Х.Энхсаруулын гэрээний хуулбар нь манай зээлийн төвд байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ТХY-922/4041 дугаартай Шаргал өнгийн металл гинж 4,1 грамм-984,000, бамбаруушин кулон 7,5 грамм-1,800,000, нийт 2,784,000 төгрөг гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 52-54-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-71-р хуудас/,

“68” зээлийн төвийн Ханбогд сум дахь салбарын мэргэжилтэн Р.Буяннэмэхээс гаргаж өгсөн “Барьцаанд тавьсан зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 74-75-р хуудас/,

Яллагдагч Х.Энхсаруулын “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 40 минутад манай найз Энхжин мессенжерээр залгаж яриад Энхжин манайд ирж хонооч гэсэн...Энхжин манайд ирээд удаагүй бид хоёр Энхжингийн гэр лүү явсан очоод 22 цаг өнгөрч байхад Энхжин ангийнхантайгаа заал авна гээд явсан... Энхжин 00:00 цаг гэж ирсэн...би 2 хүүхэдтэйгээ Энхжинтэй хамт том өрөөнд нь унтсан. Маргааш нь 08 цаг өнгөрч байхад Энхжин 2 дүүгээ сургуульд нь хүргэж өгөх гээд гарсан тэгээд би босоод 00 орж бие засчихаад угаалтуурт нүүрээ угаагаад байж байхдаа тольны хажуу талд сагснаас...хар торон ууттай бамбаруушин кулонтой зүүлт байхаар нь сугалаад хожсон зүйлттэйгээ солиод хийчихье гэж бодоод авчихсан юм...Би урьд өмнөх гэрчийн мэдүүлэгтээ сандарсан болоод буруу ярьсан байна. Би С.Энхжингийн гэрт хоночихоод мөргөөш өглөө нь босоод нүүрээ угаах гээд 00-ын өрөө рүү орсон чинь сагсан дотор хар өнгийн ууттай зүйл байхаар нь нээгээд үзсэн чинь дотор нь алтан гинж, кулон байхаар нь би авчихсан юм. Тэрнээс өөрөөр эхний очиж хонодог өдөр авсан зүйл байхгүй. Хоночихоод маргааш өглөө нь босоод 00-ын өрөө рүү нь орохдоо авсан...Би тухайн үед яг адилхан кулон сугалаанаас хожсон гинжээ авахын тулд хожсон зүйлийнхээ үнийн дүнгийн 10 хувийг өгч байж авдаг юм байна лээ. Тэгээд яг адилхан байсан учраас барьцаанд тавиад нөгөө сугалаанд хожсон мөнгөө шилжүүлж, хожсон гинж кулоноо унаанд тавиулаад тэр хожсон гинжээ ирэхээр нь буцаагаад гэрт нь тавьчихъя гэж бодоод авчихсан...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гинжийг нь 560,000 төгрөгөнд 03 дугаар сарын 11-ний өдөр бамбаруушин кулоныг 1,050,000 төгрөгний барьцаанд тус тус тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Энхсаруул нь дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Энхсаруул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Энхсаруул нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Үүрийнтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, шүүгдэгч нь хулгайлсан эд хөрөнгө болох бамбаруушин кулон, алтан гинжийг хохирогчид буцаан өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул шүүгдэгч Х.Энхсаруулыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан /оршин суух газар,  ажил, сургуулиа өрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Х.Энхсаруул нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Энхсаруулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

            Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан /оршин суух газар,  ажил, сургуулиа өрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хэт-Уулын Энхсаруулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхсаруулд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Х.Энхсаруулд /оршин суух газар,  ажил, сургуулиа өрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

          4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Үүрийнтуяа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Энхсаруулын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА