Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

 

  

Б.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч О.Нацагжавын өмгөөлөгч К.Манлай,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1903000330085 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 29-40 УНД улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсэгт “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч /зогс шугам/ 1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчин зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Нацагжавыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч О-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.От мэдэгдэж, хохирогчийн нэхэмжлэлээс 320.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Оээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 6.627.120 /зургаан сая зургаан зуун хорин долоон мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулан хохирогч О.Нацагжавт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Б.Оийн жолоочийн үнэмлэх болон бусад бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хохирогч О.Нацагжав нь 6.627.120 төгрөгийн гэм хорын хохирлыг Б.О надаас нэхэмжилж, анхан шатны шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн. Хувийн эмнэлэгтэй эмч О.Нацагжав нь 3.327.120 төгрөгийн хохирлын нотлох баримтыг эмчийн албан тушаалаа ашиглан хуурамчаар бүрдүүлсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос 3.327.120 төгрөгийн хуурамч баримтыг хасч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч О.Нацагжавын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогч О.Нацагжавын баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, зарим нотлох баримтын шаардлага хангаагүй хохирлын баримтуудыг хасч шийдвэрлэсэн байгаа. ...” гэв.  

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хохирогч О.Нацагжавын гаргаж өгсөн хохирлын баримтуудаас Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн гэх баримт, таксины үйлчилгээний баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хасч тооцсон. Нийт 320.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 6.627.120 төгрөгийг шүүгдэгч Б.Оээс гаргуулж хохирогч О.Нацагжавт олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын замд 29-40 УНД улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсэгт “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч /зогс шугам/ 1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчин зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Нацагжавыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч О.Нацагжавын “...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байх үед ажил тараад гэртээ харихаар ...явган хүний зохицуулагддаг ногоон гэрэл дохиогоор явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй алхаад гартал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан Тоёота приус 20 маркийн 29-40 УНД улсын дугаартай автомашины жолооч автомашиныхаа урд талаар мөргөсөн. ... /хх 24/,

 

гэрч С.Мягмаржавын “...Осол болох үед хамтран амьдрагч Б.Оийн хойд талд би өөр автомашин унаад явж байсан юм. Тэр үед бид хоёр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд 10 дугаар хорооллын хойд автобусны буудлын замд явж байтал автомашин зогсох улаан гэрэл дохио ассан. Тэр үед би зогссон. Явган хүний зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан. Отгонцэцэг явган хүний гарцан дээр хурдаа хасч 2 дугаар эгнээ рүү жолооны хүрдээ дарах үйлдэл хийгээд зогссон. Тэр үед нэг эмэгтэй хүн Отгонцэцэгийн хажууд жолооч талд ирээд юм яриад байсан. ...Би тэр үед нөгөө эгчид уучлаарай гэж хэлээд эмнэлэг явах талаар хэлсэн. ...” /хх 33/,

 

Б.Оийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлтэй төв замаар явж байгаад нөхрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 29-40 УНД дугаарын автомашиныг жолоодон 10 км/цаг хурдтай явж байгаад 10-р хорооллын автобусны буудал дээр нэгдүгээр эгнээгээр явж байгаад ногоон гэрэл ассан байхад гарцан дээр хүн мөргөсөн. ...” /хх 60/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “О.Нацагжавын биед зүүн өвдөгний дотор талын хажуугийн холбоосын хэсэгчилсэн урагдал, шилбэний эрээн булчингийн дунд чөмөгний гадна дотно ёрвонтой бэхлэгдэх шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний урд чагтан болон тойгны дотно даруулган холбоосны суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 35/ гэх 295 дугаартай,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “..Тоёота Приус-20 маркийн 29-40 УНД улсын дугаартай автомашины жолооч Бяхаржавын Отгонцэцэг ...мөн дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Очирбатын Нацагжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /хх 49-50/ гэх 90 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Оийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, гэм буруутайд тооцон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.” гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйчлэл зөв байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн анх удаа, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирчээ.  

 

Шүүгдэгч Б.О “...Хувийн эмнэлэгтэй эмч О.Нацагжав нь 3.327.120 төгрөгийн хохирлын нотлох баримтыг эмчийн албан тушаалаа ашиглан хуурамчаар бүрдүүлсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос 3.327.120 төгрөгийн хуурамч баримтыг хасч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт буй баримтыг хянаж үзэхэд хохирогч О.Нацагжавыг хувийн эмнэлэгтэй, хуурамчаар нотлох баримт бүрлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн хохирогчийн шүүхийн шатанд бүрдүүлж өгсөн хохирлын баримтыг тооцож үзэхэд анхан шатны шүүхийн тооцсон 6.627.120 төгрөгийн хохирлын баримт үндэслэлтэй.

Хохирогч О.Нацагжав нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Отгонцэцэг надад 972.000 төгрөг өгсөн. Түүний өгсөн мөнгө нь миний эмчилгээнд зарцуулагдсан баримттай...” гэж мэдүүлсэн байх бөгөөд 972.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан болохыг хохирогч О.Нацагжав анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн, хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор заасан 6.627.120 төгрөгнөөс хохиролд төлсөн 972.000 төгрөгийг хасч, үлдэх 5.655.120 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолын:

4 дэх заалтад “...шүүгдэгч Б.Оээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 6.627.120 /зургаан сая зургаан зуун хорин долоон мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч О.Нацагжавт олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 5.655.120 /таван сая зургаан зуун тавин таван мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулан хохирогч О.Нацагжавт олгосугай.” гэж өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ