Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2020/0013

 

2021 оны 05 сарын 27 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2021/0013

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Э” ХХК-ийн захирал Ц.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай “Э” ХХК  нь шийтгэлийн хуудсыг 2020 оны 12-р сарын 16-ны өдөр [email protected] хаягаас [email protected] хаягаар явуулсныг хүлээн аваад доорх нэхэмжлэлийг гаргаж байна. Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч Б 2020 оны 16-ны өдрийн 001 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э” ХХК нь гэрээнд заасан хугацаанд мод бэлтгээгүй болох нь гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж гэрээний нөхцөл байдлыг зөрчсөн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй манай компанийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Учир нь манай компани анх 2019 оны 02 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ 2019 оны 06-р сард дууссан. Гэрээний хугацаа дуусах үед газар гэссэн ууланд шавар ихтэй зам хэцүү болдог тул үлдэгдэл модоо татах, цэвэрлэгээ хийх ажлаа өвөл болж газар хөлдөж зам гайгүй болохоор гэрээгээ сунгаж байж хийж гүйцэтгэхээр орхисон байсан бөгөөд 2019 оны 12 сарын 20-ны өдөр 14 хоногоор гэрээг сунгаж хугацаа 2020 оны 01 сарын 04-ний өдөр дууссан. Энэхүү мод бэлтгэх тухай 2019 оны 12 сарын 28-ны өдрийн 08 дугаартай гэрээ, Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн “Гэрээний хугацаа сунгах тухай” А/56 дугаартай тушаал бусад нотлох баримтаар тогтоогдоно. Гэтэл Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б зөрчлийн хэргийг шалгахдаа энэ бүгдэд дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй. Иймд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 001 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001 дугаартай улсын байцаагчийн шийтгэврийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 08 тоот Мод бэлтгэх гэрээг байгуулсан. Энэ ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бэлтгэж ашиглуулахаар гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж байсан. Гэрээний дагуу 1999,08 м3 газарт мод бэлтгэж байсан. Энэ ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгаагүй буюу гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байцаагч нар газар дээр нь очиж үзлэг хийсэн. Энэхүү гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны хүртэл хугацаанд сунгагдсан. Энэ гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “гэрээ нь гэрээнд заасан хугацаанд хүчинтэй байх бөгөөд талууд хамтран тохиролцсоноор зөвхөн тухайн жилд нэмэлт өөрчлөлт оруулж болно”, мөн 5.3 дахь хэсэгт жилийн эцэст ажлыг дүгнэж хамгаалалтын захиргаанаас байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн, байгаль орчин хамгаалалтын улсын байцаагч, компанийн захирлын хамтаар ажлаа дүгнэн гэрээг дуусгавар болгоно” гэж тус тус заасан. Улсын байцаагчийн 001 тоот шийтгэлийн хуудас дээр гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэдэг. Гэрээний гол зорилго, нөхцөл болзол нь хэдий хэмжээний м3 модыг ямар хугацаанд бэлдэх талаар тусгасан байдаг. Тэгэхээр улсын байцаагчийн шийдвэрт гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн учраас Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгосон байгаа. Гэрээний нөхцөл болзлыг хэрхэн зөрчсөн бэ гэдэг нь тодорхой бус байна. Хэрэг үүсгэснийг байцаагч өөрөө зөрчлийн хэргийг хаах саналтайгаар ажиллагаа явагдаж байгаад Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 тоот хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол гарсан. Уг тогтоолын үндэслэл хэсэгт гэрээнд заасан хугацаанд мод бэлтгээгүй хугацааг хэтрүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг үйлдэлд нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж шийдсэн байдаг. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Бид зөрчлийг шалган тогтоохын тулд ямар зөрчил гаргасан бэ гэдгийг олж авах ёстой. Хуулийн зүйл заалтаас үзвэл гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзэж шийтгэлийн хуудас оногдуулж болохгүй. Яг ямар зөрчил гаргасан бэ гэдгийг тогтоогоогүй. Прокурорын тогтоолд гэрээнд заасан мод бэлтгэх үйл ажиллагааг шалга гэсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасан байна. Тэгэхээр үйл ажиллагаа гэдэг нь үйлдэл юм уу эс үйлдэхүй байх ёстой. Яагаад гэрээг 2 талтай гэж хэлсэн бэ гэхээр гэрээний талууд тохиролцоод гэрээнийхээ хугацааг сунгасан харин дүгнэх асуудлыг тухайн жилдээ хийнэ гэж заасан.  Гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаас үзвэл тухайн жилдээ буюу жилийн эцэст гэрээгээ дүгнэхээр болж байна. Гэрээ бол 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулаад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөөд гэрээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс сунгаж 2020 он руу буюу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэдэг нь дараа жилд орж байна. Гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаас үзвэл жилийн эцэст буюу 2020 оны эцэст ажлаа дүгнэнэ. Прокурорын тогтоол дээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Гэрээний хугацаанд мод бэлтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гээд байдаг. Гэхдээ энэ гэрээний хугацаа хэтрүүлэх асуудал байхгүй. Яагаад гэвэл гэрээний 2 тал тохироод 2020 оны эцэст гэрээг дүгнэхээр өөрчлөлт оруулсан. Мөн хариуцагч Б энэ хэргийг хаах тухай санал явуулж байсан ч прокурор дахин шалгах тухай чиглэл өгсөн. Миний хувьд прокурорын тогтоол, зөрчил оногдуулсан шийтгэх хуудас ялгаатай байгаа талаар хэлж байна. Энэ зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд прокурорын тогтоол 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:” гэж, тус хуулийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.” гэж тус тус заасан. Тэгэхээр торгуулийг 10 дахин нэмэгдүүлж хугацаа зургаан сараар тоолно. Торгуулийн хэмжээ өөрчлөгдөж болно. Харин хугацааны хувьд 6 сар өнгөрсөн байна гэж харж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 10 000 нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж байгаа ч 10-500 нэгж дотроо орох ёстой. Эрүүгийн хэрэгт хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох буюу хэрэг үүсэхээс татгалзсан шийдвэр гарсан үеэс тооцно гэж байна. Тэгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоол нь эрүүгийн хэрэг биш гэж тогтоол гарсан учир өнөөдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаандаа хамаарч байна гэж үзэж байна ... гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагч Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай мэргэжлийн хяналтын байгууллагад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн прокурорын газраас албан бичиг ирсэн. Уг албан бичигт Прокурорын 211 дугаартай тогтоолыг хамт ирүүлсэн. Тус тогтоолд “Э” ХХК-ийн мод бэлтгэсэн үндэслэл нь гэмт хэргийн шинжгүй байна, хугацаа хэтрүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй учир Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар тогтоолоор тодорхой гаргаж өгсөн. Тухайн материалуудыг шалгаад үзэхээр “Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд модоо бэлтгэхээр гэрээгээ сунгасан. Энэ хугацаанд мод бэлтгэл явагдаагүй, 01 дүгээр сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн. Үзлэг хийхэд 2м урттай 25 ширхэг, 4м урттай 13 ширхэг мод байгааг олж тогтоосон. Тухайн үед хамт мод тээвэрлэсэн жолооч нар мэдүүлэг өгсөн. 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлэг өгөхдөө 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн газар 9 хоногийн хугацаанд 200-300 орчим мод хөрөөдөж бэлтгэсэн байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээг 2020 онд хүчинтэй гэж яриад байна. Нөгөө талаас 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ байгуулаад гэрээний хугацаа дуусаад модоо бэлтгэж чадаагүй. Жилийн эцэст газар хөлдөөд эхлэхэд 12 дугаар сарын 20-ний өдрөөс 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд үлдэгдэл модоо бэлтгээд буулгахаар гэрээ байгуулаад гэрээнд заасны дагуу модоо бэлтгээгүй. 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрчүүд нь 200-300 орчим мод бэлтгэсэн гэдэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээний ямар нөхцөл болзол зөрчсөн бэ гэж яриад байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд мод бэлтгэх гэрээний хугацаагаар сунгасан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар байцаагч газар дээр нь очиж шалгахад мод бэлтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Энэ үйл ажиллагаагаа зогсоох талаар албан шаардлага өгч байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 01 дүгээр сарын 31-ний өдөр мод бэлтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Ингээд гэрээнд заасан нөхцөлөө зөрчсөн. “Э” ХХК-ийн захирал Ц.Эсүх тухайн үед мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ гэрээний хугацаа дуусаад ийм зүйл болж байсан. Энэ нь буруу үйлдэл боллоо гэж  талаар мэдүүлдэг. Гэрээ дууссан байхад мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мэргэжлийн хяналтын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б би Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 001 дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “Э” ХХК-д холбогдох 203400132 дугаартай хавтаст хэргийн материалаас холбогдогчийн өгсөн мэдүүлэг, Ханхэнтий улсын тусгай хамгаалалтын газрын захиргаанд байгалийн нөөц судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Т, хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Эжав, Х.Нямдорж нарын гэрчийн мэдүүлгээр гэрээнд заасан хугацаанд мод бэлтгээгүй болох нь тогтоогдож байна. Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“Э” ХХК нь “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001 дугаар шийтгэлийн хуудсаар Төв аймгийн Э сумын нутаг Баянтуул 3 дугаар багийн нутаг Асралт хайрхан гэх газарт “Э” ХХК нь гэрээнд заасан хугацаанд мод бэлтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэн “Э” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгожээ.[1]

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2013/О-392 дугаар гэрчилгээгээр ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ойн мэргэжлийн байгууллагын эрхийг “Э” ХХК-д олгосон[2] байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах 3 үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд үндэслэл тус бүрээр нь авч үзвэл:

1. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлийн тухайд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заасны дагуу 12 дугаар сард шийтгэл оногдуулсан нь хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зөрчил гаргасан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу “Э” ХХК-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасан байх бөгөөд “Э” ХХК-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан нь  мөн хуулийн 1.2 дахь заалт “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсэн хугацаанд хамаарч байна.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол[3] гарсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа үүнээс хойш нэг жил байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Гэрээний хугацааны тухайд:

Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Төв аймгийн Э сумын нутаг Асралт гэх газарт нийт 1999.8 м3 модыг цэвэрлэгээний огтлолт хийх журмын дагуу гүйцэтгэхийг “Э” ХХК-д зөвшөөрсөн байна.[4]

“Э” ХХК нь Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ хуулийн 28.2.1-д заасан арчилгааг зөвхөн ойн мэргэжлийн байгууллага, цэвэрлэгээг ойн мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэн гэрээгээр хийнэ” гэж заасны дагуу Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээний үндсэн дээр ойн цэвэрлэгээ хийх эрхтэй болж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар мод бэлтгэх гэрээг Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон “Э” ХХК нь хоорондоо 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу 6 сарын хугацаанд хуурай хуш модыг ойн цэвэрлэгээний огтлолтоор бэлтгүүлж ашиглуулахаар байгуулжээ.[5]

Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/56 дугаар тушаалаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны “Э” ХХК-ийн хооронд байгуулсан мод бэлтгэлийн ажил эрхлэх, ойг нөхөн сэргээх ажлын 08 тоот гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусчээ.[6]

 Гэрээний 4.4 дэх хэсэгт “Мод бэлтгэгч нь ойгоос бэлтгэсэн модоо гэрээний хугацаанд бүрэн татаж тээвэрлэсэн байна. Гэрээт хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн тодорхойлолтыг үндэслэн хамгаалалтын газартай нэг удаа 14 хоногийн хугацаагаар сунгаж болно” гэж заасны дагуу Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/56 дугаар тушаалаар гэрээний хугацааг 14 хоногоор сунгаж “Э” ХХК-д мод бэлтгэлийн ажил эрхлэх, ойг нөхөн сэргээх зөвшөөрлийг олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрээний 5.3 дахь хэсэгт “жилийн эцэст ажлыг дүгнэж, хамгаалалтын захиргаанаас байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн, БОХУБ, компанийн захирлын хамтаар ажлаа дүгнэн гэрээг дуусгавар болгоно” гэж заасны дагуу гэрээ дуусгавар болоогүй 2020 оны жилийн эцэст акт үйлдсэний дараа гэрээ дуусгавар болно гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Учир нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар мод бэлтгэх гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/56 дугаар тушаалаар тус гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 14 хоногоор сунгасан. Иймд гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.Гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Б “Э” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсанд “..Төв аймгийн Э сумын нутаг Баянтуул 3-р багийн нутаг Асралт хайрхан гэх газарт “Э” ХХК нь гэрээнд заасан хугацаанд мод бэлтгээгүй хугацаа хэтрүүлсэн..гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн...” гэж дурдсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Э” ХХК нь гэрээний нөхцөл болзлыг хэрхэн яаж зөрчсөнийг актад тусгаагүй байна гэжээ.  Харин хариуцагчаас гэрээний хугацаа дууссан үед мод бэлтгэснийг нь гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж хариуцагч тайлбарлаж байна.

“Э” ХХК нь гэрээний хугацаа дууссаны дараа буюу гэрээ байгуулахгүйгээр мод бэлтгэсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Мөн Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчин хамгаалах улсын байцаагч Ж.Бекбаатар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39-04-073 дугаартай[7] мод бэлтгэх гэрээний үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлагаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор гэрээгээ дүгнүүлэх, мод бэлтгэх үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг биелүүлээгүй бол 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар гэрээний 5.4 дэх хэсэгт заасны дагуу зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг анхааруулж албан шаардлагыг өгөхөд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ц.Э нь хүлээн авч гарын үсэг зурсан байна.

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэ-йн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Э сумын Баянтуул 3-р багийн нутаг Асралт хайрхан гэх газраас “Э” ХХК нь хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,[8]

Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч хошууч Б.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

“Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч хошууч Д.С-ын  2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,[9]

Шинжээч МСДОАнгийн ойн ашиглалт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан алах мэргэжилтэн С.Б-ийн “Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаал, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2009 оны 394 тоот тушаал, Монгол Улсын стандарт MNS 2379:2010 зэргийг тус тус үндэслэн 1 төрлийн 2433 м3 буюу 796 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 239.796.000 төгрөг байна” гэх модны экологи эдийн засгийн үнэлгээ[10]  ,

Гэрч Ханхэнтий улсын тусгай хамгаалалтын газрын захиргаанд байгалийн нөөц судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Т-ын “...Асралт хайрханаас мод бэлтгүүлэхээр гэрээ байгуулан мод бэлтгэх зөвшөөрлийн хугацаа дууссан гэрээний хугацаанд 900 гаруй куб мод бэлтгэж тээвэрлэсэн санагдаж байсан. Гэрээний хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж үлдэгдэл модоо бэлтгэж байсан тоног төхөөрөмж бүх зүйлсээ аваад уулнаас буух хугацаа өгдөг юм. Тус хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээг сунгасан. Сунгасан гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээ дууссанаас хойш талбай хариуцсан байгаль хамгаалагч Өгөөдэй, хяналт тавьж байсан улсын байцаагч  Ж.Б бригадаа буулгаж талбайгаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардаж албан ёсоор шаардах хуудас өгсөн боловч шаардлага үл биелүүлэн Асралт хайрханд мод бэлтгэх ажиллагаагаа үргэлжлүүлэсээр байсан гэх мэдүүлэг[11],

гэрч Б.Э-жавын “..2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Э сумын нутаг дэвсгэр Асралт гэдэг нэртэй газраас “Э” ХХК-д мод бэлтгэж ойн цэвэрлэгээний ажил хийж өгөхөөр ууланд очсон. ..2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулнаас 2 метр, 4 метрийн урттай тайрч бэлтгэсэн 50-60 орчим ширхэг мод ачиж тэрэлжийн төвийн хойд талд байдаг мод цагаалгын талбай дээр буулгах гэж яваад цагдаа нартай тааралдаж саатуулагдсан. Миний машин дээр ачиж явсан модыг өмнө очсон байсан бригад хөрөөдөж бэлтгэж тавьсан байсан. Түүнийг нь  машин дээрээ ачаад явж байсан..” гэх  мэдүүлэг[12],

гэрч Д.М-ын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн. ...Би “Э” ХХК-д ажиллаж байсан. Бид нарт мод бэлтгэх талбай зааж өгөөгүй...” гэх мэдүүлэг[13],  зэргээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зөрчил нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-д Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул “Э” ХХК-иас гаргасан “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 3, 9 дэх хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

   

 

ШҮҮГЧ                                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 7-р хуудас,

[2] Хавтаст хэргийн 121-р хуудас,

[3] Хавтаст хэргийн 38-р хуудас,

[4] Хавтаст хэргийн 60-р хуудас

[5] Хавтаст хэргийн 61-62-р хуудас

[6] Хавтаст хэргийн 66-р хуудас

[7] Хавтаст хэргийн 111-112-р хуудас

[8] Хавтаст хэргийн 41-р хуудас

[9] Хавтаст хэргийн 42-49-р хуудас

[10] Хавтаст хэргийн 59-р хуудас

[11] Хавтаст хэргийн 50-р хуудас

[12] Хавтаст хэргийн 52-р хуудас

[13] Хавтаст хэргийн 57-р хуудас