| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0453/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/493 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/493
2022 5 10 2022/ШЦТ/493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2022/0453/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2209007840733 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцогдож тухайн үед насанд хүрээгүй байсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-т зааснаар эх Ч.Н-н хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Э.Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дотор хохирогч О.О-гийн гарыг мушгиж зүүн гарын дунд хурууны дунд болон угийн шивнүүрийн үений мултрал, хурууны тармал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга, шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Сард дунджаар 2-3 сая төгрөгийн ажил хийдэг. Би хохирогчид 100.000 төгрөг төлсөн. Гэхдээ цаашдаа мөнгө хэрэгтэй гэвэл өгнө. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч О.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний цамцны гаднаас багалзуурдаж авсан. Тэгэхэд миний 2 гараас базаад доошлуулаад зүүн гарын дунд хуруунаас мушгиж дарсан. Тэгэхэд миний хурууг хажуу тийш далийлгаад мурийлгачихсан байсан. Тэгээд би эгч Гантуяаг дуудахад миний хурууг харангуутаа цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)
Гэрч Х.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э О.О-г хоёулаа гарья гээд орилоод пизда чинь хэзээ ийм болчихсон юм гээд байсан. Тэгтэл О.О гэнэт орилсон. Тэгээд би эргээд хартал О.О-гийн хуруу хажуу тийшээ эргэчихсэн байсан. О.О миний хурууг хугалчихлаа гэхэд Э.Э чи муу хэзээ ийм болчихсон юм гээд цамцнаас нь зуураад боогоод байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 сарын 31-ний өдрийн 4975 дугаартай: "...О.О-гийн биед зүүн гарын дунд хурууны дунд болон угийн шивнүүрийн үеийн мултрал, хурууны архмал цус хураль, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
Э.Эын яллагдагчаар өгсөн: “...Би О.О-той юм ярьж зогсож байгаад О.О надтай юм ярихгүй гээд зугтаад байхаар нь 2 гарнаас базаад зогсоосон юм. Тэгээд О.О гараа тавиулах гэж чангааж байгаад л хуруугаа эвгүй дараад мулталчихсан юм. 2 гараас нь базахад шуунд учирсан гэмтлүүд нь үүссэн байх. ...би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Э-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Э.Э нь согтуугаар 2022.03.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхон орчим баригдаж буй барилга дотор урьд нь хамтран амьдарч байсан хохирогч О.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хоолойг нь боох, гарыг нь мушгих зэргээр догшин хэрцгий авирлан зодож эрүүл мэндэд нь зүүн гарын дунд хурууны дунд болон угийн шивнүүрийн үений мултрал, хурууны тармал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, баруун шуу, зүүн бугалга, шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Э-н хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч байсан бүсгүйдээ догшин хэрцгий авирлан зодож уур бухимдал, хүч бяраа гаргаж байгаа балмад түрэмгий, ухвар мөчид зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.О нь шүүгдэгчид “гомдол санал байхгүй...” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Э-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч О.О-гийн тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Э.Э-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Э.Э-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Э нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Э-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч О.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Э.Э-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР