Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0100/Э |
Дугаар | 2022/ШЦТ/105 |
Огноо | 2022-09-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/105
2022 09 01 2022/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Жамъянпүрэвийн Энх-Амгаланд холбогдох 2129000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эл Эл Би Ар” ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, ахын хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Яргайт 41-632 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Жамъянпүрэвийн Энх-Амгалан, /РД: ИЭ03231238/,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Сартуул овогт Жамъянпүрэвийн Энх-Амгалан нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 25 дахь километрт үйл ажиллагаа явуулдаг “Эл Эл Би Ар” ХХК-ийн зам гүүрийн барилгын ажлын талбайд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр У.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу ажил хийх асуудлаас маргалдаж улмаар алхаар толгойн тус газар цохиж духанд шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Сартуул овогт Жамъянпүрэвийн Энх-Амгалан нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 25 дахь километрт үйл ажиллагаа явуулдаг “Эл Эл Би Ар” ХХК-ийн зам гүүрийн барилгын ажлын талбайд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр У.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу ажил хийх асуудлаас маргалдаж улмаар алхаар толгойн тус газар цохиж духанд шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гэрч У.Бат-Эрдэнийн: “...Тэгээд би Энх-Амгаланд “Өлзий ах энэ хэдийг зөөгөөд өгчих юм чинь хоёулаа зүгээр хэвээ туулаад байж байя” гэхэд Энх-Амгалан гэнэт барьж байсан зүйлсээ хаяаад уурлаад байхаар нь би “Зайл зайл пизда би зүгээр ганцаараа хийчихье” гэж хэлэхэд Энх-Амгалан бас уурлаад бид хоёр заамдалцсан. Тэр үед гэнэт миний толгой эргээд эхэлсэн. Толгойруугаа алхаар цохиулаад манарчихсан байсан байна лээ. Тэгээд манай компанийн менежер Тэнгис ах намайг сумын эмнэлэг рүү авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Э.Тэнгисийн: “...Би тухайн өдөр гэртээ байж байхад Бат-Эрдэнэ духнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэр үедээ Энх-Амгалантай муудалцаж, гар зөрүүлээд ийм болчихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Цогтцэций сум дахь сум дунын эмнэлэг рүү Бат-Эрдэнийг авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч Ч.Золзаяагийн: “...Өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлэг дээрээ жижүүрт гарч байтал толгойгоо алхаар цохиулсан гэх үл таних залуу манай эмнэлэг дээр ирсэн. Манай эмнэлэг дээр биед гэмтэл учирсан хүн ирэхэд Цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 466 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Яллагдагч Ж.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Энх-Амгалан нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.Энх-Амгалан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Энх-Амгалан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Ж.Энх-Амгаланг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч У.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Энх-Амгаланг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ж.Энх-Амгалан нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар прокуророос гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Энх-Амгаланг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул дүгнэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Энх-Амгаланд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Жамъянпүрэвийн Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Энх-Амгаланг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч У.Бат-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Энх-Амгалангийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА