Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0103/Э |
Дугаар | 2022/ШЦТ/107 |
Огноо | 2022-09-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/107
2022 09 08 2022/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч Ц.Алтантуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан-Ойдов овогт Цогтсайханы Алтантуяад холбогдох 2229000000117 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Манлай сум Жаргалант 3-р баг, Ижий ус гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ямаан-Ойдов овогт Цогтсайханы Алтантуяа РД: КЮ88120461/,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ямаан-Ойдов овогт Цогтсайханы Алтантуяа нь 2022 оны 08 дугаар сарын 06-07-нд Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант 3-р баг, Босго гэх газар буюу Б.Мөнхбаярын гэрт эхнэр Ж.Отгонцэцэгтэй үл ялих зүйлээр маргалдаж хацар луу нь алгадаж, нүд рүү нь цохиж, гуяны дотор талаас базаад мушгиж чимхэсний улмаас тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, зуун гуянд цус хуралт гэмтлүүд үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ц.Алтантуяа нь 2022 оны 08 дугаар сарын 06-07-нд Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант 3-р баг, Босго гэх газар буюу Б.Мөнхбаярын гэрт эхнэр Ж.Отгонцэцэгтэй үл ялих зүйлээр маргалдаж хацар луу нь алгадаж, нүд рүү нь цохиж, гуяны дотор талаас базаад мушгиж чимхэсний улмаас тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, зуун гуянд цус хуралт гэмтлүүд үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Ж.Отгонцэцэгийн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийг шилжих шөнө Манлай сумын нутагт байх Босго гэх нэртэй газарт өөрийн гэртээ нөхөр болох Ганхуяг болон гэр бүлийн найзууд болох нөхөр Мөнхбаяр, түүний эхнэр Алтантуяа нарын хамтаар архи хувааж уусан. Архи ууж байх үед Алтантуяа бид хоёр бага зэрэг маргалдаж байсан. Тэгж байтал Алтантуяа гэнэт намайг баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадаад гараа зангидаж байгаад миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон би аль гараараа цохисон болохыг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би Алтантуяатай зууралдаж байтал миний үснээс зулгааж өөрийнхөө доор оруулаад миний хоёр гуяны дотор талаас базаад, мушгиад, чимхээд байсан. Тэгээд арай гэж нэг юм босоод Алтантуяад би “Чи миний нүдийг ийм муухай болгочихлоо. Арай дэндэж байгаа юм биш үү. Чадахгүй байж битгий өмнөөс сарваганаад бай. Чам шиг хөгшин авгай чадахгүй шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд дахиад зууралдаад дээр нь гарчихсан байж байтал Алтантуяагийн нөхөр Мөнхбаяр бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би болъё гээд дээрээс нь босох гэтэл миний баруун нүд хөхөрч, хавдаж бас миний хоёр гуяны дотор тал хөхөрч хавдаад өвдөж зовиурлаад байгаа юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...Тухайн үед манай нөхөр Ганхуяг бас Мөнхбаяр гэх залуу түүний эхнэр Алтантуяа нар байсан...Алтантуяа гэнэт намайг баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадаад гараа зангидаж байгаад миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон. Бас миний үснээс зулгааж өөрийнхөө доор оруулаад миний хоёр гуяны дотор талаас базаад мушгиад, чимхээд байсан. Мөн миний баруун нүд болон бие рүү хэд хэдэн удаа хөлөөрөө тийрсэн. Би аль хөл гараараа миний биед халдсан болохыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Б.Мөнхбаярын: “...Тухайн өдөр Алтантуяа, Ганхуяг, Отгонцэцэг бид дөрөв Манлай сумын төвөөс Отгонцэцэг, Ганхуяг хоёрын гэрт ирсэн. Сумын төвөөс ирэхдээ Отгонцэцэг өөрийн нөхөр Ганхуягтай маргалдаад байсан. Тэгээд гэрт нь орж ирээд бид дөрөв архи хувааж уугаад байж байтал манай эхнэр Алтантуяа, Отгонцэцэг нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгтэл Отгонцэцэг манай эхнэрийн нүүр лүү хуруугаараа чичлээд байсан. Тэгтэл манай эхнэр Алтантуяа Отгонцэцэгийн нүүр лүү алгадаад Отгонцэцэг зөрүүлээд алгадаад Отгонцэцэг манай эхнэр Алтантуяаг үсдэж дараад энэ хоорондоо зодолдож эхэлсэн. Яг нэг нэгнийхээ биеийн аль хэсэгт яаж, хэдэн удаа цохиж зодож байгааг би сайн хараагүй. Тэгээд би Алтантуяа, Отгонцэцэг хоёрыг салгаад Алтантуяа бид хоёр гэр лүүгээ харьсан...Ямар ч байсан Отгонцэцэг манай эхнэр Алтантуяаг үсдээд дээр нь гарчихсан. Отгонцэцэгийн нөхөр Ганхуяг Алтантуяагийн хөлийг барьчихсан байсан. Тэр үед нь би салгасан. Алтантуяа Отгонцэцэгийн биеийн аль хэсэгт нь яаж зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Б.Ганхуягын: “...Манай эхнэр болох Отгонцэцэгийг цохиод авсан тэгээд би эхнэрээ өмөөрөөд Алтантуяаг хорьсон юм...Тэгсэн Алтантуяаг өмөөрөөд нөхөр болох Мөнхбаяр нь босоод ирсэн тэгээд салгасан тэгээд тарцгаасан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 381 дугаартай “...Ж.Отгонцэцэгийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...Ж.Отгонцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...Ж.Отгонцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Яллагдагч Ц.Алтантуяагийн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 381 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...Энэ гэмтлийг би учруулсан...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Алтантуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Алтантуяа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Ц.Алтантуяаг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ж.Отгонцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Алтантуяаг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ц.Алтантуяа нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар прокуророос гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Алтантуяаг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул дүгнэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Алтантуяад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаан-Ойдов овогт Цогтсайханы Алтантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Алтантуяаг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Ж.Отгонцэцэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Алтантуяагын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА