| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0484/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/526 |
| Огноо | 2022-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/526
2022 5 17 2022/ШЦТ/526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2022/0484/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Б.Оргилболд,
шүүгдэгч Л.Х, С.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.М, Л.Х нарт холбогдох эрүүгийн 2209000000729 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүрэг ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, Л.Х /РД:/
Монгол улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААИС-д оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот ...тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.М /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Х, С.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны бүжгийн талбайд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдсоны улмаас С.М-ын эрүүл мэндэд дээд уруулын хөвчний шарх, дээд уруулын салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол, Л.Х-н эрүүл мэндэд хамрын таславч, нурууны хугарал, нуруу, баруун ташаа толгойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Х, С.М нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг,
Л.Х хохирогчоор өгсөн: “Миний хамар хугарсан. С.М надад 1.500.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
С.М хохирогчоор өгсөн: “Миний уруул хэсэг язралттай байсан бөгөөд эдгэсэн байгаа. Надад өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Л.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 04 цагийн орчимд найз болох Төгөлдөрийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ...бааранд үйлчлүүлж талбайд бүжиглэж байтал манай найз Төгөлдөрийг нэг залуу ирээд түлхээд маргаан гарсан. Тэгээд байж байтал тэр үл таних залуу миний цээж рүү цохих үед би зөрүүлээд эрүү хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд хамгаалагч ирээд бид нарыг гадаа гаргаад ..., ... баарнуудын голын нарийн хэсэгт ороод байж байтал тэр залуу орж ирээд намайг 1 удаа хамар луу цохисон Тэр залуу 170см өндөртэй цагаан футболктой богино үстэй залуу байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)
Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн найз Дашням, Амарзаяа нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй бааранд орсон. Тэгээд бүжиглэж байхад нэг залуутай маргалдаж байснаа санаж байна. Тэгж байхад миний хажуу талаас нэг хүн намайг хамар уруул хэсэг рүү цохисон. Миний уруулаас цус гарсан. Биднийг хамгаалагч нар салгасан. Гадаа гараад нөгөө намайг цохисон залуутай маргалдаж байхдаа би уг залууг нүүр лүү 1 удаа нударгаа зангидаж байгаад цохисон" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)
Гэрч О.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн орчим өөрийн найз Л.Х-г дуудахаар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс нэртэй бааранд орсон. Тэгээд бид нар бүжиглэж байхад нэг залуу намайг түлхсэн. Тэгэхээр нь би уг залууг цаашаа гээд түлхсэн. Тэгэхэд уг залуу нь Л.Х-ийн цээж рүү нь цохих шиг болсон. Тэгэхээр нь Л.Х зөрүүлээд уг залуугийн нүүр лүү нь гараараа цохиж байх шиг байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)
Гэрч С.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би найз С.М-ын хамтаар Сүхбаатар дүүрэг ... бааранд 00 цагийн орчим орсон бөгөөд бүжиглээд байж байхад нэг мэдсэн манай найз С.М-г хүн зодсон бололтой цусаа гоожуулаад байж байсан. Тэгээд би гайхаад асуугаад байж байхад хамгаалагч нар бид нарыг гадагш нь гаргасан. Тэгээд гадаа гараад байж байхад нь С.М тэр залууг нэг удаа цохисон гэсэн. Би яг цохиж байхыг нь хараагүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4898 дугаартай: “Л.Х-д хамрын таславч, нурууны хугарал, нуруу, баруун ташаан толгойд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь хоёр хоногийн дотор үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын
04-ний өдрийн 5146 дугаартай: “...С.М-н биед дээд уруулын хөвчний шарх, дээд уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)
Л.Х-ийн яллагдагчаар өгсөн: "...Би уг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 43-44 дэх тал)
С.М-ын яллагдагчаар өгсөн: "...Би уг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Л.Х, С.М нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Л.Х, С.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022.03.23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... баарны бүжгийн талбайд үл ялих зүйлээс шалтагласан хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдсоны улмаас хохирогч С.М-ын эрүүл мэндэд дээд уруулын хөвчний шарх, дээд уруулын салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Л.Х-ийн эрүүл мэндэд хамрын таславч, нурууны хугарал, нуруу, баруун ташаа толгойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Л.Х, С.М нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.Х, С.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрсдөд холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тэрүүхэн үеийн сэтгэл хөдлөлөөс болж хэрүүл маргаан, зодоон үүсгэж, асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэж байгаа балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Х, С.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд С.М-с хохирол төлбөрт 1.500.000 төгрөг Л.Х-д төлсөн, шүүгдэгч, хохирогч Л.Х, С.М нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Х, С.М нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар нь одоогоор харилцан бие биедээ төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч Л.Х, С.М нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид бие биеэсээ нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Л.Х, С.М нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Х, С.М нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж болон 600 нэгжээр тус тус торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Х-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг тус тус 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Х, С.М нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Х, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М, Л.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, С.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.Х-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, С.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Л.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.М, Л.Х нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид бие биесээсээ нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.М, Л.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР