| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/0747/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/757 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/757
2022 06 13 2022/ШЦТ/757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Төгс овогт Н.Б /регистрийн дугаар:ча8509.../.
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Н.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Toyota Celsior загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Ц.Г-г тээврийн хэрэгслийнхээ урд хажуу суудалд суулган явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Пирамид” хүнсний дэлгүүрийн хойд замын урд урсгалд зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнд шороо түрж байсан Ц.Г- жолоочтой Case маркийн 580 Super М загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Г-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 322 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй зүйлчлэл болон ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Б-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв.
Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Н.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Пирамид” хүнсний дэлгүүрийн хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота celsior маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Ц.Г- жолоочтой Нийслэлийн хот тохижилтын газрын эзэмшлийн Case маркийн .......... дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ц.Гомбын амь насыг хохироосон болох нь:
- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтас 28 хуудас)
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас 30-40 хуудас)
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 19 цаг 47 минут, Н.Б-ыг /драйгер багаж ашиглан шалгахад 1.58%/, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас 41-42 хуудас)
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн “... эхнэр Г.Бурмаагийн дүү болох Жалбуу гэрт маань ирж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтлөөс уруудах замд буюу “Пирамид” ХХК-ийн мини маркетын хойд замд зам тээврийн осол орж нас барсан талаар хэлж ярьсан. Манай талийгаач хүү Гомбо эхнэр Оюунсүрэн, том хүү Г.Билгүүн, бага хүү Г.Түвшинбаяр нарын хамт тусдаа амьдардаг, манай хүү автомашин худалдан авч засаж янзлаад эргүүлээд зарж борлуулдаг ажил хийдэг байсан. ... оршуулгын зардалд нийт 27 сая төгрөг зарцуулснаас 9,500,000 төгрөгийн хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байгаа.Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас 59-61 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
- Гэрч Ц.Г-ын “... Би тэр өдөр ... трактороо жолоодон засмал замын хайрга, шороогоо хусаж цэвэрлээд ... ажлаа хийж байх үед 18 цаг өнгөрч байхад цагаа яг сайн санахгүй байна замын хайрга шороо ачиж байсан авто машин маань байхгүй болохоор тарсан шороог нь бөөгнүүлэн засмал замын урд урсгалд зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнд хөдөлгөөн хийн шороо түрж урд талын шанаган дээрээ хутгаж аваад шороотой шанагаа бага зэрэг дээш нь болгон буцаагаад буулгах үед уг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр өндөр хаазтай авто машины дуу гарч тас хийх чимээ гараад миний жолоодон ажил хийж байсан “Кэйс” маркийн 8703 УБ улсын дугаартай тракторын урд талын төмөр шанаганы зүүн урд хэсэг рүү уг ... авто машин давхиж ирж мөргөн шанаганы зүүн урд талын хэсэгт уг авто машины зүүн урд хэсэг зоогдож шороо тоос босч уг авто машины урд копуднаас утаа гарч байсан. ...Тухайн үед буюу зам тээврийн осол гарсан газарт ажиллаж байхдаа аюулгүй байдлаа ханган 1 ширхэг тумбо 1 дүгээр эгнээ 2 дугаар эгнээний голд тавьчихсан байсан, харин зохицуулагч ажилтан байсан эсэхийг мэдэхгүй байна. Сүүлд уг газарт ажиллаж байсан хүмүүсийн яриагаар зохицуулагч залуу зам дээр байж байгаад уг авто машинд дайруулах шахсан талаар ярьж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас 136-137 хуудас)
- Гэрч Б.О-ийн “...зам дээр ажлаа хийж байх үед 18 цаг 20 минутын орчимд ертөнцийн зүгээр баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр маш их хурдтай ............. улсын дугаартай хар өнгийн суудлын авто машин давхиж ирээд ...тракторын урд талын төмөр шанаганы зүүн урд булангийн хэсгийг мөргөөд авто машины арын хэсэг баруун урд тал руу шидэгдэж зогссон. Би тэр үед цэвэрлэж байсан газрынхаа зургуудыг гар утсан дээрээ аваад яг уг зам тээврийн осол болсон газрын баруун урд талд нь 2-3 орчим метрийн зайтай зогсож байсан. Тэгээд тэр авто машины баруун урд талын буюу жолооч талын хаалгаар хар хөх өнгийн подволктой согтуу залуу гуйваад буугаад ирсэн. ...Би тухайн үед зам тээврийн осол гарсан газарт буюу хариуцан ажиллуулж байсан газраа аюулгүй байдлаа ханган 1 ширхэг тумбо 1 дүгээр эгнээний цагаан шугамын гадна талд буюу 2 дугаар эгнээн дотор тавиад зохицуулагч ажилтан Түвшинбаатар 1 дүгээр эгнээнд зогсчихсон гараар зохицуулалт хийж байсан”, “ ... тухайн үед хөдөлмөр хамгааллын зааварчилга өгч гаргасан бидэнд байгууллагаас тумбо өгсөн ба бид нар зам дээр байсан шороог цэвэрлэж байсан ажил хийхдээ тумбо тавьсан байсан. ... “ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас 146-147, 184-185 хуудас)
- Гэрч А.Т-ын “...Би өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ...цэвэрлэгээ хийн, замаа зохицуулан ажлаа хийж явсан. ...18 цаг 20 минутын орчимд шиг санагдаж байна. Ертөнцийн зүгээр баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зам руу орсон хайрга шороог ...тракторын жолооч замын хажуу тал руу түрж шанагаар машин дээр ачихад бэлэн болгоод зам дээр зогсож байсан харин би ...трактороос 7-8 орчим метрийн зайтай зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зүүн гартаа 1 ширхэг тумбо барьчихсан, баруун гараараа ойртон ирж явсан авто машинуудыг дохиж 2 дугаар эгнээ рүү оруулж явуулж байсан. Тэр үед зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр маш их хурдтай “Тоёота Селсиор” маркийн 7295 УБЧ улсын дугаартай хар өнгийн суудлын авто машин давхиж ирээд би гартаа барьж байсан тумбыг шидэн зорчих хэсгийн 2 дугаар эгнээ рүү үсэрч орсон, тэгтэл тэр авто машин ...тракторын урд талын төмөр шанаганы зүүн урд булангийн хэсгийг мөргөөд авто машины арын хэсэг баруун урд тал руу шидэгдэж зогссон. ...осол гаргасан авто машины жолооч талын хаалгаар хар хөх өнгийн подволктой согтуу залуу гуйвж бууж ирээд гараа савчаад амандаа үглээд орилоод байх шиг байсан. ...Би тухайн үед зам тээврийн осол гарсан газарт буюу зохицуулагч хийж байхдаа аюулгүй байдлаа ханган 1 ширхэг тумбо зүүн гартаа барьчихсан тавих гэж байхад уг ...автомашин маш их хурдтай давхиж ирээд би гартаа барьж байсан тумбыг шидэн зорчих хэсгийн 2 дугаар эгнээ рүү үсэрч орсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 149-150, 181-182 хуудас)
- Гэрч Б.Н-н “...Би өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 06 цагаас эхлэн өөрийн ажлаа хийн хариуцсан нутаг дэвсгэртээ ...цэвэрлэгээ хийсэн. ...18 цаг өнгөрч байхад ертөнцийн зүгээр баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зам руу орсон хайрга шороог манай байгууллагын “Кэйс” маркийн .... улсын дугаартай тракторын жолооч Ц.Г ах замын хажуу тал руу түрж шанагаар машин дээр ачихад бэлэн болгон зам дээр ажиллаж байх үед манай ажилтан А.Түвшинбаатар ах хойд талд нь засмал зам дээр зохицуулалт хийгээд зогсож байхад гэнэт тас няс хийх хүчтэй дуу чимээ гарч маш их хурдтай 7295 УБЧ улсын дугаартай хар өнгийн суудлын авто машин давхиж ирэн ...тракторын урд талын төмөр шанаганы зүүн урд булангийн хэсэг рүү мөргөж зогссон, тэгээд уг авто машины жолооч талын хаалгаар хөх өнгийн подволктой чихэндээ ээмэг зүүсэн согтуу залуу гуйвж бууж ирээд амандаа үглээд пизда, пизда гэж орилоод байсан. ...тэр жолооч авто машинаасаа бууж ирэх үедээ илт согтуу гуйваад зогсож чадахгүй, авто машиныхаа хаалганы хажууд зогсоод байсан, тэгээд хоёр найз нь хажууд нь очиж гурвуулаа юм ярьж байгаад жолооч залуу зугтаагаад алга болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 152-153 хуудас)
- Гэрч Б.Э-ийн “...тухайн үед би найз Баатарчулууныг анх хашаанд нь архи аягалж өгөхөд анхны хундагатай архийг уучихсан байх гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 172-174 хуудас)
- Гэрч Г.У-ийн “ ...тэгээд Төрөөтэй уулзаад Баатар яасан гэхэд төрөө энд сая явж байсан хааччихав гэж байсан, тэгээд би Баатарчулууны утас руу залгаад хаана байна гэж асуусан Баатарчулуун замын нөгөө талд байна би найзыгаа алчхаж уу гээд уйлаад байсан. ... тэр үед шоконд орчихсон уйлаад орилоод байсан. ...тэгээд 2-3 минутын дараа Баатарчулуун ирж цагдаа нартай уулзаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 188-190 хуудас)
- Гэрч Ц.Т-ын “...Ковшийн ухарч гарч ирсэн гудамжнаас бараан өнгийн маркийг мэдэхгүй авто машин гарч ирээд хоёрдугаар эгнээнд орсон, тэр үед яг миний хажуугаар нэгдүгээр эгнээнд тоормоз гишгэн хар өнгийн авто машин орж ирэн ковштой мөргөлдсөн тэгээд би тэр осол руу харахад авто машин дотроос жолооч нь хөдөлж байгаа харагдсан. Миний хажууд гяхтнаад тоормоз гишгэхэд гардаг чимээ гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 192-193 хуудас)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1797 дугаартай “...Талийгаач Цээрэгзэн овогтой Гомбо-ын биед тархины баруун болон зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурь болох уртавтар тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, цээжний зүүн талын 2,3,4,6-р хавирга, баруун талын 3-р хавирга, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсны урагдал, үнхэлцэг хальсан дахь цус хураа, цээжний хөндий дэх сул цус /1500 гр/, эрүү ясны хугарал, хацар, уруул, эрүүний няцарсан шарх, доод эрүү, шууны арьсны зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо...Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтас 196-198 хуудас),
- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник замын хяналтын шинжээчийн “...Toyota Celsior маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нэргүй овогтой Баатарчулуун нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; ..., 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтас 229-232 хуудас),
- Н.Б-ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би автомашинаасаа яахаа мэдэхгүй байж байгаад уг зам тээврийн осол гарсан газрын хажуу талын хүнсний дэлгүүр лүү орж архи аван уг архиа задалж уусан. ... тухайн зам тээврийн осол гарах үед би урд талд явж байсан авто машин холдоход уг трактор буюу ковшийг хараад жолоодож явсан авто машиныхаа тоормосыг гишгээд авто машинаа зогсоож амжилгүй очиж мөргөсөн. ... ар гэрт хохиролд нийт 9,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-3, 7, 9 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын: Осол гарах үед эрүүл байсан, дараа нь дэлгүүрээс архи авч уусан болохыг 2 дугаар хавтаст хэргийн 175 дугаар хуудас дахь “7,500 төгрөгийн” гүйлгээний баримт, фото зураг, архи бариад явж байгаа бичлэг нотолно. Осол гаргаж хүчтэй мөргөсөн жолооч хүн машинаас гуйвж гарч ирснийг гэрч нар согтуу байсан гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, түүний найзууд ч архи уугаагүй гэж мэдүүлсэн байгаа. Ковшийг тэр даруйд холдуулсан бол цээжний хавсарсан гэмтлээр нас барахгүй байх боломжтой байсан, Баатарчулуун машинаа холдуул гэхэд жолооч нь холдуулаагүй байдаг. 2 дугаар хавтас 122 дугаар хуудасны баримтаар орохыг хориглосон, тойрч гарахыг заасан зориулалтын замын хөдөлгөөний тэмдэг тавиагүй байсан нь уг осол гарахад нөлөөлсөн гэх дүгнэлтийг тус тус гаргасан нь дараах байдлаар няцаагдаж байгаа болно. Үүнд:
- Ослын дараа дэлгүүрээс архи худалдаж авсан баримт, архи бариад явж байгаа бичлэгүүд нь осол гарснаас хойш цаг хугацаанд болсон үйл явдлыг нотлох баримтууд болохоос гэмт хэрэг гарсан цаг үеийн нөхцөл байдлыг нотлох баримтуудад хамаарахгүй.
- Шүүгдэгчийг “согтуу, автомашинаас гуйвж гарч ирсэн” гэх гэрч нарын мэдүүлгээс гадна түүний согтолтын хэмжээг тогтоосон зориулалтын хэмжилтийн мэдээлэл /багаж/- лийг шүүх яллах талын гол нотлох баримтаа болгосон. Учир нь шүүгдэгч Н.Б- нь хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд 1.58 хувийн тоон үзүүлэлттэй гэж тусгасан, мөн гэрч Б.Энхтөрийн мэдүүлгээр нотлогдсон.
Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%) ... илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Н.Б-ых 1,58 хувь гарсан нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэл болж байгаа.
- Мөн өмгөөлөгчийн “ковшийг тэр даруйд холдуулсан бол цээжний хавсарсан гэмтлээр нас барахгүй байх боломжтой” эсэх нь нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хийгдэх тул өмгөөлөгчийн дээрх саналыг өөрийн таамаглалд үндэслэсэн гэж шүүх үзсэн.
- Замын тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан нь осолд нөлөөлсөн гэх асуудлаар:
Техникийн шинжээчийн дүгнэлтээр “... 2. Case маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 27.4. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Celsior маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан Ц.Гомбыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам дээр ажил үйлчилгээ эрхэлж байсан /хот тохижилтын газар ОНӨААТҮГ/ хуулийн этгээдийн зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол гарахад тухайн авто замд байрлуулсан замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Жолооч Н.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а,б,г-д заасан заалт, жолооч Ц.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б, 27.4 а-д заасан заалтууд, Зам дээр ажил үйлчилгээ эрхэлж байсан хот тохижилтын газар ОНӨААТҮГ/ хуулийн этгээдийн зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 а-д заасан заалтыг тус тус зөрчиж үүргээ биелүүлээгүй байх ба дээрх зөрчлүүд зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй буюу зөрчлийн шинжтэй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтас 229-232 хуудас)-ээс үзэхэд өмгөөлөгч нарын дүгнэлтэд тусгагдсан зөрчлүүдийг зам засварын компанийн ажилтнууд гаргасан байх боловч дээрх нөхцөл байдал нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй гэх дүгнэлтийг шинжээч гаргасныг үгүйсгэх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул өмгөөлөгч, шүүгдэгч нарын дүгнэлт, саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн.
3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Ослын шалтгаан нөхцөл, жолоочийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр “...жолооч Н.Б- нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хүний амь насыг хохироосон нь жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, гэм буруутайд тооцов.
3. Хохирлын талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 27,341,660 төгрөг нэхэмжилснээс 9,500,000 төгрөг төлсөн байна.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- нь амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 27,341,660 төгрөгийн баримт хэрэгт хавсарган нэхэмжилснээс, 4,700,000 төгрөгийн зардал юунд зарцуулагдсан тодорхойгүй буюу авсан эд зүйлийн жагсаалт, орлого, зарлагын баримт (1 хавтаст хэргийн 93 хуудас)-ыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд нийт хохирлоос хасаж тооцсон болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцсонтой холбогдуулан хохирол төлөхөөр завсарлага авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д оршуулгын зардлын үлдэгдэл 13,141,660 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Оюунсүрэн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилсэн боловч эрх бүхий байгууллагаас хүүхдийн тэтгэмж тогтоосон баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй учраас шүүх уг тэтгэмжийн зөрүүг энэ шүүх хуралдаанаар тооцоолж гаргах боломжгүй тул баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт “...CASE маркийн .......... дугаарын тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэл байхгүй байна. Тухайн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй байна...” (1 дүгээр хавтас 206-210 хуудас) гэх баримтаар иргэний нэхэмжлэгч Нийслэлийн хот тохижилтын газарт төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 жилээр хасаж, 03 жил хорих ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Н.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байгаа, оргон зайлаагүй, 1 сарын хугацаатай явсан хойгуур “Ковид” өвчний улмаас хил хаасан, хоригийн дараа эхний нислэгээр ирсэн. Хүндрүүлэх нөхцөл байхгүй, тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулж, өршөөлд хамруулж хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх саналыг гаргасан.
5. Шүүгдэгч Н.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй, харин оршуулгын зардал төлснийг тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэх боломжгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн 03 жилийн хорих ял оногдуулах саналыг хүлээн авч, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, эрх хасах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Н.Б-ы үйлдсэн гэмт хэрэг хамаарч байгаа тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасах өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
Мөн шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан гэж хөндрүүлж үзээгүй болохыг дурдаж байна.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 07 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцохыг тогтоолд зааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Н.Б-д урьд авсан Хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосныг тогтоолд дурдаж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төгс овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Н.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Н.Б-ы цагдан хоригдсон 07 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О нь гэм хор учруулсны төлбөрийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, оршуулгын зардалд 22,700,000 төгрөг төлөгдсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ