Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/02170

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/02170

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.А -ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: М Сургуульд холбогдох

М С-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б\123, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн М.О, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Б.Ань Монгол Улсын Их Сургуулийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын даргын албан тушаалыг эрхэлдэг.

МС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар нь МС-ийн захирлын 2017 оны 10 сарын 13-ны өдөр Б/500 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна.

МС-ийн захирлын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/45 дугаартай тушаалаар Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх дүгнэлт гаргахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, Хавсралтаар удирдамжийг баталсан.

Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг 2018 оны 02 сарын 12-ноос 2018 оны 03 сарын 06-ны хооронд нийт 24 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр товлосон.

Энэ тухай манай албанд 2018 оны 02 сарын 21-ны 16 цагт мэдэгдсэн.

Тус удирдамжийг ажилчдад танилцуулахад МС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажилчдаас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасантай холбогдуулан миний бие тус Ажлын хэсгийн ахлагч МС-ын шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Баяртогтоход хандаж шинэчлэн байгуулагдаад 4 сарын нүүр үзэж байхад Хяналт, шинжилгээг ямар үндэслэлээр оруулж байгаа нь тодорхой бус бөгөөд МС-ийн дотоод журмаар хяналт шинжилгээ хийх асуудлыг зохицуулаагүй, үнэлэх аргачлал шалгуур үзүүлэлтүүд, дүрэм журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай, үнэлэх үзүүлэлтүүд нь тодорхойгүй байх тул дээрх дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, үнэлэх аргачлалыг тодорхой болгосны дараа хяналт үнэлгээ хийхийг санал болгож тайлбар гаргасан.

Гэвч дээрх байдлаар хяналт шинжилгээг хууль ёсны дагуу аливаа субьектив нөлөөлөл, дүгнэлтгүйгээр гүйцэтгүүлэх тухай зүй ёсны санал тавьсаныг үл хүлээн авч улмаар МС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 03 сарын 16-ны өдөр Б/123 тоот тушаалаар миний биед сануулах шийтгэл ногдуулсан.

Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 26-наас 2018 оны 4 дүгээр сарын 12-ны хугацаанд "хяналт шинжилнгээ үнэлгээ"-г гүйцэтгэж, "Дүгнэлт, санал зөвлөмж" гаргасан бөгөөд өмнө урьдчилан анхааруулж байснаар ямар ч шалгуур үзүүлэлтгүй, үнэлэх аргачлалгүйгэээр субьектив дүгнэлтүүд хийсэн.

МС-ийн захирал тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалаар миний биеийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж үндсэн цалинг нэг сар 15% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Захирлын 2018 оны 3 сарын 16-ны Б/123 тоот тушаалын тушаах хэсгийн 1-т "Байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалдуулж, хөдөлмөрийн гэрээний 3.1.2-д заасныг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод, заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, харъяалах нэгжийг удирдлагаар хангаж чадаагүй Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.А д сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай" гэжээ.

Байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан гэж дурдсан нь МС-ийг 2016-2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, МС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдэд ороогүй байсан хяналт, шинжилгээ, үнэлгээг оруулсан тул үндэслэлгүй.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1.2-д заасныг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй.

Захирлын 2018 оны 5 дугаар сарын 08-ны Б/202 тоот тушаалын 1 дэх хэсэгт Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Ань оюутанд үзүүлэх үйлчилгээг чанарын шинэ түвшинд хүргэж оюутны хүртээмжтэй үйлчилгээг хөгжүүлэх, хөгжлийн стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн, чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахдаа оюутанд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй, бодлогоор бий болгож шинээр санаачилсан ажил байхгүй, холбогдох нэгжүүдтэй хамтран ажилладаггүй, удирдлага болон зарим ажилтны харилцаа ёс зүйн асуудар сургуулийн ажилтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Б.Ад үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсугай гэжээ.

Захирлын дээрх тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үүнд:

1.МС-ийн дотоод журмын 9.1-д МС-ийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МС-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрэмд заасан ёс зүй ноцтой зөрчил, ёс зүйн зөрчлийг 3 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан үйлдэл байхгүй тул дүрэмд заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчил" гаргаагүй.

2.МС-ийн захирал тушаалдаа "оюутанд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй, бодлогоор бий болгож шинээр санаачилсан ажил байхгүй, холбогдох нэгжүүдтэй хамтран ажилладаггүй" зэргээр миний ажлын үр дүнг дүгнэж хангалтгүй гэж үзсэн байна. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр "Үр дүнгийн гэрээ байгуулсан" бөгөөд тус гэрээгээр оюутанд хүргэх үйлчилгээг 3.1.1-д нийт 88 ажил үйлчилгээг, нэрлэн зааж хэрэгжүүлэх хугацаа, тоо, чанар, цаг хугацааны шалгуур үзүүлэлт тус бүрээр тогтоосон бөгөөд гэрээний 4.2-д зааснаар "нэгжийн удирдах ажилтан гэрээний биелэлтийг 2018.06.30-ны дотор тайлагнаж, менежер 2018.07.01-ний дотор дүгнэнэ" гэж заасан. Миний ажлын үр дүнг 2018.06.30-нд тайланг хүлээн авч дээрх 88 ажил тус бүрээр тухайн хугацаанд тогтоосон чанар, тоон шалгуур үзүүлэлт тус бүрээр дүгнэж үр дүнг үнэлэх ёстой.

Гэвч үр дүнгийн гэрээ байгуулаад сар ч болоогүй, дээрх 88 ажлыг гүйцэтгэж эхэлж байгаа, үр дүн гараагүй, зарим үе шаттай ажлын гүйцэтгэл болоогүй улмаар гэрээнд зааснаар дүгнэх цаг хугацаа болоогүй байхад оюутанд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй гэж дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм.

3.Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч тушаалдаа удирдлага болон зарим ажилтаны харилцаа ёс зүйн асуудал сургуулийн ажилтанд тавигдах шаардлагад нийцээгүй, гэж дүгнэжээ. МС-ийн захирлын 2010.02.25-ны 119 дүгээр тушаалаар батласан "МС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3.1-д зааснаар "Ёс суртахууны зөрчил, гомдол, маргааныг шийдвэрлэх, этгээд нь ёс зүйн зөвлөх, ерөнхий нарийн бичгийн дарга, ёс зүйн хороо, маргаан таслах бүрэлдэхүүн байна" гэж заасан бөгөөд миний биеийг болон тус албаны ажилтнуудыг ёс зүйн зөрчил гаргасан гэх дээрх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй.

4.МС-ийн дотоод дүрэм, журамд "хяналт шинжилгээ, үнэлгээ хийх"-тэй холбоотой заалт байдаггүй бөгөөд үүнээс шалтгаалан захирлын 2010.02.08-ны өдрийн тушаалаар батлагдсан "ажлын хэсэг"-ийн статус тодорхой бус юм. Гэвч тус "ажлын хэсэг"-ийн ямар аргачлал, ямар нотолгоо, ямар үнэлгээний системээр үнэлсэн нь тодорхойгүй дүгнэлтийг шууд үндэслэл болгож, миний ажлыг хангалтгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

Миний бие хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлтод заасан үүргээ биелүүлж ажилласан бөгөөд үүний аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар баримт бүхий үндэслэл байхгүй.

"Хөдөлмөрийн гэрээ"-ний 2.1.1-д ажил олгогч "хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлэх " үүргийг өөртөө хүлээсэн. Гэвч тус үүргээ биелүүлэлгүйгээр холбогдох дүрэм, журамгүйгээр хувь дүгнэлт, субьектив санаагаар хийгдсэн дүгнэлтээр "сахилгын шийтгэл" оногдуулж байгаа нь надад өөрийн ажлыг шударгаар үнэлүүлэх эрхийг хязгаарлаж миний ажил хэргийн нэр хүндэд халдсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Ийнхүү миний бие Хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, МС-ийн хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй байтал МС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 тоот тушаал гарч сахилгын хариуцлага ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д "Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна" гэж заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан тул тус шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            МС нь Дээд боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээд боловсролыг хөгжүүлэх, их сургууль, дээд сургууль, коллежи нь сургуулиа хөгжүүлэх ойрын болон хэтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна... гэсний дагуу МС-ийн 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөө баталж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг болно.

            2018 оны төлөвлөгөөний дагуу МС-ийн бүтцийн бүх нэгжид хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хичээлийн жилд Гадаад харилцааны хэлтсийн ажилд хяналт үнэлгээ хийх ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах нэгжүүд хамрагдаад байна. / Хавсралт-1 МС-ийн 2018 оны батлагдсан төлөвлөгөө/ Үүнд: Гадаад харилцааны хэлтэс, Оюутны хөгжил үйлчилгээний газар, Хангамж, үйлчилгээний газар, Санхүү эдийн засгийн газар, Сургалтын нэгдсэн газар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс гэх мэт Оюутны хөгжил, үйлчилгээний газраас бусад нэгжид МС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаал гарч ажлын хэсэг томилогдон хэвийн ажилласан болно.  Оюутны хөгжил, үйлчилгээний газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа хэсэгт "...Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн" хэмээн заасан байна.

Мөн Б.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.2.дугаар заалтад ажилтны үүрэг хэсэгт Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай бүрэн биелүүлэх үүргийг хүлээсэн байдаг.

Захиргааны зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд тухайн нэгж дээр ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллах бололцоогүй байдал үүссэн тухай ажлын хэсгийн ахлагч танилцуулж, цаашид хэрхэн ажиллах зүйтэй талаар захиргааны зөвлөлийн хуралдаанаас хүссэн байдаг. Захиргааны зөвлөлийн гишүүд нэгжээ удирдан зохион байгуулах үүргээ биелэхгүй байгаа нь бодит фактаар ил байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн.

Иймд дарга Б.Ань ажлын хэсгийг ажиллах нөхцлөөр хангаж, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилгын хүрээнд хийгддэг чиг үүргийг хэрэгжүүлж, ажиллаагүй буюу хөдөлмөрийн гэрээн дэх үүрэг хүлээсэн заалт буюу 3.1.2-ыг зөрчсөн байх тул захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан болно.

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанаар үүсэн нөхцөл байдлыг судалж үзээд ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон.

Захирлын үүрэг гүйцэтгэгч Захиргааны зөвлөлийн шийдвэрийн дагуу ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажилуулах тухай 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаал гаргасан байдаг.

Ажлын хэсэг тушаалд заагдсан хугацаанд ажиллаж, холбогдох дүгнэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Ажлын хэсэг дүгнэлтэндээ:

....- Удирдлагын удаа дараагийн тушаал шийдвэр, мэдэгдлийг үл тоомсорлон хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэхээс татгалзсан нэр бүхий ажилтнуудад хариуцлага тооцох

-Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудаа нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй, ОХҮГ-т хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг эсэргүүцэхэд оролцож удаан хугацаагаар саатуулсан, үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж чадаагүй тус газрын дарга Б.Ад хариуцлага тооцох гэсэн саналыг Захирлын зөвлөлийн хуралдаанд оруулсан болно.

Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 дугаар тушаал нь тухайн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг үндэслэж авсан арга хэмжээ юм.

Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалууд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад нийцсэн, байгууллагын дотоод журмаар зохицуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд нь оноосон өөр өөр зөрчилд авсан шийтгэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ань Монгол Улсын Их Сургуульд холбогдуулан Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай МС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч нь энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-7-р хуудас/

Ажил олгогч Монгол Улсын Их сургууль, ажилтан Б.Анарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2.2.1.-т ажил олгогч нь ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, үр дүн, явц, чанар, хөдөлмөрийн болон сахилга хариуцлагын байдалд хяналт тавьж, үнэлэлт өгч шагнаж урамшуулах, зөрчил дутагдал гарсан тухай бүрт Хөдөлмөрийн тухай хууль болон бусад эрх зүйн акт, дүрэм журмын дагуу холбогдох сахилгын арга хэмжээ авах, мөн гэрээний 3.1.2-т ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь чанартай бүрэн биелүүлэхээр тус тус тохиролцжээ./хх-ийн 6-9-р хуудас/

Монгол Улсын Их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.-т МС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МС-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн ноцтой зөрчил, ёс зүйн зөрчлийг 3-аас дээш удаа гаргасныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ гэжээ./хх-ийн 196-р хуудас/

НЭГ: МС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаартай тушаалын тухайд:

Ажил олгогч МС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 тоот тушаалаар Б.Ад Байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалдуулж, хөдөлмөрийн гэрээний 3.1.2.-ийг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, харъяалах нэгжийг удирдлагаар хангаж ажиллаагүй гэсэн зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 6-18, 39-60, 99-108,136-148191-197, 236-239,.... хуудас/

Ажилтны сахилгын зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Ажил олгогч Монгол Улсын Их сургууль нь Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.-т заасан тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл гаргасан үндэслэлээр ажилтан Б.Ад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 60-р хуудас/

МС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/500 дугаартай тушаалаар МС-ийн захиргааны бүтцэд өөрчлөлт орж Захиргаа, хүний нөөцийн газар, Мэдээллийн технологийн газар, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс, Гадаад харилцааны хэлтэс, Сургалтын нэгдсэн газар, Оюутны хөгжил үйлчилгээний газар, Хөгжил төлөвлөлтийн алба гэх мэт газар, хэлтэс, албаны бүтэц, ажлын байрны тодорхойлолт зэргийг баталж, Оюутны хөгжил үйлчилгээний газрыг дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталжээ. /хх-ийн 179-181-р хуудас/

Монгол Улсын Их сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд МС-ийн захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаанд ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг 2018 оны 3-6 дугаар саруудад хийхээр төлөвлөж уг төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 153-156-р хуудас/

Тус сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр МС-ийн захирал А/45 дугаартай тушаал гаргаж тус сургуулийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хянал-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг баталжээ./хх-ийн 151,152-р хуудас/

Дээрх тушаалд ажлын хэсэг нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Оюутны хөгжил үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулах зорилготой гэжээ.

МС-ийн захирлын А/45 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг логикийн хувьд тодорхой бус, эрх зүйн орчин хангалтгүй, арга зүй тодорхойгүй гэсэн үндэслэлүүдээр тус газрын дарга Б.Аболон тус газрын нэр бүхий мэргэжилтэнгүүд эсэргүүцэж үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулах ажлыг хийлгэхгүй, уг ажлыг тасалдуулсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 28-30,39-57,60,103,136-148,151,152 -р хуудас/

МС-ийн захирлын А/45 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсэг тус сургуулийн Оюутны хөгжил, үйлчилгээний газарт мониторинг хийгээгүй тухай Захиргааны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч Б.Аийг Хөдөлмөрийн гэрээний 3.1.2., Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1., 4.3.2.-т заасныг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын хэсгийн ажлыг тасалдуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж харъяалах нэгжийг удирдлагаар хангаж ажиллаагүй, ажлын байранд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шийдвэрийг эсэргүүцсэн үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болох нь зохигчийн тайлбар, хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 28-30,39-57,60, 103,136-148,151,152 -р хуудас/

Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд Б.Аийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр түүнд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна

ХОЁР: МС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 дугаартай тушаалын тухайд:

МС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 дугаартай тушаалаар өмнө томилогдсон ажлын хэсгийн ажиллах хугацааг сунган, удирдамжийг шинэчлэн баталж тус сургуулийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг зохион байгуулан, дүгнэлт зөвлөмж боловсруулан ажиллаж 4 дүгээр сарын 17-ны дотор захиргааны зөвлөлд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгожээ. /2-р хх-ийн 1,2-р хуудас/

МС-ийн захирлын А/85 дугаартай тушаалын дагуу хийгдсэн хяналт-шинжилгээ үнэлгээний ажилд Оюутны хөгжил үйлчилгээний газрын 13 ажилтанаас дарга Б.А, ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, Б.Энхцэцэг, мэргэжилтэн Т.Зулбадам нар хамрагдаж, А.Ариунзаяа, И.Сувдаа, Ш.Солонго, Н.Бурмаа, Ц.Бямбасүрэн, Л.Чинзориг, С.Цэлмэгсайхан, Б.Буянханд нар хамрагдаагүй болох нь зохигчийн тайлбар болон тус газарт хийсэн ажлын тайлан, захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, судалгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 109-129,130-135,191-197-р хуудас/

Дээрх тушаалын дагуу Оюутны хөгжил үйлчилгээний газарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн тайланд: Оюутны хөгжил үйлчилгээний газар нь нийт суралцагчдад хүрч үйлчилж чадаагүй, холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах талаар хангалтгүй, оюутанд үзүүлсэн үйлчилгээ нь чанар, үр өгөөж, хамрах хүрээний хувьд хангалттай биш, тэтгэлэг, зээл, оюутны үнэмлэх, карт олголт, дотуур байр, урлаг спортын арга хэмжээ гэх мэт процессийн шинжтэй арга хэмжээнээс өөр шинээр санаачилж хийсэн ажилгүй, тус газрын удирдлага, зарим ажилтны ажлын хариуцлага, харьцааны соёл, үйлчлүүлэгчиддээ хандах хандлага нь их сургуулийн үйлчилгээний нэгжид ажиллах ажилтанд тавигддаг шаардлагад бүрэн нийцэхгүй, дотоод зохион байгуулалт нь хангалтгүй гэж дүгнэжээ.

Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга Б.Ань ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа оюутанд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй, бодлогоор бий болгож шинээр санаачилсан ажилгүй, холбогдох нэгжүүдтэй хамтран ажилладаггүй, удирдлага болон зарим ажилтны харилцаа, ёс зүйн асуудал сургуулийн ажилтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь Оюутны хөгжил үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайланг хэлэлцсэн тус сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 61,77-96,104-108,109-129,130-135,191-197-р хуудас/

Монгол Улс, цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсролд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт өндөрсөж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед Монгол Улсын ууган их сургуулийн захиргааны бүтцэд орж буй Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Ань тус газрын ажлын гүйцэтгэлд хянал-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах /мониторинг хийх/ ажлыг тасалдуулж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь нэхэмжлэгч Б.Аийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ ухамсарлаагүй, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, Монгол Улсын Их сургуулийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын даргад байж боломгүй үйлдэл гаргаж, дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэв.

Иймд МС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б\123, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай Б.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Ань сахилгын зөрчил гаргаагүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.1., 131.2.,-т заасныг баримтлан МС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б\123, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО