Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0102/Э |
Дугаар | 2022/ШЦТ/108 |
Огноо | 2022-09-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/108
2022 09 09 2022/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогч С.Цэрэнчимэд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү /цахимаар/,
Шүүгдэгч В.Гантулга нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ваанчиградвангийн Гантулгад холбогдох 2229000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 3 дахь километрт түр оршин суух /Үндсэн захиргаа:Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ТБ 25-р байр 1 тоот/ тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Ваанчиградвангийн Гантулга, РД:ЕЙ89032111,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч В.Гантулга нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 29-ний шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг, нүүрс тээврийн 3 дахь километрт байрлах гэртээ байхдаа С.Цэрэнчимэдтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Гантулга мэдүүлэхдээ: “...Би энэ охиныг танихгүй. 2022 оны 06 сарын 29-ний өдөр манайд ирсэн байсан. Эхнэрээсээ “энэ юун хүн юм бэ” гэхэд айл асууж орж ирсэн гэсэн. Манай найзууд ирээд ганц хоёр шил архи уугаад явсан. Би энэ охиноос “Чи ямар учиртай хүн юм бэ, манайд хонох юм уу? яаж яваад манайд ирсэн юм” гэхэд аав, ээжийн нэр, өөрийн нэр, утасны дугаар юу ч хэлэхгүй “Таних хүн байхгүй” гээд байсан. Би гэрийн ойр зуурын юм алга болчихвол гэж бодоод энэ хүнийг хөөж гаргасан нь үнэн. Зодсон зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэрэнчимэд мэдүүлэхдээ: “...Би энэ хүнд зодуулсандаа гомдолтой байна. Хамраа янзлуулахад 1,600,000 төгрөг болно гэсэн. Замын зардалд 400,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна...” гэв.
Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах гэмт хэргийг үйлдсэн В.Гантулгад холбогдох эрүүгийн 2229000000100 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах ялын дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч С.Цэрэнчимэдийн мэдүүлэг, гэрч Золбоогийн мэдүүлэг, гэрч Бат–Эрдэнийн мэдүүлэг, гэрч Базарсадын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч В.Гантулгын мэдүүлэг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны яллагдагч В.Гантулгын /хх-ийн 67-69-р тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай нотолж чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогчдын эрх ашгийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй эдгээр нотлох баримтуудыг үнэн зөв гэж дүгнэсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл хохирол учруулсан идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо байна. Хохирогч С.Цэрэнчимэдийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, таславчны мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүгдэгч нүүр рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас үүсэн байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Иймд хохирогч В.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч В.Гантулга нь хохирлын баримтад авагдсан 149,050 төгрөгийг төлөөгүй болно...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирлын баримтад авагдсан 149,050 төгрөгийг төлөхөөр авчирсан боловч хохирогч авахгүй байгаа. Хохирлын баримтаар нотлогдсон хохирлыг төлөхөөс татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлдэг. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа...” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч В.Гантулгыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохиросон байна гэж дүгнэв.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч С.Цэрэнчимэдийн: “...Миний бие 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг өнгөрөөгөөд нүүрс тээврийн 3 дахь километрийн засмал замын хойд талд 2 гэр угсруулж барьсан айлд очсон. Тухайн айлын хүмүүсийг би танихгүй бөгөөд Цэцгээ гэдэг эгчийг хайж очсон...Би ороод “...танай энэ хавьд Цэцгээ гэх айл хаана байдаг вэ?” гэж асуусан. Тэгэхэд надад тэр айлын эгч “...мэдэхгүй ээ Манайх саяхан нүүж ирсэн айл” гээд мөн “...таних айл байхгүй юм бол хоноод яваа” гэж хэлсэн...Удалгүй гаднаас тэр ахын 2 найз нь бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Орж ирэхдээ тухайн хүмүүс орж ирээд 1 ширхэг Соёрхол нэртэй 0,75 литрийн архи, 1 ширхэг Ерөөл нэртэй 0,5 литрийн архи, 1 ширхэг Ерөөл нэртэй 0,75 литрийн архи тэгээд 2 ширхэг том савтай Сэнгүр нэртэй пиво авчирсан байсан. Тэгээд тэр айлын эхнэр нөхөр болон гаднаас орж ирсэн ах эгч нар 4-лээ нийлээд авчирсан архийг ууж эхэлсэн...Эхнэр нь намайг “...хоночихоод яв гээд “...хажууд суучих гэж” хэлсэн. Тэгээд би тэр айлын эгчийн хажууд суугаад байж байтал тэр айлын эгч, ах 2 намайг “...уучих уучих” гээд архи өгөөд шахаад байсан. Надад архинаасаа 3 удаа хийж өгөхөд би амссан болоод л буцаагаад өгсөн. Харин пивоноосоо 2 удаа хийж өгөхөд нь би нэгийг нь уугаад 2 дахыг нь уугаагүй буцаагаад өгсөн...Тэгээд би “...явлаа гэсэн чинь нөхөр нь надаас “...бичиг баримтаа үзүүл” гэхээр нь “...надад байхгүй гэртээ орхисон” гэсэн чинь “..тэгвэл баримт болох өөр юм үлдээ, эсвэл биенд чинь мэдрүүлэх үү” гээд сонин сонин юм асуугаад явуулахгүй байсан...орон дээр хэвтээд хөнжил нөмрөөд байж байтал гэнэт тэр айлын нөхөр нь миний хөнжлийг доороос нь татсан бөгөөд би сандраад хөлөө дээш нь хураагаад татахад миний дээш татсан хөл дээгүүр тэр ах алцайгаад зогсчихсон байсан...нөхөр нь “...хөөе гичий минь босоод ир” гээд намйайг зүүн гарын цамцнаас татаад ... өвдөг хэсгээр нарийн уяагаар хүлэхээр нь би хөлөө татаад босоод суухад миний цамцнаас татаж байгаад нүдний орчим болон хамар хэсэгт минь гараа зангидаж байгаад 2 удаа цохисон. Энэ үед миний хамарнаас цус гарч байсан ба би “...туслаачээ” гээд хашхираад уйлахад эхнэр нь сэрээд “...болиочээ” гээд нөхрийгөө татсан...Би тэр үед “...хүмүүсээ туслаачээ” гээд хашхирч байх үед миний зүүн талд орон дээр байсан охин нь сэрээд “...ааваа болиочээ. Аниаг явуулалдаа” гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р хуудас/,
Хохирогч Б.Золбоогийн: “...би нөхөр 2 хүүхдийн хамтаар нүүрс тээвэрлэлтийн 3-р зогсоол дээр амьдардаг бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 259-ний орой 22 цагийн орчимд...манайд нэг танихгүй охин ороод ирсэн ...удалгүй гаднаас Өлзий, Мөнх-Эрдэнэ болон ажлынх нь газрын 1 залуу бас хамт орж ирсэн. Тэгээд тэд нар 2 шил архитай ирсэн байхаар нь манай нөхөр болон би тэр архийг хувааж уусан. Тэр охин бас хамт ууцгаасан.... Унтаж байтал хүмүүс чанга дуугараад хоорондоо муудаад байхаар нь сэртэл манай нөхөр тэр охин 2 муудаад байх шиг байсан... намайг унтсан хойгуур л нөхөртэй минь юм ярьж сууж байгаад манай нөхөр “тийм юм байхгүй, би биеэрээ төлчих үү ахаа” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь л манай нөхөр уурласан байх... намайг сэрэхэд тэр охин уйлаад л сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн: “....тухайн өдөр цагийг нь мэдэхгүй байна, хнд зодуулчихсан гээд нэг эмэгтэй ирсэн. Үзлэг хийхдээ ерөнхийдөө хамар яс хавдаж хөхөрсөн, баруун тал руу мурийсан, зүүн нүд хацар луу хавдаж хөхөрсөн, хүзүүний урд талд маажиж, нидэрсэн улайсан байдалтай байсан. Мөн олгой жоохон хаванжсан байдалтай байсан... тухайн үед эрэгтэй хүн гэр дотроо дайрсан, цохисон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаартай “С.Цэрэнчимэдийн биед тархи доргилт, хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн бугалга, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. С.Цэрэнчимэдийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Цэрэнчимэдийн биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч В.Гантулга нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 29-ний шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг, нүүрс тээврийн 3 дахь километрт байрлах гэртээ байхдаа С.Цэрэнчимэдтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч В.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч С.Цэрэнчимэд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 149,050 төгрөгийн баримт ирүүлсэн. Шүүгдэгч В.Гантулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар завсарлага авч хохирол төлбөрт 150,000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй. Харин хохирогч С.Цэрэнчимэд нь эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд 2,000,000-2,500,000 төгрөг нэхэмжилж байна гэж байгаа ч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч В.Гантулгын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч В.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Цэрэнчимэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хавтаст хэргийн хүрээнд 149,050 төгрөгийн баримт хэрэгт авагдсаныг шүүгдэгч В.Гантулга бүрэн төлж барагдуулсан. С.Цэрэнчимэдийн эрүүл мэндэд гэмтэл учруулснаас цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. В.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч В.Гантулга анх удаа тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. С.Цэрэнчимэд нь шөнө оройн цагаар “Хүнтэй муудаад орж ирлээ, унтах айл байхгүй” гэж орж ирэхэд нь В.Гантулга хаяг нь тодорхойгүй хүнийг гэрээсээ гар гэсэн шаардлага тавьсан байдаг. Шаардлага тавихдаа буруу хэлсэн асуудал байдаг. Шаардлага тавьсны улмаас С.Цэрэнчимэдийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байгаа. Учирсан хохирлыг төлсөн. В.Гантулга эхнэр, 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг. Иймд хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч В.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч В.Гантулгад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Гантулгад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Ваанчиградвангийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч В.Гантулгад 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хохирогч С.Цэрэнчимэдийн эмчилгээний зардалд 2.500.000/ хоёр сая таван зуун мянга/-н төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч нь хохирогч С.Цэрэнчимэдэд хохирол төлбөрт 150,000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Гантулгын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА