| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2021/0011/З |
| Дугаар | 123/ШШ2021/0017 |
| Огноо | 2021-07-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 123/ШШ2021/0017
2021 оны 07 сарын 05 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2021/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ТӨҮГ,
Хариуцагч: Та, З сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: М ТӨҮГ-ын эзэмшлийн Та З сумын нутагт орших XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөөг Та З сумын Засаг дарга Л.А батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх талбайнуудын Байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөөг батлахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Та З сумын Засаг дарга Л.А, түүний өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
М ТӨҮГ-ын захирал Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М ТӨҮГ нь өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг жил болгон батлуулж ирсэн бөгөөд Та З сумын нутаг дэвсгэрт орших XV-0205218 XV-0205238 XV-020580 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасны дагуу 2020 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж Та З сумын Засаг даргаар хянуулан батлуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2837 тоот албан бичгээр хандсан боловч ямар нэгэн албан бичгээр одоо болтол хариу ирүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны Засаг дарга болох Төв аймгийн Засаг дарга Д.М 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/3021 тоот, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/97 тоот албан бичгүүдээр гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот албан бичгээр сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал тул чиглэл өгөх боломжгүй гэсэн хариуг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Та З сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38.2 Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь М ТӨҮГ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд М ТӨҮГ-ын зүгээс Галтын талбай нэртэй XV-020521, Урт сайр нэртэй XV-020523, Хашаат Овоот Даваат нэртэй XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын Байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөөг боловсруулан, хянуулан батлуулахаар Төв аймгийн Заамар сумын Засаг дага Л.Амгаланбаярт удаа дараа хандаад байгаа бөгөөд ямар нэгэн хариу албан бичиг ирүүлээгүй нь Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.. гэсний дагуу хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан баталж өгөлгүй өдийг хүрсэн үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улсаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухай захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэсний дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөөг Та З сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нь батлахгүй байгаа нь эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх талбайн Байгаль орчныг хамгаалах 2021 оны төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ТӨҮГ нь өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг жил болгон батлуулж ирсэн. М ТӨҮГ-ын зүгээс Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн Алт хөтөлбөрийн хүрээнд энэ үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь үйл ажиллагааг 45 жилийн туршид явуулж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар юм. М ТӨҮГ-ын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Шижир алт алтны үйлдвэр дээр иргэдийг ажлын байраар хангадаг, мөн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр дээр байгаа албан хаагчдыг ажлын байр, орон байраар үнэ төлбөргүй хангаж байгаа. Тухайн орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд нэн тэргүүнд худалдан авах төлөвлөгөөг баталж, худалдан авах ажиллагааг хийдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд бусад байгууллагуудтай хамтран ажилладаг гэдгийг хэлмээр байна. Та З сумын Засаг дарга Л.Амгаланбаяртай нийгмийн хариуцлагын гэрээг жил болгон хийдэг. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын хувьд яагаад Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө-г батлахгүй байгаа талаараа ганц шалтгаан хэлдэг. Сумын болон аймгийн тусгай хамгаалалтын газарт давхцуулж олгосон. Мөн ард иргэдийн, малчдын бэлчээр хомс, байгаль орчныг сүйтгэж байна гэдэг. Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө-г 10 хоногийн дотор Засаг дарга хянаж үзээд өөрчлөлт орох юм бол өөрчлөлт оруулах саналаа тусгаад батлах ёстой. Тэгэхээр манайх бүхэл бүтэн 2021 оны төлөвлөгөөгөө батлуулах гэж явсаар 7 сар гарчихлаа. Хайгуулын ажил хийх нь улирлын шинж чанартай ажил байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл авснаараа шууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Та З сумын Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл авснаараа шууд л олборлолт хийх гэж байгаа юм шиг ойлгоод байж болохгүй. Яагаад гэхээр бид нар эхлээд тооцоо хийнэ, нөөцөө тогтооно, Эрдэнэс баялгийн зөвлөлөөр орж хамгаална. Тэнд үнэхээр ашиггүй байх юм бол бид нар заавал ухах гээд байгаа зүйл байхгүй. Мөн 2019 оны Байгаль орчиныг хамгаалах төлөвлөгөө дээр шүүхдэлцсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар энэ төлөвлөгөө дээр гарын үсэг зуруулсан. 2020 оных явж байгаа. Одоо 2021 оных нь ингээд шүүхээр явж байна. Шат дараалалтай үйл ажиллагааг алдагдуулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг доголдолтой ажиллах, цаашдын стратеги төлөвлөгөөг батлуулах ажлууд хийгдэхгүй байна. Тэгэхээр манай байгууллагын эрх, ашиг сонирхол хөндөгдөж эхэлж байна. Яагаад хөндөгдөж эхэлж байна вэ гэхээр тухайн төлөвлөгөөнд тусгагдсан төсөв мөнгө нь он дуусангуут хураагдаад дараа дараагийн төлөвлөгөөг тавьж байгаа. Иймд М ТӨҮГ-ын зүгээс Галтын талбай нэртэй, Урт сайр нэртэй, Хашаат овоо нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн Байгаль орчин хамгаалах 2021 оны төлөвлөгөөг хянуулан батлуулахаар Та З сумын Засаг дарга Л.Амгаланбаярт хандсан боловч батлахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, баталж өгөхийг даалгаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. гэжээ.
Хариуцагч Та З сумын Засаг дарга Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1.Ашигт малтмал кадастрын хэлтсээс 2016 оны 4, 5 саруудад XV-020521 дугаартай тусгай зөвшөөрлөөр Галтын талбай нэртэй газар 1885.25 га газар, XV-020523 дугаартай тусгай зөвшөөрлөөр Урт сайр нэртэй газар 144.84 га газар, XV-020520 дугаартай тусгай зөвшөөрлөөр Цагаан галт болон Цэцэг мандалд 554.61 га газар, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлөөр Хашаат овоот даваат нэртэй газар 2585.85 га газар, нийт 5171.37 га газрыг М ТӨҮГ-т олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрлийг олгосны улмаас тус сумын уугуул малчин иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал түүний бэлчээрийн талбай хомстож тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, байгаль орчны унаган төрх алдагдах, гол горхи, булаг шанд ширгэх зэрэг олон сөрөг хүчин зүйлээр нөлөөлж болзошгүй тул малчин иргэд дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хэрэг үүсгэн шалгаж байна. Өнөөдрийн байдлаар уг маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байна. Мөн нэхэмжлэгч нараас Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг өгсөн бөгөөд актын биелэлтийг шүүх хэрэв түдгэлзүүлбэл М ТӨҮГ-ын 2021 оны байгаль орчны төлөвлөгөөг Засаг даргаас батлах боломжгүй нөхцөл байдал бий болно. Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий тусгай зөвшөөрөл болох М ТӨҮГ-т олгосон 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дугаартай шийдвэр, мөн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэр нь хууль ёсны эсэхийг шүүхээс шалгаж байх үед байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Та З сумын Засаг даргад даалгах... шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэд XV-020521, XV-020523, XV-020520, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрөл нь хууль бус, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж, магадгүй шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд уг тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсноор М ТӨҮГ-ын байгаль орчны төлөвлөгөөг батлах шаардлага байхгүй билээ. Гэтэл маргаантай үед компанийн тусгай зөвшөөрлийн байгаль орчны төлөвлөгөөг Засаг дарга батлах нь иргэдийн шүүхэд гомдол гаргах эрхийг үл хүндэтгэсэн, мөн шүүхийн шийдвэрийг зөрчсөн хууль бус үйлдэл болно. Харин шүүх хэрэв иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болж, компани хуульд заасны дагуу хүсэлтээ өгч Засаг даргаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахад саадгүй билээ. Иймд дээрх тусгай зөвшөөрлийн талаарх маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй үед уг тусгай зөвшөөрлийн дагуу аливаа үйл ажиллагаа явуулах, Засаг даргаас маргаантай тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.М ТӨҮГ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлт хүргүүлсэн атлаа шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 болон 54.1.8-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасны дагуу Засаг даргын эс үйлдэхүй дээр компани гомдолтой бол тухайн үед дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргад хуулийн хугацаанд гомдолоо гаргах, эсхүл шүүхэд эс үйлдэхүй гаргаснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах байсан. Гэвч нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 54.1.3, 54.1.8-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж байна.
3.М ТӨҮГ-т тусгай зөвшөөрөл олгосон дээрх шийдвэрүүд нь нэхэмжлэгч малчин иргэд болох Н.Батсанаагийн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт өвөлжөөний зориулалтай авсан газартай, нэхэмжлэгч Ж.Батхөлөгийн мөн сумын нутагт өвөлжөөний зориулалтай авсан газартай давхцуулж тусгай зөвшөөрөл олгосон байна.
4.Төв аймгийн Заамар суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас гол мөрөн ширгэж, байгаль орчин сүйдэж, байгалын унаган төрх алдагдаж, нутгийн малчин иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болсон, нийт газар нутгийн 75 хувьд нь лиценз олгосон зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай тогтоолын 1-р хэсэгт ...Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авч, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж, мөн Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын 1 дэх заалтаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодсон газраас бусад нийт 244.676.4 га газар нутгийн 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, улсын кадастрын бүртгэлд хамрагдсан болно. Гэтэл Төв аймгийн болон Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр урьд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж, Ашигт малтмал, кадастрын хэлтсээс 2016 оны 4, 5 дугаар саруудад XV-020521 дугаартай тусгай зөвшөөрлөөр Галтын талбай нэртэй газар 1885.25 га газар, XV-020523 дугаартай тусгай зөвшөөрлөөр Урт сайр нэртэй газар 144.84 га газар, XV-020520 тоот тусгай зөвшөөрлөөр Цагаан галт болон Цэцэг мандалд 554.61 га газар, XV-0205580 тоот тусгай зөвшөөрлөөр Хашаат овоот даваат нэртэй газар 2585.85 га газар, нийт 5171.37 га газрыг М ТӨҮГ-т олгосон нь хууль бус байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж М ТӨҮГ-ын 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдгээр 3 тусгай зөвшөөрлийн хувьд журмыг зөрчсөн, хууль бус лиценз байгаа. Тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн орон нутгийн иргэдийн хурлаас нь санал авдаг журамтай байтал санал аваагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг тусгаж өгсөн. Тусгай зөвшөөрөл нь тухайн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх ёстой. Гэтэл М ТӨҮГ-т олгосон газар нь Төв аймгийн Заамар сумын Иргэдийн хурал, Төв аймгийн Иргэдийн хурал нь 2015 онд тусгай хэрэгцээнд авсан байдаг юм. Ер нь Төв аймгийн Заамар суманд маш ихээр газар олгосонтой холбоотойгоор байгаль орчин ихээр сүйдэж байна, гол горхи ширгэж байна, байгалийн унаган төрх алдагдаж байна, нутгийн малчин иргэдийн мал бэлчих бэлчээрийн талбайгүй болсон. Ийм тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зарим газар нутгийн аймгийн тусгай хэрэгцээнд шинэчлэн авах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын 1 дэх хэсгээрээ Төв аймгийн Заамар сумын газар нутгийг бүхэлд нь тусгай хэрэгцээнд аваад дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Төв аймгийн Заамар сумын Иргэдийн хурал 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж газрыг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолоор өмнө нь тусгай зөвшөөрөл олгож байснаас бусад газар буюу нийт 244.676,4 га газрыг 15 жилийн хугацаатай орон нутгийн хэрэгцээнд аваад үүнийг бол Ашигт малтмалын кадастрын хэлтсээс бүртгэлд хамрагдсан байдаг юм. Гэтэл Ашигт малтмалын газраас 2016 онд Төв аймгийн Заамар сумын Галтын талбай, Урт сайр, Цэцэгт мандал, Хашаат овоо гэх газруудад 3 тусгай зөвшөөрөл бүхий 5.171,37 га газрыг М ТӨҮГ-т олгосон. Эдгээр тусгай зөвшөөрлүүд нь хууль бус юм. Сумын Засаг дарга нь тухайн жилийнхээ өмнө Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө-г батална гэж Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан байгаа. Гэхдээ Засаг дарга шууд батална гэсэн зүйл байхгүй. Тусгай зөвшөөрөл нь хууль бус, маргаантай байх юм бол Засаг дарга татгалзах эрхтэй. Яагаад хууль бус байна гэхээр орон нутгаас санал аваагүй, орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцуулаад олгочихсон. Хэсэг иргэд нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад маргаан үүсчихсэн явж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т Засаг даргатай хамтарч төлөвлөгөөг боловсруулдаг гэж заасан. М ТӨҮГ-ын хувьд Засаг даргатай нийлж төлөвлөгөөгөө боловсруулаагүй юм. Өөрөөр хэлбэл бэлэн төлөвлөгөөг оруулж ирдэг, нэг хүсэлт өгөөд шийдэж өгөхгүй бол шүүхэд өгчихнө гээд л явчихдаг ийм асуудал байгаа. М ТӨҮГ-ын хүмүүс өөрсдөө орж ирээд албан ёсны шаардлага тавиад цуг боловсруулъя, таны санаа оноо юу байна гэж ажиллаагүй. Хүсэлт өгөөд шийдэхгүй бол шүүхэд өгдөг ийм л зүйл сүүлийн үед болоод байгаа. Засаг дарга бол иргэдээсээ сонгогдсон, Иргэдийн хурлын тэргүүлэгч хүн учраас иргэдийнхээ талд л байгаа. Энэ дээр бол компанийг хохироогоод байгаа хууль бус эс үйлдэхүй бол байхгүй. Иргэдийн эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан үүсгээд явж байгаа. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх шийдээгүй. Ингээд маргаантай байгаа учраас эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Бодитой факт байгаа болохоор энэ тусгай зөвшөөрлийг хууль бус гэж маргахаас илүү нөгөө 2 иргэний маргаан дээр энэ асуудлаар маргана. Мөн сая өнгөрсөн 7 хоногт М ТӨҮГ-т олгосон газар нь тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа гэсэн үндэслэлээр Засаг дарга хамтран хариуцагчаар оролцох гэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны байгууллага нэхэмжлэл гаргах эрхийг олгочихсон. 7 дугаар сард Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчид хурлаа хийх гэж байна. Газрыг тусгай хэрэгцээнд авах чинь Монгол улсын Үндсэн хуульд заасан эрх шүү дээ. Өмнөх шүүх хуралдаанууд дээр М ТӨҮГ-ын зүгээс Монгол улсын Засгийн газраас олгосон гээд байнга яриад байдаг. Энэ компанид яагаад газар олгогдсон бэ гэхээр өмнө нь урт нэртэй хууль гараад энэ хуульд тусгай зөвшөөрөл нь хамрагдаад нөхөн олговор олгох байтал оронд нь бялуу хувааж байгаа юм шиг Төв аймгийг онцлоод Заамар суманд олгодог. Төв аймгийн Заамар сумын иргэд шүүх дээр ирээд уйлж байсныг телевизороор харж байсан уу, үгүй юу, бид нар малаа нядлаад Улаанбаатар хот руу нүүх үү, эсхүл өөр аймаг руу нүүх үү, яах уу, Монголын төр яагаад Төв аймгийн Заамар сумын иргэдээ үл тоодог юм бэ, бид нар хэдэн үеэрээ малаа маллаад амьдарч байна, бидэнд үлдсэн ганц тэгш газар нь энэ гэж хэлж байсан. Батхүлэг, Батсанаа гээд хэд, хэдэн иргэдийн өвөлжөөний газартай нь давхцуулаад олгочихсон. Энэ чинь өөрөө хууль бус лиценз байгаа. Хэрвээ энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх шийдээд нэхэмжлэлийг хангачих юм бол юун төлөвлөгөөг батлах тухай асуудал яригдана. Төв аймгийн Иргэдийн хурал чинь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шүү дээ. Засгийн газар байна уу, Улсын Их Хурал байна уу, Төв аймгийн Заамар сумын бүрэн эрх рүү халдах эрх байхгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлээр эрхийг нь олгосон байдаг. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын хувьд иргэдийнхээ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хүндэтгээд Ашигт малтмалыг тухай хуулийн дагуу зөвшилцөх ёстой байтал компани нэг ч удаа зөвшилцөөгүй. Засаг дарга дээр орж ирээд саналаа солилцоогүй. Төлөвлөгөө батал гэж тулгадаг. Тэгээд хариу өгөхгүй болохоор нь шүүхэд өгчихдөг ийм л жишиг тогтож байна. Зөвшилцсөн тухай нэг ч баримт байхгүй. Компани 100 хувь өөрөө хийж ирээд л зур гэж тулгадаг. М ТӨҮГ-ын хувьд төлөвлөгөөг батлуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргахын оронд төлөвлөгөөг хамтран боловсруулахыг даалгах гэж гаргасан бол зөв байсан гэж бодож байна. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эс үйлдэхүй бол байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч М ТӨҮГ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор М ТӨҮГ-ын ...XV-003595, XV-004211 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, тусгай зөвшөөрлийн нөхөх олговорт зориулж Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргад зөвшөөрч... шийдвэрлэсэн байна.[1]
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын Галтын талбай нэртэй газар 1885.17 гектар талбайд XV-020521 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг[2], тус сумын Урт сайр нэртэй газар 144.83 гектар талбайд XV-020523 дугаар тусгай зөвшөөрлийг[3], Хашаат овоот даваат гэх нэртэй газар 2585.65 гектар талбайд XV-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг[4] М ТӨҮГ-т тус тус олгосноор М ТӨҮГ нь XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болжээ.
М ТӨҮГ нь Заамар сумын нутагт байршилтай XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны менежментийн 2021 оны төлөвлөгөөгөө боловсруулан, уг төлөвлөгөөг батлуулахаар Заамар сумын Засаг даргад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2837 тоот албан бичгээр хүргүүлсэн.[5]
Нэхэмжлэгч М ТӨҮГ нь Төв аймгийн Заамар сумын Засаг даргын дээд шатны Захиргааны байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/240 дугаар албан бичгээр авсан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг зааж өгсөн байх бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах; 38.1.2-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах; 38.1.3.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах; гэж тус тус зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн 38.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулуулахаар хүргүүлэх үүрэгтэй.
Харин Засаг дарга энэ хуулийн 38.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар төлөвлөгөөнд тусгуулах, өөрчлүүлэх санал байгаа бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариу мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Энэ нь зөвшилцөж байгаа хэлбэр юм.
Заамар сумын Засаг даргаас дээрх төлөвлөгөөнд ямар санал хүргүүлсэн талаар шүүхээс тодруулахад[6] орон нутгийн иргэдээс саналыг авч тусган хамтран батлах саналтай байгаагаа мэдэгдсэн гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. гэж зааснаас үзвэл иргэд дээрх төлөвлөгөөг батлахад оролцох хууль зүйн үндэслэлгүй, Засаг дарга дангаараа хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч зөвшилцөх боломжийг олгоогүй, тулган шаардсан гэсэн тайлбар үндэслэлгүй.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуульд зааснаар сум, аймгийн Засаг дарга, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас санал авалгүйгээр, Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар, мөн иргэдийн өвөлжөөний газартай давхцуулан тусгай зөвшөөрлийг олгосон гэсэн үндэслэл нь тусгай зөвшөөрлийг анх олгосон ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрт хамааралтай.
Өөрөөр хэлбэл М ТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 359 дүгээр тогтоол[7], Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэр[8] хүчин төгөлдөр байна.
Мөн иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох тус хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй байх тул шүүх дээр маргаантай гэсэн үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэл хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Заамар сумын Засаг даргын эс үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5 ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй тул дээр дурдсан үндэслэлээр М ТӨҮГ-ын эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны 2021 оны менежментийн төлөвлөгөөг Та З сумын Засаг дарга Л.Амгаланбаяр батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх менежментийн төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгаж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,1, 38.1.3, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М ТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны 2021 оны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М ТӨҮГ-ын эзэмшлийн XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны 2021 оны менежментийн төлөвлөгөөг хянан батлахыг Та З сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨҮГ-т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ