Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0369

 

 

 

 

                                                                                        

 

 

 

 

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.З,

Нэхэмжлэлийн шаардлага: "УТЗ" ХНН-аас зарласан МЗХННУБТЗ/202302278 (УБТЗ/2023/НТШ/Б/87) дугаартай Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "УТЗ" ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "УТЗ" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, улсын орлого болгосон нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0224 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Хариуцагч УТЗ ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0101/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч УТЗ" ХНН-аас зарласан МЗХННУБТЗ/202302278 (УБТЗ/2023/НТШ/Б/87) дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах" тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "УТЗ" ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "УТЗ" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгож тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0224 дугаар шийдвэрээр:

 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.7.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-иас гаргасан "УТЗ" ХНН-ийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай 03/6296 дугаар албан бичгийн хуульд заасан хэмжээнээс илүү хураасан 15,324,325 төгрөгт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, илүү хураасан15,324,325 төгрөгийг нэхэмжлэгч Ч ХХК-д буцаан олгохыг даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1.      2024 оны 128/ШШ2024/0224 тоот шийдвэрээр Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн тул тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч багц тус бүрээр тооцон нэхэмжлэгчийн тендерийн баталгаанд байршуулсан 35.324.325 төгрөгийг бүхэлд нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж дүгнэн уг дүнгээс 15.324.325 төгрөгийг нэхэмжлэгч “Ч” ХХК-д буцаан олгохыг даалгасан байна.

            3.2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗаас МЗХННУБТЗ/202302278 дугаартай “Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах” 4 багц бүхий тендер шалгаруулалт зохион байгуулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 23.2-т “Тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол тендерийн баталгааг багц тус бүрээр ТШЗ-ны 23.1-д зааснаар ирүүлнэ” гэж заасны дагуу тус компани тендерийн баталгаа гаргаж оролцсон бөгөөд тус яаманд хандан гомдол гаргахдаа 4 багцтай холбогдуулж гаргасан болно.

            3.3. Сангийн яам дээрх тендер шалгаруулалтын 4 багцтай холбогдуулж “Ч” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгосон.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0224 тоот шийдвэрээр “Ч” ХХК-д буцаан олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            1.1. Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд "УТЗ" ХНН-аас зарласан МЗХННУБТЗ/202302278 (УБТЗ/2023/НТШ/Б/87) дугаартай "Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах" тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "УТЗ" ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "УТЗ" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгож тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа "УТЗ" ХНН-аас зарласан МЗХННУБТЗ/202302278 (УБТЗ/2023/НТШ/Б/87) дугаартай Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр болох "УТЗ" ХНН-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэр, Монгол улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6296 дугаартай "Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай" "УТЗ" ХНН-д хүргүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, улсын орлого болгосон нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах” гэж тодруулсан байна.

            1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт;”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”, 27.2.3-д “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:”, 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус заасан.

1.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗаас “Кейтерингд малын ястай мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах УБТЗ/2023/НТШ/Б/87 дугаар бүхий 4 багцтай тендерийг зарласанд нэхэмжлэгч Ч ХХК оролцож, захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 38/1308 тоот албан бичгээр “Ч” ХХК-ийн тендерээс татгалзаж, дахин тендер зарлахад “Мт” ХХК, “Ч” ХХК, “Эмм” ХХК-ууд оролцсон байна.

1.4. Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №2-01 хуралдааны тэмдэглэлээр “... Багц №1, 2, 3, 4-д “Эмм” ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлага хангасан тул үнэлгээний хорооны 7 гишүүн 100 хувийн саналаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер” гэж шийдвэрлэсэн байна.

            1.5. Захиалагчаас нэхэмжлэгч “Ч” ХХК-д 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 тоот албан бичгээр “... Ирүүлсэн материалд гэрээний хуулбар орчуулаагүй, гэрээ дүгнэсэн актын хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэснийг тус тус хангаагүй байна. Монгол хэл дээр ирүүлсэн 1 гэрээ нь гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, ТШЗ 13.1-т Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн байна.

            1.6. Захиалагчийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д “ижил төстэй гэрээний туршлага:2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ”  гэж, ТШЗ 13.1-т “Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ” гэж тусгайлан заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй болох нь тогтоогдсон байх тул хариуцагч тендерийн Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерт тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар хянан үзэж, нэхэмжлэгчийг тендерийн шаардлага хангаагүй гэж үзэж, мэдэгдэл хүргүүлсэн нь хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцсэн, анхан шатны шүүхээс “... Үнэлгээний хороо нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг үнэлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс 2 дахь удаагаа ирүүлсэн тендерийг үнэлж, шаардлага хангаагүй гэх дүгнэлтийг гаргасныг үндэслэн захиалагч нь тус компанийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд  ... заасантай нийцсэн, ... нэгэнт шаардлага хангаагүй тендер ирүүлсэн нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт, шийдлийг эс зөвшөөрч гомдол гаргаж маргаагүй байна.

            1.8. Нэхэмжлэгчээс захиалагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УТЗын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38/2807 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамнаас 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/6267 дугаар албан бичгээр “ тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэх хариуг өгсөн байна.

            1.9. Харин Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай” 03/6296 дугаар албан бичгээр “... гомдол гаргагчийн ... тендерийн баталгааны 15.673.600.00 төгрөг... , 6.675.020 төгрөг, ... 240.705 төгрөг ... , 12.735.00 төгрөгийг тус тус хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын ... дансанд төвлөрүүлэх”-ийг захиалагчид мэдэгдсэн байна.

            1.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно”, 20 дугаар зүйлийн 20.7-д “Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 20.7.3-д “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” 55 дугаар зүйлийн 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж тус тус хуульчилжээ.

            1.11. Иймд захиалагчаас зарласан тендер нь 4 багцтай хэдий ч нэг тендер гэж үзэх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтын дагуу Сангийн яамнаас гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгохдоо 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар хуульчилсан байхад нэхэмжлэгчийн багц тус бүрээр тендерийн баталгаа байршуулсан, нийт дүн нь 35,324,325 төгрөгийг бүхэлд нь улсын орлого болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч багц тус бүрээр тооцон нэхэмжлэгчийн тендерийн баталгаанд байршуулсан 35,324,325 төгрөгийг бүхэлд нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна, ... тухайн тендер нь багцад хуваагдсан боловч худалдан авах ажиллагааны хувьд нэг тендер шалгаруулалтын ажиллагаагаар явагдсан тул тендерийн баталгааг нийт дүнгээр тооцохоор байна, ... Сангийн яам нь хуульд заасан улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрүүлэн нийт 35,324,325 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... гомдол гаргахдаа 4 багцтай холбогдуулж гаргасан, ... Сангийн яам дээрх тендер шалгаруулалтын 4 багцтай холбогдуулж “Ч” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгосон” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ