Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00179

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир,

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямсүрэнгийн Энхтөрд холбогдох Эрүүгийн 201614000447 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

   1. Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум  Яргуйт баг, Овоотын 13-17 тоотод оршин суудаг, урьд

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

     - Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

     - Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих,

       - Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 11 хоногийн хугацаагаар хорих,

     - Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар хорих,

      - Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

      - Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Олгонууд овгийн Нямсүрэнгийн Энхтөр. /РД: ФБ85111179/

                                 Холбогдсон гэмт хэргийн талаар.

        Шүүгдэгч Н.Энхтөр нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран хас” дэлгүүрийн үүдэнд Б.Өнөрчимэгийн I Phone 6 plus загварын гар утсыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

           1. Шүүгдэгч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 09 сарын 21-нд 6-р микрийн ард архи уугаад зогсож байтал хохирогч эмэгтэйн гар утас халааснаас нь цухуйсан явж байсан. Тэгээд утсыг нь аваад зүс таних Анхбаяр гэдэг залууг утас авах уу? гэсэн чинь үзээд 60.000 төгрөг байна гээд авсан. Тэр мөнгөөрөө архи уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг дахиж гэмт хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэв.   

           2.  Хохирогч Б.Өнөрчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эмнэлэгт хүүхдийнхээ вакциныг хийлгэчихээд таксинд суугаад 6-18-р байрны 1-р орцны үүдэнд буусан. Тэгээд “Уран хас” дэлгүүр рүү явсан юм. Дэлгүүр орчихоод гарч ирэхэд утас маань байхгүй байсан. ... 6-18-р байрны гадаа буугаад дэлгүүр рүү явж байхад бор царайтай, дунд зэргийн нуруутай, уруулын дээд хэсэгт сорвитой, өтгөн биш шингэвтэр үстэй залуу араас дагаад байх шиг санагдсан. Таксинаас буухад утас маань байсан юм. ... Би 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн гар утсыг хэрэг бүртгэгчээс бүрэн бүтэн хүлээн авсан юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12 талд/

3. Иргэний нэхэмжлэгч Ё.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн ... 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Баян” худалдааны төв дотор явж байхад Энхтөр гэх залуу намайг утас авах уу? гэхээр нь ямар утас юм бэ? гээд асуутал Galaxy G7 гэж байсан. Тэгээд үзье гэтэл I Phone 6 plus байсан. Тэгээд юун утас юм бэ? гэж асуутал манай эгчийн утас гэж хариулсан. Тэгээд би хэдэд зарах юм гэтэл 500.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь надад тийм их мөнгө байхгүй, байгаа нь 60.000 төгрөг байна гэхэд за за авчих юм уухгүй бол шартаад явж байна гээд тэр утсыг надад зарсан. Би хулгайн утас гэж мэдээгүй мэдсэн, бол шууд цагдаагийн байгууллагад хандах байсан. Хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас яриад утсыг аваачиж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 талд/

               4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

              5. Далай ван аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 02/149 дугаартай, Iphone-6 plus маркийн гар утасны үнэлгээ 1 200 000 төгрөг гэсэн дүгнэлт,

             6. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Шүүгдэгч Н.Энхтөр нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран хас” дэлгүүрийн үүдэнд Б.Өнөрчимэгийн I Phone 6 plus загварын гар утсыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Өнөрчимэг, иргэний нэхэмжлэгч Ё.Анхбаяр  нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэв.

Шүүгдэгч Н.Энхтөрд холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл халдаах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Өнөрчимэг хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан. Нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгч Ё.Анхбаяр нь Н.Энхтөрөөс 60 000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй гэснийг тус тус дурьдав.

Шүүгдэгч Н.Энхтөр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 46 хоног  цагдан хоригдсон болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

           1. Шүүгдэгч Олгонууд овгийн Нямсүрэнгийн Энхтөрийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Энхтөрийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Энхтөрийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Энхтөрийн цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

          6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.