Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02285 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Х.Ч нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5 528 397 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б, Х.Ч нар нь Хтай 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1080023664 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, жилийн 25.20 хувийн хүүтэй, 10 400 000 төгрөгийг үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний барьцаанд NHW20-3557027 арлын дугаартай, Тоёота Приус маркын  автомашин барьцаалсан, гэрээнд Х.Ч хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй оролцсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нарт банкны зүгээс гэрээний үүргээ биөлүүлж, төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэн шаардаж байсан ч үүргээ биелүүлэх идэвхи санаачлага гаргалгүй 420 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөр үндсэн төлбөр 3 981 975 төгрөг, хүү 1 372 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174 393 төгрөг, нийт 5 528 397 төгрөгийг зээлдэгч Б.Б Х.Ч нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Х.Чод холбогдох шаардлагаас татгалзан, Б.Боос 5 528 397 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйл ажиллагааны доголдлоос болж зээл, хүүг тодорхой хугацаагаар төлж чадаагүй байгаа. Төлбөрийг төлсөн тохиолдолд Х үндсэн зээлээс хасахгүй, хүүний төлбөрөөс хасаад явдагт гомдолтой. Иймд хүү болон нэмэгдэл хүүг төлөх боломжгүй. Үндсэн зээлээс хасаад явах боломж байдаг. Манай үйл ажиллагаа ирэх хавраас эхлэнэ гэх таамагтай байгаа. Бид сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулахгүй зогссон болохоор төлж чадахгүй байгаа юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Боос 5 528 397 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х.Чод холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төлсөн 103 405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 103 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 10 400 000 төгрөг авсан бөгөөд нийт 9 310 000 төгрөг буцааж төлсөн. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг буцааж төлөх ёстой. Нэгэнт маргаан үүссэн тул хуульд зааснаар харилцан үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа тул хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан нөхцөлд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлнэ. Зээлийн төлбөрийн буцаан төлөлтийг тооцохдоо төлбөрийг эхний ээлжинд зөвхөн хүүгийн төлбөрт тооцдог байсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, төлбөрийн хэмжээнд үндэслэлгүйгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Б.Б, Х.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 528 397 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Чод холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Боос гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл Б.Б, Х.Ч нар 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Х” ХХК-тай 1080023664 дугаарын зээлийн гэрээ байгуулж, 10 400 000 төгрөгийг 365 хоногт 25.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, уг гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж “Тоёота приус” загварын автомашиныг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх8-11, 12-15/

 

Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх тэдгээрийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв болжээ. Түүнчлэн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх нь зээлдэгчийн үүрэг болохыг зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай холбон тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлэх нь зээлдэгчийн хариуцлага бөгөөд энэхүү үүргээ зөрчсөн шалтгаанаа үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэж тайлбарласан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

Зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг “Х” ХХК хүүд тооцож, үндсэн төлбөрөөс хасдаггүй байснаар Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэх агуулгаар хариуцагч давж заалдах гомдол гаргасан боловч 9 310 000 төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу гэрээгээр тохирсон хугацаанд төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул үүнийг бүхэлд нь зээлдэгчийн төлөх үндсэн зээлд тооцох боломжгүй.

 

Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зөрдөл, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэх зохицуулалт хамаарахгүй тул зээлдэгчийн эрх ашгийг хохироосон буюу хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 39 259 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА