Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00687

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 212/МА2020/00049 дүгээр магадлалтай,

*******ийн нэхэмжлэлтэй,

*******,*******т холбогдох 

Ажилгүй байсан хугацааны олговорт 7,178,184 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 709,855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.18-ны өдрийн 221/МА2019/0389 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019.10.23-ны өдрийн 341 дугаар тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд намайг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч миний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,060,280 төгрөгийг *******, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн байдлаар ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Гэхдээ миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхэлж 2019.12.17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулмаар байна. Миний бие сарын 897,273 төгрөг авдаг байсан ба үүнийг ажилгүй байсан хугацаа болох 8 сараар бодоход 7,178,184 төгрөг болж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7,178,184 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: *******ийн шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7,178,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөх дараах тайлбарыг гаргаж байна. *******ийн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаартай шийдвэрээр мэргэжилтний албан тушаалд томилж ажиллуулахыг даалгасан боловч ******* нь манай газарт ажиллаж байх хугацаандаа бусдаас авилга авч, улмаар үйлдэл нь нотлогдож Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн юм. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно, 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасны дагуу ******* нь манай газарт ажиллах эрхгүй болсон ба нэгэнт төрийн албанд ажиллах эрхгүй болсон ******* нь цалин хөлс нэхэмжлэх эрхгүй болно. Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, *******, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг ******* гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхээс тогтоосонтой холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хандана. Иймд дээрх үндэслэлээр *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7,178,184 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр маргаан бүхий орон тоо буюу аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажилласан хугацаанд албан тушаалын цалинд 540,033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 27,002 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 91,806 төгрөг, нийт 658,841 төгрөгийн цалин хөлс авдаг байсныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэхээр тогтоосны дагуу *******т 4,060,280 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж авахгүйгээр бүхэлд нь олгосон байна. ******* нь 709,855 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлөхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх ба манай газар нь 709,855 төгрөгийг *******т олгох үүрэг үүсээгүй болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу *******ээс шаардах эрхтэй. Иймд *******ээс 709,855 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Миний бие 2019.12.17-ны өдөр тус шүүхэд хандаж *******, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратад холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2019.05.17-ны өдрөөс 2019.12.17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 7,178,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчаас 2020.04.01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон ажилгүй байсан хугацааны цалингийн олговор болох 4,060,280 төгрөгөөс 709,855 төгрөгийн татварын болон шимтгэлийн суутгал хийлээгүй байна хэмжээн үзэж уг 709,855 төгрөгийг надаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Миний бие хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж авсан нь үндэслэлгүй байна. Тэгээд ч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг буюу шүүхийн шийдвэрийн дагуу цалин биш цалингийн олговор авсан юм. Өөрөөр хэлбэл, цалингийн олговроос аливаа суутгал хийгдэх ёстой байсан талаарх нотлох баримт авагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Хэрэв татгалзах боломжгүй гэвэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан *******, аялал жуулчлалын газраас 4,611,887 төгрөгийг гаргуулан Даниялын Айбект олгож, илүү нэхэмжилсэн 2,566,297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******, аялал жуулчлалын газрын *******ээс 709,855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,801 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******, аялал жуулчлалын газраас 88,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 212/МА2020/00049 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4,611,887 төгрөгийг гаргуулан гэснийг 4,382,048.00 төгрөгийг гаргуулан гэж, 2,566,297 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг 2,796,136.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Хариуцагч *******, аялал жуулчлалын газрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 25.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн төлбөл зохих хувь хүний орлогын албан татварт 250.047.00 төгрөгийг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1 дэх заалтыг баримтлан нийгмийн даатгалын шимтгэлд төлбөл зохих 459.008 төгрөгийг, нийт 709.855.00 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулж хариуцагч *******,*******т олгож, хуульд заасан үүргийнхээ дагуу зохих дансанд тус тус шилжүүлэхийг хариуцагчид үүрэг болгосугай. гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,801 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******, аялал жуулчлалын газраас 85,062.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 21,586.00 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэр болон Баян-өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 212/МА2020/00049 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх гомдлын зарим хэсгийг хангаж, манай байгууллагаас 4,382,048 төгрөгийг гаргуулж, *******т олгуулахаар шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд 2017.02.03-ны өдрөөс 2018.10.12-ны өдөр хүртэл ажиллаж байсан нэхэмжлэгч ******* нь бусдыг ажилд томилох шийдвэр гаргасны төлөө 2017.12.25-ны өдөр 3 сая төгрөг, 2018.01.05-ны өдөр 1 сая төгрөг, нийт 4 сая төгрөгийн хахууль авсан болох нь Баян-өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаар тогтоолоор тогтоогдсон. ******* нь төрийн алба хааж байх хугацаандаа гэмт хэрэгт үйлдсэн, үүнийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэх боломжгүй байсан. Хэрэв захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн бол *******ийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байсан. Тиймээс гэмт хэрэгт үйлдсэн *******ийн төрийн алба хаах, төрийн албан хаагчийн хувьд эдлэх эрх хамгаалагдахгүй. Түүнийг шүүх хамгаалж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно: 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх; 47 дугаар зүйлийн 47.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасныг зөрчиж байна. Уг Төрийн албаны тухай хуулийн 22.1, 22.1.3, 47.1, 47.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэлгүйгээр хэрэглээгүй. Шүүхийн шийтгэх тогтоол нь 2019.12.06-ны өдөр гарч байгаа хэдий ч ******* нь 2017.12.25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилогдох, цалин хөлс авах эрх үүсэхгүй. *******г цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчиж байгаа ба уг хуулийг хэрэглэх ёстой байсан боловч давж заалдах шатны шүүх хэрэглээгүй. 2017.12.25-ны өдөр албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ажлаас халагдах үндэслэл бүрдсэн *******т цалин хөлс олгож байгаа нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчмыг зөрчсөн. Иймд Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэр болон Баян-өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 212/МА2020/00049 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь **************т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 7,178,184 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... 709,855 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх *******, аялал жуулчлалын газраас 4,611,887 төгрөгийг гаргуулан *******т олгож, 2,566,297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас 4,382,048 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж нийт 709.855 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулж, хариуцагч *******,*******т олгож, хуульд заасан үүргийнхээ дагуу зохих дансанд тус тус шилжүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь ...Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 110/ШШ2019/0030 шийдвэрээр *******, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулаагүй тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд намайг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, миний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,060,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байх ба ажил олгогчоос уг шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гарсан өдрөөс хойш 2019.12.17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулна гэж үндэслэлээ тайлбарласан байна.

Хариуцагч нь ...******* нь захиргааны хэргийн шийдвэрээр аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажилласан хугацаанд албан тушаалын цалинд 540,033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 27,002 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 91,806 төгрөг, нийт 658,841 төгрөгийн цалин хөлс авдаг байсныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэхээр тогтоосны дагуу *******т 4,060,280 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж авахгүйгээр бүхэлд нь олгосон байх тул түүнээс 709,855 төгрөгийг гаргуулна гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ түүний ажилгүй байсан хугацааг тооцохдоо алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 2019/ШЦТ/188 шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэн гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 5,600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

*******т холбогдуулан шүүхийн дээрх шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй холбоотой эрхийг түдгэлзүүлсэн эсэх талаар ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс ... ******* нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор авлигын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан гэм буруугийн зарчмыг удирдлага болгон түүнийг уг шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг авах, энэ талаар шүүхэд мэдүүлэх эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 110/ШШ2019/0030 шийдвэр гарсан өдрөөс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 2019/ШЦТ/188 шийтгэх тогтоол гарсан хугацаа буюу нийт 6 сар ажлын 14 хоногоор тооцож, олговорт 4,382,048 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,796,136 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.2-т нийцжээ.

  Хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, *******т 2019.12.25-ны өдөр 4,060,280 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлөхдөө нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын татварыг суутгалгүйгээр шилжүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч *******ээс хүн амын орлогын албан татварт 250,047 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 459,008 төгрөг, нийт 709,855 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 212/МА2020/00049 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД