Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 164

 

“Эрдэнэт баптист сүм” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ядамсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0084 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, “Эрдэнэт баптист сүм” ТББ-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт баптист сүм” ТББ-ын “Орхон аймгийн  Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаартай захирамжийн “иргэн Т.Жаргалсайханд холбогдох хэсэг”, “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ыг  тус тус хүчингүй болгуулах, “үйлчилгээний барилга барих архитектурын төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах” үндсэн шаардлага, “эвдэрч сүйдсэн хашаа, зам, талбай, зүлэг, модны 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн бодит хохирол гаргуулах” тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0084 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.2...” гэсний дараа “...Барилгын тухай хууль /2008 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 5 дугаар сарын 07-ны "30/15" тоот "Архитектур төлөвлөлтийн даалгавар", Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн "Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл" зэргийг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4 болон 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаанд дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй.

Т.Жаргалсайханы барилгад олгосон Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 5 дугаар сарын 07-ны "30/15" тоот "Архитектур төлөвлөлтийн даалгавар", Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн "Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл"-ыг "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" БНбД 23-04-07 батлагдсан бөгөөд тус норм ба дүрмийн 3.1-д нийцэж буй эсэх талаар шүүх өөрөө холбогдох дүрэм журмаа хэрэглэж дүгнэлт өгөөгүй бөгөөд зөвхөн "Барилгын хөгжлийн төв"-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд дурдсан "энэхүү барилгын норматив баримт бичгийг зөрчихгүй байна" гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн шууд үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл дээрх норм ба дүрмийг өөрөө хэрэглэж дүгнэлт хийлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч өөрийн барилгын баруун зүгт харсан өрөө тасалгаануудад нарны тусгал үзэхгүй боллоо гэж маргаж байхад Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд шинжилгээний дүгнэлт гаргахдаа барилгыг бүхэлд нь авч үзэж бүх талаас нь тусах нарны тусгалыг тооцож дүгнэлт гарган ирүүлсэн. Гэтэл шүүх дээрх дүгнэлтийг шууд авч шийдвэрийнхээ үндэслэл болгосноор Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" БНбД 23-04-07-ын 3.1 дэх заалтад тодорхойлсон заавал тусах нарны тусгЖарал барилгын өрөө тасалгаа тус бүрт хангагдахаар заавал биелүүлэх байдлаар нормчилсон эсэх, эсвэл нэг бүхэл барилгад бүхэлд нь авч үзэх эсэх талаар норм ба дүрмийн заалтад тулгуурлан дүгнэлт хийсэнгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Т.Жаргалсайханы барилгыг "Эрдэнэт баптист сүм"-ын барилгатай хэт ойртуулан төлөвлөж зөвшөөрөл олгосон нь Хот тосгоны барилгажилтын норм ба дүрэм БНбД 30,01,04-ын 2.11-д заасан "2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй төлөвлөнө" гэж заасныг зөрчсөн байна гэж маргаж байхад дээрх стандартын тус заалт зөрчигдсөн эсэх талаар огт шийдэл гаргаж өгөөгүй.

Мөн “ГМОНМОН” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн "Дүгнэлт хүргүүлэх тухай" шинжээчийн дүгнэлтийн "барилгын зайн талаарх хэмжилтийн дүгнэлтийг" дээрх норм ба дүрэмтэй харилцуулан үнэлэлт өгөөгүй.

2. "Эрдэнэт баптист сүм" ТББ-ын өөрийн байшингийн баруун талд "иргэн Т.Жаргалсайханы барилга" баригдсанаар баруун талын өрөөнүүд нарны тусгал үзэхгүй улмаар "хүн эрүүл аж төрөх амьдрахад саад учруулж өөрийн байшингийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байна” гэж маргаж байгаа. Тус асуудлаар хоёр өөр үр дүн бүхий шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх маргаан бүхий захиргааны акт хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлаар хууль сануулж шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт хоорондоо шууд зөрчилдсөн эсрэг утга бүхий дүгнэлт ирсэн тул түүнийг нэг мөр болгох талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу дахин шинжилгээ хийлгэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д заасан мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч "Эрдэнэт баптист сүм" ТББ нь нэхэмжлэл гаргахдаа "Манай барилгын баруун талд иргэн Т.Жаргалсайханы 4 давхар барилга баригдаж байгаа нь манай барилгын баруун тал руу харсан цонхнуудыг нарны тусгал үзэхээргүй болгож байгаа нь холбогдох хууль, тогтоомж стандарт зөрчлөө" гэж маргаж байгаа.

Дээрх байдлаар мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа эсрэг утга бүхий хоёр шинжээчийн дүгнэлтийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн "Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн маргааныг шийдвэрлэснээ шийдвэртээ "Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтийг b хэсэгт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын барилга хоорондын зайнаас хамааруулж нарны тусгал нь "Орон сууц олон нийтийн барилга, сууцны барилгажилтийн бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07-ийн 3.6-д заасан шаардлагыг хангахгүй байгаа нь хүний үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй төлөвлөлт гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч барилга хоорондын зайгаар нарны тусгалыг тооцсон нь эргэлзээтэй, нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг програмаар Барилгын хөгжлийн төв тооцдог гэж тайлбарласан учраас шүүх энэ талаар дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Барилгын хөгжлийн төв шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа бодит байдал дээр, программ хангамжийн тусламжтайгаар нарын тусгалын үргэлжлэх хугацааг тодорхойлсон учраас уг шинжээчийн   дүгнэлтэд   үндэслэн   шүүх   гуравдагч   этгээд   Т.Жаргалсайханы барилга нэхэмжлэгч "Эрдэнэт баптист сүм" ТББ-ын барилгад тусах нарын тусгалыг хаасан гэж үзээгүй болно" гэсэн нь дүгнэсэн нь бодит үндэслэл түүнийг нотлох баримтгүйгээр "Булган аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтийг" үгүйсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн байна.

Мөн "Барилгын хөгжлийн төв" нь "иргэн Т.Жаргалсайханы барилгын “Гандирс орд" ХХК боловсруулсан зураг төсөлд" 393/2016 тоот магадлалын ерөнхий дүгнэлт хийж байсан тухайгаа шинжээчийн дүгнэлтэд дурджээ. Иймээс Барилгын хөгжлийн төв нь энэ асуудлаар өмнө дүгнэлт хийсэн бөгөөд маргаан бүхий харилцаанд оролцогч, ашиг сонирхлын зөрчил бүхий байх тул өмнө гарсан өөрийн шийдвэрийг бататгах, хамгаалах зорилгоор шинжээчийн дүгнэлтийг дээрх байдлаар гаргасан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа бөгөөд "шинжээчийн хөндлөнгийн байх" нөхцөл хангагдахгүй байгааг шүүх нотлох баримт бүрдүүлэх, үнэлэхдээ харгалзаагүй.

3. Шүүхийн шийдвэрт "нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй" гэж бичжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч миний биеийг ирснийг мэдсээр байж "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй" гэж дүгнэн улмаар шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн эзгүйд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.З, 6.4-д заасныг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэлийн нэг шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулах, үүндээ нэхэмжлэгчийг татан оролцуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа "баримт гаргаж өгөөгүй тул" нотлогдохгүй байна гэж дүгнэх шийдвэрлэх боломж байхгүй юм. Тус баримт байхгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д заасан "шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл" гэж заасан нөхцөл биелээгүй байна.

Бид "хохиролтой холбоотой баримт"-ыг цуглуулах, бүрдүүлэхэд хугацаа шаардлагатай байсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргах үедээ хавсарган өгөх боломжгүй байсан бөгөөд тус өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн очихдоо хохирол нэхэмжилсэн шаардлагаа нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гарган өгөхөөр авч очсон боловч биднийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх журмын болон хууль хэрэглээний дээрх алдааг засуулахаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Эрдэнэт баптист сүм” ТББ нь Орхон аймгийн  Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаар захирамжийн Т.Жаргалсайханд холбогдох хэсэг, Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, үйлчилгээний барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах, хохирол 25000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хэрэгцээнээс бусад зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэх ба маргаан бүхий газар нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглахаар төлөвлөгдсөн газар байсан тул түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд эзэмшүүлэх бус, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмыг хэрэглэж, бусдад эзэмшүүлэх ёстой.

Улмаар захиргааны байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 21-нд дуудлага худалдаа зохион байгуулах захирамж гаргаж, дуудлага худалдаа явуулах зарыг нийтэд мэдээлсэн, нэхэмжлэгч уг дуудлага худалдаанд оролцоогүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Иймээс нэхэмжлэгчийн “манай байгууллага түрүүлж хүсэлт гаргасан, дуудлага худалдаа явуулах талаар нийтэд мэдэгдээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “баруун зүгт харсан цонх нарны тусгал үзэхгүй болсон гэж маргаж байхад шинжээч бүх талаас нь тусах нарны тусгалыг тооцож дүгнэлт гаргасан, барилгын норм, дүрмийг өөрөө хэрэглэж дүгнэлт хийлгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах учиртай. Шинжээчээс дүгнэлт гаргахдаа Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж /БНД 23-04-07/  баримт бичгийг удирдлага болгон нарны тусгал зөрчигдөхгүй талаар дүгнэсэн, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж /БНД 23-04-07/ дүрмийн 4.5-д нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг барилгын доод давхрын цонхнуудын төв цэгээр тооцно, 3.3-т тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа ... зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх, 3.5-д нарны тусгалын үргэлжлэх хугацааг дараах өрөө тасалгаанд заавал хангуулна, ...олон нийтийн барилгаас ... сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын анги, дотуур байр гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа барилгын бүх цонхонд нар тусахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, амьдран суух зориулалттай орон сууцны барилга болон үйлчилгээний зориулалтаар ашиглагдах барилгын цонхны нарны тусгалыг барилгын норм дүрэмд ялгаатай байдлаар зохицуулсан байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Мөн “эсрэг утга бүхий 2 шинжээчийн дүгнэлтийг нэг мөр болгоогүй, мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх гомдлын тухайд:

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/270 дугаар шинжээчийн дүгнэлтээр “нарны тусгал шаардлага хангахгүй” талаар дүгнэсэн боловч 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 143 дугаар шүүгчийн захирамжаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Барилга, хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “нарны тусгал барилгын норм дүрмийг зөрчөөгүй” болохыг тогтоосон байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэх, өөрийн эрх хэмжээний хүрээнд цаг хугацааны хувьд сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн байгаа нь хууль зөрчөөгүй.

“Барилгын хоорондын зай стандартад нийцэж байгаа эсэхийг норм, дүрэмтэй харьцуулан үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр барилга хоорондын зай 8.4 м болох, энэ нь галын тэсвэржилтийн зайг хангаж байгаа талаар дүгнэсэн, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн /БНбД 30-01-04/ 2.11-д өрөө хоорондын цонх нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд барилга хоорондын зайг ойртуулж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн “барилга хоорондын зай 20 м байх” тухай гомдол үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар хуульд нийцсэн, ялангуяа илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

“Мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй” гэх гомдлын тухайд:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүгч шүүх хуралдааныг товлосон цагаас өмнө эхлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжийг шүүхээс олгосон гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.7 дахь хэсэгт зааснаар шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд ирэх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үүрэг байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцсан байх тул “нэхэмжлэгчийн өмгөөлөгч танилцаагүй” гэх тайлбар нь нэхэмжлэгч талд хамааралтай болохоос шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0084 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ