Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0578

 

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, өмгөөлөгч З.Сүхбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, мөн өдрийн 6/42 дугаар албан шаардлага, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар шийтгэврийг илт хууль бус акт болохыг тогтоолгох” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт,6/42 дугаар албан шаардлага, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар шийтгэврийг тус тус илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн дугаар 0485 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх процессийн ноцтой зөрчил гаргасан тухайд:

  1. Шүүх хуралдааны тов мэдэгдээгүй (59.2, 59,3), Тэгш эрхийн зарчим (4.1), мэтгэлцэх зарчмыг шүүх (6.1,6.2) хэрэгжүүлээгүй тухайд:

2016 оны 07 сарын 01 өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Эрэл ХХК-ийн өмгөөлөгч Д.Отгонбат миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа (хх-244-245 хуудсанд авагдсан томилолтыг ундэслэж) хүсэлтээр нотлох баримтын хамт хавсаргаж шүүхэд 2016 оны 06 сарын 17 өдрийн шүүх хуралд хүргүүлж шүүх хурал миний хүсэлтийг хүлээн авч хойшилсон байдаг.

Шүүхэд гаргасан хүсэлтдээ 2016.06.17-аас 2016.07.06 өдөр хүртэл хойшлуулахыг хүссэн байдаг шүүх хүсэлтийг хангаж хойшлуулсан гэх боловч өмгөөлөгч миний хүсэлтэд дурдсан хугацаанаас буюу 2016.07.01 өдөр шүүх хуралдааныг зарласан энэ хугацаанд би Хөвсгөл аймагт томилолтоор ажиллаж байсан бөгөөд надад шүүх хуралдааныг товыг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй (шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт ХХ-ийн 250 хуудаст авагдсан боловч гарын үсэг зуруулаагүй, миний утасны дугаарыг бичсэн боловч буруу бичсэн зэрэг нь надад тов мэдэгдээгүйг нотлох юм. Миний утас 99860629 гэтэл 99860609 гэж утасдаж мэдэгдсэн гэж тэмдэглэсэн байдаг)

ЗХХШТХ-ийн 20.1.2-д заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй шүүх хуралдаанд оролцох боломжоор шүүх хангаагүйгээс мөн хуулийн 4.1-д тэгш эрхийн зарчим хэрэгжээгүй болно.

Шүүх хуралдааны товыг мэдэгдэх тухай ЗХХШТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59,3-д заасны дагуу өмгөөлөгч Д.Отгонбат надад мэдэгдээгүй энэхүү шаардлагыг хангасан баримт хэрэгт мөн байхгүй байгаа нь хэргийн оролцогч бүрт шүүх хуралдааныг мэдэгдэх үүргээ шүүх биелүүлээгүйгээс талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх Хуралдаанд ЗХХШТХ-ийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” 6.2 “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” заасны дагуу мэтгэлцэх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг үгүйсгэх няцаах үндэслэлээ нотлох зэрэг боломжийг хэргийн оролцогчид олгоогүй олгох боломжоор хангахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчмуудыг зөрчиж гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

  1. Хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулах боломжоор шүүх хангаагүй (ЗХХШТХ-20.1.3) танилцуулалгүй шүүх хуралдаан хийсэн тухайд:

2016 оны 06 сарын 17 өдрөөс хойш нэхэмжлэгч Хаан банк ХХК талаас болон Хөгжлийн банкнаас ирүүлсэн бичгийн хэлбэрийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байдаг гэтэл уг нотлох баримтуудыг хэргийн оролцогчдод танилцуулахгүйгээр мөн танилцах боломжоор хангахгүй шүүх хуралдаан хийж хэргийн оролцогч өмгөөлөгч Д.Отгонбат миний хэргийн материалтай танилцах тэдгээр материалд няцаалт өгөх, үгүйсгэх нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй (тухайлбал хх 2 хавтас 117 талд авагдсан Хөгжлийн банк 2015.01.29 өдрийн 2/126 тоот албан бичиг нотлох баримтаар авч хэрэгт хавсаргасан байдаг гэтэл энэхүү бичгийн үгүйсгэсэн мөн шүүхийн шийдвэрт үнэлсэн хэсгийг хүчингүй болгосон Хөгжлийн банкны 2015.04.22 өдрийн 2/518 тоот албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх, эрх зүйн ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлж шийдсэн нь батлагдаж байна) мөн хариуцагч дээрх нотлох баримттай танилцаагүй зэрэг нь хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэх боломжийг шүүх олгоогүй ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь илт процессийн зөрчил гаргасан болно.

Хэргийн материалд хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт байхгүй байгаа нь энэхүү үйл баримт мөн нотлогдох юм.

Иймд хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

1.Хууль хэрэглээний хувьд:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, илт нэг талд үйлчилж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөж, хууль ёсны бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Үүнд:

А. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ...”Хаан банк” ХХК нь Хөгжлийн банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ, болон хамтран ажиллах санамж бичгийн 2.5-д заасан “Санамж бичгийн 2 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлөөс бусад нөхцөлийг арилжааны банк нь өөрийн зээлийн бодлого журмын дагуу тогтоох ба төслүүдийг судалж зээл олгох, зээлийн явцын хяналтыг хийх зэргээр эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна” 4.1.8-д Арилжааны банк төсөл хэрэгжүүлэгчид олгосон зээлийн эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна...гэж заасныг тус тус үндэслэн “Эрэл” ХХК-ийн БҮК-1 888а төсөл хэрэгжүүлэхэд санхүүжүүлт болох “Хаан банк”-иар дамжуулан олгох 13 тэрбум төгрөгийг олгохын тулд “Хаан банк” ХХК-иас “Эрэл” ХХК-д “Үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх”, Барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх гэсэн шаардлага тавьсан нь санамж бичигт заасан эрхийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа гэж шүүх дүгнэсэн үндэслэлгүй байна.

Үндэслэл нь:

А. “Эрэл” ХХК нь БҮК-1 төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдвэрлүүлэх зорилгоор Экспортыг дэмжих, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг -2-т уг төслөө танилцуулан дэмжлэг авсан билээ. Улмаар дэмжигдсэн Монгол 888 төслийн хүрээнд хэрэгжүүлэх БҮК-1 төслийн санхүүжилтэд шаардлагатай зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс “Хаан банк”-иар дамжуул авахаар “Хаан банк”-д хүсэлт тавьсан болно.

Үүний дагуу “Хаан банк” ХХК нь төв банкны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а дугаар шийдвэрээр 13 тэрбум төгрөг 60 сараар, жилийн 9 хувийн хүүтэйгээр, эхний 12 сар хүү төлөх нөхцөлтэй зээл олгохыг зөвшөөрч зээлийн гэрээ байгуулж, зээл олгохын өмнөх дараах хууль бус шаардлагуудыг тавьсан юм.

Цементийн агуулахыг нэмж барьцаалуулах Банкны зөвшөөрөлгүйгээр ногдол ашиг хураарилахгүй байх БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Хаан банкны зээлийг төлүүлэх

БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн шаардлагуудыг нэмж тавьснаар манай компанийн зүгээс зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэн Монгол банкинд гомдол гаргасан юм.

Монгол банк гомдлын дагуу асуудлыг хянаад Хаан банкны зүгээс эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь харилцагчийн эрх ашгийг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй алхам гэж дүгнэсэн билээ.

Үүнээс гадна хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “Хаан банк”-иас “Эрэл” ХХК-д тавьсан шаардлагууд нь өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус шаардлага гэдэг нь илт тогтоогдох юм.

Тухайлбал:   “Хаан банк” ХХК-иас тавьсан дээрх шаардлагуудыг

биелүүлээгүй тохиолдолд “Эрэл” ХХК-д зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн зэрэг нь өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах,...үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах, 7.1.5-т эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох... 7.1.9-т аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх... зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах, 7.1.11-т тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах,... 12.1,10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэх заалтуудыг зөрчсөн байдаг.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хаан банк” ХХК нь дээрх өрсөлдөөний тухай хуулиар хориглосон заалтуудыг зөрчөөгүй гэж дурьдсан боловч шүүх шийдвэрийн үндэслэл, нотолгоог тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.

Мөн Улсын байцаагчид олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж Шүүх дүгнэсэн тул гомдол гаргагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэр гарахад үндэслэл болсон Улсын байцаагчийн эрх хэмжээний талаарх асуудал дээр тогтоож ярих нь зүйтэй байх. Үүнд:

А. ШӨХТГ хувийн эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцох эсэх,

Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, эрх зүйн актаас бүрдэнэ гэсэн нь өрсөлдөөний эрх зүй нь хувийн эрх зүйн тулгуур иргэний эрх зүйг зүй ёсоор хэрэглэх, түүний хэрэгжилтэд мөн зах зээл дэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцогчийн тэгш эрхийг хангах үүргийг ШӨХТГ хүлээсэн зохицуулалт бөгөөд "Хаан банк” ХХК болон “Эрэл” ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд оролцох эрхгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхэлдээ няцаагдаж зогсоохгүй энэ талаарх нарийвчлан зохицуулагдсан өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Өрсөлдөөний тухай хуулийг иргэний хуулийн 3.3-т заасны дагуу өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль гэж үзнэ.

Түүнчлэн ШӨХТГ-т хяналт шалгалт хийх, дүгнэлт, акт үйлдэх, Хохирол тогтоож, торгох эрхтэй эсэхийн тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1-т өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах, эрхтэй энэхүү эрхээ хэрэгжүүлэн ажилласан хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн зүйлгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Улсын байцаагч хохирлын хэмжээг харгалзан дараах захиргааны шийтгэл ногдуулна гэсний дагуу... Хаан банк ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа өрсөлдөөнийг хязгаарлан, үүнээс учирсан хохирол тогтоож байж шийтгэл ногдуулах эрхийг зохицуулсан нь хохирлын хэмжээг урьдчилан тогтоох эрх бүхий байгууллага мөн гэдэг нь тогтоогдож байхад шүүх дээрх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, түүнчлэн гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбарыг шийдвэрт дурьдсан ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй санаатай нэг талд шууд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07- р сарын 01-ний өдрийн дугаар 0485 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтийг “Хаан банк” ХХК-аар дамжуулан Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргуулахаар хүсэлт тавьсанд Хаан банкны зээлийн хорооноос 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833 дугаар шийдвэрээр зөвшөөрсөн ба “Хаан банк” ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19/1002, 19/1003, 19/1004 дугаар албан бичгүүдээр “одоогийн үлдэгдэлтэй 3.5 тэрбум төгрөгийн зээлийг хаасан тохиолдолд чөлөөлөх, барьцаанд байгаа газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож, зарж борлуулан зээлийг төлүүлэх” гэсэн шаардлага тавьсан байна.

Монгол Улсын Хөгжлийн банк болон Арилжааны банкуудын хооронд хийгдсэн Хамтран ажиллах санамж бичгийн 2.5-д “Санамж бичгийн 2 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлөөс бусад нөхцөлийг арилжааны банк нь өөрийн зээлийн бодлого журмын дагуу тогтоох ба төслүүдийг судалж зээл олгох, зээлийн явцын хяналтыг хийх зэргээр эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь гуравдагч этгээд “Эрэл” ХХК-д шаардлага тавих эрхтэй байхад хариуцагчаас Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь Хамтран ажиллах санамж бичгийн ерөнхий шаардлага тавихын зэрэгцээ өөрийн зээлийн бодлогыг журмын дагуу тогтоож, эргэн төлөлт, эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна гэсний дагуу өмнөх зээлийн үлдэгдэлийг бүрэн төлүүлэх зэрэг шаардлага тавьсан нь өөрөө Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан “аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” үйл ажиллагаанд хамааралгүй байна. Тухайлбал “Хаан банк” ХХК нь “Эрэл” ХХК-д зээл олгох эсэх харилцаанаас үүдэн гарах шийдвэр, үйл ажиллагаа нь өөр бусад банкнаас зээл олгох үйл ажиллагаан дахь өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэг шинж, үйлчлэлгүй байна.

Нөгөө талаар “Хаан банк” ХХК болон “Эрэл” ХХК-ийн хооронд “зээл олгохтой” холбогдон үүссэн харилцаанд “Эрэл” ХХК-ийн гомдлын дагуу шалгалт хийхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хууль болон “бусад хууль” тогтоомжид нийцсэн эсэхийг хянасан гэж хариуцагч тайлбарлах бөгөөд уг шалгалтын дагуу гаргасан дүгнэлт, албан шаардлага, шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3, 7.1.5, 7.1.9, 7.1.11-ийг зөрчсөн гэж үзжээ. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл нь мөн л “өрсөлдөөний зохицуулалт” гэсэн бүлэгт багтаж байна.

Үүнд, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл нь “давамгай байдлаа хууль бусаар ашиглах” тухай харилцааг зохицуулсан байх бөгөөд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Хаан банк нь зөвхөн орон нутагт давамгай байдалтай аж ахуй нэгжийн жагсаалтанд орсон бөгөөд Монгол улсын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй нэгж болох нь тогтоогдоогүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр буюу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна.

“Эрэл” ХХК-ийн Хаан банкнаас зээл авах суурь харилцаа нь Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдахаар байна. Харин Хөгжлийн банкны санхүүжилттэй зээлийг олгох харилцаа нь дээрх хууль тогтоомжоос гадна Хөгжлийн банк болон арилжааны банкнуудын хооронд байгуулсан санамж бичиг, зээл олгох банкны “зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцлийг тогтоосон” журам, зээлийн гэрээндээ хэрхэн тохиролцсны дагуу зохицуулагдах учиртай байна. Тиймээс Хаан банкнаас “Эрэл” ХХК-д зээл олгохтой холбоотой үүссэн зээлийн гэрээний талуудын хоорондын маргааныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтыг үндэслэж “өрсөлдөөнийг хязгаарласан” гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргаж, улмаар албан шаардлага, хүргүүлсэн, шаардлагыг биелүүлээгүй хэмээн шийтгэвэр ногдуулсан нь буруу байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбатад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэх гомдлын тухайд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбатад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болох шүүх хуралдааны “товыг мэдэгдээгүй, түүнийг тов мэдэгдээгүйгээс эрх нь хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлгүй”, учир нь тэрээр тухайн хурлын товыг мэдэж уг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг өөрийн нэр, гарын үсэг бүхий албан бичгээр шүүхэд ирүүлсэн[1] байна. Шүүх түүний “дахин шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт, хавсаргасан баримт нь хангалттай бус өмнө нь энэ үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан ба дахин энэ үндэслэлээр хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэн нь зөв байна. Өмнө нь ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахдаа шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан боломжит хугацаагаар буюу 14 хоногоор хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байх тул “өмнө нь гарсан үндэслэлийг хүлээн авч хурлыг хойшлуулсан атлаа уг хүсэлтэд заасан хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг дахин зарласан” гэх гомдол үндэслэлгүй.

Хэргийн материалтай танилцуулаагүй гэх тухайд: Хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах эрх нь хуулиар олгогдсон бөгөөд шүүхээс уг эрхийг ямар нэг байдлаар хязгаарласан зүйл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчид хэргийн  материалуудтай танилцах эрх нээлттэй байсан байна.

Харин анхан шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчлэлгүй байсан Захиргааны ерөнхий хуулийг баримталсан, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт нь уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ