Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2018/01904/И |
Дугаар | 181/ШШ2018/02254 |
Огноо | 2018-10-30 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2018/02254
2018 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2018/02254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б.Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ж ХХК
Хариуцагч: Ө.Б нарт холбогдох
цалинтай тэнцэх олговорт 39.000.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Э, хариуцагч Ө.Б, хариуцагч Ж ХХК-ийн төлөөлөгч Н.Т, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө миний бие Ж ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 5-ны Борлуулалгч менежерээр ажиллах болсон ба тус компанийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар чөлөөлөгдсөн.
Ажлаас үндэслэлгүй халсантай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 1 дугаар сарын 28-ны өдрийн 1109 тоот шийдвэрээр намайг Ж ХХК-ийн Борлуулалтын менежерээр эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3,440,496 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 192,164 төгрөг, 2015 оны 9 дугаар сарын цалингийн үлдэгдэл 366,000 төгрөг нийт 558,164 төгрөгийг төлөхөөр болсон.
Хариуцагч Ж ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул би гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган мөн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11720 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Ж ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 3,440,496 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 192,164 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 366.000 төгрөг, нийт 558.164 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан төлсөн. Нийт 4.058.660 төгрөгийг надад өгсөнөөс би 3.718.774 төгрөгийг авч, 339.886 төгрөгийг урамшуулалд өгсөн.
Ж ХХК нь шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг өгсөн боловч ажилд авах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, намайг 22016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн борлуулагчийн ажилд томилсон тушаал гаргасан боловч ажил хийх гэхээр маргааш ир, нөгөөдөр ир, захирал алга байна гээд ажиллах боломжоор хангаагүй, намайг олон удаа очиход хөөгөөд оруулаагүй болно.
Шийдвэр гүйцэтгэгчийг ярихлаар одоохондоо орон тоо байхгүй байна, наад хүнийг чинь ажилд авна гэдэг боловч үнэн хэрэг дээрээ ажилд аваагүй байна.
Хариуцагч Ж ХХК нь нэр төдий тушаал гарган шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна, намайг ажилд авах байх гэж найдаж байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй юм.
Иймд миний бие 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 1 сарын цалин 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 1 сарын цалин 1,500,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч Ж ХХК 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн тушаал дээр надад сарын 1,500,000 төгрөгийн цалин олгоно гэж тушаал гаргасан тул уг хэмжээгээр цалин нэхэмжилж байгаа болно
Иймд хариуцагч Ж ХХК-аас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 39,000,000 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч Ж ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компанид борлуулалтын менежер ажилтай байсан Б.Ө нь анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогдсон бөгөөд нэгэнт шүүхээс Б.Өыг ажилд эргүүлэн тогтоосон учир бид шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй ч шийдвэрийг давж заалдаагүй, Б.Өыг компани дээр ирж ажилдаа орохыг хүлээж байсан.
Гэтэл 2016 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хоёр байцаагч Б.Ө-ын хэргээр манай компани дээр ирж шүүхийн шийдвэрийн дагуу 4 058 668 төгрөгийг төлүүлж, Б.Ө-ыг ажилд томилох тушаалыг гаргаж өгөхийг шаардсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагаар ажилд эргүүлэн тогтоох тухай 16/05 дугаартай тушаал 2016 оны 5-р сарын 2-ны өдөр гаргаж нэг хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, нэг хувийг Б.Ө өөрт нь хүргүүлсэн.
Тушаал гарсны дараагаар Б.Ө манай компани дээр ирсэн боловч захирал надтай болон нягтлан Ө.Б нартай хэрүүл маргаан хийгээд хаалга саваад гарч явсан. Энэ уулзалтаар Б.Ө цаашид ажилдаа орохын тухай ярилгүй шууд У.Эрдэнэчимэг миний өөдөөс хэрүүл хийж байгаад явсан. Үүнээс хойш Б.Ө дахин ирээгүй бөгөөд ажилдаа ормоор байна гэж амаар болон бичгээр өргөдөл хүсэлт ч гаргаагүй, борлуулалтын ахлах менежер Г.Амартүвшинтэй ч ажилд орох талаар холбоо бариагүй. Гэтэл түүний нэхэмжлэлд ажилд орохоор олон удаа ирсэн гэх, захирал надтай огт уулзаагүй мэтээр бичсэн нь ор үндэсгүй худал зүйл болно.
Манай компанийн борлуулалтын менежерүүд нь зөвхөн борлуулалт хийсэн үнийн дүнгээс шалтгаалан төлөвлөгөө норм биелүүлсэн тохиолдолд цалингаа тодорхой хувиар тооцож бодуулдаг журамтай.
2015 оноос борлуулагч нарын цалинд өөрчлөлт оруулж, сарын борлуулалтын төлөвлөгөө нь 54 782 936 / тавин дөрвөн сая долоон зуун наян хоёр мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг болгосон тул борлуулагч нарын сарын цалинг бодохдоо 1 500 000 төгрөгийг дээрх төлөвлөгөө 100% биелэгдсэн тохиолдолд олгох, хэрэв сарын төлөвлөгөө 100% биелээгүй бол биелэгдсэн тодорхой хувиар нь тооцож цалинг хувилж олгодог юм.
Манай борлуулалтын менежер хийж байсан Б.Ө цалин хөлс нь хэрхэн тооцогддог гэдгийг сайн мэддэг атлаа нэг төгрөгний ч борлуулалт хийгээгүй байж 2016 оны 5 дугаар сараас тооцож цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 онд манай компанийн борлуулалтын менежерүүд тодорхой хэмжээний борлуулалтын норм биелүүлэн тухайн сарын цалин нь хувилж гардаг учраас тушаал гарсан ч шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш Б.Ө нь ажлаа хийгээгүй улмаас цалин бодогдоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ө.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж ХХК-д борлуулалтын менежерийн ажил хийж байсан Б.Өын борлуулалтын цалинг хийсэн борлуулалтын төлөвлөгөөний дагуу хувиар бодож олгодог байсан. Би тус компанид нягтлангийн ажил эрхэлдэг. Компани тогтмолоор нэрлэсэн цалинг олгодоггүй байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хурлаар ажилд нь эгүүлэн авахаар шийдвэр гарсан боловч Б.Ө ажилдаа орох гэж ирээгүй бөгөөд нэг удаа ирээд миний дэргэд захиралтай хэрэлдээд явсан.
Иймд Б.Ө-ын нэхэмжилж байгаа цалинг өгөх ёсгүй, үндэслэлгүй гэж бодож байна. Олон удаа ирэхэд оруулаагүй гэдэг нь худал, өөрөө ажилдаа иррээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Ж ХХК, Ө.Б нарт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 39,000,000 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01109 тоот шийдвэрээр Б.Өыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3.440.496 төгрөг гаргуулж Б.Өд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэн ажилгүй байсан хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 8-10-р хуудас/
Дээрх шийдвэрт 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1249 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгон Б.Ө-ыг Ж ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №16/05 дугаартай тушаалаар тус компанийн борлуулагчийн ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргаснаар Шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 353 дугаартай тушаалаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг гаргажээ./хх-ийн 14-18,40-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэжээ.
Ажил олгогч Ж ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн захирлын №16/05 тоот тушаалаар Б.Өыг тус компанийн борлуулагчийн ажилд эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж байгаа боловч түүнийг ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүйгээс шүүхийн шийдвэрийг бодитоор биелсэн гэж үзэх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэжээ.
Ажил олгогч Ж ХХК нь ажилтан Б.Ө-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал гарсан өдөр болох 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилтан Б.Өд олгох үүрэгтэй.
2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 27 сар 4 хоногийн цалин /27 сар Х 1.047.968 = 28.295.136 төгрөг, 1.047.968: 21=49903 төгрөг, 4 хоног Х 49903=199612, 28.295.136 төгрөг + 199612 = 28.494.748 төгрөг/ 28.494.748 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй болно.
Иймд ажил олгогч Ж ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28.494.748 төгрөгийг гаргуулж ажилтан Б.Өд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.505.252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Ажилтан Б.Ө-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт түүний 1 сарын дундаж цалинг 1.047.968 төгрөг гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Иймд ажилтан Б.Ө-ын 1 өдрийн цалинг 1.047.968:21=49.903 төгрөг гэж тооцсон болно.
Хариуцагч Ө.Б нь Ж ХХК-д нягтлангийн ажил эрхэлдэг байх бөгөөд ажил олгогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш болох нь Ж ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Ө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 28.494.748 /хорин найман сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.505.252 /арван сая таван зуун таван мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон Ө.Бат-Оюунд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 352.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО