Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1010

 

                 

 

                                   

      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор), шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1021 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М...... овгийн Ц......ын У..........., ........ оны ... сарын .....-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, Б дүүргийн ..... дугаар хороо, ............. тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ..........................., урьд:

-2001 оны 01 сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-2004 оны 03 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

-2009 оны 05 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 21а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 170 дугаартай захирамжаар үлдсэн 4 жил 14 хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцож сулласан,

2019 оны 11 сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2020 оны 02 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2020 оны 06 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 725 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль” нэртэй зочид буудлын 402 тоотод салсан эхнэр Д.Нг бусадтай хардаж улмаар гар хөлөөрөө цохиж зодон биед нь “баруун нүдний дээд зовхи, доод уруул, зүүн гарын эрхий хурууны уг орчим цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, нуруунд зулгаралт, дагзны хуйх, баруун шанаа, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Мянгат овгийн Цэрэнготовын У нь 2022 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль” нэртэй зочид буудлын 402 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох урьд хамтран амьдарч байсан Д.Нг бусадтай хардсаны улмаас гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, бие махбодод нь “баруун нүдний дээд зовхи, доод уруул, зүүн гарын эрхий хурууны уг орчим цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, нуруунд зулгаралт, дагзны хуйх, баруун шанаа, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Д.Нгаас тус дүүргийн Цагдаагийн байгууллагад гаргасан “...бусдад зодуулсан...” тухай гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч Д.Нгийн “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед миний салсан нөхөр Ц.У нь залгаад “би гэрийн чинь гадаа ирсэн байна, чамтай уулзах хэрэгтэй байна” гэхээр нь гараад уулзахад…“хоёулаа ойрхон юманд яваад ирье” гэсэн. У Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо “Байгаль” нэртэй зочид буудлын гадаа ирээд, буудал орно гэхээр нь би дагаад буудлын 4 давхарт 402 тоот өрөөнд орсон. У архи гаргаж ирээд...шөнийн 01 цаг хүргэсэн. Дараа нь У нь секс хиймээр байна гэхээр нь би чамтай секс хийхгүй гэсэн чинь “чи муу өөрийгөө яаж болгоод, хэнтэй унтсан хийсэн бэ” гээд үсдэж аваад толгой, нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохиж, хөлөөрөө ар нуруу, баруун зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би буудлын өрөөнөөс гараад зугтаасан чинь араас гарч ирээд буудлын гадаа намайг дахин үсдэж, буцаагаад буудлын өрөөнд авч ороод “архи уухгүй бол ална шүү, чи муу хэдэн залуутай унтсан бэ” гээд дахин зодох гэхээр нь “намайг битгий зодооч, миний бие өвдөөд байна” гэсэн чинь больсон. Би Уаас салаад 3 жил болж байна, миний хохирлыг барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 134 дэх тал), гэрч Д.Оын “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн үед миний төрсөн дүү Д.Н залгаад “ахаа намайг У зодоод байна” гэхээр нь би шууд дүүгийн зааж өгсөн газар буюу Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зочид буудлын 4 давхарт очиход Д.Н болон түүний салсан нөхөр У хоёр байсан. Д.Нгийн нүүр нь хавдсан, уйлсан байдалтай байхаар нь би дүүгээ дагуулан гэр лүүгээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 5712 дугаартай:Д.Нгийн биед баруун нүдний дээд зовхи, доод уруул, зүүн гарын эрхий хурууны уг орчим цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, нуруунд зулгаралт, дагзны хуйх, баруун шанаа, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулгууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүдэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж (хавтаст хэргийн 132 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр өдөр Д.Н бие өвдөөд байна гээд дуудсан. Очсон чинь ээжийнх нь бие муу байгаа гээд би мөнгө өгсөн. Би үнэхээр согтсон байсан, үйлдлээ ухамсарлаад тэр өдрөөс хойш архи уугаагүй...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.У нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 5712 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Уын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Нгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.У, хохирогч Д.Н нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ц.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Н нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Уыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна . Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Гэм буруугаа хүлээж байна. Үүнээс хойш дахиж гэмт хэрэг хийж энэ газар орж ирэхгүй, орж ирвэл би ямар ч шийтгэл авахад бэлэн байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.У нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 23-44 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), шийтгэх тогтоол, магадлал, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хавтаст хэргийн 50-96 дэх тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх албан тоотууд (хавтаст хэргийн 119-120 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 98 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 100 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, хувиараа хөөрөг  хийдэг талаар нотолсон ажлын байрны гэрэл зургууд, түрээсийн гэрээ (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн урьд 6 удаа ял шийтгүүлж байсан, бүртгэлтэй эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй боловч хувиараа чулууны урлан ажиллуулдаг, өрхийн орлоготой хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх     нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг дөрвөн сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин сууж буй Б дүүргийн ....... дугаар хороо, ..................... тоотоос явахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрлөөр зорчих үүргийг хүлээлгэх нь үр нөлөөтэй байна.

    1. Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М овгийн Ц....ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг дөрвөн сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг дөрвөн сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин сууж буй Б дүүргийн ......... дугаар хороо, ................. тоотоос явахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрлөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА