Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0296/Э |
Дугаар | 2022/ШЦТ/541 |
Огноо | 2022-05-20 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/541
2022 05 20 2022/ШЦТ/541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Ц.Төгөлдөр;
Шүүгдэгч: Ө.Б;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Ц;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч Ө.Б: Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ө.Б нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Аийг “Бүгд Найрамдах Чех Улсад гэрээгээр ажиллах виз гаргуулж өгнө” гэж Чех болон Словак Улсад гэрээгээр ажилчин явуулах зуучлалын гэрээ байгуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “ХААН” банкны дансаар 4.375.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Ө.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “Би энэ хэргийг санаатайгаар үйлдээгүй, хууран мэхлэх бодол байгаагүй. Хохирогчид явцын дунд мөнгийг нь өгчиж болох байсан ч цаг хугацаа алдсан, тухайн үед надад мөнгө байгаагүй. Миний буруу” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Аийн мэдүүлэг /хх-ийн 9-10/, Д.Аийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18/, Д.А, Ө.Б нарын хооронд байгуулсан зуучлалын гэрээний хуулбар /хх-ийн 17/, фейсбүүкт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 59-60/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61-62/, Ө.б-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/, Ө.б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33, 38-39, 41-43, 47/, Ө.б-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-57/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Д.Аийн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь Бүгд Найрамдах Чех Улсад гэрээгээр ажиллах виз гаргаж өгөх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэртээ иргэн Д.Аээс зуучлалын гэрээ байгуулсны урьдчилгаа нэрээр 4.375.000 төгрөгийг нь “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Аийн /хх-ийн 9-10/: “2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Бүгд Найрамдах Чех Улс руу ажилчид гэрээгээр гаргана” гэх зарыг фейсбүүкийн “Чех дахь Монголчуудын групп” хуудаснаас харсан. Ингээд зарын дагуу уг хүний утсаар холбогдож хаягаар нь очиход урьд нь Чех Улсад сурч байхад өөр хотод мөн сурч байсан зүс таних Ө.Б гэх эрэгтэй байсан. Ө.Б надад “Бүгд Найрамдах Чех Улс руу Герман эзэнтэй цахилгаан барааны үйлдвэрт гэрээгээр ажилчин явуулж байгаа, гэхдээ би 50-иас доош насны хүмүүсийг явуулж байгаа, чиний нас хэтэрсэн байна, гэхдээ би танил хүн учир явуулж өгье, гэрээ хийж урьдчилгаа мөнгө надад өгөх ёстой” гэж хэлсний дагуу бид хоёр Ө.б-гийн гэр болох айранд зуучлалын гэрээг байгуулж, урьдчилгаа 4.375.000 төгрөгийг өөрийн данснаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах ХААН банкны АТМ-аас Ө.б-гийн дансанд шилжүүлсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сард “Чех Улс руу виз гаргахгүй байгаа” талаар манай найзууд хэлсэн бөгөөд миний охин төрөх болсон учир Ө.б-гоос мөнгөө авах талаар хэлтэл “удахгүй өгнө” гэж хэлсэн боловч одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй сураггүй байна. Чех болон Германы хил дээр байдаг хотод Герман эзэнтэй үйлдвэрт ажиллуулах ажлын виз гаргаж өгнө гэж хэлж гэрээ байгуулж, мөнгө авсан. ...Надаас авсан мөнгийг “гэрээнд заагдсан шаардлагатай зүйлсэд зарцуулна” гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй. Урьд нь хүн явуулсан талаар хэлээгүй. Харин намайг уулзаж байхад Ө.Б руу олон хүн залгаж байсан. Гэрээ байгуулахад бид хоёроос өөр хүн байгаагүй. Зөвхөн бид хоёр байсан...” гэх мэдүүлгээр,
Д.Аийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 18/,
Ө.б-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 51-57/,
Ө.б-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23-25/: “...Би Атэй Чех, Словак Улсад хөдөлмөрийн гэрээгээр зуучлах гэрээг байгуулж, Аээс тодорхой хэмжээний мөнгийг авсан. Дараа нь Чех Улсад байгаа ажил олгогч ““ зуучлалын агентлаг руу өөрийн фейсбүүк хаягаас Аийн гадаад паспортны хуулбарыг явуулсан бөгөөд ...“Аийн материалыг авлаа” гэж хариу хэлсэн. Гэтэл хэзээ гэдгийг санахгүй байна. А манайд ирж надтай уулзаж “миний бие өвдөөд байна, би Чех Улс руу явахаа болилоо, мөнгөө авах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Аийн хүсэлтийн дагуу би мөнгийг буцааж өгөхөөр тогтож, уг асуудал дууссан. Миний нэр дээр байдаг Ө.Б Эс.Эр.О ХХК нь хөдөлмөр зуучлах, аялал жуулчлал, орчуулга хийх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ дагуу Аийн гадаад паспортыг хуулбарлан Чех Улсын хөдөлмөр зуучлалын агентлаг болох ““ компанийн фэйсбүүк хаяг руу илгээсэн. Өөр зүйл хийгээгүй. Манай байгууллага зуучлах эрхтэй бөгөөд би өөрөө Чех хэлний орчуулагч бөгөөд Чехийн талтай эхний ээлжинд тухайн хүний талаар мэдээлэл өгч, боломжтой гэсэн хариу авсан тохиолдолд дараагийн үйл ажиллагаанд шилжиж гадаад паспортын хуулгыг явуулдаг. Чехийн талаас над руу хөдөлмөрийн гэрээг шуудан болон Монгол Улс руу ирж байгаа хүнээр дамжуулан авч, тухайн иргэнд өгч хөдөлмөрийн карт хүссэн мөн урт хугацааны амьдрах визний анкет хоёрыг бөглөж, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, хувийн байдлын мэдээллийг бүрдүүлж, уг иргэн маань өөрөө Чех Улсын элчин сайдын яаманд өөрийн бүрдүүлсэн материалыг өгдөг. Энэ материалыг өгөхөд тусгай цаг авдаг бөгөөд энэ цагийг би захиалж авч өгдөг. Хувь хүн өөрөө мөн авч болдог. Аээс авсан мөнгийг Чех Улс руу шилжүүлсэн бөгөөд хувь хүнээр дамжуулан Чех Улсын ““ компани руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон фейсбүүкт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 59-60/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61-62/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ө.б-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь шүүгдэгчийн үг, үйлдэлд хууртагдан төөрөгдөж түүнд эд хөрөнгөө шилжүүлж өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг хохирогч, шүүгдэгч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ө.Б нь Д.Аийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ө.б-гийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь гадаад орны виз олгох асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэнд тухайн улсын виз олгогдох эсэх нь дан ганц тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар, эрх бүхий албан тушаалтнаас гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд Ө.б-гоос үл хамаарахаар байтал өөрийгөө виз баталгаатай гаргаж өгнө гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Бүгд Найрамдах Чех Улсад гэрээгээр ажиллах виз гаргаж өгөх нэрийдлээр хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Ө.б-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ө.б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм
хор болох 4.375.000 төгрөгийн хохирлоос шүүхийн шатанд нөхөн төлсөн 2.850.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ө.б-гоос 1.525.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ат олгохоор шийдвэрлэсэн болно.
Ө.Б нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Д.Аийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч Ө.Б энэ хэрэгтээ 12 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 180.000 төгрөгийг эдлэх ялаас нь хассаныг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б энэ хэрэгтээ 12 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 180.000 төгрөгийг эдлэх ялаас нь хассугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ