Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/02127 дугаар шийдвэртэй, Л.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч МБинд холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21 474 024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дима,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О нь 2006 оны 9 дүгээр сараас МБны Увс аймаг дахь салбарт теллерээр ажилд орж, 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс салбарын захирлаар ажилласан. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн МБны ерөнхийлөгчийн Б503 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, уг тушаалыг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/01225 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

МБ нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас Нийспэпийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 90 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажлын 156 өдрийн цалин 21 474 024 төгрөгийг МБнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/01225 дугаар шийдвэрээр Л.Оыг Увс аймаг дахь МБны салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, дэвтэрт бичилт хийхийг МБинд даалгаж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэж ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй нь тэнцэх олговор буюу 8 777 373 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс ийнхүү эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр Л.Оын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар МБнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21 474 024 төгрөгийг гаргуулж Л.От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МБны удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265 320 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: МБ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр холбогдох шаардлагатай ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хэргийг шүүхээр өмнө нь шийдвэрлэсэн байтал шүүх дахин хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.О МБинд холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажлын 156 өдрийн цалинтай тэнцэх олговор 21 474 024 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/01225 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Оыг Увс аймаг дахь МБны салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 8 476 597 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 402 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/00526 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна. /хх43-54/

 

Хариуцагч МБны хувьд шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Л.О ажилгүй байсан бүх хугацааны буюу 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх цалин олговорыг шаардсан нь дээрх шүүхийн шийдвэрт олгохоор заасан хугацаатай хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, “нэгэнт шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бүхий хэрэгт дахин нэхэмжлэл гаргаж байна” гэх хариуцагчийн татгалзаж буй үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасантай нийцэхгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гэсэн ойлголтод дээрх хугацаа хамаарах тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/02127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА