| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0545/Э |
| Дугаар | 728 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 728
И.Сид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын гаргасан давж заалдах гомдлоор И.Сид холбогдох эрүүгийн 1903001850163 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.С нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Энхжин худалдааны төвийн урд замд Тоёота Приус маркийн 22-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: ...г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэж заасныг зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Янжинсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Т.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, И.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Соос 5.194.745 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Янжинсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.915 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Янжинсүрэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулга давж заалдах гомдолдоо: “...1. Миний үйлчлүүлэгч И.С нь гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэрэг ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх тогтоосон хэдий ч ажил хөдөлмөр эрхэлж ямар орлого олдог болох нь тодорхойгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. И.С нь хэрэгт шалгагдах явцад Эм Жи Жи уул уурхайн компанид дагалдан ажилтнаар анх орж, одоо хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байгаа болно. Энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Мөн тухайн ажлын цалингаасаа хохирогчид учирсан хохирлын тодорхой хувийг төлж барагдуулаад байна. Миний үйлчлүүлэгч И.С нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг өөрийн цалингаараа төлж барагдуулах чин хүсэлтэй байгаа бөгөөд түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд тохироогүй, хохирогчид хохирлыг яаралтай төлж барагдуулж, хохирогчийн эрх ашгийг хамгаалахад сөргөөр нөлөөлөхөөр байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг багасгаж өгнө үү.
2. Анхан шатны шүүх шүүгдэгч И.Соос 5.194.745 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Янжинсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Хохирогч Т.Янжинсүрэн Шүтээн шороо ХХК, Эвон Монгол Корпораци ХХК-иудад давхар ажил хийдэг гэх бөгөөд үүнийгээ нотлох нийгмийн даатгалын дэвтрээ нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Тухайн нийгмийн даатгалын дэвтрээр Шүтээн шороо ХХК-д 600.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд харин Эвон Монгол Корпорацид ажилладаг болохыг нотолсон, албан ёсны баримт байхгүй байхад анхан шатны шүүх нотлогдож байна гэж үзэж 1 сарын цалин 800.000 төгрөг, нийтдээ 3 сарын цалин 2.400.000 төгрөг авахаар байсан байна гэж үзэж хохиролд нэмэгдүүлэн тооцсон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь Эвон Монгол Корпораци ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэх боловч түүнийг нотолсон нийгмийн даатгалын дэвтэр байхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг 2 ажил давхардуулан хийдэггүй гэж үзэж байгаа тул нийт хохирлоос баримтгүй 2.400.000 төгрөгийг хасч өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Сийн үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Хохирлын хувьд ч гэсэн үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Т.Санжаадорж нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Энхжин худалдааны төвийн урд замд Тоёота Приус маркийн 22-83 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: ...г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэж заасныг зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Янжинсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Т.Янжинсүрэнгийн “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 40 минутийн үед Сонгинохайрхан дүүргийн Энхжин худалдааны төвийн урд гарцаар зам хөндлөн урдаасаа хойш гарах гэж гэрэл дохио хүлээж байгаад ногоон өнгийн гэрэл асахаар нь зам хөндлөн гарахаар алхаад замын зорчих хэсэг рүү ортол баруунаас зүүн чиглэлд явж байсан саарал өнгийн машин гэнэт гарч ирээд мөргөсөн. ...Би ногоон гэрлээр гарч байсан учраас баруун гар талаас ямар нэг машин ирээд мөргөчихнө чинээ санаагүй. ...Зүүн талын хөлний шагай мултарч, савхан хоёр яс цуурсан байна гэсэн. Би гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж, 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. ...” /хх 23-26/,
гэрч Б.Цэцэгээгийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...12 цагийн үед гараад замын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гарах гээд явган хүний гэрэл дохиог хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарах гэтэл саарал өнгийн Приус маркийн 22-83 УБЦ улсын дугаартай машины жолооч явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн, ...би өөрийн 96460086 дугаарын утаснаас 102 дугаарт дуудлага өгсөн. ...тэр эмэгтэйг явган хүний гарц дээр алхаад явж байхад нь тэр машин ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй яваад мөргөхөд нь харсан. ...” /хх 41-42/,
И.Сийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би ...“Энхжин” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талаас зүүн зүгт 2 дугаар эгнээгээр явж байхдаа тэнд хүлээж байсан хүмүүсийг замын хойно байгаа эсэхийг хараад анхаарлаа сарниулаад хойшоо хараад явж байхад ногоон гэрэл солигдоод улаан гэрэл ассаныг хараагүй явган хүний гарц руу орсон байсан. Тэгээд хүмүүс гарцаар явж байхыг хараад зүүн дараад гарах гэтэл тэр хүний хөлөн дээгүүр нь миний унаж явсан машины хойд дугуй гарсан байна лээ. Ингээд би машинаа замын баруун тал руу зогсоогоод нөгөө хүн дээр гүйгээд очиход нөгөө хүн тэр гарцан дээр уйлаад сууж байсан. ...Тодорхой хэмжээнд эмчилгээний зардал болох 470.000 төгрөгийг төлсөн. ...” /хх-78-79/ гэх мэдүүлгүүд,
2019 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн мөрдөгчийн “1. Явган зорчигч Т.Янжинсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Тоёота Приус маркийн 22-83 УБЦ дугаартай авто машины жолооч Ичинноровын Санжаадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /хх 71/ гэх 23 дугаартай магадлагаа,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Х.Янжинсүрэнгийн биед зүүн шилбэ ясны битүү хугарал, мултрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно. ...” /хх 46/ гэх 2589 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч И.Сийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч И.Сийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хууль хэрэглээний хувьд зөв болжээ.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч И.Сид тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, ял шийтгэлийг өөрчлөх үндэслэлгүй.
Шүүгдэгч И.Сийн өмгөөлөгч Г.Тулга “...хохирогч нь Эвон Монгол Корпораци ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэх боловч түүнийг нотолсон нийгмийн даатгалын дэвтэр байхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг 2 ажил давхардуулан хийдэггүй гэж үзэж байгаа тул нийт хохирлоос баримтгүй 2.400.000 төгрөгийг хасч өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хохирол шийдвэрлэхдээ “...гэмтлээс шалтгаалан 3 сар ажилгүй байсан хугацааны цалин болох 4.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч “Шүтээн шороо” ХХК-нд 800.000 биш 600.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэх баримт авагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинд 4.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж...” гэж дүгнэжээ.
Хохирогч Т.Янжинсүрэн нь ажил хийдэг, нийгмийн даатгал төлдөг байсан нь баримтаар нотлогдож байна.
Энэ тохиолдолд өвчтэй байх хугацааны магадлагаа эмнэлгээс олгогдож, ажилгүй байсан хугацааны цалингаа зохих хувиар тооцуулан авдаг бөгөөд харин цалингийн зөрүүг баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалинг шууд тооцож гаргуулсан нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн зардлаас 1.000.915 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх эмчилгээний зардалд ирүүлсэн баримтыг тооцож үзэхэд 1.865.321 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байх тул шүүхийн шийтгэх тогтоолын хохирол гаргуулах заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.
Тиймээс шүүгдэгч И.Соос гаргуулан хохирогчид олгохоор заасан хохирогч Т.Янжинсүрэнгийн 3 сар ажилгүй байсан хугацааны цалин гэх 4.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, харин хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 1.865.321 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор тогтоолд зохих өөрчлөлт оруулан өмгөөлөгч Г.Тулгын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, уг давж заалдах гомдолоос “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолын:
5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Соос 5.194.745 төгрөгийг гаргуулан хохирогч Т. Янжинсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.915 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Соос 1.865.321 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Янжинсүрэнд олгосугай.” гэж,
6 дахь заалтад “...хохирогч Т.Янжинсүрэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн...” гэснийг “...хохирогч Т.Янжинсүрэн цаашид гарах эмчилгээний болон гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлын “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ