| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2021/0024/З |
| Дугаар | 123/ШШ2021/0026 |
| Огноо | 2021-08-12 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 123/ШШ2021/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ҮТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Та А сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Та А сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч Та А сумын Засаг Б.Б, гэрч Д.Г, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ҮТ ХХК нь Архуст сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/167 дугаар захирамжаар тус сумын Ноёншанд 1-р багийн нутаг 60б талбайд үр тариа тарих зориулалтаар 100 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 000332105 дугаар гэрчилгээ гаргуулж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсны дараа бид газар дээрээ тариалалт хийж, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан болно. Гэтэл Ат сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших гэрээг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Манай компани 2019 оноос хойш газар тариалангийн ажил эрхлэхээр трактор, үр суулгах болон усалгааны тоног төхөөрөмж худалдан авч, газар дээрээ байрлуулж, тус газартаа хашаа барихаар 2020 оны 02 дугаар сард төмөр утас худалдан авч, 03 дугаар сард нь шон худалдан авч хашаа барьсан. Улмаар эзэмших эрх бүхий газартаа тариалалт хийхээр бэлтгэн уриншуулалтын ажлыг хийж гүйцэтгэн, 5 га газарт төмс, 5 га газарт манжингийн тариалалт хийж, талбайн ашиглалтын талаарх мэдээг тухай бүр нь эрх бүхий этгээдэд гарган өгч байсан ба 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хаврын тариалалтын мэдээг сумын Засаг даргад хүргүүлэхээр Газар тариалалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгч, 2018-2020 онд газар тариалангийн талбайд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг мөн гаргасан. Бид тариалалт хийхтэй холбоотой үр тариа тарих, манах, хураах тоног төхөөрөмж түрээслэн, трактор худалдан авч, ажиллах хүчний зардал гаргах зэргээр хөрөнгө мөнгө зарцуулаад байна. Газартаа 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Шинжлэх ухааны академын Газар зүй, Геоэкологийн хүрээлэнгээр Хөрсний задлан шинжилгээ хийлгүүлж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХАБҮЛЛ-аар үр тарианд шинжилгээ хийлгүүлсэн бөгөөд бид 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2021 оны газар тариалангийн талбайд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө баталж, төмс, манжин, лууван, кимчи байцай, сонгино, сармис, бөөрөнхий байцай тариалхаар бэлтгэн ажиллаж байсан. Бид эзэмших эрх бүхий газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан байхад тус сумын Засаг даргын А/129 дүгээр захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн манай компанийн газар эзэмших гэрээ болон анх газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/167 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг манай компанид эх хувиар гардуулаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан журмын дагуу бидэнд Архуст сумын Засаг даргын 2020 оны А/129 дүгээр захирамжийг мэдэгдээгүй. Тус захирамжийг манай компанийн албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй хаяг руу бичгээр болон аливаа хэлбэрээр огт мэдэгдээгүй, харин 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу өмнө нь нэг удаа бичиг хүргэж өгч байсан Гэрэлмаа гэх хүний хувийн мэйл хаяг руу хүргүүлсэн талаар 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн удирдлагад мэдэгдсэн бөгөөд тус захирамжтай танилцмагцаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Засаг даргаас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгээр ...аймгийн Засаг даргын харьяалан шийдвэрлэх асуудал биш байх тул шийдвэрлэх боломжгүй байна. гэх хариуг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан тул бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шуудангаар шүүхэд хүргүүлсэн. Иймд Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамж нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэсэн ч захирамжлах хэсгийн 1 дэх заалтаараа гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэрчилгээг хүчинтэй үлдэж байгаа гэж харагдаж байна. Энэ захирамжийг үндэслээд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 167 захирамжийг хүчингүй болсонд тооцсон агуулга яригдана. Хүчингүй болгох агуулга нь хууль бус болоод хүчингүй болгодог. 2018 онд хууль бусаар газар эзэмшүүлсэн юм шиг бичсэн нь хуульд нийцэхгүй байна. Гэрээг цуцалж энэ захирамжийг хүргүүлэх, гэрчилгээг хураан авахыг н.Шинэбаярт үүрэг болгосон байна. Газар эзэмших эрхийн хүчингүй болгож байгаа талаар энэ захирамжид огт байхгүй. Захиргааны байгууллага ийм хууль бус захирамж гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг Засаг дарга баримтална. Энэ нь өөрийнх нь эрхийг зааж өгсөн заалт эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах ёстой. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн, газар эзэмших эрхийг зөрчсөн. Дуусгавар болгоод байгаа юм шиг ийм эрх зүйн хувьд алдаатай ийм захирамж гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт тухайн газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг хуулийн заалтыг барьсан. ҮТ ХХК нь 2018 оны 03 сарын 21-ны өдөр байгуулагдсан. Газар эзэмших эрх олгосон захирамж нь 2018 оны 04 сарын 25-ны өдөр гарсан. Тухайн компанийн үйл ажиллагаа нь газар тариалан эрхлэх л хүсэлтэй байгаа. Түүний дагуу н.Хүрэлбаатарын газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай худалдаж авсан. Газар эзэмших гэрээг байгуулахгүй явсан. Газрын даамал Саруултай гэрээ байгуулах гэхээр олдохгүй, 2019 онд төрсөн. 2020 онд гэрээг байгуулахад 2018, 2019 оны огноотойгоор гэрээ байгуулсан. 2018, 2019 оны төлбөрийг төлөөд 2020 оны 03 сарын 11-ний өдөр гэрээ байгуулагдсан даруйд тариалалтын ажлаа эхэлсэн. 2018 оны 04 сарын 25-ны өдөр гэрчилгээ олгосон өдрөөс нь хүчингүй болгосон. Энэ хугацаанд огт тариалалт хийгдээгүй юм уу гэхээр 2018 онд худалдан авалт хийгдсэн, 2020 оны 03, 04 саруудад газар хагалах, хашаа буулгах ажлууд нь эхэлсэн. Хугацааг гэрээнээс ч тоолсон, гэрчилгээнээс ч тоолсон, захирамж олгосноос тоолсон ч 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тогтоох боломжгүй. Тухайн хугацаанд газраа хагалаад үрээ суулгаад, төмс тариад ийм үйл ажиллагаа явуулсан. 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримталж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийн хамгаалах зарчим нь нийтийн эрх зүйн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн нөхцөл байдлыг хэлсэн. Нэхэмжлэгч байгууллага нь энэ бүх хугацаанд ийм ажлууд хийгээд байхад энэ нөхцөл байдлыг шалгахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлэхгүйгээр хуулийн этгээдийг хохироогоод байж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг зөрчсөн байна. Гуравдугаарт нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэж заасан. Засаг даргын гаргасан захирамжид гэрчилгээг хүчингүй болгосон зүйл байхгүй. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэх үү, Тариалангийн тухай хуулийг хэрэглэх үү гээд хууль хэрэглээний асуудал энд зайлшгүй яригдана. Та иргэний газрын хүчингүй болгох гэж байгаа бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж болно. Тариалангийн зориулалттай газрыг хүчингүй болгохдоо Тариалангийн тухай хуулийг баримтлах болно. Тариалангийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт газар эзэмшигч, ашиглагч нь 2-оос дээш жил буюу 3 жил түүнээс дээш жил ашиглаагүй бол ашиглаагүй газрынх нь хэсгийг хүчингүй болгох гэж хууль тогтоогчийн санаа явж байна. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт иргэн газраа ашиглаагүй бол хүчингүй болгох заалт энэ хоёрын хуулийн агуулга нь ингэж яригддаг. Тариалангийн тухай хууль, Газрын тухай хуулийн 2 жил түүнээс дээш жил ашиглаагүй гэх энэ ангилалд хамаарч байна. 2 жил түүнээс дээш 3 жил газраа ашиглаагүй байх энэ боломжийг ҮТ ХХК-д бүрдүүлээгүй байхад газар эзэмших гэрээг хүчингүй болгож, анх газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн захирамж гаргасан байна. Гэрээг жил бүр дүгнүүлээгүй гэдэг асуудал ярьж байна. 2020 онд гэрээ байгуулсан, тариалалтын мэдээгээ гаргаж өгсөн, мэргэжилтэн нь хүлээж аваад гарын үсэг зурсан. Уринш хийсэн, хөрөнгө оруулалт хийснийг тухайн газар дээр хийж байгаа үйл ажиллагаа гэж үздэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батбаатар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ҮТ ХХК нь Ноёншанд 1-р багийн нутагт 605 талбайд үр тариа тарих зориулалтаар 100 га газрыг сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А/167 тоот захирамжаар эрх шилжүүлж эзэмшиж эхэлсэн. Газрыг эзэмшиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2018, 2019, 2020 онуудад үр тариа тариалах зориулалтаар ажил огт хийгээгүй болно. Дээрх онуудад Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац бэлтгэсэн уринш, талбайн мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгнө гэж заасны дагуу сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын газар тариалан хариуцсан мэргэжилтэнд тариалалтын талаарх мэдээллийг огт ирүүлээгүй. Газар тариалангийн мэдээний судалгааг хүргүүлсэн. Газар эзэмших эрх үүссэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших 2 жилийн хугацаанд ҮТ ХХК нь хүлээсэн дараах үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна гэж үзсэн. Газрыг зориулалтын дагуу ашиглах-Хуулийн 2 жилийн хугацаа нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болох тул дээрх хугацаанд тухайн газрыг үр тариа тариалах зориулалтаар ашиглаагүй болно. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох. 40.1.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй заалтыг хэрэгжүүлээгүй. Үр тариа тарих зориулалтаар олгосон газарт 2020 оны 06 сарын 18-ны өдөр төмс, хүнсний ногоо тариалсан байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр болно, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж заасны дагуу 2018, 2019, 2020 онуудад газар эзэмшиж ашиглах гэрээг Сумын Засаг даргатай уулзаж дүгнүүлээгүй. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 2020 оны газрын төлбөр болох 141100 төгрөгийг төлөөгүй. Татвар хураагчийн тодорхойлолтыг хүргүүлсэн. Өдрийн сонины 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №161/6527/ дугаарт холбогдох журмын дагуу ҮТ ХХК болон бусад 1 иргэн Аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу цуцлах үндэслэл бий болсныг мэдэгдсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тухай ХХК-ний талбайн инженер Д.Гантулгад /99039443/ мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч гарын үсгээр баталгаажуулсан. Ингээд ковид-19 цар тахлын улмаас хол хорионоос шалтгаалан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сумын Засаг даргын 05/188 албан тоотоор Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.1. 26.2-т заасны дагуу сонсох ажиллагааг 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан хэлбэрээр явуулж байгаа мэдэгдсэн. Сумын Засаг даргын 05/188 албан тоот болон Д.Гантулгын гарын үсэгтэй мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн баримт болон фото зургийг хүргүүлсэн. ҮТ ХХК-тай холбогдох мэдэгдэх хуудас, албан тоотыг тухайн ХХК-ний ерөнхий захирал У.Амартүвшиний 2020 оны т/005 тоот тушаалаар гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Гэрэлмаагийн цахим хуудас руу мэдээлэл өгч ажилласан. ҮТ ХХК-ний ерөнхий захирлын Т/005 тоот тушаалыг хүргүүлсэн. Дээрх нөхцөл байдалд үндэслэн ҮТ ХХК-ний Ноёншанд 1-р багийн 606 талбайд ур тарианы зориулалтаар эзэмшиж байсан 100 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан. ...Энэ компаниас ирүүлсэн 10 га газарт тариалалт явуулсан гэх мэдээг үндэслэж 10 га газарт төмс, манжин тарьсан юм байна гэдгийг мэдсэн. Анх энэ газарт үр тарианы зориулалтаар олгосон. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь төмс, манжин тарьсан. Зориулалт өөрчлөгдсөн бол энэ талаар мэдэгдээд тариалалтаа явуулах боломжтой байсан. 10 га талбайг зориулалтын дагуу ашиглаагүй. Үлдсэн талбайд тариалалт хийгээгүй. Уринш хийсэн нөхцөл байдал байхгүй байсан. Засаг даргын шийдвэр гарах хугацаанд газраа тэлж хашаалах бусад ажлуудыг хийсэн байна. ...Короно вирусээс шалтгаалаад захирамжийг ҮТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Гэрэлмаагийн мэйл хаягаар явуулсан, баримтыг хэрэгт өгсөн, утсаар мэдэгдэхээр утсаа авахгүй байна гэх мэдээллийг мэргэжилтэн өгсөн.... Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Гэрч Д.Гантулга шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 сараас газраа хагалаад, 5 сард хашаагаа бариад ногоо тарьсан, уриншуулалт хийсэн. Нийт талбай нь 30 гаран га талбай байгаа... гэжээ.
Гэрч Б.Гансэлэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ газрыг авснаас хойш хийсэн ажил нь ойролцоогоор 350 сая төгрөгийг зарцуулсан байгаа. Төмөр утас, сэндвичин байшин барих гээд авсан. Хөрсний шинжилгээ хийлгэсэн. Газрын даамлыг гэрээгээ хийе гэж би шаардсан, Саруултай 2020 оны 03 сарын 11-ний өдөр хотод уулзсан, 2018, 2019 оны хоёр гэрээг нэг дор нөхөж хийж өгсөн...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр ҮТ ХХК-ийн газар эзэмших гэрээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Архуст сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/167 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг 60б дугаартай талбайд үр тариа тарих зориулалтаар иргэн Д.Хүрэлбаатарт олгосон 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг ҮТ ХХК-д шилжүүлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 5 дугаар сарын 16, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус байгуулсан байна.
Нэхэмжлэгч ҮТ ХХК нь 2018, 2019 онуудад өөрийн эзэмшлийн 100 га газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, харин 2020 оны 6 сарын 11-ний өдөр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээр Хөрсний задлан шинжилгээ, 2020 оны 6 сарын 15-ны өдөр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабориотоор нь шинжилгээ хийлгэж, мөн оны 6 сард 10 га газарт төмс, хүнсний ногоо тариалж, 10 га газарт уринш хийсэн болох нь хариуцагчийн ...10 га газарт үр тариа биш хүнсний ногоо тариалсан... гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн 2020 оны 6 сард шинжилгээ хийлгэсэн, 10 га газарт төмс, манжин тарьсан гэсэн тайлбар, ҮТ ХХК-ийн 2020 оны 6 сарын 18-ны өдрийн Хаврын тариалалтын мэдээнд ...нийт тариалсан талбай 10 га, хаврын хагалгаа 10 га, ашиглаагүй үлдсэн талбай 90 га... гэж бичсэн болон маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2018, 2019 онуудад газраа эзэмшиж ашиглаагүй байдалд тухайн цаг хугацаанд хяналт тавьж, шийдвэр гаргаагүй байгааг дурьдах нь зүйтэй.
Ийнхүү нэхэмжлэгч нь 2018 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ч 2018, 2019 онуудад газар дээрээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, харин 2019 оны 03 сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 6 дугаар сард эзэмшлийн 100 га газартаа хөрсний шинжилгээ хийлгэж,10 га газарт уринш хийсэн байхад хариуцагчаас түүнийг 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутган газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ... гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно. гэж тус тус заасантай нийцээгүй, хууль бус байна. Тодруулбал хариуцагч нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан 2019 оны 03 сарын 11-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч газраа эзэмшиж ашигласан эсэх, газар ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, гэрээ байгуулснаас хойш 1 жил 9 сарын дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн байна.
2. Хариуцагчаас үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлсэн газарт төмс, манжин тарьсан, 10 га талбайг зориулалтын дагуу ашиглаагүй, үлдсэн талбайд тариалалт хийгээгүй, газар эзэмшүүлэх гэрээ дүгнүүлээгүй, тариалалтад бэлтгэсэн, уринш хийсэн гэх мэдээгээ тухай бүр гаргаж өгч байгаагүй, уринш хийсэн гэх нөхцөл байдал байгаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, Засаг даргын шийдвэр гарах хугацаанд газраа тэлж хашаалах бусад ажлуудыг хийсэн байна... гэсэн тайлбар гаргасан. Хариуцагч энэхүү тайлбарт дурьдсан нөхцөл байдлуудыг захирамждаа заагаагүй бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоосон гэх байдлаа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийн 2020 оны 6 сарын 18-ны өдөр гаргасан хаврын тариалалтын мэдээг Архуст сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Х.Хишигбуян хүлээн авч гарын үсэг зурсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоогоогүй байгаагаас гадна газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг батлан гаргасан байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно. Үүнээс гадна нэхэмжлэгч тал 2018, 2019 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй 2020 онд гэрээ байгуулсан хэмээн тайлбарласан, 2018, 2019 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ тус бүр нь №04110-2020/00033 гэсэн нэг дугаартай байгааг дурьдаж байна.
3. Хариуцагчаас 2020 оны 12 сарын 30-ны А/129 дүгээр захирамжийг короно вирусээс шалтгаалаад ҮТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гэрэлмаагийн мэйл хаягаар хүргүүлсэн, ...утас руу нь залгахаар утсаа авдаггүй... хэмээн тайлбарлаж, ҮТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гэрэлмаагаас Архуст сумын Засаг даргад хандсан 2020 оны 10 сарын 29-ны өдрийн А/01 тоот албан бичиг, 2020 оны 10 сарын 21-ний өдөр Э.Нямдорж [email protected] хаягаас Ganaa 1661 и-мэйл хаяг руу бичиг, хавсралт илгээсэн баримт болон 99771661 дугаарын утас руу дуудлага хийсэн баримт, зураг зэргийг нотлох баримтаар хавтас хэрэгт ирүүлсэн. Үүнээс өөр маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гардуулсан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, албан бичгийн хэвлэмэл хуудас, газар эзэмшүүлэх гэрээ зэрэгт захирал Ү.Амартүвшин, утасны дугаар: 95213866, 99100763, 80000450, и-мэйл хаяг: [email protected] гэж тус тус тэмдэглэсэн бөгөөд тус компаний албан ёсны баримтад дээр дурьдсан Ganaa 1661 мэйл хаяг болон 99771661 утасны дугаар тэмдэглэгдээгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас Л.Гэрэлмааг 2020 оны 11 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн учир манай компанийн ажилтан биш, 2020 03 сарын 08-ны өдөр Л.Гэрэлмаа ийм мэйл ирсэн байна гээд мэйлийг манайд өгсөн, бид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон юм байна гэж мэдсэн хэмээн тайлбарлаж, Л.Гэрэлмааг ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтаар хавтаст хэрэгт ирүүлжээ.
Эдгээр баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг батлан гаргаснаас хойш нэхэмжлэгчид болон нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулсан, мэдэгдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, тодруулбал нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд болох ҮТ ХХК-ийн захирал Л.Амарсанаад болон тус компанийн албан ёсны и-мэйл хаяг: [email protected] хаягаар нь Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 30-ны А/129 дүгээр захирамжийг хүргүүлээгүй байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан журмаар захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хүргүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байгааг дурьдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлуудаар Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамж хууль бус бөгөөд, уг захирамжийн улмаас нэгж талбарын 4106020863 дугаартай 100 га газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ҮТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Архуст сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ҮТ ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН