Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Золзаяа,

Улсын яллагч: М.Гантулга           

Шүүгдэгч П.Энх-Амар, Б.Энхээ тэдний өмгөөлөгч:  А.Ган-Эрдэнэ /0329/

Хохирогч: Б.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж нар овогт Пүрэвбатын Энх-Амар, Боржигон овогт Бадрахын Энхээ нарт холбогдох эрүүгийн 201625021626 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Хонхорын 1-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НЙ92032332, Тайж нар овгийн Пүрэвбатын Энх-Амар,

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 289-а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УШ 96060117, Боржигон овогт Бадрахын Энхээ.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Тайж нар овогт Пүрэвбатын Энх-Амар, Боржигон овогт Бадрахын Энхээ нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул хотхоны үйлчилгээний төвийн барьж байгаа барилгаас иргэн Б.Батбаатарын дрилл 1 ширхэг 150.000 төгрөг, тасдагч багаж 1 ширхэг 150.000, пильта зүсэгч тавагтай 1 ширхэг 180.000 төгрөг, уртасгагч залгуур 20 метр урттай 1 ширхэг 80.000 төгрөг, уртасгагч залгуур 50 метрийн урттай 1 ширхэг 210.000 төгрөг, гагнуурын аппарат 1 ширхэг 280.000 төгрөг, мөн иргэн С.Төмөрийн ниврель багаж 1 ширхэг 220.000 төгрөг, нивилерь багажны хөл 1 ширхэг 50.000 төгрөг, уртасгагч залгуур 25 метр урттай 1 ширхэг 85.000 төгрөгийн эд зүйлсийг тус тус хулгайлж нийт 1.405.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Энх-Амар мэдүүлэхдээ: Би Дөл Мөнх гэдэг компанид 02 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 02-ныг хүртэл 4 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд цалингаа тогтмол өгөхгүй. 100.000 төгрөг цувуулж өгдөг байсан. Надад 4 сарын хугацаанд 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. 05 дугаар сарын 31-ний өдөр цалин өгөх гэж байна гээд бид нарыг бүгдийг нь дуудаж ирүүлээд орой болтол хүлээлгэж байгаад 22 цагийн үед бид нарт 50.000 төгрөг өгч, 06 дугаар сарын 02-ны өдөр бүгдийг нь өгнө гэсэн. Тэгээд бид нар 06 дугаар сарын 02-ны өдөр бас өглөөнөөс орой болтол хүлээлгээд ирэхгүй байхаар нь утсаар нь ярьж асуухад мөнгө өгөхгүй, тэр чинь бид нарын асуудал биш гээд утсаа салгасан. Тэгээд би Энхээ рүү утсаар орой багажийг нь авъя гэж хэлсэн. Орой 20 цагийн үед Энхээтэй уулзаж түлхүүрийг нь авч багажийг нь хулгайлсан. Бид нар багажийг нь авбал мөнгөө өгөх байх гэж бодоод авсан гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Энхээ мэдүүлэхдээ: Би Дөл Мөнх гэдэг компанид 2016 оны 02 дугаар сарын 20-ноос эхэлж ажиллаад 05 дугаар сарын сүүл хүртэл 4 сар гаран ажилласан. Энэ хугацаанд цалингаа цувуулж өгдөг байсан. 05 дугаар сарын 30-нд бид нарт цалин гэж 50.000 төгрөг өгсөн. Тэгээд 06 дугаар сарын 02-нд өглөө 09-өөс орой 20 цаг хүртэл цалингаа авах гэж хүлээсэн боловч өгөөгүй. Тэгээд компанийнх нь захиралтай ярихад та 2-т өгөх мөнгө байхгүй, мөнгө төгрөгийнхөө асуудлыг өөрсдөө шийд гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр өдрийнхөө орой багажийг нь авсан. Бид нар багажийг аваад зөрүүлээд цалингаа авъя гэж бодсон боловч болоогүй гэв.

                                                                                                                             

Шүүх хуралдаанд хохирогч Б.Батбаатар мэдүүлэхдээ: Сүүлийн үеийн барилгын ажлууд дээр санхүүжилтын асуудал их гарч байгаа. Гүйцэтгэлээрээ мөнгө орж ирдэг учир бид нар жоохон, жоохон мөнгө авдаг. Тухайн үед орж ирсэн мөнгөө ийм учиртай шүү гэж тайлбарлаж өгдөг байсан. Би шүүгдэгч нарт ийм байна гэж их тайлбарлаж байсан. Энэ 2 хүүхэд архи хэрэглээд байдаггүй, өглөө эрт ирдэг. Ажлаа сайн хийдэг гэдэг утгаараа сайн байдаг байсан. Түлхүүр алга болоход манаач маань чулуун дээр ажиллаж байсан 2 хүүхэд ирсэн талаар хэлсэн. Тухайн үед би компаниа төлөөлж өргөдөл бичиж өгсөн. Шүүгдэгч нар цалин мөнгөө бүрэн гүйцэд аваагүйдээ бухимдсан байх. Би болон манай захирал эхлээд бүгдээрээ л мессеж бичиж шүүгдэгч нартай холбогдохыг хичээсэн. Тэгээд аргаа бараад хуулийн дагуу шийдүүлэхээр болсон. Хохирлоо барагдуулахын тулд ажил хийлгэсэн нь үнэн. Бид нар шүүгдэгч нарын муу, сайныг нь үзээд яах вэ, залуу хүүхдүүд алдсан байх гэж бодоод ажиллуулж байхад зарим үед утсаа хаагаад алга болдог байсан. Бид нар ч өөрсдөө бүрэн гүйцэд цалингаа авч чадаагүй явж байгаа. Энэ ажлын ард гараад бүгдээрээ бөөн мөнгө авъя гэж ярьж байсан. Би шүүгдэгч Энхээтэй уулзаагүй. Шүүгдэгч Энх-Амар миний буруу байсан байна, надад мөнгөний хэрэг гарсан гэж учир байдлаа хэлсэн. Шүүгдэгч Энх-Амарт ийм ажил байгаа. Үүнийг хийж хохирлоо барагдуул гээд ажил хийж хохирлоо барагдуулсан. Шүүгдэгч Энх-Амар манай компаниас авлагатай гэж хэлсэн нь үнэн. Манай ажлын гүйцэтгэлийн мөнгө орж ирээгүй байна. Надад одоо гомдол санал байхгүй гэв.

  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батбаатар /хх-ийн 21/, хохирогч С.Төмөр /хх-ийн 24/, гэрч М.Ванданхүү /хх-ийн 27/, гэрч Г.Баасанжаргал /хх-ийн 27/, нарын өгсөн мэдүүлэгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 7, 8/,                         П.Энх-Амар /хх-ийн 46/, Б.Энхээ /хх-ийн 41/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримт зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Энх-Амар, Б.Энхээ нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны үйлчилгээний төвийн барьж байгаа барилгаас иргэн Б.Батбаатарын дрилл, тасдагч багаж, плита зүсэгч тавагтай, 20 болон 50 метрийн урттай уртасгагч залгуур, гагнуурын аппарат  зэрэг 1.050.000 төгрөгийн, мөн иргэн С.Төмөрийн нивилерь багаж, нивилерь багажны хөл, 25 метрийн урттай уртасгагч залгуур зэрэг 355.000 төгрөгийн буюу бусдын нийт 1.405.000 төгрөгийн эд зүйлсийг тус тус хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед би ажил дээрээ ирэхэд манай ажлын газрын 2 давхарт байрлах ажлын багаж хийдэг байсан өрөөнөөс гагнуурын аппарат 1 ширхэг, дрилл 1 ширхэг, тасдагч багаж 1 ширхэг, пильта зүсэгч тавагтай 1 ширхэг, уртасгагч залгуур 3 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Би үнэлгээний байгууллагын үнэлгээтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар нийт 1.405.000 төгрөгийн хохирол учирсан байна. Манай байгууллагад урьд нь ажиллаж байсан Энх-Амар, Энхээ гэх хүмүүсийг сэжиглэж байна. Харин ниврель багаж, түүний хөл, 25 м уртасгагч залгуур зэрэг нь манайд ажиллаж байсан С.Төмөр гэх хүний багаж хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Хохирогч С.Төмөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Миний бие нь Дөлмөнх ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Саруул хотхоны баригдаж буй барилгын 2 давхарын үйлчилгээний зааланд пилита наах ажил хийсэн. Тэгээд би өөрийнхөө ниврель багаж, түүний хөл, 25 м уртасгагч залгуур зэрэг багаж хэрэгслийг авчраад Саруул хотхоны баригдаж буй барилгын 2 давхарт байрлах Дөлмөнх ХХК-ны багаж хэрэгслээ хийдэг жижиг өрөөнд хийчихсэн ажлаа хийж байсан. 2016 оны 06 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хулгай орж миний ниврель багаж, түүний хөл, 25 м уртасгагч залгуур зэрэг эд зүйлс алдагдсан. Би неврель багаж түүний хөлтэй нь хамт 280.000 төгрөгөөр, уртасгагч залгуурыг 125.000 төгрөгөөр үнэлж байна. Би үнэлгээний байгууллагын үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү…” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч М.Ванданхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Саруул хотхоны баригдаж буй барилгыг манаад манаачийн ажлаа хийж байсан юм. Тухайн өдөр 22 цагийн үед Дөлмөнх-ХХК-д ажилладаг зүс мэдэх 2 хүүхэд хүрч ирээд надад хандан бид 2 багаж хэрэгслээ аваад цайз руу очиж өглөө эрт ажлаа хийх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь та нар өглөө эрт ирж ав би одоо та нарт багаж хэрэгсэл гаргаж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэр хоёр за за гээд яваад өгсөн. …Тэгээд л маргааш өглөө нь Дөлмөнх ХХК-ны дарга нь надтай яриад манай багаж хэрэгсэл алга болсон байна гэж хэлэхээр нь би танай 2 ажилчин багаж хэрэгсэл сураглаад явж байсан шүү дээ гэж хэлсэн. Би бол тэр 2 залууг шөнө орж ирээд л багаж хэрэгсэл аваад явсан гэж бодож байна …” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Гэрч Г.Баасанжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би Энхээ, Энх-Амар гэх хүмүүсийг танина. Эдгээр хүмүүс нь манай байгууллагад туслах ажилтнаар ажиллаж байсан. Б.Энхээ, П.Энх-Амар нар 2016 оны 04 дүгээр сарын эхээр ажиллаж байхдаа надаас багажны өрөөний түлхүүр өгөөч багаж авах гэсэн юм гэж хэлээд авч байсан. Энэ цагаас хойш Б.Энхээ, П.Энх-Амар нараас багажны өрөөний түлхүүрээ асуухад алга болгочихсон гээд өгдөггүй байсан юм. Багажны өрөөний түлхүүр зөвхөн надад байдаг…” гэх мэдүүлэг /хх-27/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 25/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн шүүгдэгч П.Энх-Амар, Б.Энхээ нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байх тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Энх-Амар, Б.Энхээ нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн  зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Шүүгдэгч Тайж нар овгийн Пүрэвбатын Энх-Амар, Боржигон овогт Бадрахын Энхээ нарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энх-Амарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр              02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхээг  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энх-Амар, Б.Энхээ нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Энх-Амар, Б.Энхээ нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энх-Амар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг, шүүгдэгч  Б.Энхээд оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, П.Энх-Амарт хяналт тавих үүргийг Төв аймгийн цагдаагийн газарт, Б.Энхээд хяналт тавих үүргийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Энх-Амар, Б.Энхээ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР