Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/540

 

 2022        5          20                                      2022/ШЦТ/540     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0483/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч А.Ө /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ө-д холбогдох эрүүгийн “2209007860668” дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, А.Ө /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... баарнаас иргэн Н.А-ийн гээсэн эд хөрөнгө болох “Самсунг Эс-9 плас” загварын гар утсыг олж авахдаа бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж худалдан борлуулж хувьдаа завшиж хохирогчид 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гээгдэл эд хөрөнгийг завших үр дагаврыг сайн ойлгож авсан. Би хохирлыг аав ээжээсээ мөнгө авч барагдуулсан” гэв.

Хавтаст хэргээс:

Иргэн Б.Билгүүн, А.Ө нар нь хоорондоо нэгж шилжүүлэх талаар бичсэн мессэжний хуулбар (хавтаст хэргийн 6-15 дахь тал),

Хохирогч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... бааранд найз Мөнхсүхийн хамт орж үйлчлүүлсэн. Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн "Самсунг эс-9 плас" загварын гар утсаа яаж, хэзээ алдсан талаараа мэдэхгүй байна. Учир нь тухайн өдөр их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний 8805.... дугаарын утаснаас 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, мөн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 8857...., 8615.... дугаарууд руу 15.000 нэгж шилжүүлж авсан байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

Хохирогч Н.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин өгсөн: "...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. А.Ө нь өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр "Хаан" банкинд эзэмшдэг 5027......тоот данс руу хохирлын 375.000 төгрөгийг шилжүүлж, надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

Хохирол төлөгдсөн тухай баримт буюу дансны хуулга (хавтаст хэргийн 22 дахь тал)

Гэрч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд надтай хамт ... их сургуульд сурч байсан найз болох А.Ө над руу фэйсбүүк хаягаасаа чат бичээд "чи нэгж авах юм уу" гэхээр нь "яадаг нэгж юм бэ" гэж асуухад тэрээр "манай найз нэгжгүй гэхэд нь гар утсыг нь шалгахад 40.000 нэгж байна" гэж хариулсан Тэгээд би датаны 2500 нэгж явуулчих гэхэд тэрээр 10.000 нэгж хийсэн. Удалгүй над руу чат бичээд "5000 нэгжийг миний 8031.... дугаар руу шилжүүлчих, би өөрийнхөө дугаар руу шилжүүлэх гэхээр манай найз мэдэх гээд байна" гэхээр нь би түүний явуулсан дугаар руу нь 5000 нэгжийг шилжүүлсэн. Дахиж чат бичээд буруу дугаар өгсөн байна гээд дахин 8805.... дугаараасаа миний 8615.... дугаар руу 5000 нэгж нэмж шилжүүлээд 8857.... дугаар руу 5000 нэгж шилжүүлчих гэхээр нь би 2000 нэгжээр нэг удаа, дахин 2000 нэгжээр хоёр дахь удаагаа шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

"Дамно" ХХК-ийн гаргасан "...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 375.000 төгрөгөөр үнэлэв..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Яллагдагч А.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн баар руу орж байсан чинь үүдний шалан дээр гар утас хэвтэж байхаар нь аваад гарсан. Уг олсон гар утсанд би өөрийн 8857.... дугаарын сим картыг хийж ашиглаж байгаад 2022 оын 3-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелын гар утас засвар дээр 200.000 төгрөгөөр зарсан. Гар утас нь хар өнгийн Самсунг Эс 9 плас загварын гар утас байсан. Би тухайн дугаараас хуучин ангийн найз Билгүүн рүү нэгж шилжүүлсэн... ...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 49 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч А.Ө нь согтуугаар 2022 оны 3 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... гэх нэртэй баарнаас хохирогч иргэн Н.А-н гээсэн эд хөрөнгө болох Самсунг Эс-9 плас загварын гар утсыг авахдаа бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулж олсон мөнгийг хувьдаа завшиж хохирогчид 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч А.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Ө-н хувьд бусдын гээгдэл эд зүйлийг авч ашиг хонжоо гарган амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.А нь “хохирол төлбөр болох 375.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж хавтаст хэргийн 21 дгээр талд мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Ө-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Ө-д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч А.Ө-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Ө-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР