Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­98      

 

  

 

 

 

 

 

 

2022          07             26                                                         2022/ШЦТ/­­­­98                                                 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тэрбиш овогт Доржмаагийн Оюунгэрэлд холбогдох 2229000350048 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Доод салхит 10-187 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тэрбиш овогт Доржмаагийн Оюунгэрэл /РД:НР86081567/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Шүүгдэгч Тэрбиш овогтой Доржмаагийн Оюунгэрэл нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 203 дахь километрт 09-16 УАО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 23.8-д заасан “Суудлын машинд болон ачааны машины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь МNS ISO13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандарт шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан 5 сартай Э.Отгон-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

               Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-23-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Энхбатын өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Цагаан хадны наана байх хонгорын постын тэнд ажилтай явж байсан юм. Тухайн өдөр манай эхнэр Д.Оюунгэрэл намайг авах гээд над руу явж байгаад тухайн осол болсон юм. Отгон-Эрдэнийн биеийн байдал зүгээр байгаа. Эмчилгээ хийгээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Энхжаргалын өгсөн: “...2022 оны 01-р сарын 09-ний өдөр ... гэртээ байж байтал Д.Оюунгэрэл гэдэг хүүхний нөхөр болох Ю.Энхбат манай гэрт ойролцоогоор 13:30 минутын орчим орж ирээд “миний эхнэр Д.Оюунгэрэл замын хажуу тал руу машинтайгаа орчихсон гэж байна хоёулаа явчхаад ирье” гээд надад хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд ...Ю.Энхбатыг суулгаад осол болсон газарт яваад очиход 09-16 УАО улсын дугаартай приус-30 маркийн хөх өнгийн машин нь нүүрс тээврийн засмал замын ертөнцийн зүгээр зүүн тал руу гараад шороон дээр баруун урд зүг рүү хараад зогсчихсон байсан. Ю.Энхбатын Халиунаа гэдэг охин нь машины гадна талд гараад зогсож байсан. Харин машин дотроо Д.Оюунгэрэл жолоочийн суудал дээр хүүхдээ тэврээд хүүхэд нь уйлаад өөрөө “би босож чадахгүй байна миний нуруу өвдөж байна” гээд сандарсан байдалтай сууж байсан... Д.Оюунгэрэл Цогтцэций сумаас Цагаан хадны Хонгорын даваан дээр байдаг постод дээрээс нөхөр Ю.Энхбатыг авах гээд хоёр хүүхдээ суулгаад явж байсан гээд надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Зулбаярын: “...2022 оны 01-р сарын 09-ний өдөр ...эмч О.Ариунаа залгаад ...машины осолд орсон 3 хүн байна 5 сартай хүүхэд болон машин барьж явсан ээж хоёр нь зовиуртай байна гээд надад хэлэхээр нь би тэр айлд яваад ороход О.Ариунаа эмч дусал залгаад нярай 5 сартай хүүхэд нь унтаж байсан... Намайг үзэхэд үзүүлсэн хүмүүс болон хүүхдэд ил харагдах ямар нэгэн шарх байхгүй. Д.Оюунгэрэлийн нуруу эмзэглэлтэй нярай хүүхдийн цээжний битүү гэмтэл тодорхойлогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Ариунаагийн өгсөн: “...2022 оны 01-р сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төв дээр ажил дээрээ байж байхад Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 203 дахь километр өнгөрөөд хойноос урагш чиглэлтэй явж байхад 09-16 УАО улсын дугаартай приүс-30 машины дугуй хагараад замын хажуу тал руу ороод хүн гэмтсэн гээд надад 14:40 минутын орчим дуудлага ирсэн... би Д.Оюунгэрэлээс асуумж асуухад миний нуруу их өвдөж байна гээд асуумжид надад хариу өгөхөөр нь би уйлаад байсан 5 сартай нярай хүүхдийг нь эхлээд үзэхэд хүүхдийн амин үзүүлэлт нь хэвийн цээж нуруу хэсэг орчмоор тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй яс нь шажигнаж дуугараад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/

                 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаартай “1. Э.Отгон-Эрдэнийн биед баруун талын 2, 3, 4, зүүн талын 3, 4, 5, 6, 7-р хавирганд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Э.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/

                 Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Тоёота “Приус-30” маркийн 09-16 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Оюунгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна, 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 23.8.Суудлын машинд болон ачааны машины машины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь МNS ISO13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандарт шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь Тоёота “Приус-30” маркийн 09-16 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Оюунгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна, 1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс болсон байна” гэх магадалгаа /хх-ийн 87-88-р хуудас/

           Жолоочийн лавлагаа /хх-ийн 129-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Оюунгэрэлийн өгсөн: “...Би охин хүүгийн хамт 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад руу нөхөр Ю.Энхбатыг авахаар явсан. Тухайн үед манай нөхөр Ю.Энхбат ковидын эерэг тохиолдол болоод очиж авахаар явж байх замд осол гаргасан. Тэгээд тухайн ослоос миний бага хүү болох Отгон-Эрдэнэ нь 8 хавирга нь хугарсан. Миний нуруу хугарсан... би жолоочийн курст сурсан боловч жолоочийн үнэмлэхээ аваагүй, жолоо барих эрхгүй... тухайн үед явж байсан чинь машин шарвах шиг болохоор нь тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэсэн. Энэ осол нь миний буруугаас болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-108-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Оюунгэрэлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 23.8-д заасан “Суудлын машинд болон ачааны машины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь МNS ISO13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандарт шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүгдэгч Д.Оюунгэрэл нь дээрх заалтуудыг зөрчиж, 09-16 УАО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Оюунгэрэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Оюунгэрэлийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Д.Оюунгэрэл нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж хангагдсан байх тул шүүгдэгч Д.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.

Мөн дээрх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Отгон-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаартай “1. Э.Отгон-Эрдэнийн биед баруун талын 2, 3, 4, зүүн талын 3, 4, 5, 6, 7-р хавирганд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Э.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 62-63 дугаар хуудас/

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Энхбатаас “Юра овогтой Энхбат нь миний эхнэр болох Доржмаа овогтой Оюунгэрэл нь миний бага хүү Э.Отгон-Эрдэнийн хамт явж байгаад Цагаан хадны замд осол гаргасан. Миний хувьд санал гомдол байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Д.Оюунгэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Энхбатаас санал гомдол байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Д.Оюунгэрэлийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Оюунгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Оюунгэрэл урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 115 дугаар хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Оюунгэрэлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунгэрэлийг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Оюунгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тэрбиш овогт Доржмаагийн Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунгэрэлд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч Д.Оюунгэрэл бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Энхбат санал гомдол байхгүй гэсэн болохыг дурдсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ