Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0506/Э |
Дугаар | 2022/ШЦТ/542 |
Огноо | 2022-05-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Энхбуян |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/542
2022 05 20 2022/ШЦТ/542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Н.Энхбуян;
Шүүгдэгч: Э.Ж (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч Э.Ж: Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам 5, эх, 3 дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Э.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ төвийн урд иргэн Д.Оийн “машин таглаж тавилаа, утасны дугаараа үлдээсэнгүй” гэх үгэнд дургүйцэн, үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт баруун гараар 7-8 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, дух, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Э.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэд болсон асуудлын талаар үнэн зөв бичигдсэн байна. Гэм буруугаа зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Н-э /хх-ийн 10/, хохирогч Д.О /хх-ийн 19/ нарын мэдүүлэг, Д.Оийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4718 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/, хохирлын баримтууд /хх-ийн 21/, Э.Ж-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27/, Э.Ж-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-35/, хохирогч Д.Оийн хохирол төлөгдсөн гэх баримт /хх-ийн 39/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ төвийн урд иргэн Д.Отэй “эмэгтэй хүнтэй зүй бус харьцлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Оийн /хх-ийн 3-4, 19/: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний 22 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ төвийн урд талд зам дагуу зогсоолд машинаа байрлуулаад ““ хоолны газарт хоол идээд гарч ирэхэд машин таглаад тавьсан байсан. Утасны дугаараа үлдээгээгүй байхаар нь ойролцоогоор 15 минут орчим хүлээсэн. Тэгээд хүмүүс гарч ирсэн. Жолооч эмэгтэйн “уучлаарай, миний буруу” гээд уучлалт гуйгаад салж байхад хамт явж байсан эрэгтэй дүү нь маргаан үүсгээд “чи өөрөө машин тавихгүй газар машинаа тавьсан байна” гээд зүй бус харьцаж эхэлсэн. Тэгээд тухайн залуутай маргалдаад, барилцаад харанхуй булан явсан. Тэр үед тухайн залуу миний нүүр рүү эхлээд цохиод авсан. Тэгээд тухайн залуутай харилцан зодолдсон. Тэгээд манай найз охин салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Гараараа миний нүүр хэсэгт 7-8 удаа цохисон. Миний зүүн талын нүд. дух, толгой хэсэг хавдсан, хүзүү улайж шалбарсан...” гэх мэдүүлгээр,
Д.Оийн биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, дух, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4718 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 13-14/,
гэрч Г.Н-ийн /хх-ийн 10/: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ хоолны газраар дүү Э.Жтэй хамт хоол идсэн. Би машинаа ““ хоолны газрын урд талын зам дээр нэгдүгээр эгнээнд машинаа байршуулж, холбогдох утасны дугаараа үлдээгээгүй. Э.Ж бид хоёр 20 минут болсон байх. Тухайн хоолны газраас гарч ирэхэд Д.О намайг “гичий минь дугаараа машин дээрээ үлдээгээч” гэж хэл амаар доромжилсон. Э.Ж “эмэгтэй хүнтэй ямар муухай харьцдаг юм бэ, зүгээр хэлж болно ш дээ” гэж хэлэхэд “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд Д.О дүүг заамдаж чирээд Э.Ж-ийн нүүр хэсэгт олон удаа цохисон. Манай дүү Э.Ж Д.Оийн нүүр хэсэгт 3-4 удаа цохиж байхыг харсан...” гэх мэдүүлгээр,
Э.Ж-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27/: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ хоолны газраар Н-ийн хамт үйлчлүүлж байгаад гарч ирэхэд машины зогсоолын асуудлаас болж маргалдан Д.Оийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. ...Би Д.Оийн нүүр үү 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.Ж нь Д.Оийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Э.Ж-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан
бөгөөд шүүгдэгч Э.Ж-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Оийн “...хохирол 520.000 төгрөг болсон, хохирлоо бүрэн төлүүлсэн” гэх байр суурь хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдаг хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Ж нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ