Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1262

 

2022 08 22                                               2022/ШЦТ/1244 -

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, нарийн бичгийн дарга М.Баттэргэл, улсын яллагч Г.Ч шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.С холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.С 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.С нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол дээж” нэртэй буудлаас иргэн Ж.Б нь согтууруулах ундааны зүйл авахаар өгч явуулсан төлбөрийн картаас 5.300.000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хэргийн үйл баримтын талаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б“ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд над руу манай танил эмэгтэй Сэржмядаг залгаад Баянзүрх дүүргийн Амгалангийн орчим Монгол дээд зоог гэсэн нэртэй буудалд байна, намайг хүрээд ирээч гэхээр нь би 17 цаг өнгөрч байхад тэр эмэгтэйгийн байсан буудалд очоод тэгээд би замдаа Эден нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи, ус ундаа идэх зүйл авч ирээд тэгээд бид хоёр миний авч ирсэн нэг шил архийг хувааж ууж дуусгаад хоёулаа унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө нь 10 цагийн орчим сэрээд С дахиад нэг шил архи уумаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлэн байхгүй картанд мөнгө байгаа гээд картныхаа нууц үгийг би хэлж өгөөд гаргасан. Тэгээд доошоо буухад С түрүүн тооцоо хийчихээд гараад явсан гэж хэлсэн. Би тэгээд гэртээ ирээд дансаа шалгахад данснаас 5.300.000 төгрөг зарлага хийгдчихсэн байхаар нь дансаа хаалгаж цагдаад мэдэгсэн” “... Э.С үлдэгдэл 2800.000 барагдуулбал гомдол саналгүй /хх-ийн 16-17 тал/ гэх мэдүүлэг Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25 тал/, Хаан банкны харилцагч Ж.Б дансны хуулга зэрэг болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Э.С нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол дээж” нэртэй буудлаас иргэн Ж.Б нь согтууруулах ундааны зүйл авахаар өгч явуулсан төлбөрийн картаас 5.300.000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Э.С нь уг дүгнэлттэй маргаагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч Э.С дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.С нь хохирогч Ж.Б 2022 оны 09 сарын 30-ны дотор үлдэгдэл 2.800.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, хохирогчийн гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн хүсэлтийг прокурор харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул шүүх прокурорын саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх заалтад “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг танилцуулж, Э.С нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Э.С тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.С тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ц.МӨНХТУЛГА