Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1056

 

                             

 

                                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Ундрах, насанд хүрээгүй хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Д, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0878 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Б......ийн А, ......... оны ....... сарын ......-ны өдөр У хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт С дүүргийн ..... дугаар хороо, ................. гудамж ..........тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ....................., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн спорт зааланд хамт тоглож байсан насанд хүрээгүй Б.Атай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, зодон биед нь “1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-2022 оны 05 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-овоо 442-р худгийн орчимд 12 настай Г.Хыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “дүү охин дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар баруун шанаа руу нь цохиж, зодон газарт хавирч унагаан биед нь “тархи доргилт, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хоёр хүний эсрэг, хохирогч Г.Хыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Боржигон овгийн Бийн А нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн спорт зааланд хамт тоглож байсан насанд хүрээгүй Б.Атай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж бие махбодод “1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 05 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-овоо 442-р худгийн орчимд 12 настай Г.Хыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж “дүү охин дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар баруун шанаа руу нь цохиж, газарт хавирч унагаан бие махбодод “тархи доргилт, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

Тухайлбал, иргэн Т.Ааас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), насанд хүрээгүй хохирогч Т.Аын "...2022 оны 03 дугаар сарын 30-ны орой 23 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах 152 дугаар сургуулийн спорт зааланд үеэл ах М, түүний эхнэр М, үеэл эгч А, хүргэн ах Т нарын хамт цагаар заал авч тоглосон. Бид нартай хамт зааланд хэсэг залуус тоглож байсан. Ингээд тухайн залуустай хамт хоёр талдаа хуваагдаж сагсан бөмбөг тоглохоор болсон. Би нэг талдаа довтлоод, бөмбөг оруулахад А биеийн хэлэмж, үгээрээ намайг өдөж хоргоогоод, хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд шууд үгийн зөрүүгүй нүүр рүү 2 удаа цохисон. Цохиход миний үүдэн 1 шүд талаараа хугарсан. Би шүдээ янзлуулж, хэвийн болгомоор байна. Одоогоор мөнгөгүй учир өөртөө шүд хийлгүүлж чадахгүй байна, гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч Ч.Оын “... Би найзууд болох А, Т, Г, О нарын хамт ...152 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглохоор цаг авсан. Тухайн үед зааланд танил А өөрийн хамаатнууд болох хүүхдүүдтэй заалны нэг талыг аваад тоглож байсан. Хуваагдаад 2 талдаа сагсан бөмбөг тоглохоор болоод би найзуудтайгаа, А хамаатнуудтайгаа нэг баг болоод өрсөлдсөн бөгөөд А 2,3 удаа гоол оруулчхаад бид нарыг учир зүггүй доромжлоод, хараагаад байсан. Тэгээд А “чи яаж тоглоод байгаа юм бэ” гэж хэлээд хоорондоо маргалдаад ноцолдоод А нүүр рүү нь 2 удаа цохичихсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 5167 дугаартай “...Т.Аын биед 1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Г.Хын “ ... 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед манай найзууд Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, Алтан овоо 442-р худгийн хажууд байрлах Улаанчулуутын булаг руу явж байхад баахан охид нарийн гудамжнаас гарч ирээд бид дөрөв дээр ирж намайг дагздах гээд байхаар нь “болиоч” гэсэн чинь “би яахаа чамаар заалгах юм уу “гэсэн. Дараа нь М, Б хоёрыг дагздах гээд байхаар нь би “эр хүний толгойд хүрч болдоггүй юм” гэж ууртай, жоохон чангаар хэлчихсэн чинь тэр охид ахыгаа дуудсан. Тэгтэл охины ах нь ирээд “дүү охин яагаад байгаа юм бэ” гэж хэлээд үгийн зөрүүгүй баруун гараараа миний баруун шанаа руу хүчтэй цохиж, газар хавирч унагаж, баруун талын бөөрний хэсэг рүү нэлээд хэдэн удаа дэвссэн. Миний баруун талын шанаа хөндүүртэй, толгой өвдөж байгаа, баруун гарын алгаа атгаж чадахгүй байгаа, мөн баруун талын хавирга, баруун мөр хөндүүртэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дах тал), 2022 оны 05 сарын 24-ний өдрийн шинжээчийн 7525 дугаартай “... Г.Хын биед тархи доргилт, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал) зэрэг нотлох баримтаар хэргийн бодит байдал эргэлзээгүйгээр сэргээн дүрслэгдэж байна.

            Насанд хүрээгүй хохирогч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 3 дугаар сарын 30-ны орой манай үеэлүүд заал авсан. Бид нар нэг талдаа 2 цаг аваад тоглож байсан. Эсрэг талд тоглож байсан хүүхдүүд ирээд хамтдаа тоглоё гээд байхаар нь манай багт хүн дутуу байсан болохоор зөвшөөрөөд 2 талдаа тоглосон. Би тоглож байхдаа муухай үйлдэл гаргасан юм уу, буруу тоглосон юм уу яасан юм мэдэхгүй, шүүгдэгч намайг шууд цохиод авсан. Мөн Аын ах нь гээд нэг хүн өөрийгөө “би хуулийн хүн шүү, та нар намайг барахгүй шүү” гээд байсан. Одоо миний уруул эдгэрсэн, гэхдээ шүдний маш мэдрэг болсон, шүдэндээ хэлээрээ хүрэхээр өвдөөд, халуун хүйтэн зүйл мэдрээд байнгын өвдөөд байгаа” гэв.

Түүнчлэн, шүүгдэгч Б.А нь яллагдагчаар: “...152-р сургуулийн спорт зааланд зүс таних Атай маргалдаж 2 удаа шүд рүү нь цохиж гэмтэл учруулсан. Харин дараа нь 2022 оны 05 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо 442 дугаар худгийн хажууд манай төрсөн дүү Амин-Эрдэнийг хүүхдүүд дээрэлхсэн гэхээр нь очиж Х гэх хүүхдийг хавирч унагаан биед нь гэмтэл учруулсан..." гэж (хавтаст хэргийн 99-р тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул  нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5167 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Аын, 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 7525 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Хын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Аын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.А, Г.Х нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Хохирогч Г.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 12 нас 7 сар 25 хоногтой байсан нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байх тул “хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эсрэг үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Аын хохирогч Т.Аын нүүрэн тус газар цохисон үйлдэл болон хохирогч Т.Аын биед учирсан 1 шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн хохирогч Г.Хын баруун шанаа руу цохисон, хавирч унагасан үйлдэл болон Г.Хын биед учирсан тархи доргилт, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Г.Хын хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй боловч гомдолтой” гэж, насанд хүрээгүй хохирогч Б.А “цаашид шүдээ эмчлүүлэх хүсэлтэй байна” гэсэн тул шүүгдэгч Б.Аыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдан, хохирогч Б.А эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “... шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй....” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Т.А, түүний хууль ёсны төлөөлөгч: “хэлэх саналгүй” гэцгээв.

Шүүгдэгч Б.А: “Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боржигин овгийн Бийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат гурван зуун хорин цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан гурван зуун хорин цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ат сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.А эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

           7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА