Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2022/0189/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт О-ы Ч-д холбогдох эрүүгийн 2218000000209 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт О-ы Ч /РД: ............./, ........... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр .......... аймгийн ........ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, .......... тоног төхөөрөмжийн оператор ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ........ аймаг, ........ сумын ......... дүгээр баг ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч О.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Ч-н өгсөн: “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай 500,000 төгрөгийг 10 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон....” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад:

20..... оны .... дүгээр сарын ......-ны өдрийн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хохирогч Б.Б өвчний түүх /хавтаст хэргийн 8-16 дахь тал/

Хохирогч Б.Б  өгсөн: ...20.... оны ...... дүгээр сарын ....-ний өдрөөс ......-нд шилжих шөнө би гэртээ хүүхдүүдийнхээ хамтаар унтаж байтал шөнө 3 цагийн үед манай нөхөр О.Ч гаднаас согтуу орж ирээд намайг орноос үсдэж, чирч босгоод нүцгэн чигээр нь чирсээр байгаад гэрийн гадна гаргаад хөл рүү өшиглөж газар унагаагаад толгой нүүр хэсэгт 8-9 удаа цохиж зодсон. Мөн хоолойг багалзуурдаж боосон. Миний хамар чихэгдсэн, дээд уруул хавдсан, зүүн шанаа хавдсан, завьж язарсан, толгой их олон газар хавдсан, хүзүү зулгарсан. Шороон дээр нүцгэн чирснээс болж нуруу өвдөг шалбарч зулгарсан. 20..... оны ..... дүгээр сарын .......-ны өдөр нөхөртөө зодуулснаас болж миний толгой байнга өвдөж байгаа. 8 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

Гэрч Ж.Г өгсөн: "...20...... оны ..... дүгээр сарын ....-ны шөнө намайг гэртээ унтаж байтал шөнө 3 цагийн үед манай бэр Б.Б “хүүхэд чинь согтуу ирээд намайг цохисон” гээд уйлсан байдалтай ярихаар нь би гэрт нь очсон. Тэр хоёр ер нь байнгын хэрүүл маргаантай байдаг. Гэхдээ урьд өмнө нь зодож байсан эсэхийг бол мэдэхгүй. Надаас нуугаад хэлдэггүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/

Гэрч О.А-н өгсөн: "...энэ хоёр хамт амьдрах хугацаандаа ..... онд нэг удаа муудалцаад О.Ч таслагчаар эхнэрийнхээ хөлийг зүсэж байсан. 5 жилийн өмнө ....... аймагт байхдаа охиныг жирэмсэн байхад гэдсэн дээр нь гарчихаад зодож байсан гэсэн. 20...... оны ........ дугаар сард манай охиныг зодоод хамрыг нь чихчихсэн байсан. Сая дахиад тархи, толгой руу өшиглөж зодсон байна. Үүнээс болоод манай охин эмнэлэгт 10 хоног хэвтсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Ч.У-н өгсөн: "...тэр өдөр аав ээжийг найзуудтайгаа гарч явж архи уулаа гээд үснээс нь зулгаагаад, толгой руу нь гараараа цохиод байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны ....... дүгээр сарын  ........-ны өдрийн ...... дугаартай “Б.Б-н биед тархи доргилт, дээд уруул, эрүү, хоёр чих, бүсэлхий хоёр өвдгөнд зулгаралт, хүзүү, уруул, баруун гарын шуу, бугалга бүсэлхийнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн яаралтай тусламжын хуудас /хавтаст хэргийн 37-38 дахь тал/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20...... оны ...... дүгээр сарын .......-нд шөнийн ..... цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын .......... дүгээр багийн ........... тоот гэртээ эхнэр Б.Б-г зодож тархи доргилт, дээд уруул, эрүү, хоёр чих, бүсэлхий хоёр өвдгөнд зулгаралт, хүзүү, уруул, баруун гарын шуу, бугалга бүсэлхийнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч О.Ч-н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч О.Ч, хохирогч Б.Б нар нь эхнэр, нөхөр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч О.Ч-н эхнэр Б.Б-н бие махбодод халдан зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байгаа ба Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч “...О.Ч-тэй эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт /хавтаст хэргийн 89 дэх тал / зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч О.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч О.Ч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ч-н хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт О-ы Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ч-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50,000 /тавин мянга// төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР