Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0445/Э |
Дугаар | 2022/ШЦТ/543 |
Огноо | 2022-05-20 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/543
2022 05 20 2022/ШЦТ/543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: С.Болорзул;
Шүүгдэгч: А.Э (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч А.Э: Монгол Улсын иргэн 1998 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
А.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Ргээс “Япон Улсаас Аппле брендийн Мак мини загварын суурин компьютер захиалж өгнө” гэж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилгаа мөнгө болох 2.775.000 төгрөгийг өөрийн Худалдаа Хөгжлийн банкны дансанд шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 1.075.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 23/, хохирогч М.Рий мэдүүлэг /хх-ийн 19/, А.Э-ын дансны хуулга /хх-ийн 25-28/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29/, А.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34/, А.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-41, 43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Э иргэн М.Рд “Япон Улсаас Apple брендийн “Мac mini” загварын суурин компьютер захиалж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, хуурч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бараа захиалгын урьдчилгаа мөнгө нэрийдлээр 2.775.000 төгрөгийг нь өөрийн Худалдаа Хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч М.Ргийн /хх-ийн 19/: “..2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүкээр “E.. A..” гэх хаягаар зүс таних хүнтэй холбогдож Японоос суурин компьютер захиалахаар болоод би тэр хүний надад явуулсан Голомт банкны ... дугаартай А.Э гэх эзэмшигчтэй данс руу 2.775.000 төгрөгийг урьдчилгаа гэж явуулсан. ...надад захиалгыг “2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирнэ” гэж хэлсэн. Тэгээд 02 дугаар сарын 08-ны өдөр А.Э руу залгахад “хүргэж өгнө, түр хүлээж байгаарай” гэсэн. Тэгээд дараа нь би хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан учир Японоос барааг нь явуулдаг хүнтэй холбогдож юу болсон талаар асуухад “А.Э-тай холбогдож чадахгүй байгаа, чиний барааг надад захиалаагүй” гэсэн. Би тэр үед өөрийгөө залилуулсан гэж мэдсэн. ...Тухайн үед би найз Б-н дансаар А.Э-ын данс руу мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
А.Э-ын дансны хуулгаар /хх-ийн 25-28/,
А.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 34/: “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр М.Р гэх өмнө нь надаас компьютер захиалж байсан хүнээс 2 ширхэг “Mac Mini” компьютерийн урьдчилгаа мөнгө гэж 2.775.000 төгрөгийг авсан боловч тухайн мөнгийг нь би “Mac Mini” компьютер авалгүй өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
А.Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг нь хуурч мэхлэх аргаар өөртөө шилжүүлж авснаа, хохирогч нь шүүгдэгчид эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, А.Э нь хуурч мэхлэх аргаар М.Ргийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Япон Улсаас компьютер захиалах нэрийдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй А.Э-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 900 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох хохирогч М.Рд учирсан 2.775.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч А.Э нь 1.700.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх хохирол төлбөр 1.075.000 төгрөгийг шүүгдэгч А.Э-аас гаргуулж хохирогч М.Рд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Э-аас 1.075.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Рд олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ