Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

А.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02540 дүгээр шийдвэртэй, А.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Гэад холбогдох, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гэыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 дугаар байр 34 тоотод 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан суулгасан ба хугацаа дуусгавар болсон байтал чөлөөж өгөхгүй байна. Хариуцагч нь анх нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөг зээлж, гэрээ байгуулсны дагуу төлбөрөө төлөөгүй тул шүүх 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэж 45 000 000 төгрөгийг төлөхөөр болсон. Тогтоосон хугацаанд төлөөгүйгээс албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Тус байгууллагад  А.Гэ дээрх 45 000 000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүрэгт байрлах, дээрх 2 өрөө 24 м.кв орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлээс Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлд энэ тухай албан бичиг явуулсан. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 15-нд уг орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж гэрчилгээ гаргасан.

Шийдвэр гүйцэтгэлийн журмаар орон сууц шилжүүлэхэд татварт төлдөг 2 хувийн шимтгэлийг төлүүлэхгүй шууд шилжүүлсэн. А.Гэрэлтсувд надаас авсан мөнгөө төлж чадахгүй болоод сайн дураараа шилжүүлж гэрчилгээ гарсны дараа уг байраа хөлслөж сууя гээд 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Нэгэнт гэрээгээр тохирсон хугацаа 2016 оны 2 дугаар сард дууссан, орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан, өөрөөр байранд амьдардаггүй, гэрийн тавилга эд зүйлээ авахгүй байгаа зэргийг харгалзан албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ганхлхагва нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 дугаар байр 34 тоотод 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан суулгасан, хугацаа дуусгавар болсон, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг орон сууц миний өмч байсан, түр хугацаагаар харилцан тохиролцож түүний нэр дээр шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Гын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 байр 34 тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2201009346 дугаарын бүртгэлийн гэрчилгээ бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч А.Гэын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Гас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Гэаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан аман хэлцэл /А.Гэ нь өөрийн эзэмшлийн аялал жуучлалын зориулалтай 2 га газрыг зарж нэхэмжлэгчид 45 000 000 төгрөгийг өгч А.Г нь маргаан бүхий орон сууцны өмчлөлийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ хугацаанд орон сууцандаа амьдарч харин А.Г уг газрыг зарагдах хүртэл хүлээж байхаар тохиролцсон/ байгуулагдсан байхад хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаанаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх үүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар хүлээн зөвшөөрсөн ба уг хэлцлийг агуулга шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан байхад шүүх А.Гэ өөрийн хүсэлтээр уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн, гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэр дээр байна гэх зэргээр дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг шударгаар шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой хүсэлтүүдийг хангахаас татгалзсан атлаа хариуцагчаас өөрийн татгалзлаа нотлох баримтыг ирүүлээгүй гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдэврлэсэнд гомдолтой. Хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаж хэргийн бодит нөхцөл байдлыг мэдэх нэр бүхий гэрч болоод нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн бол хэргийн нөхцөл байдал тогтоогдож шударгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсэх байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч А.Г хариуцагч А.Гэад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 дугаар байр 34 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4386 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг үндэслэн тус шүүх 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай” 19160 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1710 дугаар гүйцэтгэх хуудсыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна. /хх /

 

Төлбөр төлөгч А.Гэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “уг шийдвэрийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг төлбөр авагчид сайн дураар шилжүүлж өгч байна” гэх хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж, төлбөр авагч А.Г хүлээн зөвшөөрснөөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газар 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж олгосон үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 5, 27-29,/

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч А.Гэ тухайн өдөр орон сууцыг хөлслөхөөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байх ба 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болж, цааш сунгагдаагүй байна. /хх / Нэгэнт А.Г орон сууцны өмчлөгчөөр хууль ёсоор бүртгэгдсэн, энэ талаар маргаан үүсээгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд “орон сууцыг түр хугацаагаар шилжүүлсэн, өөрийн эзэмшлийн 2 га газрыг зарж төлбөрөө төлснөөр буцаан авах, энэ хугацаанд нэхэмжлэгч хүлээж байхаар амаар хэлцэл хийж тохирсон атал хугацаанаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх үүнд дүгнэлт хийгээгүй, хэлцэл хийгдсэн талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан” гэж дурдсан байна.

 

Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч тал энэ талаар тодруулсан шүүгчийн асуултад “Түр шилжүүлсэн юм бол байхгүй, шийдвэр гүйцэтгэлд 2 удаа дуудлага худалдаагаар ороод зарагдаагүй, төлбөрийн оронд байраа өгье гэсэн, би зөвшөөрсөн, ...гэрээ хийснээс хойш, 45 сая төгрөгөө газар зараад байраа авна шүү гэхээр нь би мөнгөө бөөнд нь өгвөл яахав тэг гэсэн. Гэтэл 2 жил гаруй болсон” гэж хариулжээ. /хх 80/ Өөрөөр хэлбэл, газар зарагдах хүртэл нэхэмжлэгч шаардлага гаргахгүйгээр хүлээж байхаар амаар тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлт тус бүрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж байжээ.

 

Иймд А.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх гомдлын дагуу өөрчлөх, хүчингүй болгох үндэслэгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА