Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УЕП-ын газрын Шүүхэд

 төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, хяналтын прокурор Б.И, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан А.Б-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1279 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0305 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.М, өмгөөлөгч Х.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0780/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч УЕП-ын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, хяналтын прокурор Б.И, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан А.Б-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1279 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0305 дугаар шийдвэрээр:

            Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УЕП-ын газрын Шүүхийг төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан Хув овогт АБд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/1279 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10-т “Түүнчлэн гуравдагч этгээд Ц.Б-д анх эзэмших эрх үүсч улмаар, Б ХХК-д эзэмших эрхийг шилжүүлсэн нэгж талбарын 1780610**** дугаар бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч улмаар Туул голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон болох нь шүүхэд цугларсан нотлох баримт болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн, 2023 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн газрын масштабын зураг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн, 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн лавлагаагаар 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тус тус тогтоогдсон, шүүхээс тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр энэ байдал нь давхар нотлогдсон болно” гэжээ.

            Дээр дурдсан 2016 оны 50 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна” гэж заасны дагуу тус захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх ёстой. Гэвч тус акт нь нээлттэй мэдээллийн санд байршаагүй байсан ба бүртгэгдсэн эсэх талаар шүүх хуралдаан дээр тодруулж, тогтоолыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаа нь тус актыг үндэслэж гарсан байдаг. Гэтэл тус акт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Хүчин төгөлдөр бус актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

            Шүүх хэдий маргаан бүхий газарт үзлэг хийсэн боловч мэргэжлийн шинжээчийн нарийвчилсан дүгнэлт гаргуулж, хэмжилт хийгээгүй, нөхцөл байдлыг бодитоор тогтоогоогүй, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн зүгээс шинжээч томилуулахаар удаа дараа гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Энэ нь шүүх анхнаасаа хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 11-д “Иймд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсан газрыг иргэн А.Б-д эзэмшүүлж, улмаар уг газар эзэмших эрхийг “Б” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн, Нийслэлийн засаг даргын уг хууль бус шийдвэрүүдийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож байх тул эдгээр захирамжуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэжээ.

            Тус шийдвэрээс харахад шүүх гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хөндөгдөж буй дээр дүгнэлт хийгээгүй байна. Мөн Төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээд зөрчигдсөн эрх хэрхэн хамгаалагдах талаар тодорхой тайлбар хийгээгүй. Шүүхээс “Болзошгүй” гэх тодорхой бус, үндэслэлгүй, явцуу байдлаар дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, их хэмжээний хохирол учруулж байна.

            Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “... нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан.

            2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн Хуралдааны 30 дугаар тогтоолын 5.1.6 дахь хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлээр хууль тогтоогч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах” зорилго агуулгаар нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар агуулгын хүрээг тогтоосон, энэ хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхдээ хууль санаачлагч болон хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхаарах нь зүйтэй.

            Дээрхээс дүгнэн үзвэл нийтийн ашиг сонирхол тодорхой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт, үйл баримтыг прокурор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдаагүй. Нөгөөтээгүүр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх нэг ч нотлох үйл баримтгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчид хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх боломжгүй нөхцөлийг бий болгож байна.

            Улсын Дээд шүүхийн 30 дугаар тогтоолоор нийтийн ашиг сонирхол гарцаагүй зөрчигдсөн байхыг шаардлага болгож тайлбарласан бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр тус тайлбарыг нэг мөр ойлгож хэрэглээгүй, хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхаарахгүйгээр шийдвэрээ гаргасан байна.

            Иймд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0305 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч УЕП-ын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, хяналтын прокурор Б.И, Ш.С нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан А.Б-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1279 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гарган маргажээ.

            2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,  54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тус тус хуульчилжээ.

            2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавинзургадугаар зүйлийн 1-д “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, 3-д “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийг тодорхой заасан.

            2.3. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтад заасан прокурорын “шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” чиг үүрэг нь түүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих буюу аливаа гэмт хэрэг зөрчлийг бүртгэж, хянах чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хэрэгжих агуулгаар томьёологдсон байна.

2.4. Харин Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”,41 дүгээр зүйлд 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, 41.2-д “Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна”, 42 дугаар зүйлийн 42.1-д “эрүүгийн болон зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, ... хараат бус бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага” гэж тус тус заасан байна.

            2.5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хэдийгээр Прокурорын тухай хуульд төрийн болон нийтийн эрх ашгийг төлөөлөн эрүү, иргэн, захиргааны хэргийн бүх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд хэн алинаар оролцох эрхтэй байдлаар хуульчилсан байх боловч захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр нэхэмжлэл гаргаж маргах нь Үндсэн хуульд заасан агуулга буюу прокурорын байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэг болон Захиргааны хэргийн шүүхийн “захиргааны хууль бус шийдвэрээс иргэдийг хамгаалах” үндсэн зорилготой нийцэхгүй байна.

            2.6. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” талаар нэхэмжлэл гаргах ерөнхий шаардлага тавигдсан бөгөөд Прокурорын ерөнхий газраас уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж ... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл” буюу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй юм.

2.7. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь захиргааны хууль бус үйл ажиллагааг иргэн хуулийн этгээдийн нэхэмжлэлээр хянаад хэрэв тухайн захиргааны үйл ажиллагаа хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, даалгах зэрэг хэлбэрээр эрхийн хамгаалалт тогтоох зорилготой болохоос бус прокурорын өөрийн санаачилгаар эсхүл аль нэг төрийн байгууллага, албан тушаалтны хүсэлтээр захиргааны өөр нэг байгууллагын шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл /захиргааны байгууллага хоорондын маргаан/ -ийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцэхээргүй байна.

2.8. Хэдийгээр прокурорын байгууллагын өөр нэг төрийн байгууллагын бусдад эрх олгосон эрхийг хязгаарласан зэрэг аливаа шийдвэрийг хүчингүй болгуулах гэх мэт хэлбэрээр гарч буй нэхэмжлэлтэй хэрэгт эрх нь хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд оролцох боломжтой хэдий ч төрийн захиргааны нэг байгууллага нь хүсэлт гаргаснаар прокурорын байгууллагаас өөр нэг төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргах, уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь Үндсэн хуульд заасан прокурорын үндсэн чиг үүрэгтэй нийцэхгүй байна.

            2.9. Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан УЕП-ын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, хяналтын прокурор Б.И, Ш.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/955 дугаар захирамжийн хавсралт 65-д заасан А.Б-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1279 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

                            ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ