Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2021/0022

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э, С.Л, Л.Х,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг дарга,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын газрын даамал,

Хариуцагч: Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: М.О,

Нэхэмжлэлийн шаардлага: “С.Л, Д.Э нарын өмчлөлийн газар дээр хууль бусаар барьсан М.О-ийн байшин, хашааг буулгаж газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Б сумын Засаг даргад даалгах, Р 5 дугаар гудамж талбайг тогтоож, орох гарах гарц гаргахгүй байгаа сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р 5 дугаар гудамжийг тогтоож, орох гарах гарц гаргахыг газрын даамалд даалгах, Л.Х-гийн өмчлөлийн газрыг давхардуулан бүртгэсэн, М.О-ийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4112000004 нэгж талбарын дугаартай газрын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлага: “Б сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжийн 1, 2-р заалт, тус сумын Засаг даргын 2020 оны 10 сарын 22-ны өдрийн А/5 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Х нэхэмжлэгч, нэхэмжлэгч С.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч, хариуцагч Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, С.Л, Л.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай гэр бүлийн С.Л, Д.Э, Л.Х нарын 5 хүн Төв аймгийн Б сумын 3-р багийн нутаг дэвсгэр Мандалын ар хэмжээх газарт 2005 оноос хойш өрхийн, 2008 онд Монгол улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн дагуу газраа өмчлөн авч Б сум, 3-р баг, Мандалын ар, Р 5 дугаар гудамж 1-ээс 5 хүртэл тоот хаягтай гудамж үүсгэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөлийн гэрчилгээ авч баталгаажуулсан. Гэтэл манай өмчлөлийн газар дээр тус сумын иргэн Магсарсүрэнгийн О хашаа байшин өвөлжөөгөө барьсныг зусландаа гарахдаа мэдсэн, бид уг асуудлыг эв зүйгээр шийдэхийг бодож удаа дараа ярилцах гэсэн боловч шийдэгдэлгүй өдийг хүрсэн. 2020 оны 06 сарын 22-нд манайх хашааны хаалгаа шилжүүлтэл, иргэн М.О, түүний эгч М.Баянмөнх зэрэг хүмүүс маргаан үүсгэж, энэ газрыг манай дүү М.Отгонбаатарынх хэмээн хашааны хаалгыг маань таглан гэр барьж, давхар тойруулан торон хашаа татан биднийг явган болон машинтай гарах гарцгүй 5 хоног байлгасан. Уг асуудлаар сумын Засаг дарга, Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудад 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл, биеэр болон бусад холбоо барих хэрэгслээр удаа дараа хандсан боловч өдийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй тул Төв аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт тус тус өргөдлөөр хандсан, тус газрын хэлтсийн дарга Г.Э, кадастрын мэргэжилтэн, сумын орлогч дарга Ц.Б, хууль эрх  зүйн ажилтан С.Гг, багийн дарга С.М нар газар дээр ирж хэмжилт хийн, иргэн М.О-ийн хашаа, байшин, өвөлжөө нь манай газар дээр давхацсан байгааг, манай газар болохыг тогтоож, торон хашааг нээлгэсэн бөгөөд өргөдлийн хариу албан бичгийг 07 сарын 22-ны өдөр шуудангаар ирүүлсэн, 07/625 тоот албан бичигт С.Л, Д.Э нарын газрын кадастрын мэдээллийн санд сумын газрын даамал Б.М нь өөрчлөлт оруулан, Б сумын Засаг дарга Д.Г 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамжаар хууль зөрчин хүний өмчийн газарт халдан иргэн М.О-д газар олгосон улмаар хүний өмчийн Б сумын 3 дугаар баг, Мандалын ар, Р 5 дугаар гудамж 4 тоот хаалга гэсэн хаягтай давхцуулан хаяг олгож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан зэргийг олж мэдсэн. Б сумын Засаг дарга нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар Магсарсүрэнгийн Оөд 0.39 га газрыг өмчлүүлэхдээ Мягмарсүрэнгийн О гэж овгийг зөрүүтэй бичсэн, хаана, ямар хаяг байршилд газар олгосон нь тодорхойгүй, бидний 2008 онд өмчилсөн газартай давхцуулж олгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын хэлбэр утга, агуулгад тавигдах шаардлага, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж ямар ч судалгаагүй, нөхцөл байдлыг шалгаж үзэхгүйгээр бидний өмчилсөн газартай давхцуулж олгосон нь тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирж хийсэн хэмжилт шалгалтаар нотлогдож байгаа болно. Иймд бидний өмчилсөн газраа эзэмших, ашиглах эрх хөндөгдөж байгаа тул  Б сумын Засаг даргын  2010 оны 05 сарын 13-ны өдрийн 100 дугаартай захирамжийн М.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Б сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Газрын өмчлөх эрхийн хаяг өөрчлөх тухай А/6 дугаар захирамжийг гаргахдаа 1-рт М.О-д дээрх 100 тоот захирамжаар ямар хаяг байршилд газар өмчлүүлж байгааг заагаагүй, 2-рт ийнхүү хаяг заагаагүй атлаа А/6 дугаар захирамждаа М.Оөд 2010 оны А/100 тоот захирамжаар Баянгол 3-р баг Өндөрийн ар хаягт газар өмчлүүлсэн мэтээр худлаа бичиж, үүнийгээ Баянгол 3-р баг Р 5-р гудамж 5-4 тоот болгон өөрчилсүгэй гэж заасан байдаг. Гэтэл энэ хаяг нь Л.Хгийн өмчилж авсан газрын Б сумын 3 дугаар багийн Мандалын арын Р 5 дугаар гудамж 4 тоот хаягтай давхацсан байдаг. Нэг сум нэг баг гэхчлэн нэг Засаг захиргаатай байхад багийн Засаг даргаасаа, хүм ам, өрхийн тооллого, хаягийн судалгаа авахгүйгээр, ямар ч үндэслэл баримтгүйгээр хаяг өөрчилж, М.Оөөс өмнө нь Л.Хгийн өмчилсөн газрын хаягийг хуурамчаар олгож бидний өмчилсөн газартай хууль зөрчин хаягийг давхцуулж олгосон нь илт хууль бус байна. Иймд ямар ч үндэслэлгүйгээр гаргасан А/6 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

...Иргэн С.Л, Д.Э нарын өмчийн газар дээр хууль бусаар барьсан М.Оийн байшин, өвөлжөө, хашааг буулгаж, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн Р 5 дугаар гудамжинд харьяалагдах гудамж, талбайг холбогдох тогтоол, дүрэм, журамд нийцүүлэн тогтоож, орох гарах гарц гаргахыг Б сумын газрын даамалд даалгаж, Л.Хгийн өмчийн газрын Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн Мандалын арын Р 5 дугаар гудамж 4 тоот хаягийг давхардуулан бүртгэсэн иргэн М.Оийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000003 тоот дугаартай гэрчилгээгээр олгосон нэгж талбарын 400000004 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

Сумын Засаг дарга нь иргэн С.Л, Д.Э бидний хууль ёсны өмчийн газартай М.Оөд хууль бусаар газар давхцуулж олгосноос үүдэж бидний газар дээр М.О нь байшин, малын өвөлжөө, хашаа барьсан. Үүнийг нь өөрт нь хэлж учраа олох гэхээр ойлгохыг ч хүсэхгүй, нүүхгүй, Засаг дарга, газрын даамал нарт хэлээд ч арга хэмжээ авч өгөхгүй өдий хүрсэн, манай газартай давхацсан, хаяг байршилгүй газар олгосон зэргийг мэдсэнээс хойш хариуцагчид удаа даруу хандсан боловч газрыг маань чөлөөлж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргыг бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг сумын Засаг дарга Д.Год даалгаж өгнө үү.

Сумын газрын даамал нь С.Л, Д.Э нарын газруудыг Газрын мэдээллийн сангийн  газрын шинэчилсэн мэдээллийн сангийн программд 4100000005, 41120000007 гэж бүртгэхдээ хууль зөрчин  өөрчлөлт оруулж, засвар хийж, М.Оийн газрыг 4112000004 гэсэн нэгж талбарт давхцуулж бүртгэсэн нь Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулиудад заасан газрын даамлын гүйцэтгэх ажил үүргээ биелүүлээгүй, бидэнд мэдэгдэхгүйгээр кадастрын зурагт дур мэдэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн өөрчлөлт оруулснаас газрын давхцал үүсгэж, бидний газар эзэмших, ашиглах, өмчилсөн газартаа амар амгалан амьдрах эрхийг минь хөндсөн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн Р 5 дугаар гудамжинд харьяалагдах нийтийн эзэмшлийн гудамж, талбай орц гарцыг гаргаагүйгээс болж газар эзэмшигч өмчлөгч нар нь дураараа хашаа хороогоо барих, гудамж үүсгэх, орц гарцгүй болгосноос бусдын эрх ашгийг хөндөх, галын болон хүний эрүүл мэндийн яаралтай тусламж авах боломжгүй болгоод байна. Бид М.О-ийг газар дээр маань хашаа хороо барьж дайрч орж ирснээс болж аргагүй эрхэнд өөрийн хашаагаа татаж өмчлөх болно. Иймд 5 дугаар гудамж, тэнд амьдрах иргэдэд орц гарцыг гаргахыг газрын даамалд даалгаж өгнө үү... Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Л.Х, нэхэмжлэгч, С.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч нарын бусад шаардлагууд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелэгдсэн. Хариуцагч маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. ...С.Л, Д.Э нарын өмчлөлийн газар дээр хууль бусаар барьсан М.Оийн байшин, хашааг буулгаж газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Б сумын Засаг даргад даалгах, Р 5 дугаар гудамж талбайг тогтоож, орох гарах гарц гаргахгүй байгаа сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р 5 дугаар гудамжийг тогтоож, орох гарах гарц гаргахыг газрын даамалд даалгах, Л.Хгийн өмчлөлийн газрыг давхардуулан бүртгэсэн, М.Оийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4112000004 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү... Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн бие даасан шаардлага үндэслэлгүй ...гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Эын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн М.Оөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А/4 тоот захирамжаар М.Оийн өмчилсөн газрын байршлыг хүчингүй болгож газрын кадастрын мэдээллийн сангаас устгасан болно. Гуравдагч этгээд М.Оийн бие даасан шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

Хариуцагч, Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, сумын газрын даамал М.Ө хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Д.Э, С.Л, Л.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Лхагвасүрэнгийн Хүрэлтушаагийн 18631365228491 нэгж талбарын дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403000870 дугаартай өмчилсөн 4000 мкв газрын Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн Мандалын арын Р 5 дугаар гудамжны 4 тоот дахь өмчлөлийн газрын хаягтай иргэн Магсарсүрэнгийн Оийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000003 тоот дугаартай гэрчилгээгээр  олгосон нэгж  талбарын 4112000004 дугаартай газар өмчлөх эрхийн

улсын бүртгэлд уг хаягаар давхардуулан бүртгэж гэрчилгээ олгосон байдаг тул иргэн М.Оийн 2020 оны 01 сарны 06-ны өдрийн 0000000003 тоот дугаартай гэрчилгээгээр олгосон нэгж талбарын 4112000004 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Иймд дээрх иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн материалыг улсын бүртгэлийн архиваас хянаж үзэхэд иргэн Л.Х өмчлөлийн газрын хаяг Төв аймгийн Б сум Мандалын ар 3-р баг, Баянгол  Р 5-р гудамж 4 тоот, иргэн М.Оийн өмчлөлийн газрын хаяг Төв аймгийн Б сумын 3-р баг, Баянгол Р 5 гудамж 5-4 тоот гэсэн өөр өөр хаягтай байх тул улсын бүртгэлд хаяг давхцаагүй бүртгэл хийгдсэн байна. Дээрх иргэдийн өмчлөлийн газруудын хаяг сумын Засаг даргын захирамж болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийн сангаас баталгаажуулж ирүүлсэн кадастрын зураглалд /5 дугаар гудамжны 4 тоот, 5 дугаар гудамжны 5-4 тоот/ өөрөөр баталгаажиж ирсэн байна. Улсын бүртгэлийн Ерөнхий хуульд заасан “Улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх” зарчмын шаардлагыг хангаж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар баталгаажуулж гэрчилгээ олгосон нь үнэн зөв байна. Мөн Монгол сумын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улс бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Улсын бүртгэгч дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг бүртгэхдээ хууль, журамд заасан шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлсэн бүртгэл хийсэн байх тул иргэн Магсарсүрэнгийн Оийн газар өмчлөх бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Улсын бүртгэлд газрыг бүртгэхэд бусдын газартай давхцаж байна уу гэдгийг бид харах боломж байхгүй.. гэжээ.

 Гуравдагч этгээд М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б сумын Засаг дарга нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 100 тоот захирамж гаргаж, тус сумын нутаг дэвсгэрт нэр бүхий 18 иргэнд газрыг нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба үүний дотор Монгол улсын иргэн М.О надад “Мандалын ард” байршилд 0.39 га газрыг өмчлүүлсэн. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Т.Эрдэнэболор нь захирамжид заасан байршил дээр биечлэн очиж хэмжилт хийн кадастрын зураг үйлдсэн бөгөөд энэ үед уг газраас ертөнцийн зүгээр хойд талд 40-45 метр зайтай газарт зуслангийн зориулалттай бололтой хүрэн тоосгон байшин байснаас өөр баригдсан хашаа хороо, газар дээр хийсэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй болно. Иймд миний бие газрын даамал хүний хийж өгсөн зургийн дагуу хашаагаа босгож, орон сууцны байшингаа барьж, малын өвөлжөө хороогоо тохижуулан төвхнөж эхэлсэн. 2011 оноос эхлэн өөрийн энэ газарт байнга оршин сууж одоог хүртэл амьдарч байна. Гэтэл Т.Эрдэнэболор нь албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж алдаа гаргасны улмаас миний өмчлөлийн 3900м2 газрын зургийг үйлдэхдээ 2008 онд иргэн Д.Э, С.Л нарын өмчилж авсан газрын 1773м2 талбай бүхий хэсгийг уг зурагт давхцуулан оруулсан болохыг 2013 онд дээрхи иргэдээс олж мэдсэн. Ингээд бид сумын төр захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас хэн хэнийх нь эрх ашиг зөрчигдөж, үл ойлголцол, маргаан дагуулж болзошгүй энэ асуудлыг эв зүйгээр зохицуулах талаар харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандан зөвшилцсөний үр дүнд зохих тохиролцоонд хүрч, Д.Э, С.Л гуай    нэр     хашаагаа   барихдаа

давхацсан газрын хэмжээгээр өмчлөлийн газраа хойш тэлж томсгон давхцалыг арилгахаар болж, Д.Э, С.Л гуай нарыг шинээр хашаа барихад нь өөрийн чадал боломжийн хэрээр тус нэмэр болохыг хичээсэн. Б сумын Засаг дарга тус сумын нутагт дэвсгэрт 18 иргэнд газар өмчлүүлэхээр 2010 онд 100 тоот захирамж гаргахдаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангаж ажилласан ба харин уг захирамжийг хэрэгжүүлэх явцад ажил хариуцсан албан тушаалтан албаны үүрэгтээ хайнга хандсаны улмаас гаргасан алдаа зөрчил нь уг захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Төв аймгийн Б сумын Засаг дарга 2019 оны “Газар өмчлөх өрхийн хаяг өөрчлөх тухай” А/6 тоот захирамж гаргасан ба мөн өөрийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/4 тоот захирамжаараа дээр дурдсан А/6 тоот захирамжийг хүчингүйд тооцсон байна. Энэхүү А/4 тоот захирамж нь миний Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд маань бүдүүлгээр халдсан, хууль ёсны эрх ашиг сонирхлыг маань ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж аймгийн Засаг даргад 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан. Нэхэмжлэгч Д.Э, С.Л бид  нар дээр дурдсанчлан өөрсдийн гэр бүлийн зориулалтын хашаануудыг газрын давхцалгүйгээр барин ашиглаж, эзэмшиж байгаа боловч өөрийн өмчлөлийн газрын байршлын зааг, зурагт өөрчлөлт оруулж албан ёсоор бүртгэлжүүлж чадалгүй хугацаа алдаад байсан учир энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр миний бие 2018 оны 5 дугаар сард сумын Засаг дарга Д.Год хүсэлт гаргасан. Засаг дарга 2018 оны 05 сарын 29-ний өдөр газрын даамал Б.Мт “...хүсэлтийг судлан боломжтой эсэхийг тодруулан шийдвэрлэх”-ийг үүрэг болгосон байна. Газрын даамал Б.М Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Д.Э, С.Л нарын өмчлөлийн газрын заагт өөрчлөлт оруулан газрын мэдээллийн санд оруулсныг хууль ёсны үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Газрын даамал Б.М нь асуудлыг шийдвэрлсэнээр миний өмчлөлийн 3900м2 газрын нэгж талбар бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай ямар нэгэн давхцалгүй болсон нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 7 сарын 10-ны өдрийн 2/2123 тоот албан бичгээр надад ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байгаа. Нэг гэр бүлийн гишүүн болох Д.Э, С.Л нарын өмчлөлийн газрын заагт өөрчлөлт оруулж газрын мэдээллийн санд шинээр бүртгүүлсний үр дүнд иргэн Д.Эын өмчлөлийн нэгж талбарын талбайн хэмжээ нь 3992м2 хуучин 3729 м2 шинэ -263м2-аар багасч С.Лгийн өмчлөлийн нэгж талбарын талбайн хэмжээ /4723м2/ шинэ-3992м2 /хуучин/ 731м2-аар нэмэгдсэн байх ба гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн газрын нийт талбайн хэмжээ /731м2/-аар нэмэгдсэн талбайн /263м2/ багассан талбай 468м2-аар нэмэгдэж асуудал нэхэмжлэгч нарт ашигтайгаар шийдвэрлэжээ гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан бие даасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн М.Оөөс олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны 10 сарын 22-ны өдрөөс эхлэн уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба төлөөлөгчийн хуульд доорх бид заасан шаардлагыг гаргаж байна.

  1. Б сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 тоот захирамжийн зарим заалтуудыг хүчингүй болгуулах,

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлсон ба энэ зарчмуудаас гадна Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг салбар хуулиудад төрийн үйл ажиллагааны тусгай зарчмуудыг нарийвчлан хуульчилжээ. Эдгээр зарчмуудаас хууль дээдлэх зарчим нь дээр дурдсан бүх хуулиудад тусгалаа олсон нь төрийн үйл ажиллагаанд уг зарчмын ач холбогдлыг улам тодотгосон явдал юм. Б сумын Засаг дарга Д.Г А/4 тоот захирамж гаргахад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан дарга эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах эрхийг заасан ба захирамж гаргахдаа хууль тогтоомжид нийцүүлж шаардлагыг хуульчилжээ. Гэтэл Засаг дарга Д.Г уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг үндэслэсэн боловч дээрх А/4 тоот захирамжийг 1-р заалтаар иргэн М.Оөд өмчлүүлсэн газрын байршлыг хүчингүйд тооцсон 2-р заалтаар уг иргэний өмчилсөн газрын байршлыг шинэчилсэн мэдээллийн сангаас устгахыг газрын даамалд үүрэг болгосон, 3-р заалтаар Засаг даргын 2019 оны 12 сарын 09-ний өдрийн А/6 тоот захирамжийг хүчингүй болгосон нь хууль дээдлэх зарчим, захирамжийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргах хуулийн шаардлагыг хангаагүй хууль бус үйлдэл болсон байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заажээ. А/4 тоот захирамжийн 1, 2-р заалт нь М.Оийн газар өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Мөн Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор сумын Засаг даргаар огт олгогдоогүй эрх эдэлж иргэн М.Оөд өмчлүүлсэн  газрын байршлыг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болжээ. Дашрамд дурдахад газрын байршлыг хүчингүйд тооцох тухай ойлголт ямар ч хууль тогтоомжид тусгаагүй байна. А/4 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.3, 40.2.4 ,40.2.5-д заасан гаргасан захиргааны актын шаардлагыг хангаагүй, утга агуулгын илэрхий алдаатай, уг захирамжийн 2-р заалтаар иргэн М.Оийн өмчилсөн газрын байршлыг шинэчилсэн мэдээллийн сангаас устгахыг газрын даамалд үүрэг болгож, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан нь уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамж нь хууль бус болох нь тодорхой харагдаж байна. Дээрх байдлуудад дүгнэлт хийсний үндсэн дээр Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 8 сарын 13-ны өдрийн А/4 тоот захирамжийн 1, 2-р заалтуудыг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж байна.

Б сумын Засаг даргаар шийдвэр гаргуулж биелэлтийг хангуулахыг үүрэг болгуулах талаар Иргэн Д.Э, С.Л нараас шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагууд миний төлөөлүүлэгч М.Оийн тайлбар зэргээс үзэхэд Төв аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 05 сарын 13-ны өдрийн 100 тоот захирамжаар иргэн М.Оөд өмчлүүлсэн 0.39 га газрын зургийг үйлдэхдээ тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Т.Эрдэнэбаатар нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаа гаргасны улмаас нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрын нэг хэсгийг давхцуулан зурагт оруулсан байна. Үүнийг нэхэмжлэгч нар 2013 онд мэдсэн ба дээрх хүмүүс бие биеийнхээ эрх, ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, харилцан тохиролцоонд хүрсний үр дүнд өөрсдийн өмчилсөн газрын хэмжээгээр тус тусдаа хашаа барин, хөршийн эрхийн талаар ямар нэгэн гомдол маргаан байхгүй эвтэй найртай амьдарч байсан байна. Гэтэл 2020 оны 06 сарын 22-нд нэхэмжлэгч нарын хашааны шинээр гаргасан орц гарах хаалгыг хааж иргэн М.Отгонбаатар, М.Баянмөнх нарын хүмүүс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрөн хашаа барьснаас болж маргаан үүссэн ба нэхэмжлэгч нар өөрсдийнх нь өмчлөх эрхэнд халдсан энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсоолгох хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр сумын удирдлагад хандсан боловч сумын Засаг дарга Д.Г нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авахгүй байсан нь эцэстээ нэхэмжлэгч нарыг шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. Иргэн С.Л, Д.Э, Л.Х, Л.Тэнгис нарын гомдлын дагуу Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас газар дээр нь хяналтын хэмжилт хийж, мэдээллийн сангийн бүртгэлд хяналт шалгалтыг явуулан 2020 оны 07 сарын 17-нд 07/625 тоот албан тоотоор сумын Засаг дарга Д.Год зөвлөмж хүргүүлж, газрын тухайн хуулийн 60, 61-р зүйлд заасны дагуу уг маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байна. Гэвч Засаг дарга Д.Г нь иргэдийн хооронд гарсан маргаан, гудамж, орц, гарцын асуудлыг тухайн иргэдийн оролцоог хангаж, үүссэн нөхцөл байдалтай нь уялдуулан үр дүнтэй шийдвэр гаргах санаачилга гаргалгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу Захиргааны үйл ажиллагаа явуулалгүйгээр өмнө нь гаргасан өөрийнхөө захирамжийг хүчингүйд тооцсон хууль бус захирамж гаргах төдийгөөр аргацаасан арга хэмжээ авч, үүнийгээ шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар болгон хүргүүлсэн нь үнэхээр инээдэмтэй байна. Энэ нь байдал нь даамжран үргэлжилж 2020 оны 10 сарын 22-нд өдөр А/5 тоот захирамж гаргахдаа М.Оийн хуулиар баталгаажсан өмчлөх эрхэнд ноцтой халдаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан зарчмуудыг уландаа гишгэжээ.

2. Б сүмбэр сумын Засаг дарга 2020 оны 10 сарын 22-ны өдөр  захирамж залруулах тухай А/5 захирамж гарган сумын Засаг даргын 2010 оны 100 тоот захирамжийн М.Оөд холбогдох хэсгийг хүчингүйд тооцсныг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад гомдол гаргахад шүүхэд хандахыг зөвлөсөн.М.Оийн Үндсэн хуулиар баталгаажсан газар өмчлөх эрхийг хүчингүйд тооцсон заалт нэмсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6,40 дүгээр зүйлийн 40.2.3-40.2.5-д заасныг зөрчсөн... Б сумын Засаг дарга А/5 дугаар захирамжийг М.Оөд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй учир захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна.  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар 100 захирамж гарсан өдрөөс хойш 10 гаруй жил өнгөрсөн учир захирамжийн М.Оөд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.  Б сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 тоот захирамжийн 1, 2 дахь заалт, 2020 оны 10 сарын 22-ны өдрийн А/5 захирамжийг хүчингүй болгож өгнө үү... Нэхэмжлэлийн шаардлагын тодруулгатай холбогдуулан дараахь тайлбар гаргаж байна. М.Оийн сумын Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжин дагуу сумын газрын даамлаас тодорхойлж өгсөн газар дээр хашаа барьсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, С.Л, Л.Х нар тус шүүхэд “Б сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамж, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай захирамжийн М.Оөд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, өмчлөлийн газар дээр хууль бусаар барьсан М.Оийн байшин, өвөлжөө, хашааг буулгаж, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах, Р 5 дугаар гудамж, талбайг тогтоож, орох гарах гарц гаргаагүй сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гудамж, орц гарц гаргахыг газрын даамалд даалгах, Л.Хгийн өмчлөлийн газрыг давхардуулан бүртгэж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000003 тоот  гэрчилгээг М.Оөд олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж,

шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх явцад “С.Л, Д.Э нарын өмчлөлийн газар дээр хууль бусаар барьсан М.Оийн байшин, хашааг буулгаж газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Б сумын Засаг даргад даалгах, Р 5 дугаар гудамж талбайг тогтоож, орох гарах гарц гаргахгүй байгаа сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р 5 дугаар гудамжийг тогтоож, орох гарах гарц гаргахыг газрын даамалд даалгах, Л.Хгийн өмчлөлийн газрыг давхардуулан бүртгэсэн, М.Оийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4112000004 нэгж талбарын дугаартай газрын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага тус бүрийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг авч үзвэл:

1.“С.Л, Д.Э нарын өмчийн газар дээр хууль бусаар барьсан М.Оийн байшин, хашааг буулгаж, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад  даалгах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Л, Д.Э нар Төв аймгийн Б сумын 3-р багийн нутаг “Мандалын ар” нэртэй газарт газар өмчлөх хүсэлт гаргаж, газрын байршлын тойм зургийг хавсаргасан[1] байх бөгөөд тус сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр захирамжаар[2] Д.Эд, 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаар захирамжаар[3] С.Л..д Б сумын 3-р баг “Мандалын ар” нэртэй газарт 0.4 га газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2008 оны 11 сарын 04-ний өдөр газрын кадастрын мэдээллийн санд Д.Эд өмчлүүлсэн газрыг нэгж талбарын 18630000000009 дугаарт Б сум 3-р баг, Р 5-р гудамж, 2 тоот хаягт байршилтай 3992 м.кв талбайгаар, С.Лд өмчлүүлсэн газрыг нэгж талбарын 186300000020 дугаарт Б сум 3-р баг, Р 5-р гудамж, 4 тоот хаягт байршилтай 3992 м.кв талбайгаар бүртгэсэн. Мөн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлстээс 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж 000071865 дугаартай[4] гэрчилгээг С.Лд, 000071863 дугаартай[5] гэрчилгээг Д.Эд олгосон. Нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн шийдвэр, үйл баримттай холбогдуулан талууд маргаагүй болно.

Б сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 42 дугаар тогтоолоор[6] тус сумын багуудыг  “Мандал 1-р баг”,  “Цогт-Өндөр 2-р баг, “Баянгол 3-р баг” гэж нэрлэж, багуудыг хэсэгт хуваасан бөгөөд “Баянгол 3-р баг” нь “Баянгол”, Сөгнөгөр”, Мандлын ар” гэсэн 3 хэсэгтэй, “Мандлын ар” хэсэгт “Р” нэртэй гудамж байхаар тогтоожээ.

Б сумын Засаг дарга 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар[7] Мягмарсүрэнгийн Оөд 0.39 га газрыг өмчлүүлж шийдвэрлэхдээ газрын байршлын хаягийг тодорхой заагаагүй,  “мандлын ард” гэж бичсэн. Тодруулбал, М.Оөд өмчлүүлсэн газар нь Б сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Баянгол 3-р баг”-ийн “Мандлын ар” нэртэй хэсгийн “Р” хэддүгээр гудамжны хэдэн тоот хаягт байршилтай болохыг заагаагүй байна.

Тус сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамжаар[8] М.Оөд өмчлүүлсэн 3900 м.кв газрын “Өндөрийн ар” хаягийг Баянгол 3-р баг Р 5-р гудамж 5-4 тоот” гэж өөрчлөхөөр шийдвэрлэсэн ч тус сумын Засаг даргын 2010 оны 05 сарын 13-ны өдрийн А/100 тоот захирамжид “Өндөрийн ар” гэсэн газрын нэр бичигдээгүй, мөн газар өмчлөгч Магсарсүрэнгийн Оийн овгийг Мягмарсүрэнгийн хэмээн зөрүүтэй бичжээ.

Сумын газрын даамал Б.М нь Засаг даргын 2019 оны А/6 дугаар захирамжийг үндэслэн М.Оийн өмчлөх газрыг 2019 оны 11 сарын 13-ны өдөр кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ иргэн Д.Эын өмчийн газартай 777 мкв, С.Лгийн өмчийн газартай 1049 мкв давхцуулан[9], нэхэмжлэгч нарын өмчийн газрын талбайн байршлыг анхны байршлаас хойд зүгт 30-40 м шилжүүлэн өөрчилж, Д.Эын өмчийн газрын хэмжээг 3729 м.кв болгон нэгж талбарын  4100000005 дугаарт, С.Лгийн өмчийн газрын хэмжээг 4723 м.кв  болгон нэгж талбарын 41120000007 дугаарт тус тус өөрчлөн бүртгэсэн бөгөөд М.Оийн өмчлөх газрыг Б сумын 3-р баг, Баянгол Р 5 гудамж, 5-4 тоот хаягт  нэгж талбарын 4112000004 дугаарт, 3900 мкв

талбайтайгаар бүртгэсэн[10] нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2020 оны 7 сарын 17-ны өдрийн 07/625 тоот албан бичиг[11], Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 08 сарын 04-ны өдрийн 2/2332 тоот албан бичиг болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 6 сарын 28-ны өдрийн 07/444 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаар М.Оөд өмчлүүлсэн газрыг бусдын өмчийн газартай давхцуулан хаяг тогтоосон сумын Засаг даргын 2019 оны А/6 дугаар захирамж болон тухайн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн сумын газрын даамлын үйлдлүүд хууль бус болох нь тогтоогдсон ба маргаан бүхий газрыг өмчлөх эрх М.Оөд хуулийн дагуу үүсээгүй гэж үзлээ.

Эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар маргаж, нэхэмжлэгч нар маргааныг шийдвэрлүүлж, өмчлөлийн газраа чөлөөлүүлэхээр 2021 оны 7 сарын 06-ны өдөр Б сумын Засаг даргад, 7 сарын 01-ний өдөр Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасан, тус газраас 2020 оны 7 сарын 17-ны өдрийн 07/625 тоот албан бичгээр иргэдийн маргааныг шийдвэрлэж, өмчилсөн газрын хэмжээгээр хашаалсан газрыг татуулан ...илэрсэн зөрчлийг арилгахыг Б сумын Засаг даргад даалгасан байх боловч хариуцагч тухайн албан бичгээр өгсөн үүргийг биелүүлээгүй. Тодруулбал, сумын Засаг дарга нь нэхэмжлэгч нарын өмчийн газартай давхцуулан М.Оийн өмчлөх газарт хаяг тогтоосон 2019 оны А/6 дугаар захирамжаа 2020 оны 8 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч нарын өмчийн газрыг М.Оийн эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргаагүйгээс нэхэмжлэгч С.Л, Д.Э нарын өмчийн газар дээр М.Оийн хашаа байрлаж буй, мөн С.Лгийн өмчийн газар дээр М.Оийн байшин байрлаж буй нь шинжээчийн дүгнэлт, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. 

Иймээс Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол ...сумын Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”  эрх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нарын өмчийн газрыг М.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарын Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан өмчийнхөө газрыг хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор эзэмшиж ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх тул  “нэхэмжлэгч нарын өмчийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс  албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Б сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гуравдагч этгээд М.О нь шүүхэд “2010 оны 100 дугаар захирамжид заасан байршил дээр газрын даамал Т.Эрдэнэболор хэмжилт хийж кадастрын зураг үйлдсэн, энэ үед уг газраас хойд талд 40-50 м зайтай газарт зуслангийн зориулалттай бололтой хүрэн тоосгон байшин байснаас өөр хашаа, газар дээр хийсэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, газрын даамлын хийж өгсөн зургийн дагуу 2011 оноос эхлэн өмчийн газартаа хашаа, байшин барьж байнга оршин сууж байна” хэмээн тайлбарласан. Сумын Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжид М.Оийн өмчлөх газрын нэр, байршлыг заагаагүй, түүний өмчлөх газрыг 2019 онд нэхэмжлэгч нарын өмчийн газартай давхцуулан кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нар өмчийн газраа чөлөөлүүлэхээр 2021 оны 7 сарын 06-ны өдөр Б сумын Засаг даргад, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус гомдол гаргаж, 2020 оны 7 сарын 17-ны өдөр гомдлын хариугаа авснаас хойш 30 хоногийн дотор буюу 7 сарын 20-ны өдөр  тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нарыг бусдын газартай өмчийн газар давхцалтай гэдгийг 2011 онд мэдсэн, гомдол гаргах хугацаа дууссан” гэж үзэх боломжгүйг дурдаж байна.

2. “Р 5 дугаар гудамжийг тогтоож, орох гарах гарц гаргахгүй байгаа сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р 5 дугаар гудамжийг тогтоож, орох гарах гарц гаргахыг газрын даамалд даалгах” шаардлагын тухайд:

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “иргэнд өмчлүүлсэн газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх бүртгэх ажиллагааг сумын газрын даамал... хариуцан гүйцэтгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал...хариуцан гүйцэтгэнэ” гэж зааснаас үзвэл “...гудамж, талбайг тогтоох, орох гарах гарц гаргах эрх, үүрэг сумын газрын даамалд олгогдоогүй байх тул сумын газрын даамалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. “Л.Хгийн өмчлөлийн газрыг давхардуулан бүртгэсэн, М.Оийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000003 дугаартай гэрчилгээгээр олгосон нэгж талбарын 4112000004 дугаартай газрын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.Х нь Б сумын 3-р багийн нутаг “Мандалын ар” нэртэй газарт газар өмчлөх хүсэлт гаргаж, газрын байршлын тойм зургийг хавсаргасан[12] бөгөөд тус сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаар захирамжаар[13] Б сумын 3-р баг “Мандалын ар” нэртэй газарт 0.4 га газрыг түүнд өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2008 оны 11 сарын 04-ний өдөр газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 18631365228491 дугаарт Б сум 3-р баг, Р 5-р гудамж, 4 тоот хаягт байршилтай, 4000 м.кв талбайгаар бүртгэсэн. Эдгээр баримтыг үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403000870 дугаарт бүртгэж 000071866 дугаартай[14] гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч Л.Хд газар өмчлүүлсэн шийдвэр үйл баримттай холбогдуулан талууд маргаагүй болно.

М.О нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Б сумын Засаг даргын 2019 оны А/6 дугаар захирамж[15] /өмчлүүлсэн газрын хаягийг Баянгол 3-р баг Р 5-р гудамж 5-4 тоот болгон өөрчилсөн/,  нэгж талбарын 4112000004 дугаартай газрын кадастрын зураг зэрэг баримтыг хавсарган мэдүүлгээр гаргаснаар тус хэлтэс 2020 оны 1 сарын 06-ны өдөр М.Оийг Б сумын Баянгол 3-р баг Р 5-р гудамж 5-4 тоот хаягт байршилтай,  4112000004 нэгж талбарын дугаартай 3900 мкв газрын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-14030003597 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000000003 дугаартай гэрчилгээг олгожээ[16].

Л.Хгийн өмчийн газар болон М.Оөд өмчлүүлсэн гэх газрууд байршлын хувьд давхцалгүй байгаа боловч Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 6 сарын 28-ны өдрийн 07/444 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн 2-рт[17] “...Баянгол  Р 5-р гудамж 5/4 тоот гэж буруу хаяг өгсөн байна” хэмээн дүгнэсэн, мөн газрын кадастрын мэдээллийн санд Р 5-р гудамжинд 5-1, 5-2, 5-3 гэх зэрэг хаягт байршилтай өмчлөл, эзэмшлийн газар бүртгэгдээгүй, зөвхөн 1, 2, 3, 4, 5 тоот хаягт байршилтай өмчийн газрууд бүртгэгдсэн бөгөөд М.Оийн өмчлөх газарт хаяг тогтоосон Б сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамжийг хариуцагч илэрхий алдаатай гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Л.Хгийн өмчийн газрын Р 5-р гудамжинд 4 тоот хаягтай давхцуулан М.Оийн өмчлөх газарт хаяг тогтоосон, үүний улмаас нэхэмжлэгч Л.Хгийн өмчийн газраа эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн М.Оөд өмчлүүлсэн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ нэхэмжлэгч Д.Э, С.Л нарын өмчийн газруудын урд хэсэгтэй давхцуулан бүртгэсэн нь дээр дурдсанаар тогтоогдсоныг дурдаж байна.

Иймд М.Оийн өмчлөх газарт хаяг тогтоосон Б сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамж хууль бус бөгөөд уг захирамжийг үндэслэн М.Оийн өмчлөх газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-14030003597 дугаарт бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т бүртгэл үнэн зөв, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд газрын эрх олгосон шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, хугацааг тусгах”, 10.6.2-т заасан “газар өмчлөх эрх олгосон шийдвэр”-тэй байх шаардлагад нийцэхгүй болсон байх тул газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-14030003597 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагын тухайд:

1. “Б сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжийн 1,2-р заалтуудыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

Б сумын Засаг дарга 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасныг үндэслэн 1 дэх заалтаар “Баянгол 3-р баг, 5-р гудамж 5-4 тоотод М.Оөд өмчлүүлсэн газрын байршлыг хүчингүйд тооцож, 2 дахь заалтаар “уг иргэний өмчилсөн газрын байршлыг мэдээллийн сангаас устгахыг газрын даамалд даалгаж” 3 дахь заалтаар сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамжийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

Дээр дурдсанаар сумын Засаг даргын 2010 оны 05 сарын 13-ны өдрийн А/100 тоот захирамжид М.Оөд өмчлүүлсэн газрын хаягийг тодорхой заагаагүй байсан бөгөөд хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамжаар түүний өмчлөх газарт хаяг тогтоохдоо бусдын газартай давхцуулсан нь тогтоогдсон тул 2019 оны А/6 дугаар захирамжийг хүчингүй болгож, тухайн захирамжийг үндэслэн мэдээллийн санд оруулсан бүртгэлийг устгахыг газрын даамалд даалгаж шийдвэрлэсэн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамж нь гуравдагч этгээд Т.Оийн газар өмчлөх эрхийг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн гэж үзлээ. Тодруулбал, хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамжаар хаяг тогтоосон газрыг М.О өмчлөх эрхгүйгээс гадна тус  захирамж Хаягжуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах “хаяг давхардахгүй байх”, “хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх зарчимд нийцээгүй байжээ.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “А/4 тоот захирамж Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3-т заасан М.Оийн газар өмчлөх эрхэд халдсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 47.1-д заасныг зөрчсөн, утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус захиргааны акт гэх тайлбар үндэслэлгүй байх тул түүний Б сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжийн 1,2-р заалтуудыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б сумын Засаг даргын 2020 оны 10 сарын 22-ны өдрийн А/5 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

Б сумын Засаг дарга 2020 оны 10 сарын 22-ны өдрийн А/5 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т ...заасныг үндэслэн тус сумын Засаг даргын 2020 оны 8 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжийн 3-р заалтад 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжийн М.Оөд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэсэн заалтыг нэмж шийдвэрлэжээ.

Тус сумын Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар[18] “Мандлын ард” нэртэй газар М.Оөд 0.39 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/6 дугаар захирамжаар[19] М.Оөд өмчлүүлсэн 3900 м.кв газрын хаягийг Баянгол 3-р баг Р 5-р гудамж 5-4 тоот болгон өөрчилсөн бөгөөд уг захирамжаа 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь дээр дурдсан нөхцөл байдлуудаар тогтоогдсон. Харин М.Оөд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар 0,39 га газар  өмчлүүлэхдээ нэхэмжлэгч нарын өмчийн газартай давхцуулан олгосон, тухайн захиргааны акт илэрхий алдаатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 заасны дагуу үүссэн М.Оийн Б сумын нутаг “Мандлын ар” нэртэй газарт 0,39 га газар өмчлөх эрхийг Б сумын Засаг даргын 2020 оны 10 сарын 22-ны өдрийн А/5 дугаар захирамж зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хууль бус болох нь тогтоогдож байх тул уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар М.О нь 2010 оны 100 дугаар захирамжаар үүссэн газар өмчлөх эрхийн дагуу Баянгол 3-р баг”-ийн “Мандлын ар” нэртэй хэсгийн “Р” гудамжинд өөрийн өмчлөх газрыг сумын Засаг дарга, газрын даамлаар бусдын өмчлөл, эзэмшлийн газартай давхцуулахгүйгээр тогтоолгон өмчлөх эрхтэй, харин 2008 онд өмчлөх эрх үүссэн нэхэмжлэгч нарын өмчийн газартай давхцаж буй газрыг өмчлөх эрхгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар  зүйлийн 10.3.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, С.Л, Д.Э нарын өмчийн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Л, Д.Э нарын өмчийн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргах”-ыг Б сумын Засаг даргад даалгаж, М.Оийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-14030003597 дугаар бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Р 5 дугаар гудамжийг тогтоож, орох гарах гарц гаргахгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р 5 дугаар гудамжийг тогтоож, орох гарах гарц гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.14, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас Б сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/4 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/5 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 203 дахь тал,

[2] 1-р хавтаст хэргийн 198 дахь тал,

[3] 1-р хавтаст хэргийн 205 дахь тал,

[4] 1-р хавтас хэргийн  12 дахь тал,

[5] 1-р хавтас хэргийн  14 дэх тал,

[6] 2-р хавтас хэргийн 18 дахь тал,

[7] 1-р хавтас хэргийн 72 дахь тал

[8] 1-р хавтас хэргийн  71 дэх тал

[9] 2-р хавтас, 29 дэх тал,

[10] 1-р хавтас, 30-32 дахь тал, 2-р хавтас 28-31 дэх тал,

[11] 1-р хавтас,  9 дэх тал,

[12] 1-р хавтас, 203 дахь тал,

[13] 1-р хавтас, 205 дахь тал,

[14] 1-р хавтас, 16 дахь тал,

[15] 1-р хавтас, 71 дэх тал,

[16] 1-р хавтас, 163 дахь тал,

[17] 2-р хавтас, 99 дэх тал,

[18] 1-р хавтас, 72 дахь тал

[19] 1-р хавтас, 71 дэх тал